| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/03546/И |
| Дугаар | 183/ШШ2020/02826 |
| Огноо | 2020-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2020/02826
2020 10 20 183/ШШ2020/02826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н овогтой, Ж.Ч-т холбогдох,
Хариуцагч: Ө овогтой, Д.Ж-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.381.174 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Ч нь тус банктай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/RСС181130008-1 тоот “Автомашины зээлийн гэрээ”-г, Ф/RСС181130008-1-1 тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г, ЗБ/RСС181130008-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан, 18.800.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь ЗГ/RСС181130008-1 тоот “Автомашины зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэлх хугацаагаар зээлдэгч нь зөвхөн ашиглах, эзэмших эрхтэйгээр 2011 онд үйлдвэрлэгдсэн, 81-05 УБР улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг банкинд шилжүүлсэн. Мөн “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 20 дугаар гудамж, 704 тоот, 116 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 359 м.кв талбайтай газрын хамт тус тус барьцаалсан. Зээлдэгч нь “Автомашины зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 15.156.889 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1.192.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.864 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 22.500 төгрөг, нийт 16.381.174 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв зээлдэгч Ж.Ч нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Д.Ж-ын барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, фидуцийн гэрээний зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Ч нь “Х Б” ХХК-иас автомашины зээл авсан боловч дэлхий нийтийг хамарсан өвчнөөс болж миний бизнесийн үйл ажиллагаа муудаж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хожимдуулсан. Банкнаас нэхэмжилж буй хүү болон нэмэгдүүлсэн хүү нь хэт их өндөр байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Банкнаас зөвхөн зээлийн гэрээ, гэрээний графикийн дагуу зээлээ төл гэдэг шаардлагыг тавьдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэжээ.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Ч, Д.Ж нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.381.174 төгрөгийг Ж.Ч-ээс гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1. “Х Б” ХХК, Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/RCC181130008-1 дүгээр “Автомашины зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Х Б” ХХК нь 18.800.000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлдэгч Ж.Ч-т зээлдүүлэхээр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Х Б” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 18.800.000 төгрөгийг зээлдэгч Ж.Ч-т шилжүүлсэн, зээлдэгч Ж.Ч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 3 дугаар сараас эхлэн удаа дараа зөрчиж, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс үндсэн зээлийг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээлийн гэрээний хавсралт-1 “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, “Х Б” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 7-410/293 дугаар “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай”, “Х Б” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 5/5150 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” зэрэг баримтаар нотлогджээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 222 дугаар зүйлийн 222.1.2-т зааснаар зээлдүүлэгч “Х Б” ХХК-иас зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж өгсөн хэдий боловч энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2.2, 9.2.6-д “зээлдэгч гэрээний заалтыг зөрчиж, сар бүрийн төлбөрийн хуваарь ямарваа нэг хэлбэрээр зөрчигдсөн бол банк нь гэрээний 3.1-д заасан хугацааг дуусгавар болгож, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй” гэж заасны дагуу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч “Х Б” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/RCC181130008-1 дүгээр “Автомашины зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй юм.
Иймд зээлдэгч Ж.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 15.156.889 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1.192.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8.864 төгрөг, нийт 16.358.674 төгрөгийг зээлдүүлэгч “Х Б” ХХК-д буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэсэн баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Ж.Ч-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.358.674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Мөн хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн баримтаар “...нэхэмжлэл гаргахад Х Б ХХК-д гарсан зардал 22.500 төгрөг” болохыг нотлож байх бөгөөд хариуцагч тал уг нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцон 22.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.
2. “Х Б” ХХК, Д.Ж нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗБ/RCC181130008-1-2 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр “Х Б” ХХК, Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/RCC181130008-1 дүгээр “Автомашины зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан барьцаалуулагч Д.Ж нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 20 дугаар гудамж, 704 тоот хаягт байршилтай, 116 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 20 дугаар гудамж, 704 тоот хаягт байршилтай, 1701202323 нэгж талбарын дугаартай 359 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалагч “Х Б” ХХК-д барьцаалсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.Ч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болно.
3. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар “Х Б” ХХК, Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ф/RCC181130008-1-1 дүгээр “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци)”-ээр Ж.Ч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/RCC181130008-1 дүгээр “Автомашины зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 8105 УБР улсын дугаартай, Ниссан Жук маркийн автомашины өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгч “Х Б” ХХК-д шилжүүлсэн байх тул хариуцагч Ж.Ч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Ч-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.358.674 төгрөг, бусад зардалд 22.500 төгрөг, нийт 16.381.174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, хариуцагч Ж.Ч нь үүргээгүй гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох хариуцагч Д.Ж-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 20 дугаар гудамж, 704 тоот хаягт байршилтай, 116 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 20 дугаар гудамж, 704 тоот хаягт байршилтай, 1701202323 нэгж талбарын дугаартай 359 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон фидуцийн гэрээний зүйл болох 8105 УБР улсын дугаартай, Ниссан Жук маркийн автомашиныг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүхээс хариуцаг талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.Ч-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.381.174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан барьцааны гэрээний зүйл болох хариуцагч Д.Ж-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 20 дугаар гудамж, 704 тоот хаягт байршилтай, 116 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа 20 дугаар гудамж, 704 тоот хаягт байршилтай, 1701202323 нэгж талбарын дугаартай 359 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Ч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Фидуцийн гэрээний зүйл болох 8105 УБР улсын дугаартай, Ниссан Жук маркийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 380.256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ч-ээс улсын тэмдэгтийн хураамжид 380.256 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД