| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 102/2019/04054/И |
| Дугаар | 83/ШШ2020/02928 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 83/ШШ2020/02928
2020 10 29 183/ШШ2020/02928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бодонгууд овогтой, Мөнхдашийн Ж-ы гомдолтой,
Хариуцагч: Н газарт холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэнэ.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга И.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: М.Ж миний бие 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Шинэ суурьшил /133132/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405 дугаар байр, 5 тоот хаягт байрлах, 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг мөн нэмж 3 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан, “О И” ББСБ-аас 190.000.000 төгрөгийг зээлсэн. Дээрх зээлийн гэрээний хугацаанд бизнесийн үйл ажиллагааны доголдлын улмаас зээлээ бүрэн төлж чадаагүй тул “О И” ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01189 дугаар захирамжаар төлбөр төлөгч М.Ж нь төлбөр авагч “О И” ББСБ-д 120.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар болж, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд, Д.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 405 дугаар байр, 5 тоот хаягт байрлах, 90 м.кв орон сууц, А.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 405 дугаар байрны 101 тоот хаягт байрлах, 90.м.кв талбайтай орон сууцаар төлбөрийг барагдуулахаар болсон. Ингээд миний бие дээрх шүүгчийн захирамжаар тогтоосон хугацаанд өр төлбөрөө төлж чадаагүй тул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13313/ Нийслэлийн өргөн чөлөө гудамж, 405 дугаар байр, 05 тоот хаягт байрлах орон сууцыг хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо автомашины зогсоол багатай гэсэн үндэслэлээр 175.933.200 төгрөгөөр үнэлж буй нь илт үндэслэлгүй ба энэ нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, цаашлаад төлбөрт хураагдсан эд хөрөнгийг бага үнээр төлбөрт тооцож авах гэсэн төлбөр авагчийн санаа зорилго гэж бид харж байгаа. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг 175.933.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10654 дугаар шийдвэрээр М.Ж-аас 120.488.336 төгрөгийг гаргуулж “О И” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд А.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 405 дугаар байрны 101 тоотод байршилтай, 90 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн Д.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, шинэ суурьшил /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 405 дугаар байрны 5 тоотод байрлах, 90 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Ж-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Д.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны 405 дугаар байрны 5 тоотод байрлах 90 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18290158/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/02 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудад мэдэгдэхэд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаар тогтоолоор “Б М” ХХК-ийг шинжээчээр томилж, 175.933.200 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч М.Ж нь шүүхийн шийдвэрийн дагуу одоог хүртэл төлбөрөө төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
М.Ж-ы гомдолтой, Н газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01165 дүгээр захирамжаар “...хариуцагч М.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 163.659.200 төгрөгөөс 120.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч О И ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 43.659.200 төгрөгийг татгалзаж, хариуцагч дээрх хугацаанд 120.000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Ү-2204066170 бүртгэлийн дугаартай 000367492 тоот гэрчилгээтэй орон сууц, Ү-2204066493 бүртгэлийн дугаартай 000373259 гэрчилгээтэй орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 488.336 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж шийдвэрлэжээ.
Уг шүүгчийн захирамжийг төлбөр төлөгч М.Ж нь сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ГХ2017/01041 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18290158/01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066170 дугаарт бүртгэлтэй, Д.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар “уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг ирүүлэх”-ийг төлбөр төлөгч, төлбөр авагч, орон сууц өмчлөгч нарт мэдэгдэхэд талуудын ирүүлсэн саналаар “дуудлага худалдаагаар худалдах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй” байх тул 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 373 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Б М” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Шинжээчээр томилогдсон “Б М” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 175.933.218 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байх тул Н газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Ж-ы гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгч талд хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагч, гуравдагч этгээдийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Ж-ы гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД