| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2016/07773/и |
| Дугаар | 102/ШШ2017/00132 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2017/00132
| 2017 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00132 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .... хороо, Бага тойруу гудамж, .... тоотод оршин суух, Б овогт Я-ийн Б /РД: .... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн .... хороо, .... байрны .... тоотод оршин суух, Б овогт О-ийн О /РД: ..../-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,220,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Я.Б нь хариуцагч О.Отэй 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл буюу 1 сарын хугацаатай хоногийн 1 хувийн хүүтэйгээр 3,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан боловч одоог хүртэл үндсэн зээл болон хүүг төлөөгүй, хүүнд гэж 100,000 төгрөг өгсөн. Иймд О.Оээс үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 720,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,220,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Оийн шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт: Би 2016 оны 02 дугаар сарын 04-нд Я.Боос 3 сая төгрөгийг 30 хувийн хүүтэй буюу өдрийн 30,000 төгрөгийн буцаан төлөлттэйгээр зээлж гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Зээлийн хүүнд 180,000 төгрөг төлсөн. Миний бие сая хүүхэд төрүүлсэн одоо 1 сартай хүүхдээ хардаг тул хүү, алдангийг төлж чадахгүй, үндсэн зээлийг л цувуулж төлөх боломжтой тул хүсэлтийг минь хүлээж авна уу гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч О.Оээс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл, хүү, алдангид нийт 5,220,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хүү, алданги төлөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч О.Отэй 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба алданги буюу гэрээний хариуцлагыг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 3 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Я.Б гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна.
Гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд уг өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 257 хоногийн алдангийг тооцоход 4,780,200 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч дээрх хугацааны алдангид 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 1,500,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, хугацаа хэтрүүлсэн тал дээр маргаагүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаарт зааснаар хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй байна.
Хариуцагч тал алдангийн хэмжээг хэт их байна гэж маргах боловч анзын хэмжээ илт их байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх тул шүүх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгах шаардлагагүй гэж үзлээ.
Мөн хариуцагч О.О нь “... би 1 сартай хүүхдээ хараад гэртээ сууж байгаа тул хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс үндсэн зээлийн 3,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, энэ тал дээр маргадаггүй. Харин хүүхдээ хараад гэртээ байдаг, ажил хийдэггүй нь үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11.... зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.Оээс нийт 5,220,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 98,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Оээс 98,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР