Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00134

 

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00134

Улаанбаатар хот

 

  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... хороо, Бага тойруу гудамж, ... тоотод оршин суух, Б овогт Я-ийн Б /РД.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Б овогт Ц-ийн А /РД.../-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,960,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Я.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Я.Б нь хариуцагч Ц.А-тэй 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл буюу 1 сарын хугацаатай хоногийн 1 хувийн хүүтэйгээр 3,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан боловч одоог хүртэл үндсэн зээл болон хүүг төлөөгүй, 14 хоногийн хүү гэж 440,000 төгрөг өгсөн. Иймд Ц.А-с үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 460,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 4,960,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Ц.А-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт: Би 2016 оны 02 дугаар сард “Зар мэдээ” сонины дагуу Болдтой утсаар холбогдож хороололд очиж лангуугаа үзүүлэн 3 сая төгрөгийг 30 хувийн хүүтэй буюу өдрийн 30,000 төгрөгийн буцаан төлөлттэйгээр зээлж гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Ингээд өдөртөө 30,000 төгрөгөө төлж явж байгаад цагаан сарын дараагаас борлуулалт муудсаны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Болдоос зээлсэн үндсэн зээлээ төлнө, миний хүүнд төлсөн 460,000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч, алданги 1,500,00 төгрөгийг хасаж өгөхийг хүсэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ээр энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргах гэж байсан юм. Талууд нэгэнт л тохиролцсон гээд байх юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдүүлэгч, зээлдэгч хоёр нь эрх тэгш байхыг заасан байдаг. Тэгтэл сарын 30 хувийн хүүтэй зээл олгосон байна. Гэрээ  байгуулаад нотариатаар батлуулаад л зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үздэггүй. Дурын нотариатаар батлуулчхаад энэ гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж болохгүй. Бид зээлийг төлөхгүй гэж хэлээгүй. Хамгийн гол нь хүү, алдангийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Ц.А-с 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл, хүү, алдангид нийт 4,960,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хэт өндөр хүү, алданги төлөх ёсгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Ц.А-тэй 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба алданги буюу гэрээний хариуцлагыг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.  

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 3 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Я.Б гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна. 

 

Гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд уг өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 257 хоногийн алдангийг тооцоход 4,446,100 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч дээрх хугацааны алдангид 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 1,500,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.   

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, хугацаа хэтрүүлсэн тал дээр маргаагүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаарт зааснаар хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй байна.

 

Хариуцагч тал алдангийн хэмжээг хэт их байна гэж маргах боловч анзын хэмжээ илт их байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх тул шүүх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгах шаардлагагүй гэж үзлээ.

 

Мөн хариуцагч Ц.А нь “... борлуулалт муудсаны улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломж гараагүй, алдангийг төлөх боломжгүй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э “... хүү, алдангийн хэмжээ хэтэрхий өндөр тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй” гэсэн тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргажээ.  Хариуцагч нь нэхэмжлэгчээс үндсэн зээлийн 3,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, энэ тал дээр маргадаггүй. Харин борлуулалт муудсан явдал нь үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.А-с нийт 4,960,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Бод олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 94,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-с 94,3000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХТӨР