Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 102/шш2019/03402

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...д холбогдох,

Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүссэн 31,101,556 /гучин нэгэн сая нэг зуун нэг мянга таван зуун тавин зургаан/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

... БСБ-аас барьцаа болгож авсан 500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай А....ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т...., хариуцагч А...., түүний өмгөөлөгч Д.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... БСБ-ын захирал Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай сургууль 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн сургуулийн захирлын Б/10 дугаар тушаалаар А....ыг Сургалтын менежерийн албан тушаалд томилж, МБ-02 дугаартай хөдөлмөрийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байдаг. А.... энэхүү гэрээний хугацаанд тус сургуульд мэргэжлийн мэдлэг, өндөр ур чадвар гаргаж бусдаас илүү өгөөжтэй ажиллана гэж харилцан тохиролцсоны үүднээс манай сургуулийн зүгээс өндөр цалин хөлс, хангамжаар хангаж байсан. Үүнд: сарын үндсэн цалин 1,800,000 төгрөг, үр дүнгийн нэмэгдэл хөлс 900,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгийн цалин олгож байсан, манай сургуулийн үүсгэн байгуулагч ... ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ... цогцолбор хотхоны 207 дугаар байрны 59 тоот дахь 1 өрөө, 32,4 м.кв талбайтай орон сууцыг зөвхөн ашиглалтын зардал төлөх байдлаар гэрээний хугацаанд үнэ төлбөргүй оршин суух боломж олгосон. Мөн А....ын төрсөн хүү Б....г 100 хувь үнэ төлбөргүй өөрийн сургуульд суралцуулсан бөгөөд, 207 дугаар байрны 59 тоотын 2019 оны 5 дугаар сарын СӨХ-ны төлбөр 101,556 төгрөг төлөгдөөгүй байна. Сургуулиас А....д цалин хөлс, нийгмийн халамж, оюуны хөрөнгө оруулалтыг хийж бүх талаар дэмжиж, ажиллах нөхцөл бололцоог бүрэн олгосон боловч ажилтан гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн. Ингэхдээ ажлаас гарах болсон хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй, зүгээр хамтран ажиллаж байсан хүн нь гарсан учраас гарч байгаа талаар дурдсан байна. Энэ нь манай сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хичээлийн шинэ жил эхлэх цаг тулсан үед энэ тухайгаа илэрхийлж байгаа нь манай сургууль болон суралцагч хүүхдүүдэд маш хохиролтой байгаа тул гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй гэх үндэслэлтэй. Иймд 1 өрөө байрны түрээсийн төлбөр зах зээлийн дундаж ханшаар бодож 1 сарын 500,000 төгрөгийг түүний амьдарсан 22 сараар тооцож нийт 11,000,000 төгрөг, мөн хүүхдийн сургалтын төлбөр 1 жилийн 10,000,000 төгрөгийг суралцсан 2 жилээр тооцож 20,000,000 төгрөг, СӨХ-ны төлөгдөөгүй төлбөр 101,556 төгрөг, нийт 31,101,556 төгрөгийг А....аас нэхэмжилж байна...гэжээ.

Хариуцагч А.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон, үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... олон улсын дунд сургаалтай байгуулсан Орон сууцанд түр оршин суух 83 тоот гэрээний 1.2-т зааснаар хугацаагүйгээр түр оршин сууж байсан. Энэ гэрээнд ямар нэг хөлс, түрээс, төлбөр тохиролцоогүй, албаны орон сууц байсан. Харин гэрээний 2.2-т зааснаар оршин суух хугацаандаа СӨХ, цахилгаан гээд ашиглалтын зардлыг төлж барагдуулж байх үүрэг хүлээсэн бөгөөд, энэ үүргээ би цаг тухайд нь биелүүлж төлж байгаад албаны орон сууцыг шаардсан хугацаанд буцаан хүээлгэж өгсөн. Хөдөлмөрийн гэрээг зохих ёсоор, хуульд заасны дагуу цуцалсан тул албаны орон сууцанд сууж байсан үеийн түрээс гэж буцааж төлөх эрх зүйн үндэс байхгүй юм. Би хөдөлмөрийн гэрээний хугацаанд л тус 1 өрөө орон сууцыг эзэмшиж байсан. Хөдөлмөрийн гэрээг сургуулийн удирдлагатай байгуулахдаа 3 удаа өөрчлөгдсөн. Уг хөдөлмөрийн гэрээний дагуу байгуулагдсан Орон сууцанд түр оршин суух гэрээгээр үндсэн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажиллах хугацаандаа түр оршин суусан байрны түрээсийн төлбөрийг зах зээлийн ханшаар бодож буцаан төлөх тухай заалт огт байхгүй. Иймээс түрээсийн төлбөр 11,000,000 төгрөгийн нэхэмжлэл нь эрх зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний 2.1.1-д миний ажлын цагийг 08.00-17.00 цаг байхаар зохицуулсан ч өдөр бүр илүү цагаар ажиллах шаардлага гардаг байсан. Мөн сургуулийн соёл, хүмүүжлийн ажил, олимпиад уралдаан тэмцээн, хурал цуглаан, хичээлийн бэлтгэл, шалгалтын хугацаанд амралтын өдрөөр ч ажиллах тохиолдлууд удаа дараа гарч, илүү цагийн хөлсийг олгож байгаагүй, хөдөлмөрийн хууль зөрчдөг байсан. Намайг тус сургуульд ажиллуулсны төлөө сургууль намайг ажиллаж байх хугацаанд миний хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулахаар тохиролцсон. Энэ нөхцлөөр 2018-2019 оны хичээлийн жилд 27 байгшийн хүүхэд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөн суралцсан. Шинээр эхэлж байгаа сургуулийн бодлогод амжилттай суралцаж байсан улс, бүсийн тэмцээнд оролцдог хүүхдүүдийг сургуулиа сурталчлуулах зорилгоор өндөр хувийн тэтгэлгээр сургаж байсан. Миний хүү шинэ тутам байгуулагдсан энэ сургуулийн нэр хүндийг дотоодод болон гадаадад таниулахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Тус сургуульд ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээг 3 удаа анхны байгуулсан огнооноос 1 хоногийн зөрүүтэйгээр анхнаасаа гэрээ байгуулсан мэтээр сольж хийсэн байдаг. 2017 оны 6 дугаар сарын 15-нд анхны хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 01-нд хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулан дунд сургуулийн менежерийн албан тушаалыг өөрчлөн математикийн багшаар ажиллуулсан. 2018 оны 11 дүгээр сард ахлах сургуулийн менежер н.... хөдөлмөрийн гэрээгээ цуцалсантай холбоотойгоор дахин гэрээг өмнөх огноогоор хийхдээ 5 жилийн хугацаатай болгож гарын үсэг зуруулсан. Энэ нь сургуулийн зүгээс амласан амлалтаа надад анхнаасаа биелүүлэхгүйгээр байнга өөрт ашигтай заалт нэмж гэрээнд гарын үсэг зуруулж байсантай холбоотой. Хэдийгээр гэрээг 5 жилийн хугацаатай болгож надаар гарын үсэг зуруулсан ч гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хориглосон зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй юм. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж Монгол улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг заасан байдаг. Би энэ сургуульд ажилд орохын өмнө олон улсын Орчлон дунд сургуульд багшаар ажиллаж байсан. Математикийн багшаар ажиллаж байсан учраас миний ажлын ачаалал бага, 16.00 цагт ажил тардаг байсан. Мөн хүүхдээ 100%-ийн хөнгөлөлттэй сургадаг, цалин хөлсийн хувьд ажлын ачаалалдаа тохирсон цалин авдаг байсан. Ийм таатай сайхан ажлаасаа татгалзан ... олон улсын дунд сургууль-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын баг хамт олонтой ажиллахаар итгэн ирсэн боловч, олон зүйл дээр хамтран ажиллах боломж, нөхцөлгүй болгосон тул ажлаас гарах хүсэлтээ өгсөн ба, өмнө ажиллаж байсан байгууллагаас авч байсан боломжуудаа алдаж хохироод байна. Сэтгэл нэгтэй удирдлагын баг, хамт олонтой хамтран ажиллаж, сургуулийг үүсгэн байгуулагчийн тусламжтайгаар шинээр бүтээх урам зориг, эрч хүч, итгэлтэйгээр цоо шинэ сургуулийг бий болгох байсан. Гэтэл санаа сэтгэл нэгдэн анх бүрдсэн менежментийн багийн 6 гишүүнээс 2 жилийн хугацаанд цуварч гараад, одоо ганцхан бага ангийн сургалтын менежер үлдээд байна. Сургуулийн удирдлага, үүсгэн байгуулагчийн зүгээс миний ажилласан энэ 2 жилийн хугацаанд шинээр санаачилсан бүтээлч ажлыг дэмждэггүй, математикийн олимпиадын зохион байгуулалтад зориулсан төсөв батлахгүй, олимпиадаар дамжуулан сургууль таниулах ажил хийсэн боловч уг үйл ажиллагааг дэмжиж амралтын өдрөөр ажилласан багш нарт илүү цагийн хөлс олгоогүй, Олон улсын олимпиадад оролцох эрхийг сурагчдаас авч чадсан ч хариуцан авч явах багшийн зардлыг гаргаагүйгээс сурагчид олимпиадад явж чадаагүй, итгэл үзүүлэхгүй хардаж, тагнах зэргээр сэтгэл зүйн таагүй байдал үүсгэдэг, сурагчдын эрүүл аюулгүй орчны талаар тавьвсан хүсэлтийг хүлээж авдаггүй зэрэг олон шалтгааны улмаас цаашид хамтран ажиллах боломжгүй байдалд хүргэж, хөдөлмөрийн гэрээгээ цуцлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Би 8 дугаар сарын 01-ний өдөр өргөдлөө өгсөн ба, энэ орон тоонд тодорхой мэргэжил шаардсан багшийг томилох бус менежментийн багт ажиллах хүнийг томилох асуудал учраас энэ хугацаа шинэ хүн томилоход бүрэн боломжтой хугацаа юм. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэдгээ сургууль үйлдлээрээ харуулсан боловч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсний маргааш нь оршин сууж байсан сууцаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа өөрсдөө хугацаанд нь гаргаагүй, ажлын байрны зар тавиагүй. Энэ нь тухайн сургуулийн удирдлага, зохион байгуулалтын асуудал юм. Намайг Хөдөлмөрийн гэрээнйи 5.4-т заасныг зөрчсөн гэжээ. ... олон улсын дунд сургуульд ажиллах хугацаандаа мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зорилгоор сургуулиас ямар нэг оюуны хөрөнг оруулалтын зардал огт гаргуулж байгаагүй. Иймд ... БСБ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Миний саналыг үл харгалзлан барьцааны гэрээ хүчээр байгуулж, 2018 оны 3 дугаар сараас эхлэн сар бүрийн цалингаас 50,000 төгрөг суутгадаг байсан бөгөөд, энэ мөнгөний хуримтлал болох 500,000 төгрөгийг хүүгийн хамт эргүүлэн өгөөгүй. Уг барьцааны гэрээнд зааснаар ажлаас гарсны дараа барьцааны мөнгийг буцааж ажилтанд олгохоор заасан байсан боловч өнөөг хүртэл өгөхгүй байгаа тул барьцааны гэрээний дагуу суутгасан нийт 500,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/08 дугаар тушаалаар батлагдсан ... иннова олон улсын дунд сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.3.6, 6.3.7, 6.3.8 тус тус заасны дагуу ажилтан ажлаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд холбогдох албан тушаалтнаар тойрох хуудас зуруулсны үндсэн дээр холбогдох цалин хөлс блоон бусад төлбөр мөнгө болон баримт бичгийг хүлээн авах эрх үүсэх талаар тодорхой заасан байдаг. Дээрх тохиолдолд хариуцагч А.... өөрөөс шалтгаалах зүйлийг хийгээгүй тойрох хуудас зуруулан албан ёсоор хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй, мөн сар бүр 20,000 төгрөг, нийт 500,000 төгрөг суутгасан гэх баримт байхгүй, хэн хэзээ хэрхэн суутгасан талаар баримт байхгүй, зөвхөн гэрээ байгуулсан гэх бөгөөд, түүнийг суутгасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 1.9-д зааснаар 5 жилийн дотор харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 227.1, 227.3-т заасныг тус тус зөрчсөн. Иймд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 31,556,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 3.6, 3.7, 3.8, 4.1.12-т заасны дагуу ажилтан ажлаас чөлөөлөгдөж байгаа бол холбогдох албан тушаалтнаар тойрох хуудас зуруулснаар ажлаас гарч болно. Тойрох хуудас зуруулсан зүйл байхгүй. 500,000 төгрөг суутгасан баримт тодорхой бус. Нэхэмжлэл болон баримт нь зөрүүтэй байна. Гэрээ байгуулснаар суутгасан гэж үзэхэд бэрх байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үедээ захирлаар ажиллаж байсан хүний баталсан хүүхдүүдийн сургалтын төлбөрийн тухай журамд багш нарын хүүхдийг төлбөрөөс чөлөөлөх заалт байхгүй. Орон сууцны зах зээлийн дундаж үнийн хувьд сүүлд өөр хүнтэй гэрээ байгуулсан 500,000 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Хариуцагч А...., өмгөөлөгч Д....ын хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарч 54 м.кв 2 өрөө байр олгохоор болсон тухай захирал надад мэдэгдсэн тул Орчлон сургуулиас гарч ...д ажилласан. Энэ орон сууцанд орохдоо өндөр хангамж хүсээгүй. Маш их ажиллах хэрэгэтй болсон. ... бол Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж буй сургууль. 33 багшаас 3 багш л уг хөтөлбөрт мэргэшсэн байсан. 30 багшийг мэргэшүүлэх ажил над дээр унасан. Амьдрах орон сууцны тохь тухын асуудлаар би ярьж байгаагүй. Миний ард тэр байранд орсон багш нар ороод, гараад л байгаа. Тус сургуульд багшаар ажиллах хугацаандаа төрсөн хүүхдээ үнэ төлбөргүй сургах эрх нь надад зориулсан биш бүх багш нарт байдаг. Нийт 450 хүүхэд 20-100 хувийн тэтгэлэг авч байсан. Миний хүүхэд суралцах хугацаандаа олимпиад, уралдаанд амжилттай оролцож уг сургуулийн нэр хүндийг өргөж байсан. Барьцааны гэрээг цалингаас суутгасан. 500,000 орчим төгрөг байгаа. Үүнээс ашиглалтын зардлыг авч болох байсан. Орон сууцанд түр оршин суух гэрээний 6.1-д Хөдөлмөрийн гэрээ цуцлагдвал энэ гэрээ цуцлагдана гэж тодорхой заасан. Түрээсийн болон орон сууц хөлсөх гэрээ биш. Иргэний хуулийн 311.1-д Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ гэж заасан. Албаны орон сууц гэсэн энэ зүйлд төлбөр төлнө гэсэн заалт байхгүй. А.... нь өөрийн орон сууцанд амьдардаг байсан. Илүү цагаар байнга ажилладаг тул орон сууц олгосон. Илүү цагаар ажилласан мөнгөө нэхэхгүй гэсэн байгаа. Практикт бол илүү цагийн мөнгө төлөх ёстой. Хүүхдийн сургалтын төлбөр 20,000,000 төгрөг гаргуулах тухайд хөдөлмөрийн гэрээнд хүүхдээ 100 хувь үнэгүй сургасан. Барьцааны гэрээтэй холбоотой хэлье. Эхлээд багшаар байсан тул 20,000 төгрөг. Дараа нь менежерээр ажилласан тул 50,000 төгрөг болсон. Тойрох хуудас бүгд зурсан. Санхүү зураагүй, санхүү дээр байгаа. Басан дарга зурж болохгүй гэсэн гээд тэнд байгаа. Нэхэмжлэгч талаас гаргасан сургалтын төлбөрийн журам бол шинэ орж байгаа хүүхдүүдэд зориулсан. Гэрээгээ цуцлах өргөдлөө өгсөн. 30 хоногийн хугацаагаа хүлээж байтал 8 сарын 05-ны өдөр манайхаас хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож байна. Та орон сууцнаас гар гэсэн. Орон сууцыг хүлээлгэж өгсөн. Акт үйлдсэн. Талууд гарын үсэг зурсан. Хаяж явсан асуудал байхгүй. Ажил олгогчооос ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгөх үүрэгтэй. Сар болгон суутгасан мөнгийг нь буцааж өгнө гэж заасан. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... БСБ нь хариуцагч А....д холбогдуулан, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүссэн 31,101,556 /гучин нэгэн сая нэг зуун нэг мянга таван зуун тавин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А.... нь нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ-ны 2019 оны 5 дугаар сарын төлбөр төлөгдөөгүй талаар маргаагүй ч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр ажил олгогчтой байгуулсан Барьцааны гэрээний дагуу цалингаасаа сар бүр суутгуулсан гэх 500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч А....ыг ...тойрох хуудас зуруулан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй бөгөөд, сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 500,000 төгрөг бодитоор хариуцагчийн цалингаас хасагдаж хуримтлагдсан болох нь баримтаар хангалттай нотлогдохгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр ... БСБ-ын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч А....ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

А.... нь ... олон улсын дунд сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 тоот тушаалаар тус дунд сургуулийн Сургалтын менежерийн албан тушаалд томилогдон, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр МБ-02 тоот Хөдөлмөрийн гэрээг сургуулийн захирал С....тэй байгуулан ажиллаж эхэлсэн байна. /хх-7, 17/

... олон улсын дунд сургууль нь ... БСБ болж өөрчлөгдсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах бөгөөд, хариуцагч тал хэдий шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа хөдөлмөрийн гэрээг ... олон улсын дунд сургуультай байгуулсан учир ... БСБ-ыг шаардлага гаргах эрхтэй байгууллага биш гэж тайлбарласан боловч, тэрээр ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө нэхэмжлэгч ... БСБ-ын ТУЗ-д гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар маргаагүй тул сургуулийн нэр өөрчлөгдсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж үзлээ.

Хэдийгээр зохигчид тэдний хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар маргахгүй боловч нэхэмжлэлд нотлох баримтаар хавсарган ирүүлсэн МБ-02 тоот Хөдөлмөрийн гэрээнээс гадна ижил дугаартай боловч 3 өөр гэрээг ажил олгогчийн буюу сургуулийн захирлын санаачилгаар дахин байгуулж, тэдгээр гэрээнүүдээр Хөдөлмөрийн гэрээний хугацааг өөр өөрөөр тохирч байгуулсан болохыг хариуцагч тал тайлбарлан, түүнийгээ нотлохоор Хөдөлмөрийн гэрээнүүдийг баримтаар гаргаж, энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тухайн сургуулийн захирлаар ажиллаж байсан С...., Сургалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Г.... нар нотлон гэрчилсэн. /хх 41-46/

Гэвч дээрх байдлаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг хэд хэдэн удаа өөрчилсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдээлэлгүй болохоо тайлбарлаж, нэхэмжлэгчийн гаргасан Хөдөлмөрийн гэрээг хариуцагч тал үгүйсгээгүй учир уг гэрээний дагуу талууд эцсийн байдлаар тохиролцон хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзлээ. /хх-7/

Хөдөлмөрийн гэрээний хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр талууд №83 дугаартай Орон сууцанд түр оршин суух гэрээг ажилтан А.... нь ажил олгогч ... олон улсын дунд сургууль болон тус сургуулийн үүсгэн байгуулагч ... ХХК-тай байгуулж, тус компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны 207 дугаар байрны 59 тоот 1 өрөө 32,4 м.кв талбайтай орон сууцанд А.... хугацаагүйгээр түр оршин суух, түр оршин суугч ... олон улсын дунд сургууль-тай байгуулсан МБ-02 тоот хөдөлмөрийн гэрээний Нэмэлт өөрчлөлт 2-т заасныг үндэслэн уг орон сууцанд үнэ төлбөргүй түр хугацаагаар оршин сууж, СӨХ, Орон сууц ашиглалт, цахилгаан болон бусад зардлыг 100% өөрөө төлж барагдуулах нөхцөлтэйгөөр тохиролцсон байна. /хх-49/

Дээрх гэрээгээр түр оршин суулгагч ... ХХК нь түр оршин суугч А....аас гэрээнд заасан СӨХ, Орон сууц ашиглалт, цахилгаан болон бусад зардлыг шаардан авах эрхтэй бөгөөд, гэрээний хугацаа МБ-02 тоот Хөдөлмөрийн гэрээтэй шууд холбоотой тул уг гэрээ цуцлагдсан тохиолдолд энэхүү гэрээ нь мөн адил цуцлагдах нөхцлийг тус тус зааж, талууд хэн аль нь хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Ажилтан А.... нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу ажил олгогч ... БСБ-ын ТУЗ-д өргөдлөө бичгээр гаргаж, улмаар 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дээрх түр оршин сууж байсан орон сууцыг ажил олгогч буцаан авч, улмаар №83 тоот Орон сууцанд түр оршин суух гэрээ цуцлагдсан болох нь Захиалагчдад орон сууц хүлээлгэн өгөх тухай акт гэх баримтаар нотлогдож байна.

Ажил олгогч ... БСБ нь ажилтан А....ыг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 5 жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийн санаачлагаар гэрээг цуцлан гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлээр сургуулиас А....д эзэмшүүлж байсан орон сууцанд амьдарсны түрээсийн төлбөрийг зах зээлийн дундаж ханшаар бодож нэг сарын 500,000 төгрөгийг хариуцагчийн амьдарсан гэх 22 сарын хугацаанд тооцон 11,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн зүгээс уг шаардлагыг эс зөвшөөрөн, Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө боломжит хугацаанд гаргасан бөгөөд, эзэмшиж байсан орон сууцыг гэрээний үндсэн дээр үнэ төлбөргүйгээр амьдран, Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд уг гэрээ мөн цуцлагдахаар харилцан тохиролцсон учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж тайлбарласан бол, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасан албаны орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах харилцаа үүссэн хэмээн тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт зааснаар Албаны орон сууц гэдэг нь албан тушаалын байдал, хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг хэлэх ба, тухайн хүний албан тушаал, хөнгөлөлт эдлэх тухай эрх дуусгавар болсноор уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авахаар хуульчилсан байна. Энэ нь ажилтны эрхэлж буй албан тушаалын байдалтай шууд холбоотой байх ба, хариуцагч А....ын хувьд Сургалтын менежерийн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн аваагүй, ажил олгогч болон ажилтны хооронд контракт байгуулагдаагүй, харин ажлын ачаалалтай холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах шаардлага их гарснаар ажилтны гаргасан хүсэлтийн дагуу түр хугацаагаар оршин суулгах тухай дээрх гэрээг байгуулжээ.

Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1 дэх хэсэгт заасан Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай хийсэн орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Учир нь ажил олгогчоос Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болгон ажилтанд тухайн орон сууцыг ...-д ажиллах хугацаандаа үнэ төлбөр төлөхгүйгээр хөлслөн суух нөхцөл зааснаар илэрхийлэгдэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний харилцаа нь ажилтнаас 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаар тушаал бичгээр гаргаагүй боловч хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсонд тооцсон талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Тийнхүү хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсноор ажил олгогч нь ажилтнаас түр хугацаагаар амьдарч байсан орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр буцаан шаардаж авсан болох нь орон сууц хүлээлцсэн актаар тогтоогдох бөгөөд, энэ үйл явдал нь Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1 дэх хэсэгт нийцжээ.

Гэвч орон сууцыг буцаан авахдаа ажилтныг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр буюу Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, үүргээ гүйцэтгэсэн бол орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан үндэслэлээр 22 сарын түрээсийн төлбөр 11,000,000 төгрөг шаардсан боловч, А....ын гаргасан Хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлийг хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, орон сууцыг буцаан авч, хариуцагчийг чухам гэрээгээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй болохыг тодорхойлоогүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хариуцагчийг Хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтыг зөрчсөн гэж тайлбарлах боловч уг заалтаар гэрээний 5 жилийн хугацаанд ажилтныг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг хатуу хязгаарлаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилсан бөгөөд, хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасны дагуу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласан болно.

Иймд дээрх үндэслэлээр А....аас ажиллах хугацаандаа ашиглаж байсан орон сууцны 22 сарын түрээсийн төлбөр 11,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ... БСБ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь мөн дээрх үндэслэлээр хариуцагч А....аас түүний хүү Б....гийн ... БСБ-д суралцсан 2 жилийн сургалтын төлбөр 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлийн уг шаардлага нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С....ийн ...сургууль байгуулагдсан эхний жилд бүх хүүхдүүд сургалтын төлбөрөөс тодорхой хувийн хөнгөлөлт эдэлсэн, бүх багш нарын хүүхдийн сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлсөн, багш нарыг ажлаас гарахад нь хүүхдийн сургалтын төлбөрийг авна гэсэн гэрээ байгаагүй, 20 гаруй багш нар ажлаас гарсан ба тэд нараас аваагүй... гэх мэдүүлэг, гэрч Г....гийн ...Багш нарын төрсөн хүүхэд үнэ төлбөргүй сурдаг, миний хүүхэд сураагүй, харин ач зээ төлбөртэй сурж байсан, ...сургалтын төлбөрийн журам багш нарт хамааралгүй, энэ талаар дотоод журамд заасан байдаг... гэх мэдүүлэг болон, талуудын хооронд байгуулагдсан МБ-02 тоот Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл зэргээр үгүйсгэгдэж байх бөгөөд, нэхэмжлэгчийн тайлбарласнаар хариуцагчийн хүүхэд сургуулиас тогтоосон Сургалтын төлбөрийн журмыг зөрчиж төлбөр төлөхгүй суралцсан тохиолдолд түүний суралцсан 2 жилийн хугацаанд сургалтын төлбөрийг төлүүлэхээр шаардаж байгаагүй, мөн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцлөөр хүү Б....г 100%-ийн хөнгөлөлттэйгөөр суралцуулахаар тохиролцсон гэрээний зүйлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй зэргийг үндэслэн 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Орон сууцанд түр оршин суух гэрээний дагуу ашиглаж байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ... хотхоны 207-59 тоот дахь орон сууцны 2019 оны 5 дугаар сарын СӨХ-ны төлбөр 101,556 төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаар хариуцагч А.... маргахгүй боловч, уг орон сууцны СӨХ-ны төлбөрийг ... ХХК шаардах эрхтэй болох нь шүүхэд тус байгууллагаас ирүүлсэн албан тоот, маргаан бүхий №83 тоот гэрээ зэрэг баримтуудаар нотлож байна. Түүнчлэн ... ХХК-иас нэхэмжлэгчид энэхүү шаардах эрхээ шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул СӨХ-ны төлбөр 101,556 төгрөгийг ... БСБ нь хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч А.... нь 2018 онд ажил олгогчтой байгуулсан Барьцааны гэрээний дагуу 2018 онд математикийн багшаар ажиллах хугацаанд сар бүрийн цалингаас 20,000 төгрөг, 2019 онд сургалтын менежерээр ажиллах хугацаанд сар бүрийн цалингаас 50,000 төгрөг суутган, 1,3 хувийн хүү тооцсон суутгал нь 500,000 орчим төгрөг болсныг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор ажилтанд буцааж олгох үүргээ биелүүлээгүй учир ... БСБ-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ... БСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, А....ыг тойрох хуудас зуруулж ажлаа хүлээлгэн өгөөгүй, 500,000 төгрөг цалингаас нь суутгагдсан гэх сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй хэмээн тайлбарлаж маргасан.

Талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу сар бүрийн цалин хөлснөөс барьцаа төлбөрийг ажилтны нэр дээр 1.3 хувийн хүүгийн нэмэгдэлтэй хуримтлал үүсгэж, хуримтлал нь 1,000,000 төгрөг хүрэхэд зогсоохоор тохиролцон, Иргэний хуулийн 153-160 дугаар зүйлд заасныг удирдлага болгожээ. /хх-50/

Дээрх гэрээ байгуулагдсан хугацаанаас эхлэн хариуцагч А....ын цалингаас сар бүр суутгал хийгдэн, нийт 511,215.60 төгрөгийн хуримтлал үүссэнийг ажил олгогч барьцаалсан ба, ажилтанд ажил олгогчоос буцааж өгөөгүй учир 500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу ажил олгогчоос ажилтныг тогтвортой ажиллуулах, хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусахад төлбөр тооцооны эрсдлээс хамгаалах зорилгоор уг гэрээг байгуулдаг талаар гэрчүүд мэдүүлсэн.

Гэрээнд хэдийгээр Иргэний хуулийн 153-160 дугаар зүйлд заасныг үндэслэл болгосон боловч хуулийн энэхүү заалтууд нь Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлээс шаардлага гаргуулах буюу үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх баталгааны нэг арга юм.

Талуудын байгуулсан энэхүү гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар тайлбарлавал ажилтанд 1,000,000 төгрөг хүртэлх хэмжээний албан хуримтлал үүсгэх агуулгатай байх бөгөөд, уг гэрээний гол нөхцөл хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг болж, ажилтны цалингаас суутгал хийн, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор хуримтлагдсан мөнгийг хүүгийн хамт ажилтанд буцаан олгохоор тохиролцжээ.

Ажил олгогчийн зүгээс гэрээгээр хүлээсэн уг үүргээ биелүүлээгүй, ажилтны тойрох хуудсыг тодорхойгүй хугацаагаар дуусгавар болгоогүй, тушаал шийдвэр гаргаагүй байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд, үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу ажилтны цалингаас хуримтлагдсан 500,000 төгрөгийг буцаан олгох үүрэгтэй.

Дээрх барьцааны гэрээний дагуу ажилтны хуримтлалд 2018 онд сар бүр 20,000 төгрөг авч, улмаар 2019 оноос 50,000 төгрөг сар бүр суутгаж, нийт 511,215.60 төгрөг болсон нь санхүүгийн баримтаар нотлогдох бөгөөд, хариуцагч үүнээс 500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэн ... БСБ-аас 500,000 төгрөг гаргуулж хариуцагч А....д олгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. /хх-134/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 310 дугаар зүйлийн 310.1 дэх хэсэгт заасныг баримтлан А....аас 31,101,556 төгрөг гаргуулах тухай ... БСБ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... БСБ-аас 500,000 төгрөг гаргуулан хариуцагч А....д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 313,457 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ... БСБ-аас 15,650 төгрөг гаргуулан харуицагч А....д олгосугай.

4.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА