| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0948/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/936 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/936
2024 10 22 2024/ШЦТ/936
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,
шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Е овогт С.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109008530*** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч С.М нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.М-г "М” Төрийн өмчид үйлдвэрийн газрын "Ш" алтны үйлдвэрийн захирлаар томилуулж өгнө, урьдчилгаа 100.000.000 төгрөг болно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн Ж.Н-ын 00000000дугаарын дансаар 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч С.М-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.М нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.М-г "М” Төрийн өмчид үйлдвэрийн газрын "Ш" алтны үйлдвэрийн захирлаар томилуулж өгнө, урьдчилгаа 100.000.000 төгрөг болно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, иргэн Ж.Н-ын 00000000 дугаарын дансаар 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Д.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найз М-тайгаа ярилцаж “М” "Ш" уурхайн даргаар очихоор тохиролцож анх яриа эхлүүлсэн. М найдвартай хүн байгаа чиний асуудлыг ярьчихлаа гээд 000-р сургуулийн урд "ТТ"-ын 09 давхарт 0000 тоотод байрлах ажлын өрөөнд очиж А.А гэх хүнтэй танилцсан. Уг А нь ажлыг чинь найдвартай бүтээж өгнө гээд 1 тэрбум төгрөг өг гэж шаардсан. Хэд хоногийн дараа найз М-аар дамжуулж 100.000.000 төгрөг өг гэж хэлүүлсэн. Дахин Амарбаттай очиж өөрийн биеэр уулзсан. Уулзахад 2-3 хоногийн дараа дотор асуудлыг чинь шийдэн 100.000.000 төгрөг өг гэж хэлсэн. Бэлэн мөнгө байхгүй байсан учир "invescorе" гэх банк бус санхүүгийн байгууллагаас 00-00 улсын дугаартай Ланд-200 маркийн машинаа барьцаанд тавьж компанийн нэр дээр 100.000.000 төгрөгийн зээл гарсан. М-ад мөнгийг бэлдчихлээ гэж хэлсэн. М би хүнтэй уулзаж байгаа тул миний цуг явж байгаа хүний дансанд хийчих гээд Нгэх хүний Хаан банкны 00000000 дугаарын данс луу өөрийн "А" ХХК-ийн 00000000 дугаарын данснаас 100.000.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 16:00 цагийн үед шилжүүлсэн. Уг мөнгийг М тухайн үед Н-тай ярьж "бэлнээр нь авч ир" гэж хэлж бэлнээр 100.000.000 төгрөг авч ирүүлж мөнгөний машинаар дамжуулж өөрийн дансанд хийж А.А С.М бэлэн дугаарын дансанд шилжүүлсэн гэж надад хэлсэн. Би яг шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна...100.000.000 төгрөгийг М над руу утсаар залгаад Н руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би М-ын өгсөн данс 100.000.000 төгрөгийг М над руу болох Н-ын гэх дансанд шилжүүлсэн. Тэгээд дараа нь би Н-аас энэ мөнгийг хэнд хэрхэн яаж шилжүүлсэн талаар асуухад бол Н надад хэлэхдээ "Би тэр мөнгийг бэлнээр нь аваад А гэдэг хүнд өгсөн. М-аар л дамжуулж харилцаж байсан. Түүнээс бусдаар бол Амарбаттай шууд холбогдож байсан асуудал байхгүй. Харин сүүлд Амарбатаас мөнгөө авах гэж холбогдож байсан. Тэгсэн чинь А надад хандаж “Би мөнгийг чинь аваагүй. Тэр М-аасаа ав” гэж хэлсэн. Тэгээд М-тай холбогдох гэхэд ерөөсөө холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг (1хх-ийн 46-48, 50-52),
гэрч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр М түүний найз А гэх хүмүүстэй уулзаж тэгээд "Агар дүнз" капитрон банкны данснаас 100.000.000 төгрөг миний дансанд орж ирж энэ мөнгийг М-ын хэлсэн Мө гэх хүний 00000000 гэх дугаарын данс руу шилжүүлсэн юм. М-ын тайлбарласнаар "Ц-аас авсан мөнгийг А ахад өгчихсөн юм, энэ мөнгийг нь буцааж өгч байна" гэж надад хэлсэн юм. Би нарийн сайн хэлж мэдэхгүй байна... Ямар учиртай мөнгө байсныг мэдэхгүй. М надаас "таны данс хэдээр шилждэг юм бэ? гэж асуухад нь би нэг өдөрт шилжих дээд хязгаар нь 400.000.000 төгрөг хүртэл шилждэг юм гэж хэлтэл "Таны дансаар 100.000.000 төгрөг шилжүүлээд авчихъя гэж хэлээд надад хэлж өгсөн бөгөөд миний дансанд 100.000.000 төгрөг орж ирэхээр нь би тэр мөнгийг нь Мө гэх хүний Хаан банкны 00000000 дугаарын дансанд шилжүүлж өгсөн. Надад мөнгө өгсөн зүйл байхгүй... Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр самар, ноолуур гэх мэт түүхий эд худалдан борлуулах ажил хамтран эрхэлдэг Ца- гэх эмэгтэйгээс түүхий авах зорилгоор 3 хоногийн хугацаатай 200.000.000 төгрөгийг зээлсэн, тухайн үед Ца өөрт нь мөнгө байгаагүй учраас Мө-аас 184.000.000 төгрөг түр авсан гэсэн бөгөөд үүнийг түүний нөхөр Х-ын данснаас над руу шилжүүлсэн. Мөнгө шилжиж орж ирэх үед С. М нь надтай хамт явж байж таарч надаас 100.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаагаар зээлсэн. Би үлдэгдэл 100.000.000 төгрөгийг ашиглаж наймаа хийж, түүхий эд авах гэсэн боловч бүтээгүй учир Цат буцаагаад бэлнээр өгчихсөн юм. Ингээд үлдэгдэл 100.000.000 төгрөгийг Цат буцааж өгөх гэтэл М ажил нь бүтэхгүй байна. Өгөх боломжгүй байна гэж явсаар надад мөнгө зээлсэн Ца, Мө нар нь 100.000.000 төгрөгөө нэхээд байсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Циркийн хойд талбай дээр М-, түүний найз А бид гурав байх үед М нь 100.000.000 төгрөгийг найз Мягмарсүрэнгээс орж ирж байгаа гээд миний дансыг авсан бөгөөд миний Хаан банкны -дугаарын дансанд 100.000.000 төгрөг орж үүнийг Мө руу үлдэгдэл 100.000.000 төгрөгт шилжүүлсэн юм. Уг шилжүүлгийг хийх үед М-ын тайлбарласнаар надаас анх 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлсэн 100.000.000 төгрөгийг "Ш"-ны захирал солигдож байгаа, захирлаар нь таныг эсвэл Мягмарсүрэнг томилуулж өгнө, би 100.000.000 төгрөгийг А ахад өгчихсөн. Мягмарсүрэнгийн мөнгийг таны өрөнд өгчихөд асуудал байхгүй гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 63, 65),
гэрч Д.Ца-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ж.Н нь манай нөхөр Н.Х бид хоёрт хандаж "3 хоногийн хугацаатай 200.000.000 төгрөг түр зээлээч, ноолуур авах гэсэн юм" гэсэн бөгөөд нөхөр бид хоёрт бэлэн мөнгө байхгүй учир "Зүүнхараа"-д байдаг найз Т.Мө-аас 184.000.000 төгрөг түр авч өөрсдөө дээр нь 16,000,000 төгрөг нэмж 200.000.000 төгрөгийг Ж.Н-ын 00000000 дансанд шилжүүлж өгсөн. Тэгээд хоног хугацаа нь болж мөнгөө буцааж авахаар Ж.Н-аас нэхэхэд 100.000.000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны үеэр өөрөө буцааж авч ирж өгсөн бөгөөд үлдэгдэл 100.000.000 төгрөгийг өгөхгүй удсан бөгөөд би уурласан. Тэгэхэд Ж.Н "С.М-ад 100.000.000 төгрөг өгөөд алдчихлаа, чи нэг яриад үзээч, би худал яриагүй шүү" гэж хэлсэн. Ингээд С. М-тай холбоо барихад "өгнө" гэж худал яриад 10 гаруй хоносон бөгөөд эцэс сүүлд нь барьж авч уулзаж байгаад "мөнгөө авъя" гэхэд 3 хоног сунгаад өгчих" гэж хэлсэн. Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр С. М нь надтай холбоод бариад Ж.Н ахаас авсан юм чинь данс руу нь хийчихье, мөнгөө аваарай" гэж залгасан бөгөөд Ж.Н ах тэр өдрөө надаас дансыг нь аваад Т.Мө руу 100.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн байсан. Ингээд миний хувьд С.М, Ж.Н нартай тооцоо дууссан юм. 100.000.000 төгрөгийг хаанаас хэрхэн авч Т.Мө руу шилжүүлж өгснийг мэдэхгүй байна. С.М-ад манай нөхөр Н.Х бид 2 мөнгө зээлсэн зүйл байхгүй. Ж.Н-ад 200.000.000 төгрөг зээлэхдээ манай нөхөр бид хоёр Ж.Н ахаас С.М-тай хамтарч байгаа эсэх талаар тодруулахад "үгүй" гэж хэлсэн юм. С.М худал яриад байдаг байсан учраас ингэж тодруулж асууж байсан юм. Ж.Н ах бид хоёрт тайлбарлаж хэлэхдээ 200.000.000 төгрөгөөр ноолуур авчхаад буцаагаад 3 хоногийн дотор өгчихье” гэж авсан юм. Ж.Н нь худлаа ярьдаггүй, хувь хүн нь буурь суурьтай учраас 200.000.000 төгрөг итгэж зээлсэн. Хэрэв С.М "Зээлнэ" гэсэн бол зээлэхгүй байсан юм. Ж.Н сүүлд надад тайлбарлаж хэлэхдээ "Чамаас авсан 200.000.000 төгрөгөөс С.М "Ажил амжуулчхаад хурдан өгье" гэж хэлэхээр нь итгээд мөнгө өгчихсөн чинь буцааж өгөхгүй баларсан юм боллоо" гэж хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг, (1хх-ийн 69),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М-тай хуурай ах дүүсийн харилцаатай бөгөөд 2018 оноос хойш харилцаатай явж байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй бие биедээ тус болоод явж байдаг юм. Анх уурхайд Экскватор түрээсэлж байгаад танилцаж байсан юм...М-аар дамжуулж танилцаж байсан бөгөөд 2021 оны 01-02 сард 1-2 удаа уулзаж байсан санаж байна /сайн санахгүй байна/ М-ын багийн найз гэсэн юм. Бизнесийн уулзалт маягаар уулзалдсан бөгөөд М-, Мягмарсүрэн нь "Өмнөговь аймагт хайрга, дайрга малтмалын газар байгаа бөгөөд их сайн хайргатай, Оюутолгойд нийлүүлэх боломж байгаа" гэж надад ярьж байсан юм... Тийм зүйл огт яриагүй. Мягмарсүрэн, М нартай ажилд томилж өгөх талаар тохиролцсон зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг, (1хх-ийн 58-59),
Хаан банкны Ж.Н-ын эзэмшлийн 00000000 дугаарын дансны хуулга (1хх-ийн 117-124),
Хаан банкны С.М-ын эзэмшлийн 00000000 дугаарын дансны хуулга (1хх-ийн 125-132),
Хаан банкны Ж.Н-ын эзэмшлийн 00000000 дугаарын дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1хх-ийн 133),
Хаан банкны А.А-ын эзэмшлийн 00000000 дугаарын дансны хуулга (1хх-ийн 137-173),
Хаан банкны А.А-ын эзэмшлийн 00000000 дугаарын дансны хуулга (1хх-ийн 174) болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.М-ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.М-ад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь энэ тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Е овогт Сугарын М-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.М-ыг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь энэ тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
5.Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч С.М-ад авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.М-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР