Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/832

 

 

 

 

 

 

 

 

   2024         09         16                                      2024/ШЦТ/832

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр;

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: Н.Энхтулга;

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч: Д.У;

Шүүгдэгч: С.Э;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

Хэргийн дугаар:;

Шүүгдэгч С.Э: Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лабораторийн техникч мэргэжилтэй,  ам бүл 3, эх, ахын хамт   хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/551 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 20/55 дугаар тогтоолоор эдэлж дууссан.  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

С.Э нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ..... “гэр доторх эд зүйл эвдсэн” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч У.А-г толгой, нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож тархи доргилт, дагз, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос С.Эий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан доорх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:

  насанд хүрээгүй хохирогч У.А-н“...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хичээлээсээ тараад ангийнхаа найз Б.Б-ийн гэрт бие даалт хийхээр очсон ба бие даалтаа хийчхээд хоорондоо усаар байлдаж тоглож байсан. Тэгээд би хөндлөн модон хашаан дээр явж байгаад халтираад хажуу хашааны монгол гэр дээр уначихсан юм. Тэгээд байж байсан чинь нэг ах гэр рүүгээ орчхоод буцаж гарч ирээд Б.Б-ийг дуудсан, дараа нь Б.Б намайг дуудсан. Тэгэхээр нь хашаа руу нь орсон чинь тэр айлын ах намайг цохиод эхэлсэн ба үснээс зулгаагаад гэр рүүгээ чирч ороод “чи энэ гэр яаснаа хар даа” гээд буцаж гаргаад хөлөөрөө амбаардсан, толгой руу их цохисон. Тэгээд миний бие сонин болсон ба тэр ах орон дээр хэвт гэсэн ба миний бие өвдөөд хэвтэж чадахгүй байсан, тэгсэн чинь “орон дээр хэвтэж чадахгүй бол шалан дээр хэвт” гэж хэлсэн. Тэгээд манай найз Б.Б, Б.С хоёр намайг авч гарсан ба тэр ах ахиад намайг алгадсан ба би шууд ухаан алдаж унасан байсан. ...Намайг зодуулж байхыг Б.Б, Б.С хоёр харсан, бусад найзууд бүгд харсан байх. ...Тухайн үед намайг зодсон гэх эрэгтэй ямар ч байсан хүзүүндээ шивээстэй байсан, цагаан өнгийн фудболктой, хар өнгийн шорттой, бараан өнгийн хавтгай саравчтай малгайтай, 172 орчим см өндөртэй, хэвийн жинтэй хүн байсан. Нэрийг нь мэдэхгүй байна. ...Б.Б манай ахын найз гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10),

 

“...У.А-н биед тархи доргилт, дагз, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь дангаараа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №7614 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-32),

  насанд хүрээгүй гэрч Б.С-н “ ...хичээл тараад 13 цаг 20 минутад хичээл тарсны дараа У.А, Б.Б, А, Х бид нар Б.Б-ийн гэрт очсон. Тэднийд очоод бие даалтаа хийж байгаад араас нь усаар хоорондоо Б.Б-ийн гэрийн хашаан дотор байлдаж тоглож байхад Б /10б ангийн сурагч А-ийн найз залуу/, А  нар ирсэн. Тэгээд У.А усаар байлдаж тоглож байхад хашааных нь баруун талд байдаг байшингийн орой дээр буюу дээвэр дээр гарчхаад бууж ирэхгүй байсан, учир нь усаар байлдаж тоглож байсан тул зугтаад байсан. Тэгээд нэг хартал У.А байшин дээрээс баруун талын хашааны гэр рүү унаж байх шиг харагдсан, биеийнхээ аль хэсгээр яаж унасныг нь хараагүй. Тэдний хашаан дахь гэр рүү У.А уначхаад байшингийн урд талын тоосготой хэсгийн модон хашаагаар даваад Б.Б-ийн хашаа руу буцаж орж ирчхээд зүгээр гээд байхаар нь бид нар үргэлжлүүлээд усаар байлдаж тоглож дуусгачхаад хувцсаа хатаангаа хоорондоо юм яриад сууж байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа С.Э гэх /дараа нь цагдаа асуухад манай найз нар хэлж байсан/ хүн нь өөрийнхөө хашаандаа орж ирээд гэрээ онгойлгочхоод байж байснаа Б.Б-г дуудахад Б.Б очоод У.А-н өмнө нь давж орж ирсэн хашааны хэсгээр С.Э гэх хүний хашаа руу давж ороод тэгснээ араас нь Б.Б У.А-г “агаа дуудаж байна” гэж дуудахад У.А араас нь хашааг нь даваад орсон. Тэгснээ У.А-г дөнгөж хашаа даваад орсны дараа уучлаарай гэж хэлэхийн завдалгүй С.Э гэх хүн нь У.А-н толгойны дагз хэсэг рүү нь гараараа /аль гараараа гэдгийг нь тодорхой хараагүй/ нэлээн олон удаа атгаж болон алгадаж цохисон /яг хэдийг нь мэдэхгүй байна/. Тэгээд У.А уйлаад 2 гараараа толгойгоо хаагаад доош сууж байхад нь С.Э мөн дахиж олон удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөж байсан, би хөл орж ирээд ташаа хэсэг рүү нь өшиглөж байхыг нь харсан. Тэгээд зодуулж байх явцад нь У.А-г харахад зүрхээ гараараа дараад амьсгаа нь давхцаад амьсгалж чадахгүй байгаа юм шиг харагдтал С.Э гэх хүн нь “чи битгий жүжээд бай ал минь, пизда минь сэр хөөе” гэж хэлээд нүүр хэсэг рүү нь алгадаад байсан, яг хэдэн удаа аль гараараа алгадсаныг нь би тухайн үед сандарсан байсан тул тодорхой хараагүй. У.А амьсгаагаа авч чадахгүй байхаар нь Халиунаа бид хоёр “агаа наадах чинь зүрх муутай ш дээ больчхооч ээ” гэж хэлтэл С.Э гэх хүн ганц нэг удаа алгадаад, бие рүү нь өшиглөөд байсан. Тэгээд С.Э гэх хүн Х, А бид гурвыг орж гэр янзал гэж хэлэхээр нь бид гурав гэр рүү нь ортол гэрнийх нь хойд талын толины тавиурын эд зүйлс унасан, нэг үнэртэй ус, нэг аяга хагарсан, хойд талын хана дотогшоо түрээд ороод ирсэн, толь нь доогуураа хагарчихсан байхаар нь А, Х бид гурав тэр хавиарахыг нь цэвэрлэж байтал С.Э гэх хүн У.А-г гэртээ оруулж ирснээ гэрийн баруун талын буйдан дээр хэвт гэж загнахад У.А сууж байтал С.Э “чи хэвтэж чадахгүй юм бол шалан дээр хэвт” гэж хэлэхэд нь У.А буйдан дээр нь хэвтсэн. Тэгээд А У.А дээр очоод байж байтал С.Э гэх хүн А-д “битгий наадах дээрээ очоод бай, наадах чинь хүн харахаараа улам жүжээд байна” гэж хэлж байсан. Удалгүй Б.Бөөрөө гаднаас орж ирснээ У.А-г “манайх руу оръё манайх арай сэрүүхэн байгаа” гээд Б.Б, У.А бид гурав хашааны хаалгаар нь гараад явсан. Бид хоёр У.А-г 2 талаас нь түшээд явсан бөгөөд явж байх үед У.А хөлөө мэдрэхгүй юм шиг хөл нь газарт чирэгдээд байсан. Тэгээд Б.Б-ийн гэр рүү У.А-г оруулж буйдан дээр суулгахад У.А-н амьсгал нь давхцаад цочролд орсон юм шиг амандаа “уучлаарай агаа би төлчихнө өө” гээд шивнээд байсан бөгөөд буйдан дээр суулгасны дараа У.А 1 минут орчим амьсгалахаа больчих шиг болохоор нь охидууд нь бөөнөөрөө сандраад би 103 дуудаад Б ярьсан. Түргэн дуудсаны дараа С.Э гэх ах нь Б.Б-ийн гэрт орж ирснээ У.А-од “чи түргэн ирэхээр юу гэж хэлэх гэж байна” гэж асуухад У.А шокны байдалтай юм ярьж чадахгүй байж байтал С.Э “чи хашаанаас уначихсан гэж хэл мэдэв үү” гэж хэлчихээд гарч яваад Б.Б-ийн хашаан дотор байгаад байсан. Тэгээд У.А-г хараад түргэн ирэхийг хүлээгээд байж байхад Б.Б-ийг С.Э гэх ах нь Б.Б-ийн хашааны үүдэн дээр дуудсанаа “чи ийм золбин найзуудтай нийлээд, наа хэд чинь чамд лай л болно ш дээ, манай ах нарын үед ийм байгаагүй шдээ” гэж хэлж байсан. Тухайн үед би гэрийн гадаа уйлаад сууж байсан тул тэр яриаг нь сонссон...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16),

насанд хүрээгүй гэрч Т.А-гийн “...Б.Б-ийн гэрт очоод бие даалтаа түр хойш нь тавиад усаар байлдаж тоглож байтал У.А бид нараас зугтаад Б.Б-ийн хашааны урд хэсэгт байдаг байшингийн дээвэр дээр гарсан байсан. Тухайн үед би Б.Б-ийн гэрт байсан бөгөөд намайг гэрээс гарахад У.А тэр Байшингийн дээвэр дээрээс хажуу талынх нь хашаатай айлын гэрийн дээвэр рүү уначихсан, би яг аль хэсгээрээ яаж унасныг нь тодорхой хараагүй. Тэгээд уначихлаа гээд У.А буцаж Б.Б-ийн хашаа руу хашаа давж орж ирээд усаар байлдаж тоглосон. Ус ч дуусаад байж байтал хажуу айлынх нь хүн ирээд бид нар үргэлжлүүлээд тэргийг нь аваад ус авъя гэж бодоод Б.Б хашааны наана цаанаас асуухад манайд тэрэг байхгүй байна гээд өөр айл зааж өгсөн. Тэр ах гэр рүүгээ орчхоод гарч ирээд гэрийнхээ гадаа хашаан дотроо Б.Б-ийг дуудахад Б.Б хашаа даваад гэрийнх нь гадаа очиж уулзаад Б.Б шууд У.А-г хариуцлагаа хүлээ гээд тоглож хэлээд У.А-г дуудтал У.А араас нь хашаа даваад орсон. Би У.А-г хашаа даваад орох гэж байхад нь “2 цохиулах байх шүү, нүүр мүүрээ чангалаарай” гэж хэлчхээд Б.Б-ийн гэр рүү ороод Б-г дуудаад гарч ирэхэд охидууд бөөн юм болоод орилж байхаар нь очоод хашааны цаад талаас У.А-г харахад У.А газарт хагас хэвтсэн байдалтай байсан бөгөөд С.Э баруун хөлөөрөө дээрээс нь өшиглөж харагдсан, яг хаашаа нь өшиглөснийг хараагүй. Тэгээд өшиглүүлчхээд У.А таталт өгөөд бие нь эвгүйдэхээр нь Б бид хоёр хашаа давж ороход Б.Б У.А-н хамрынх нь дээр сэрээх гээд гараараа дарчихсан байхаар нь Б  бид хоёр сэрээх гээд агаарыг нь тавьж өгөөд цээжин дээр нь дарсан. Тэгтэл охидууд сандраад гаа шиг юм авчрахаар нь Б.Б аваад үнэртүүлсэн ч У.А ухаан орохгүй байхаар нь С.Э гэх хүн У.А-г баруун гараараа нүүрнийх нь зүүн тал руу 2 удаа, зүүн гараараа нүүрнийх нь баруун тал руу 1 удаа алгадсан. Тэгээд У.А бага зэрэг сэргэж эхлээд суучихсан байхад нь С.Э “чи 5 буудалд үзэгдэхгүй, хороололдоо мөнхөр, би одоо чиний хурууг чинь хугална за юу” гэхэд У.А сандраад “за” гэж хэлтэл С.Э У.А-н зүүн хөлийнх нь гуян дээр баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд над руу С.Э харж байгаад “чи усанд яв” гэж хэлээд намайг усанд явуулахаар нь би усанд явсан. Намайг ирэхэд У.А Б.Б-ий гэрт ороод хэвтчихсэн байсан бөгөөд У.А “больё оо агаа, ахиж тэгэхгүй ээ” гээд амандаа хэлээд байсан. ...Тэгээд бид хоёр орсны дараа Б  түргэн тосох гээд гарсан бөгөөд Б.Б бид хоёрыг ороход манай найзуудад “байшин дээрээс унасан гэж хэлээрэй, би цохиж зодоогүй шүү” гэж хэлж байсан. Би тэгээд гэрийнх нь 2 давхар руу гардаг шатан дээр Б , Б.Б бид гурав сууж байхад Б.Б-ийг дуудаж үүдэн дээр С.Э уулзсан бөгөөд яриаг нь сонсоход “аав, ахдаа хэлэхгүй шүү, хэлэх юм бол яахыг мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд удаагүй байж байтал түргэн ирсэн. Түргэн ирэхэд С.Э бид нартай хамт байсан бөгөөд түргэн гарснаас хойш удаагүй гараад явсан. ...Тэгээд бид нар эгчид нь бүгдийг нь үнэнээр нь хэлсэн. ...С.Э миний харснаар У.А-н дээрээс хөлөөрөө 2-3 удаа дэвсээд, 3 удаа алгадсан, 1 удаа гуя руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19),

 

насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр надтай нийлээд манай ангийн 7 хүүхэд манай гэрт шалгалт бэлдэхээр очсон. Тэгээд өдөр гадаа халуун байсан болохоор гэрийн гадаа гарч уусаар байлдаж тоглосон бөгөөд манай ангийн хүүхэд болох У.А-н утасных нь гэрийг манай ангийн хүүхэд манай гэрийн дээвэр лүү шидсэн /одоо яг хэн шидсэнийг мэдэхгүй байна/. У.А утасныхаа гэрийг авах гээд гэрийн дээвэр дээр гарсан бөгөөд утасныхаа гэрийг авах гэж байгаад хөл нь халтираад манай хажуу айлын монгол гэр дээр унасан. Тэгээд монгол гэр дээр уначихаад “зүгээр зүгээр” гэж хэлээд манай гэрт орж ирсэн. Тэгээд удалгүй тухайн монгол гэрийн эзэн ирээд намайг дуудсан. Би тухайн гэрийн эзэнтэй уулзсан чинь “хэн манай гэр дээр үсэрсэн” гэхээр нь “манай ангийн хүүхэд утасныхаа гэрийг авах гэж байгаад танай гэр дээр унасан юм аа” гэж хэлсэн чинь “тэр хүүхдээ дуудаад ир” гэхээр нь би ангийнхаа хүүхдийг дуудаад тэгээд монгол гэрийн эзэнтэй уулзаад болсон явдлын талаараа У.А тайлбарлах гэсэн чинь манай ангийн хүүхдийг шууд цохиод зодсон. Тэгээд би дундуур нь ороод салгах гэсэн чинь “чи хойшоо бай” гэж хэлээд намайг түлхсэн. Тэгээд би хойшоо болсон чинь буцаж очиж У.А-г цохиж зодохоор нь манай ангийн хүүхдүүд “та болиоч ээ, наад хүүхэд чинь зүрхний өвчтэй” гэж хэлсэн чинь тухайн У.А-г зодоод байсан ах “надад ямар хамаатай юм” гээд зодоод байсан. Тэгээд би дахиж салгах гээд тухайн ахыг түлхсэн чинь У.А-н цээж хэсэг рүү дэвсээд тэгээд У.А-н амьсгал нь давхцаад зүрх нь дэлсээд тэгээд амьсгалж чадахгүй байсан чинь “битгий жүжиглээд бай” гэж хэлээд дахиж зодсон. Тэгээд ангийнхаа У.А-г гэр лүү оруулаад би тухайн айлын гэрийг нь янзалж өгч байсан чинь удалгүй У.А ухаан алдаад тэгээд 103 дуудсан. Тэгээд 103-н эмч үзэж байсан чинь У.А-г зодсон хүн надаас гадна манай ангийн 2-3 хүүхдийг нэг нэгээр нь авч гараад “У.А-г 2 удаа л алгагдсан гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд тухайн үзэж байсан эмчид болсон асуудлыг үнэнээр хэлэх гэсэн чинь бид хэдийн хажууд У.А-г зодсон ах зогсоод дарамтлаад байхаар нь бид хэд 2 удаа л алгадсан гэж хэлсэн. Тэгээд тухайн эмч У.А-г үзэж дуусаад бид хэдийг ар гэрт нь хэлээд гэмтэл дээр үзүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн. Харин тухайн У.А-г зоддог хүн эмчийн араас гараад дахиж гэртээ ирээгүй. ...У.А-г С.Эээс өөр хүн биед халдаж гэмтээсэн асуудал байхгүй. С.Э гэдэг хүн У.А-г зодсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-24),

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-6),

 

С.Эий яллагдагчаар мэдүүлсэн “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед .... гэртээ ирэхэд хажуу айлд хэдэн хүүхдүүд тоглож байгаад надаас нэг нь усны тэрэг асуухаар нь би усны тэрэгтэй айл зааж өгчихөөд гэр рүүгээ орсон чинь манай гэрийн унь унасан, хана хугарсан, толь хагарсан, тавилга нурсан, үнэртэй уснууд хагарсан байхаар нь би үнэртэй усанд манараад гараад агаар амьсгалаад гэрээ тойрсон чинь гэрийн гадна дээвэр дээрх унь унасан хэсэгт 2 гутлын мөр байхаар  нь хаанаас хэн унасан бол гээд харсан чинь хажуугийн байшин руу харсан. Тэгээд байшин дээрээс л гэр рүү хүн үсэрсэн байна гэж бодоод тэр хажуу айлын хашаанд тоглож байсан хүүхдийг дуудаж асуутал У.А үсэрсэн гэж хэлсэн. Тэгээд У.А гэх хүүхдийг би дуудаж хашаандаа оруулж ирээд түүний бөгс рүү 2 хөлөөрөө амбаардаж, өшиглөсөн чинь тэр У.А гэх хүүхэд ухаан алдаад унах шиг болохоор нь би өөрөө эмнэлгийн ажилтан учраас анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй болохоороо түүнд анхан шатны тусламж үзүүлэх гээд амьсгалын замыг нь чөлөөлөхөд тэр хүүхэд өөрөө хоолойгоо шахаад амьсгалаа зориуд түгжээд байхаар нь би “чи амьсгалаа аваач” гээд хацар луу нь 2 удаа алгадсан чинь тэр хүүхэд амьсгалаа аваад сэрээд “уучлаарай” гэхээр нь би “чи айлын гэр дээр ингэж үсэрч болохгүй, чи том болсон хүүхэд байна шүү дээ” гэхэд тэр хүүхэд “уучлаарай агаа” гээд байхаар нь би үнэхээр бие нь муудаад байгаа юм болов уу гээд гэртээ оруулаад орон дээрээ суулгаад тайвширчих гэсэн чинь найзууд нь орж ирээд “наад хүүхэд чинь зүрх нь цоорхой” гэж хэлээд манайхаас аваад гарсан. Тэгээд удалгүй түргэн ирээд тэр хүүхдийг гэрт үзэж байхаар нь би яваад орсон чинь эмч нь амин үзүүлэлтүүд  нь хэвийн, зүрх нь цоорхой шинж тэмдэг алга гэж хэлж байсан. Тэгээд би ажилдаа явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-50),  

 

С.Эий хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 53-59, 61, 64-69) зэрэг болно.

 

С.Эд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг зодсон болохыг насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, С.Э нь У.А-г зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” хэмээн тодорхойлсон.

 Энэ гэмт хэрэг нь дараахь шинжтэй.

 - Санаатай байдал: Гэм буруу (үйлдэл)  нь санаатай байх;

 - Хохирлын хөнгөн шинж чанар: Хүний эрүүл мэндэд учирсан гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10%-аар тогтонги алдагдсан байх ёстой.

  С.Э нь насанд хүрээгүй У.А-г “гэр доторх эд зүйл эвдсэн” гэх шалтгаанаар зодсон. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг болон нотлох баримтуудаас үзэхэд С.Эий үйлдэл бусдад гэмтэл учруулахын тулд зориудаар сонголт хийж, ухамсартай шийдвэр гаргасныг харуулж байна. Үүнээс үзвэл шүүгдэгчийн үйлдэл болон насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтэл, хохирлын хоорондын учир шалтгааны холбоо нь тодорхой байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр У.А-н эрүүл мэндэд учирсан гэмтлийг хөнгөн гэж ангилж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж байгааг тодорхойлсон.

Ийнхүү дээрх байдлаар тодорхойлсноор шүүгдэгч С.Эий үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйлийн 1 дэх хэсэгт заасан  заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байна гэж шүүх үзэв.

 

Ийм учраас шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх С.Эд тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртай.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс хохирол, хор уршгаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Эий гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 246.300 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан.

 

Иймд гэмт хэргийн улмаас гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч С.Э-ээс 246.300 төгрөгийг гаргуулж ....олгох нь зүйтэй.         

Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийг 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.  

                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч С.Эээс 246.300 төгрөгийг гаргуулж .... олгосугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс хохирол, хор уршгийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ