Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/01471

 
 
     

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н  дүүрэг, 0 дугаар хороо,00-00 тоотод оршин суух, Б овогт Ж-ийн Г /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, АА-00 дугаар байрны 0 тоотод оршин суух, Б овогт Д-ийн С /РД:000000000/,

 

Хариуцагч: С дүүрэг,  дугаар хороо, д 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, Б овогт Д-ийн О /РД:000000000/ нарт холбогдох,

 

0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 00000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Гнэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Г миний бие 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр найз Г.С-ийн хамт Б дүүргийн 0 дүгээр хороонд байрлах, Х рестораны 0 давхарыг автомат тоглоомын зориулалтаар түрээслэхээр Д.О гэх эмэгтэйтэй түрээсийн гэрээ хийх болж Ж.Г миний бие өөрийн данснаас урьдчилгаа 0,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээг байгууллах үед Ж.Г миний бие бичиг баримтгүй байсан тул миний найз Г.С гэрээ хийсэн.

Байрыг хүлээн авахад өмнө нь ажиллуулж байсан автомат тоглоомуудыг аваагүй байсан. Ж.Г миний бие байранд тоглоом суурилуулсан ч цагдаагийн байгууллагаас үйл ажиллагаа явуулахыг хориглосон учраас үйл ажиллагаа явуулж чадаагүй. Ингээд 0000 оны 0 сарын 00-ны өдөр Д.Сд үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар мэдэгдэхэд байрны түлхүүрийг жижүүр н.Бт өг гэсэн. Ингээд уг байранд үйл ажиллагаа явуулаагүй учраас хариуцагч нараас мөнгөө нэхсэн. Хариуцагч нар дараагийн түрээслэгч нар орохоос өмнө мөнгө өгнө гэсэн ч өгөөгүй. Гэрээнд Д.С нь Д.О гэж гарын үсэг зурсныг цагдаагийн байгууллагад шалгуулсан. Байрны эзэн Д.О Д.Сд түрээсийн гэрээ байгуулж, төлбөр авах зөвшөөрөл өгсөн учраас Д.С гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбарыг цагдаагийн байгууллагад өгсөн. Цагдаагийн байгууллагаас маргааныг Иргэний журмаар шалгуулах ёстой гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

0000 оны 0 сарын 00-ны өдөр талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түрээсийн гэрээнд автомат тоглоомын газар ажиллуулах гэж тодорхой бичсэн байдаг. Өмнө нь уг байранд автомат тоглоом тоглуулахаар түрээсэлж, цагдаагийн байгууллагаас тусгай зөвшөөрөл хураасан байсан. Зөрчлийн тухай хуулийн 57 дугаар зүйлд мөрийтэй тоглоом зохион байгуулахыг зөрчилд тооцохоор заасан байдаг. Түрээсийн гэрээг заавал үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д зааснаар бүртгэл хийгдээгүй, бичгээр байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг гэрээн хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56.5-д зааснаар 0,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэгт 0,000,000 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч байранд тоглоом байрлуулж үйл ажиллагаа явуулсан. 0000 оны 00 дугаар сарын эхээр хариуцагч байгууллагад ажиллаж байсан н.Бт Ж.Г байрны түлхүүр үлдээсэн байсан. Нэхэмжлэгч тал тодорхой хугацаанд байранд түрээсийн үйл ажиллагаа явуулчхаад байр түрээслээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний гол шинж түрээслүүлэгч үл хөдлөх хөрөнгийг тухайн зориулалтаар тохижуулсан байхыг шаарддаг. Гэтэл талуудын түрээсэлсэн гэх объект хоосон заал байсан. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг автомат тоглоомын үйл ажиллагаа явуулахаар тохижуулаагүй тул талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Хэрэв талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан бол улсын бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой. Гэтэл эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан учраас улсын бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагагүй. Нэхэмжлэгч тал мөрийтэй тоглоом тоглуулахаар гэрээ байгуулж, хууль зөрчсөн гэж тайлбарлалаа. Хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ хууль бус биш. Автомат тоглоомын үйл ажиллагаа явуулах хүсэл зориг нэхэмжлэгчид байсан. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д зааснаар тусгай зөвшөөрөл авдаг. Нэхэмжлэгч тал автомат тоглоом тоглуулах тусгай зөвшөөрлийг холбогдох газраас хөөцөлдөж авах ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрөл аваагүйгээс түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарласан. Хариуцагчаас шалтгаалсан буруутай үйл ажиллагаа харагдахгүй байна. Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний үүрэг шаардсан мөртлөө гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Д.С, Д.О нарт холбогдуулан 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь өөрийн найз Г.С-тэй хамтран БГД-ийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, А-ийн өргөн чөлөө гудамж, 00 тоот, 0 дүгээр давхарт байрлах Х ресторан төвийг автомат тоглоомын зориулалтаар, сарын 0,000,000 төгрөгөөр түрээслэхээр хариуцагч Д.С-тай харилцан тохиролцож, улмаар 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ гэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээг байгуулах үед нэхэмжлэгч Ж.Г бичиг баримтгүй явж байсан учраас түүний найз Д.С нь түрээслэгчийн нэрээр гарын үсэг зурж, түрээслүүлэгч талыг төлөөлж Д.С нь Д.О гэж гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Энэхүү гэрээний зүйл болох БГД-ийн 0 дүгээрхороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 тоот, 0 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.О болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа... өөрийн өмчлөлийн БГД-ийн 0 дүгээрхороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00/0 тоот, 0 дүгээр давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслэх, өөрийнх нь нэрийн өмнөөс түрээсийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон,...тухайн үл хөдлөх хөрөнгийг Ж.Г, С нарт түрээслэн, гэрээнд өөрийнх нь нэрээр гарын үсэг зурсан болохыг мэдэж байсан гэж тайлбарыг гаргаж байх ба хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Ж.Гоос түрээсийн гэрээний дагуу 0,000,000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Дээрх байдлаас дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг нэг талаас Ж.Г, Г.Енар, нөгөө талаас Д.О, Д.С нар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ... талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, түрээсийн гэрээ байгуулагдаагүй, тухайн үл хөдлөх хөрөнгөд нэхэмжлэгч нар нь тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ-д зааснаар гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг автомат тоглоомын зориулалтаар түрээслэхээр талууд тохиролцсон байх ба уг үл хөдлөх эд хөрөнгө нь өмнө нь автомат тоглоомын зориулалтаар ашиглагдаж байсан болох нь зохигчийн тайлбар болон гэрч Г.С, Н.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байхаас гадна түрээслэгч нь гэрээнд заасны дагуу автомат тоглоом ажиллуулах гэсэн боловч энэхүү үйл ажиллагаа нь хууль бус гэдгийг мэдээд түрээсийн гэрээг цуцалсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Иймд түрээслүүлэгч нар нь БГД-ийн 0 дүгээрхороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00/0 тоот, 0 дүгээр давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийг түрээслэгч Г.С, Ж.Г нарт автомат тоглоомын зориулалтаар буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж түрээслүүлсэн гэж үзэхээр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдсан байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй буюу бүртгүүлээгүй болох нь талуудын хэн алины тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгч Ж.Г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн 0,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Г-ын хариуцагч Д.С, Д.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, талуудын хооронд байгуулагдсан 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч нараас 0,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Г-од олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр байгуулагдсан Ажлын байрны түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д.С, Д.О нараас 0,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Го-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамжинд 149,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Год олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээрзүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА