| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/02759/И |
| Дугаар | 102/ШШ2021/02914 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/02914
| 2021 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2021/02914 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, Амарсанаагийн гудамж, ...р хороолол, ... байрны ... тоотод оршин суух, .-ын зүү..н түгээх төвийн дарга ажилтай, регистр ..., Б... овогтой Х...ийн П...ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, Амарсанаагийн гудамж, ....-р хороолол, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн .-р ..хороо, Жигжидийн ... байрны ... тоотод оршин сууж байгаа, нотариатч ажилтай, регистр ..., Б.. овогтой Б...ийн Т...т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 41 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ба... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А... шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.П.. нь Б.Т...т 2016 оны 8-р сарын 12-ны өдөр 8 000 000 төгрөгийг дансаар, 2016 оны 9-р сарын 7-нд 7 000 000 төгрөгийг бэлнээр зээлүүлсэн. Тухайн үед зээлийн гэрээг бичгээр хийгээгүй боловч сарын 3 хувийн хүүтэйгээр тохирсон. Гэвч зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй, 2 сая төгрөг төлөөгүй. Б.Т... нь 2018 оны 8-р сарын 30-ны өдөр зээлийг төлнө гэсэн баримт үйлдэж өгсөн. Мөн 2020 оны 1-р сарын 2-нд зээл төлөх баталгаа гаргасан. Иймд Б.Т...аас үндсэн зээл 15 000 000 төгрөг, 59 сарын хүү 26 550 000 төгрөг нийт 41 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Т... шүүхэд гаргасан тайлбартаа: Х.П...ээс 2016 оны 8-р сарын 12-ны өдөр 8 000 000 төгрөгийг, дараа нь 7 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулаагүй. Би Чингэлтэй дүүргийн ...-р хороонд тэр үед байшин барьж байсан бөгөөд мөнгө хэрэг болоод Х.П..ээс зээлсэн. Байшингаа зараад төлнө гэдгийг би түүнд хэлсэн. Би байшингаа зарж чадахгүй өдийг хүрсэн. Түүнд би энэ хугацаанд 2 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг төлж чадаагүй байгаа нь үнэн, мөнгийг нь төлнө. Ковидын ойрын хавьтал болсон тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.П.. нь Б.Т..т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 41 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Х.П.. нь Б.Т..т 2016 оны 8-р сарын 12-ны өдөр 8 000 000 төгрөг, 2016 оны 9-р сарын 7-ны өдөр 7 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг зээлүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргааагүй байна.
Харин талууд Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул зээлдүүлэгч Х.П... нь хүү авах эрхээ алдсан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн хүү гаргуулахаар шаардах эрхгүй.
Хариуцагч зээлээс 2 000 000 төгрөгийг төлсөн гэх боловч тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б..ийн Т..аас 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулж Х...гийн П..д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 700 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Т...аас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА