| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0854/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/895 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/895
2024 11 12 2024/ШЦТ/895
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
иргэдийн төлөөлөгч Р.Золжаргал, Ц.Золбаяр,
хохирогч “******”, түүний өмгөөлөгч Г.Батболд, Ц.Гансүх,
шүүгдэгч “******”, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, А.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “****” төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх /засал чимэглэл/, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт “*****” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “******”, /РД: “*****”/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “******” нар нь 2024 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” нэртэй зочид буудлын 1217 тоот өрөөнд хохирогч “******”тэй “Манай найзтай нэг оронд унтлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газар гараараа хэд хэдэн удаа цохих, хөлөөр өшиглөх зэргээр онц харгис хэрцгий аргаар зодож бие эрүүл мэндэд зулай ясны шугаман хугарал, шулуун синус хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт баруун дээд 1, 2 дугаар шүдний булгарал, баруун 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалгын цус хуралт, зүүн хацар, тохой, уруул, шилбэнд зулгаралт, зовхи, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “******” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “******” мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “******” гэдэг найз маань намайг хүрээд ирээч гэж дуудсан. Би 22-оос 23 цагийн үед тухайн буудалд ирсэн. Намайг ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд эхэлсэн байсан. Бид нар юм ярьж байгаад пиво хувааж уугаад унтацгаасан. Би таньдаг болохоор “******”гийн хажуугаар ороод унтсан, гэтэл шөнө хөнжил сөхөөд гар орж ирээд намайг цохисон. Би болиоч ээ унтмаар байна гэж 3-4 удаа хэлсэн боловч намайг орноос чирч буулгасан. Тэгээд зодоон эхлээд, Өлзий зодооныг салгасан. Намайг гарах гэтэл “******” хаалга хаагаад зогсоод байхаар нь би айгаад “******”гийн хажууд сууж байгаад “******”ыг ариун цэврийн өрөө орох гээд гарахаар нь гарч цагдаа дуудсан. Одоо миний хувьд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, татаж унадаг болсон. Юм идэж чадахгүй, нүүрний хаван одоо хүртэл буухгүй байгаа. Би ганцаараа явахаас айдаг болсон. Шүдний эмнэлэгт үзүүлэхэд 5 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэнэ гэж хэлсэн. Одоо байнга уналт таталтын болон нойрны эм ууж унадаг болсон. Хохирол төлбөрөө л барагдуулж авмаар байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч “******”:
“...Баянгол дүүргийн 12-р хороо “*****” зочид буудлын 2-р давхарт 217 тоот өрөөнд 2024 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед “******” гэдэг найз маань намайг дуудсан. “******” нь тус буудалд танихгүй 2 эрэгтэй, 1 эмэгтэйн хамт байсан. Намайг ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн байсан. Би хамт хэрэглэж эхэлсэн. Бид нар хоорондоо маргалдсан зүйл байгаагүй, унтацгаасан. Тухайн буудал нь 2 ортой, 1 буйдантай байсан. Би таньдаг болохоороо “******”гийн хажуугаар орон дээр хамт хэвтсэн. Орон дээр “******”гийн хажууд унтаж байхад гэнэт нэг хүн миний хөнжлийг хуу татсан. Би эргээд харахад “******” гэдэг залуу нь согтуу хэрүүл өдөж эхэлсэн. Чи яагаад байгаа юм бэ? гээд асуухад миний нүүр лүү гараараа цохисон. Өөдөөс амандаа тодорхой юм хэлээгүй бувтнаад намайг цохисон. Орноос татаад унагаасан.. Энэ үед миний шилбэний хэсэг шалбарсан. Орны доор хөлний булангийн хэсэгт унагааж байгаад миний дээрээс учир зүггүй нүүр лүү цээж рүү гараараа хөлөөрөө цохиж, өшиглөж эхэлсэн. Нүүр лүүгээ цохиулсны дараа би гараараа түлхээд зайгаа авахад миний хамар, амнаас цус гарч эхэлсэн. Амаа барихад миний гаранд хугархай шүд цус нөжтэй харагдаж байсан. Би гар утсаа аваад цагдаа руу залгах гэсэн чинь “******” нь намайг дахин цохисон. Би биеэ хамгаалах гээд “******”ын нүүр лүү чадахаараа цохисон. Миний цохилт бол юу ч болоогүй. “******” нь намайг хөлөөрөө хавсарч газар унагаасан. Тухайн газраасаа хөдлөөгүй орны булан хэсэгт унасан хэвтэж байхад дээрээс хөлөөрөө миний зулай хэсэг рүү хүчтэй дэвссэн, гараараа, хөлөөрөө хүчтэй маш олон удаа толгойн хэсэг рүү цохиж, өшиглөсөн. Би “болиоч ээ цагдаа дуудаад өгөөч ээ хүн аллаа” гээд орилсон. Намайг зодуулж байхад хамт байсан “******”, танихгүй 1 эрэгтэй, эмэгтэй нь сэрсэн байхаа. Цагдаа дуудаад өгөөч гэхэд цагдаа дуудахгүй, “******”ыг салгасан. Би маш хүчтэй цохиулж, зодуулсныхаа дараа тухайн газраасаа босож чадахгүй газар хэвтэж байсан. Цагдаа дуудаж өгөхгүй болохоор нь гараад доор ресейпшнээр цагдаа дуудуулсан. Зодуулсны дараа нүд харанхуйлаад юу ч сонсогдохгүй, нэг нүд тагларсан, гуйваад уначих гээд байсан. Би буцаад өрөө лүү ороход “******” нь зугтаах гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
Хохирогч “******”дахин өгсөн мэдүүлэг:
“...Шүүх эмнэлгийн эмч нь хол явж чадахгүй бол гэртэйгээ ойрхон шүдний эмнэлэг орж үзүүлчих гээд зөвлөсөн. Би өөрийнхөө гэрийн хажууд байдаг “Туждент” эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Миний ам ангайхгүй байсан. Би хүнд зодуулаад одоо шүүх эмнэлэгт үзүүлэх гэсэн юм аа гээд “бичиг хийгээд өгөөч” гээд хэлсэн. Миний аман дотор үзлэг хийж чадаагүй. Миний ам гүйцэт ангайхгүй байсан. Амны хөндийн зураг авхуулсан. Тэр зургийн дагуу шүүх эмнэлгийн эмч дүгнэлт гаргасан. “Басхүү” эмнэлэг дээр үзлэг хийхэд миний амны хавдар буусан тусгай багажаар үзлэг хийсэн. Зодуулсны улмаас эрүүний ясны байрлал солигдсон. Хажуу тийшээ далийсан байгаа. Бүх шүднүүд маань суларч хажуу тийш далийсан байгаа. Тухайн үед зодуулсны дараа миний амнаас атга дүүрэн нөжтэй олон тооны шүднүүд маань унасныг би атганадаа аваад шал дээр хаячихсан. Би тухайн үед нулимж чадахгүй байсан. ...Үе үе хөл гар татаж хааяадаа татаж унадаг болсон, нүүрний зүүн хэсгээр хавдаад байгаа. Толгой тархи их өвддөг болсон. Байнгын өвчин намдаах эм тариа хэрэглэж байгаа. Ямар ч ажил хийх нөхцөл боломжгүй болсон. ..Ажилгүй байсан үеийнхээ цалинг нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Гэрч “******”:
“...Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах “****” нэртэй зочид буудлын 217 тоотод найзуудын хамт ороод орон дээр унтаж байхад зодолдох чимээ гараа, сэрээд хартал найз “******” нь “******” зодолдож байсан. Буудлын өрөөний орны дэргэд хоорондоо барьцалдаад бие бие рүүгээ цохилцоод байсан. Би харангуутаа “болиоч” гээд салгах гээд дундуур нь орсон. ...”******”хамраас нь цус гарсан байсан. Ямар гэмтэл учирсныг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7005 дугаартай:
“...”******”биед зулай ясны шугаман хугарал, шулуун синус хэсгийн аалзан хальсан доторх цус харвалт, баруун дээд 1, 2 дугаар шүдний булгарал, баруун хоёр нүдний дээд доод зовхи, зүүн бугалгын цус хуралт, зүүн хацар, тохой, уруул, шилбэнд зулгаралт, зовхи, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн дараа бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хоёр шүдний булгарал нь хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-34 дэх тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 863 дугаартай:
“...”******”сэтгэцэд гэмт хэргээс шалтгаалсан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинж тэмдгүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 92-94 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “******” нь хохирогч “******”эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах” гэсэн дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч Р.Золжаргал, Ц.Золбаяр нар “...Шүүгдэгч “******” нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гансүх “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг дээр улсын яллагчтай санал нэг байна. Миний үйлчлүүлэгчид энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ маш их хохирсон. Эмчилгээ хийлгэх гэхээр мөнгөний асуудлаас болж өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгээгүй байна. Тийм учраас цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлттэй. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 29.700.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Батболд “...Ц.Гансүх өмгөөлөгчийн дүгнэлтийг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв “...Миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэл, үйлдэл дээр маргаагүй. Гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх улсын яллагчийн зүйлчлэл дээр өмгөөлөгч нарын хувьд санал нийлэхгүй байна. Онц харгис хэрцгий арга гэдгийг Монгол Улсын Дээд шүүх тайлбарласан байдаг. Онц харгис хэрцгий гэдгийг хохирогчийн биед үүссэн 12 тооны шархийг үндэслэн зүйлчилсэн байна гэж харж байна. Онц харгис хэрцгий гэдэг дээр гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилгыг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдэх гэж байгаа этгээд онц харгис гэдэг үр дагаврыг урьдчилан мэдэж, хохирогчид сонгосон аргын дагуу зориудаар олон тооны шарх, зовуурь шаналал үүсгэх гэж төлөвлөсөн байхыг ойлгоно. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдэж байгаагаар миний үйлчлүүлэгч онц харгис хэрцгий аргаар үйлдэх гэж урьдчилан төлөвлөж, зориудаар бэлтгэж олон тооны шарх үүсгэсэн гэх үйл баримт хөтөлбөргүй тогтоогдоогүй. Харин харилцан муудалцаж, зодолдсон байдал харагдаж байна. Энэ байдлаар онц харгис хэрцгий аргаар гэж зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар “...Хохирол төлбөрийн хувьд өмгөөлөгч нарын зүгээс “******”ын “Хаан банк”-ны дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулаад гаргаж өгсөн. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд “******”ын орлогын хэмжээ нийт 29.603.000 төгрөгийн орлого орсон байна. Өөрөөр хэлбэл сард 5.000.000 төгрөгийн орлоготой байна. “******”ын хувьд гэм буруу дээр маргахгүй, нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн. Цаашдаа эмчилгээ үйлчилгээ болон сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлдэг. Тийм учраас улсын яллагчаас зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “******”д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Иймд дээрх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэв.
Шүүгдэгч “******” нь:
2024 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхэс” нэртэй зочид буудлын 217 тоот өрөөнд хохирогч “******”тэй “Манай найзтай, нэг оронд унтлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газар гараар хэд хэдэн удаа цохих, хөлөөр өшиглөх зэргээр зодож биеийн эрүүл мэндэд зулай ясны шугаман хугарал, шулуун синус хэсгийн аалзан хальсан доторх цус харвалт, баруун дээд 1, 2 дугаар шүдний булгарал, баруун хоёр нүдний дээд доод зовхи, зүүн бугалгын цус хуралт, зүүн хацар, тохой, уруул, шилбэнд зулгаралт, зовхи, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “******”, гэрч “******” нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7005 дугаартай дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 863 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч “******”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “******” эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болон эмчилгээ хийлгэсэн зардал, бусад хохирол төлбөрт баримтаар нийт 2.464.174 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч “******” нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.
“*******” Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “******”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гансүх “...Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хурдан хугацаанд төлсөн тохиолдолд, ялын санал дээр хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Батболд “...Тусгайлан саналгүй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзах зүйлийн талаар хуульчилсан. Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, бусдад учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар “...Б.Ганпүрэв өмгөөлөгчийн дүгнэлтийг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405023651185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “******” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч “******”д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч “******”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******”ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******”д оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч “******”аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 29.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч “******” д олгож,
- Хохирогч “******” нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хохирогч “******”эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “******” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч “******”д урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “******”д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ
ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ