Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч Б.Долгион,

Хохирогч Б.Энхтулга,

Шүүгдэгч Б.Түмэнцэнд, түүний өмгөөлөгч О.Одхүү /ҮД-0351/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Морьтон овогт Баясгалангийн Түмэнцэндэд холбогдох эрүүгийн 201726020059 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, төмөр замын зүтгүүрчин мэргэжилтэй, УБТЗ-ын Улаанбаатар татах хэсэгт арчигч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 104-115 оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, МЮ83122297 регистрийн дугаартай, Боржигон Морьтон овогт Баясгалангийн Түмэнцэнд. 

 

Шүүгдэгч Б.Түмэнцэнд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил пабд Б.Энхтулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Түмэнцэнд мэдүүлэхдээ:

  2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би Энхтулга, Золбаяр 2 дээр очсон. Бид нар 3 цаг гаруй цуг архи ууж суусан. Бид нар дахин 1 шил архи нэмж уусан. Тухайн зодоон болсон шалтгаан нь би тооцоо хийх гээд такен дээр байж байтал зөөгч над дээр ирээд танай 2 найз зодолдоод байна гэж хэлсэн. Намайг яваад очиход Золбаяр, Энхулга хоёр зууралцаад зогсож байхаар нь би Золбаярыг татаж салгатал Энхтулга надад хандаж дарга бол дарга цэрэг бол цэрэг байх ёстой гэж хэлээд, намайг түлхээд зодоон болсон. Би Энхтулгатай харилцан 2-3 удаа цохилцсон. Тухайн үед эв зүйгээ олоод гэрт хүргэж өгөхийн оронд зодоон хийсэндээ  гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхтулгын өгсөн:

“... 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Золбаярын хамт пабд сууж байхад Түмэнцэнд Золбаяр дээр ирсэн. Бид гурав 1 шил архи шинээр аваад ууж байх хугацаанд зодоон болсон. Бид нар сагсны талаар ярилцаж байгаад Золбаяр бид хоёр барилцаж аваад, би Золбаярыг ширээн дээр дарсан. Тэгээд  бид хоёр салаад буцаад суутал Түмэнцэнд Золбаярт хандаж чи бацаанд даруулчихлаа гээд над дээр ирээд, намайг зодсон. Би Түмэнцэндтэй зодолдсон зүйл байхгүй. Бид хоёр салаад байж байхад гэнэт намайг нэг удаа цохитол би ухаан алдсан. Намайг нэг ухаан ороход цагдаа нар орж ирсэн байсан. Би Түмэнцэндээс 2 сар ажилгүй байсан цалингаа нэхэмжилнэ. Надад учирсан гэмтлийг Түмэнцэнд учруулсан. Би 350,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Шүүгдэгчээс хохиролд 500.000 төгрөг хүлээж авсан гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Золбаярын өгсөн:

“... 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар зүтгүүрийн депо дээр Энхтулга, Түмэнцэнд хоёртой таарч, бид гурав ажил тараад уулзалдаж, Баянгол дүүргийн Богд-Арын хавьд нэг пабд орсон юм. Тэгээд бид нар ер нь согтоцгоосон. Тэгтэл Энхтулга, Түмэнцэнд 2 хоорондоо маргалдаж зодолдож эхэлсэн. Чухам юунаас болж хоорондоо маргаж зодолдсон гэдгийг мэдэхгүй байна. ... Намайг салгах үед Энхтулгын хамраас цус гарсан байсан. Харин Түмэнцэндийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл харагдаагүй ...” гэх /хавтаст хэргийн 34-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 749 дугаартай:

            1. Б.Энхтулгын биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 39-р хуудас/,

 

  - Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 4-р хуудас/

  - Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-9-р хуудас/

  - Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-н 14, 80-р хуудас/

  - Хохирлын баримтууд /хх-н 15-31-р хуудас/

  - Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл /хх-н 43-45/  зэрэг баримууд болон,

 

шүүгдэгч Б.Түмэнцэндийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Г.Оргилын өгсөн:

“... Түмэнцэнд бид 2 дунд сургуулийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. 8 дугаар ангиасаа үерхэж байгаад 2003 онд анхныхаа хүүхэдтэй болсон. Гэр бүл болоод 3 хүүхдийн хамтаар амьдарч байна. ... Түмэнцэнд хичээл сурлагандаа дундаж, ажилдаа сайн, хамт олондоо нэр хүнд сайтай, энэ ажилдаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Зан чанарын хувьд нийтэч, нөхөрсөг, ажлаа чин сэтгэлээсээ хийж чаддаг, хүнд тусархаг. Дутагдалтай тал гэвэл түргэн ууртай, уурлахаараа чанга орилдог ... гэх” мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар  хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/,

- Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-61/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-59/,

- Бакалаврын дипломын хуулбар /хх-н 62/

- УлаанбаатарТөмөр Замын Улаанбаатар Татах Хэсгийн тодорхойлолт /хх-н 60/

 - Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-н 63/

 - Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 64-66/

 - Шагналын үнэмлэхийн хуулбарууд /хх-н 67-68/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Түмэнцэнд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил пабд Б.Энхтулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдан, зодож бие махбодид нь эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, алимны салстад цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Түмэнцэндийн “... 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би Энхтулга, Золбаяр 2 дээр очсон. Бид нар 3 цаг гаруй цуг архи ууж суусан. ... Намайг яваад очиход Золбаяр, Энхулга хоёр зууралцаад зогсож байхаар нь би Золбаярыг татаж салгатал Энхтулга надад хандаж дарга бол дарга цэрэг бол цэрэг байх ёстой гэж хэлээд, намайг түлхээд зодоон болсон. Би Энхтулгатай харилцан 2-3 удаа цохилцсон. Тухайн үед эв зүйгээ олоод гэрт хүргэж өгөхийн оронд зодоон хийсэндээ  гэмшиж байна ...” гэх,

хохирогч Б.Энхтулгын “... 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Золбаярын хамт пабд сууж байхад Түмэнцэнд Золбаяр дээр ирсэн. Бид гурав 1 шил архи шинээр аваад ууж байх хугацаанд зодоон болсон. Бид нар сагсны талаар ярилцаж байгаад Золбаяр бид хоёр барилцаж аваад, би Золбаярыг ширээн дээр дарсан. Тэгээд  бид хоёр салаад буцаад суутал Түмэнцэнд Золбаярт хандаж чи бацаанд даруулчихлаа гээд над дээр ирээд, намайг зодсон. Би Түмэнцэндтэй зодолдсон зүйл байхгүй. Бид хоёр салаад байж байхад гэнэт намайг нэг удаа цохитол би ухаан алдсан. Намайг нэг ухаан ороход цагдаа нар орж ирсэн байсан. Би Түмэнцэндээс 2 сар ажилгүй байсан цалингаа нэхэмжилнэ. Надад учирсан гэмтлийг Түмэнцэнд учруулсан. Би 350,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Шүүгдэгчээс хохиролд 500.000 төгрөг хүлээж авсан гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад гэрч Т.Золбаярын “... 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар зүтгүүрийн депо дээр Энхтулга, Түмэнцэнд хоёртой таарч, бид гурав ажил тараад уулзалдаж, Баянгол дүүргийн Богд-Арын хавьд нэг пабд орсон юм. Тэгээд бид нар ер нь согтоцгоосон. Тэгтэл Энхтулга, Түмэнцэнд 2 хоорондоо маргалдаж зодолдож эхэлсэн. Чухам юунаас болж хоорондоо маргаж зодолдсон гэдгийг мэдэхгүй байна. ... Намайг салгах үед Энхтулгын хамраас цус гарсан байсан. Харин Түмэнцэндийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл харагдаагүй ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 749 дугаар дүгнэлт, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Б.Түмэнцэндийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Энхтулга нь шүүгдэгч Б.Түмэнцэндээс эмчилгээний зардал 500,000 төгрөг хүлээн авсан. Одоо ажилгүй байсан 2 сарын цалин нэхэмжилнэ гэх боловч нотлох баримт байхгүй байх тул шийдвэрлэх боломжгүй, харин энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иймд шүүгдэгч Б.Түмэнцэндийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Түмэнцэндэд ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

       

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон Морьтон овогт Баясгалангийн Түмэнцэндийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэнцэндийг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Түмэнцэндэд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, Б.Түмэнцэнд бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Түмэнцэнд нь ажилгүй байсан хугацааны цалингийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Түмэнцэндэд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Түмэнцэндэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Түмэнцэндэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ