Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 07

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

К.Мерейхааны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00780 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26-05 тоотод оршин суух, ФД59101511 регистрийн дугаартай, Жадык овогт Кирсхааны Мерейхааны нэхэмжлэлтэй, Төр, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Төрөөс 5,586,000 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 227,050 төгрөг тус тус гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан 227,050 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн мөнгөө төрөөс нэхэмжилсэн мөнгөн дээрээ нэмж нэхэмжилж байна. Төрөөс дутуу авсан тэтгэврийн зөрүү 504,207 төгрөгийг гаргуулж өгнө үү....Сум дундын 25-р шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 340 тоот шийдвэрээр миний нэр төр, улмаар 3 сарын цалингаар хохирсон асуудлыг тогтоосон. 3 сарын цалинг тогтоож өгсөн нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төр буруутай гэсэн учраас төрөөс нэхэмжилж байгаа. Анх тогтоосон өдрөөс хойш нэхэмжлэх бүрэн эрхтэй. Энэ мөнгө хэн нэгний халааснаас гарах мөнгө биш миний ариун цагаан хөдөлмөрөө зориулж хадгалуулсан мөнгө юм....Бодит байдлыг ойлгоод нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна....Би 2004 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дутуу авсан тэтгэврийн зөрүү 504,207 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна....Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай магадлалаар цагаатгасан....Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаартай шийдвэрийг тухайн үед гардаж авсан. Гомдол гаргаагүй....Шийдвэрийг 2017 оны 03 дугаар сард хүсэлт гаргаж байгаад Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн....Шийдвэрийг ганц хувь өгсөн тийм боломж байхгүй байсан. Шийдвэрийг Улаанбаатар хотын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж авч байсан. Миний гар дээр ямар нэгэн шийдвэр байхгүй байсан гэв.

            Хариуцагчийн хариу тайлбар: Татгалзсан тул тайлбар байхгүй. Нэхэмжлэгч 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 57 сарын цалингийн дунджаар 60,721 төгрөгөөр тэтгэвэр тогтоогдсон.... 2004 оноос тэтгэвэр маш олон удаа нэмэгдсэн. Нэхэмжлэгч тухайн үеийн Засгийн газрын нэмэгдлүүдийг бүгдийг нь авч байсан....Нэхэмжлэгч анх 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс тэтгэврээ авч эхэлсэн. 2004 оны 09 сараас 64,014 төгрөг авах ёстой байсан гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00780 дугаар шийдвэрээр:“1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс 395,690 /гурван зуун ерэн таван мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Мерейхаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108,517 /нэг зуун найман мянга таван зуун арван долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 227,050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,462 /долоон мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч К.Мерейхаанд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүгч миний нэхэмжилсэн мөнгөний хэмжээг бууруулахдаа ямар нэг хуулийн зүйл заалтыг дурдаагүй учир нэхэмжилсэн мөнгөний хэмжээг бууруулах хуулийн ямар нэг үндэслэл байхгүй юм байна гэж ойлгосон. Дутуу тогтоогдсон тэтгэвэрт заларуулга хийгдсэн өдрөөс өмнө олон сар, жил дутуу авсан мөнгийг нөхөн олгохгүй гэсэн мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж надад ашигтайгаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Нэхэмжлэгч К.Мерейхаан нь төрөөс 5.586.000 төгрөг, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 227.050 төгрөг тус тус гаргуулах шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, төрөөс 2004 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дутуу тогтоолгосон тэтгэврийн зөрүү 504.207 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 227.050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

            Шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын нөөц сангаас 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны тэтгэврийн зөрүү 395.690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Мерейхаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх тэтгэврийн зөрүү 108.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудаст авагдсан баримтаар нэхэмжлэгч К.Мерейхаан нь 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтаар тэтгэвэр тогтоолгосон. Анх тэтгэвэр тогтоолгохдоо 57 сарын цалингийн дунджаас тэтгэвэр бодогдсон бөгөөд тухайн үед 60 сарын цалингаас тэтгэвэр бодогдсон бол 2004 оны 8 дугаар сарын 27-ноос 2017 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэлх зөрүү 504.207 төгрөгийн тэтгэвэр авах байжээ.

Гэтэл шүүх К.Мерейхааны нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч К.Мерейхаан нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 340 дугаартай шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс буюу 2014 оны 9 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаартай шийдвэр байгаа талаар мэдэгдээгүй, хугацаа алдсан нь нэхэмжлэгчийн буруу байх тул 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны тэтгэврийн зөрүү нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тэтгэврийг анх тогтоохдоо 60 сарын цалингийн дунджаас бус 57 сарын цалингийн дунджаас бодож тогтоосон үйл баримтад нэхэмжлэгч К.Мерейхаан буруугүй болох нь түүнд холбогдох эрүүгийн хэргийг цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлал, улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоогдож байгаа талаар Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаартай шийдвэрт дурдагдсан байна.

            Иймд нэхэмжлэгч К.Мерейхаанд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэлх тэтгэврийн зөрүү 108.517 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгох  үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэл муутай дүгнэлт хийсэн, материаллаг хуулийг тайлбарлаж хэрэглээгүй байх тул К.Мерейхааны давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00780 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс 504.207 /таван зуун дөрвөн мянга хоёр зуун долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Мерейхаанд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

            ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

                             

М.НЯМБАЯР