| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0907/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/934 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/934
2024 10 22 2024/ШЦТ/934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Маралмаа,
улсын яллагч Э.Мөнхболд,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан эрүүгийн 2409004030*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ч.Б нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Р-д гадаад паспорт гаргаж өгнө гэж түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.Р-аас 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.У-д гадаад паспорт гаргаж өгнө гэж түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.У-аас 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Э-д евро худалдана гэж түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч О.Э-аас 750,000 төгрөгийг өөрийн танил Ц.До-гийн Хаан банкны 00000000 тоот дугаарын дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ч дүүргийн 000 дүгээр хороо, Д-ын 00-00 тоотод Г.У-д Шингений орны виз мэдүүлэх цаг авч өгнө гэж хуурамч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирог Г.У-аас 150,000 төгрөгийг Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ч дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвгэрт Г.Н-ад "Шенгений орны виз мэдүүлэх цаг авч өгнө" гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Н-аас 150,000 төгрөгийг Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн авч нийт 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Б-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Б нь хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Ч.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан үйл баримт нь:
Шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: Надад гомдол санал байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, би хохирлыг барагдуулна, дахин ийм зүйл хийхгүй миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна би хохирлыг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41/,
хохирогч Г.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад Европ дахь монголчууд гэх нэртэй фейсбүүк групп дээр Т.С гэх фейсбүүк хаягтай цагаан хувцастай эрэгтэй хүний зурагтай хаягаас гадаад паспорт гаргаж өгнө гэх зүйл бичсэн байсан бөгөөд би тухайн үед найзынхаа хүүхдэд гадаад паспорт гаргуулж өгөхөөр тухайн хүнтэй холбоо барьж шаардлагатай материал болох хүүхдийн цээж зураг регистрийн дугаар цусны бүлгийг нь өгсөн бөгөөд тухайн надад 14 хоногийг хугацаатай гаргаж өгнө 00000000 данс руу 250.000 төгрөг 1734 гэх утгатай ---- Ц.Т гэх данснаас мөнгө шилжүүлсэн ба одоо хүртэл бичиг баримт гаргаж өгөхгүй алга болсон... 00000000 гэх данс руу 250,000 төгрөг явуулсан 1734 гэх утгатай явуулсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 12-13/,
хохирогч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай ээж Д.А нь 2024 оны 05 дугаар сард багтаж Шингений орны виз гаргуулах ажилтай байгаа юм. Би 2024 оны 03 дугаар сараас хойш Герман Улсын элчин сайдын яамнаас цаг авахаар хөөцөлдөж байгаа боловч огт болж өгөхгүй байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 40 минутын үед ажил дээрээ ирээд цахим фейсбүүк орчинд виз гаргана гэх группүүдийг ухаж байгаад өөрийнхөө фейсбүүк хаягаас Шингений орны виз гаргуулах гэсэн юм, хэрхэн гаргуулах вэ гэх постыг оруулсан. Тэгээд удалгүй над руу "...М..." гэх нэртэй фейсбүүк хаягаас холбогдож...Шингений орны визний ярилцлагад орох цагийг авч өгч чадна, төлбөр 150.000 төгрөг болно. Та эхлээд төлбөрөө төлөөд, холбогдох мэдээллүүдээ явуулчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн чатаар явуулсан Хаан банкны 00000000 дугаарын данс руу 150.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 00000000 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд би 2 цаг орчим хүлээгээд тухайн хүн рүү чат бичсэн боловч надад хариу өгөхгүй байсан учир залилуулчихлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн..." гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 104-105/,
хохирогч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манайх гэр бүлээрээ 2024 оны 06 дугаар сарын дундуур Белги улс руу аялахаар болж миний бие 2024 оны 03 дугаар сараас хойш Герман улсын элчин сайдын яам, VFS Clobal цахим сайт руу хандаж виз мэдүүлэх цаг авахаар хөөцөлдсөн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байсан. Тэгээд фейсбүүк цахим сүлжээ Герман, Шенгений виз мэдүүлэгчдийн групп гэх нэртэй 26.9 мянган гишүүнтэй фейсбүүк группд "М" нэртэй фейсбүүк хаягаас Шенгений визний цаг авч өгнө гэх зар оруулсан байхаар нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн “И” нэртэй цахим хаягаас тухайн "М" нэртэй цахим хаягтай чаталж Шенгений орны виз мэдүүлэх цаг авах хэрэгцээтэй байгаагаа илэрхийлэхэд "М" нэртэй фейсбүүк хаягтай хүн... ямар ч асуудалгүй виз мэдүүлэх цаг авч өгнө, VFS Clobal цахим сайтаас имэйл хаягт ирүүлдэг цаг олгосон цахим мэдээллийн фото зургийг над руу явуулж, дээрх цаг бол байна, та авах эсэхээ өөрөө мэд гэхээр нь би түүнд итгэж Шенгений орны виз мэдүүлэх цаг авхуулахаар түүний явуулсан Хаан банкны 00000000 дугаартай Д.С гэх нэртэй данс руу нэг хүний виз мэдүүлэх цаг авах төлбөр гэж 150.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 00000000 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш тухайн "М" нэртэй фейсбүүк хаяг миний фейсбүүк хаягийг блоклосон." гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 171-172/,
хохирогч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байхдаа фейсбүүк цахим орчинд гадаад паспорт гаргадаг хүн хайж байсан бөгөөд тухайн Европ дах Монголчууд гэх нэртэй групп дээр "Т.С" гэх нэртэй фейсбүүк хаягтай хүн гадаад паспорт түргэн шуурхай гаргаж өгнө 7-14 хоногийн дотор гарна гэж надад хэлсэн бөгөөд би тухайн хүнд итгээд тухайн хүн рүү холбогдож байгаад 00000000 гэх данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн ба тухайн хүн удалгүй намайг блок хийгээд алга болсон..." гэх мэдүүлэг, /1хх-ийн 67-68/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Манай хүү Э нь 2023 оны 10 дугаар сарын 22-нд Ирланд улс руу сурах гээд явсан. Тэгээд байрны мөнгө болох 750,000 төгрөгийг би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн данс болох Хаан банкны 00000000 тоот данснаас хүү Э-ын худалдаа хөгжлийн 00000000 тоот данс руу шилжүүлсэн. Харин хүү Э маань Ирланд улсаас 750,000 төгрөгөө евро болгох зорилгоор “А” гэх цахим хаягтай хүнтэй харилцаж өөрийн худалдаа хөгжлийн 00000000 тоот данснаасаа “А” гэх цахим хаягтай хүний явуулсан Хаан банкны 00000000 тоот данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд мөнгө нь орж ирэхгүй удаад чат бичихээр "завгүй байна хүлээж байгаараа" гэх зэргээр манай хүүтэй чатаар харилцсан байсан. Харин мөнгө нь орж ирэхгүй 7 хоног болсны дараа хүү маань залилуулснаа мэдээд надад хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 37-38/,
гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрөө монгол дахь 1xbet бооцооны компани-д цэнэглэлт болон таталт хийдэг ажил хийдэг бөгөөд би доороо 2 хүн админаар ажилдуулдаг бөгөөд У болон Э-ыг ажиллуулдаг ба 24/24 өөр ээлж солилцдог бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Шөнийн 03 цаг 51 минутад 250.000 төгрөг 1734 гэх утгатай Депозит цэнэглэлт гэж орж ирсэн бөгөөд тухайн хүний фейсбүүк нь “А.А” гэсэн фейсбүүк аккаунтаас орж ирж цэнэглэлт хийлгэсэн байсан тухайн үед манай ажил болохоор их зүйл бодолгүй цэнэглэлтийн хийлгэж өгсөн бөгөөд удалгүй цагдаагийн байгууллагаас танай данс руу залилангийн мөнгө орсон байна гэж надад хэлсэн... 00000000 Ч.Б гэсэн данс байсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 21-22/,
гэрч С.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:"...2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай найз Б нь надтай холбогдож... Шингений виз мэдүүлэг цаг авахдаа холбоотой зураг хэлбэрийн мэдээллийг фото шоп ашиглаад янзлаад өгөөч гэж хэлээд над руу 2-3 зураг явуулсан. Тухайн зургуудыг нь би компьютер дээр фото шопын программ ашиглаж янзалж өгсөн. Тэгээд тухайн янзалсан цаг, өдөртэй зургийг Б руу явуулсан ба мөн өөртөө авч үлдсэн байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 109-111/,
гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2021 оноос эхлээд Хаан банкны 00000000 гэх дугаарын дансыг ашигладаг... Голомт банкны 00000000 тоот данс эзэмшигчийг би сайн танихгүй намайг тус өдрийн орой 21 цагийн орчимд манай найз залуугийн найз Д буюу Д гэгч орой надтай Б болон өөр нэг танихгүй залуугийн хамт ирээд уулзаад намайг Яармагт байрлах гэрт хүргэж өгөөд би чиний данс руу мөнгө шилжүүлчихье чи дараа нь миний данс руу шилжүүлчих тэгэхгүй бол миний цалингийн зээл татагдах гээд байна гэж хэлээд миний данс руу мөнгө шилжүүлсэн. Намайг гэрийн үүдэнд буулгахдаа надад Голомт банкны 00000000 гэх дансны дугаар өгөөд хамт явж байсан Б-ын данс энэ данс руу шилжүүлчих гэж хэлсэн...миний Хаан банкны 00000000 дугаарын дансанд 2023 оны 12 дугаар сарын 19-ний оройн 22 цаг орчимд 750,000 төгрөг орсон байсан. Тэгээд мөнгө нь миний данс руу орсны дараа Б гэх залуу нь надад Голомт банкны 00000000 дугаарын дансыг өгөхөд нь би В гэсэн утга бичээд шууд шилжүүлж өгсөн бөгөөд удалгүй намайг найз залуу Г-ын гэрт ирж намайг буулгасан... Найз Д буюу Д-ын приус 40 маркийн автомашинд Д, Б, бас нэг танихгүй залуугийн хамт явж байхдаа яг хаана явж байсныг сайн мэдэхгүй байна. Гурвалжны гүүр давж байхад шилжүүлсэн байх гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 57-59, 117-118/,
гэрч У.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2023 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Б найз намайг дансаа түр хэрэглүүлээч мөнгө авах гэсэн юм гэж хэлж байсан бөгөөд би тухайн үед нь банкны цалингийн зээл төлөөгүй байгаа болохоор банкнаас шууд татагдчихна гэж хэлсэн чинь найз Д-ийн дансыг Б ашиглах болж байсан юм. Тэгээд тухайн үед Д-ийн данс руу 750,000 төгрөгийн гүйлгээ хийгээд уг мөнгөнөөсөө надад 100,000 төгрөг зээлсэн болохыг сүүлд нь мэдсэн юм. 2024 оны 01 сарын орчим Д надад хэлэхдээ нөгөө Б-ын шилжүүлж авч авч байсан 750,00 төгрөг нь луйврын замаар авсан мөнгө байсан байна гэж надад хэлж байсан юм. Тэгээд би энэ тухай мэдээд Б-той уулзаж асуухад "Найз нь цахим фейсбүүк хаягт евро авна, зарна гэсэн нэртэй пэйж группт хүнээс мөнгө аваад луйвардчихсан юм гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 64-65/,
гар утсанд үзлэг хийсэн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, /1хх-ийн 122-127/,
гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 197-198/,
Ц.Д-гийн Хаан банкны тоот дугаарын дансанд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 00000000 тоот дугаарын данснаас 750,000 төгрөгийн орлого орсон, мөн өдөр Голомт банкны 00000000 тоот дугаарын данс руу 750,000 төгрөгийг зарлага гарсан дансны хуулга, /2хх-ийн 78-81/,
иргэн Г.Н-ын Хаан Банкны 00000000, Д.С-ын Хаан банкны 00000000 дугаарын дансны хуулга, /1хх-ийн 167, 195-196/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Р-д гадаад паспорт гаргаж өгнө гэж түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.Р-аас 250,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.У-д гадаад паспорт гаргаж өгнө гэж түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.У-аас 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Э-д евро худалдана гэж түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч О.Э-аас 750,000 төгрөгийг өөрийн танил Ц.Д-гийн Хаан банкны 00000000 тоот дугаарын дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ч дүүргийн 000 дүгээр хороо, Д-ын 00-00Г тоотод Г.У-д Шингений орны виз мэдүүлэх цаг авч өгнө гэж хуурамч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирог Г.У-аас 150,000 төгрөгийг Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвгэрт Г.Н-ад "Шенгений орны виз мэдүүлэх цаг авч өгнө" гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Н-аас 150,000 төгрөгийг Хаан банкны 00000000 тоот дансаар шилжүүлэн авч нийт 1,450,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний нас, эрүүл мэндийн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Ч.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б-д 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ч.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Ч.Б-ын үйлдлийн улмаас нийт 1.450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.У-д 150.000 төгрөгийн, Б.У-д 150.000 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Ч.Б-оос 1.150.000 төгрөг гаргуулж хохирогч О.Э-д 750.000 төгрөг, Г.Н-д 150.00 төгрөг, Г.Р-д 250.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-оос 1.150.000 төгрөг гаргуулж хохирогч О.Э-д 750.000 төгрөг, Г.Н-д 150.000 төгрөг, Г.Р-д 250.000 төгрөг тус тус олгосугай.
6.Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР