Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/938

 

 

 

 

   2024       10         22                                  2024/ШЦТ/938

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

            улсын яллагч П.Отгонбаатар,

            шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Баатарцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409013041*** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Б.Г нь С дүүрэг 000 дүгээр хороо ЧӨ  “П” оффист үйл ажиллагаа явуулдаг “МД” ХК-д даатгалын менежер албан тушаалд ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох даатгуулагч Н.Б-ийн даатгалын хураамж болох 559.000 төгрөгийг зохих зөвшөөрөлгүйгээр 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаартай дансаар авч “МД” ХК-д 559.000 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Г нь С дүүрэг 000 дүгээр хороо ЧӨ  “П” оффист үйл ажиллагаа явуулдаг “МД” ХК-д даатгалын менежер албан тушаалд ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох даатгуулагч Н.Б-ийн даатгалын хураамж болох 559.000 төгрөгийг зохих зөвшөөрөлгүйгээр 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаартай дансаар авч "МД" ХК-д 559.000 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

            Шүүх шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Г нь С дүүрэг 000 дүгээр хороо ЧӨ  “П” оффист үйл ажиллагаа явуулдаг “МД” ХК-д даатгалын менежер албан тушаалд ажиллаж байхдаа 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох даатгуулагч Н.Б-ийн даатгалын хураамж болох 559.000 төгрөгийг зохих зөвшөөрөлгүйгээр 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаартай дансаар авч "МД" ХК-д 559.000 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үйлчилгээний менежер албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шууд борлуулалтын менежер албан тушаалд шилжин ажилласан. Даатгалын менежер Б.Г нь ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Н.Б гэх харилцагчтай тээврийн хэрэгслийн ******** дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан даатгалын гэрээний зүйлд автомашины үнэлгээ нь 40.000.000 төгрөгөөр үнэлэгдэж хураамж нь 480.000 төгрөгийг өөрийн хувийн 00000000 гэх Хаан банкны дансаар авсан. Тус даатгалын гэрээг харилцагчтай бүтэн төлөлтөөр байгуулсан боловч гэрээг байгууллагад хүлээлгэн өгөхдөө хуваан төлөх нөхцөлтэйгөөр бүртгүүлсэн байсан байгууллагын зүгээс харилцагч Б-оос даатгалын хураамжийн талаар тодруулахад ажилтан Б.Г-ийн данс руу шилжүүлсэн гэсэн тайлбар хэлж байсан. Даатгалын менежер Б.Г- нь харилцагч Б-той байгуулсан гэрээ нь дээр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр даатгалын тохиолдол болж ослын дуудлага бүртгүүлэхэд даатгуулагчийн байгуулсан гэрээний хураамжийн төлөлт тасалдсан шалтгаанаар 2023 оны 09 дүгээр сард гэрээ цуцлагдсан. Тус даатгалын тохиолдол гарч даатгуулагчид нийт 305.000 төгрөгийн хохирол учирсан уг хохирлыг ажилтан Б.Г нь өөрөөсөө барагдуулж даатгуулагчийг хохиролгүй болгож уг тохиолдлыг нуун дарагдуулсан. Мөн 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тус даатгуулагч Б-ийн тээврийн хэрэгсэлд ослын дуудлага бүртгэгдэж нийт 23.295.200 төгрөгийн хохирол учирсан байна. Дараах тохиолдлыг даатгуулагч Б- Б.Г-т мэдэгдэж Б.Г- тус харилцаан дээр байгууллагын дотоод системд шинэ гэрээ үүсгэсэн бөгөөд манай байгууллагын хүрээнд даатгуулагчид холбогдох материалуудыг бүрдүүлэх чиглэл өгсөн 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр даатгуулагч материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж өгсний үндсэн дээр 23.295.000 төгрөгийн цуцлагдсан гэрээний дагуу тухай мөнгийг байгууллагаас даатгуулагчид олгосон. Б.Г- нь одоо байгууллагад учруулсан хохирлыг бүхэлд нь төлж барагдуулсан тул байгууллагын зүгээс одоо ямар нэгэн санал гомдолгүй байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

            Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 7575**** гэх дугаар луу залгаж жолоочийн хариуцагчийн даатгал болон тээврийн хэрэгслийн даатгал хийлгэх талаар асуухад Б.Г- гэх хүний дугаарыг оператор нь хэлж өгсөн тэгээд би тэр хүнтэй утсаар холбогдоод талбайн автобусны буудлын урд талын барилга дотор ороод тухайн Б.Г- гэх ажилтантай уулзаад даатгалаа хийлгэсэн. Тухайн үедээ би даатгалын мөнгө гэж 480.000 төгрөг Б.Г-ийн өөрийнх нь данс руу хийсэн. Тэгээд тэр өдрөө би гараад явсан. 2024 оны 01 дүгээр сарын 07-ны хавьцаа зам тээврийн осол гаргаад тухайн үед төлбөр гэж 180 орчим мянга төгрөг авсан. Тухайн мөнгийг хэн нь шилжүүлсэн. Үүний дараа 01 дүгээр сарын 20-ны өдөр мөн осол болоод даатгалаас нөхөн төлбөр авах гээд даатгалд материалаа өгөх гэтэл Б.Г- нь ах аа та материалаа өгөхгүй байж байгаарай би таны хохирлыг барагдуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд бараг 7 хоног хүлээгээд сүүлдээ худлаа болсон юм шиг санагдаад даатгалаа материалаа өгсөн тэгээд даатгалаас надад ажлын 10-14 дотор гаргаж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

 

            Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн: "...2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр МДын нөхөн төлбөрийн хэлтсээс мэдээлэл ирсэн уг мэдээлэлд харилцагч Б-ийн даатгалын хураамж төлөгдөөгүйгээс үүдэн даатгалын гэрээ цуцлагдсан байна гэсэн мэдээллийн дагуу тус хэлтсийн ажилтан Б.Г-ийн ажилд дотоод аудитын шалгалт хийсэн Тэгээд харилцагч Б- нь 2023 оны 06 сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай жолоочийн хариуцлагын даатгал албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн байсан ба тээврийн хэрэгслийн даатгал нь 40,000,000 төгрөгийн үнэ бүхий 480,000 төгрөгийн хураамжтай, албан журмын даатгал нь 78,408 төгрөгийн хураамж төлж гэрээ хийсэн. Үүнээс албан журмын даатгал буюу 78,408 төгрөгийг бүрэн төлсөн, харин 480,000 төгрөгийг 1 жилд 4 хуваан төлөх нөхцөлөөр гэрээ хийж эхний 3 төлөлтийг хийсэн байсан тэгээд 4 дэх сарын төлөлтийг хийгээгүйгээс үүдэн систем дээр автоматаар гэрээ цуцлагдсан байсан. Тэгээд 2024 оны 01 сарын 11-ний өдөр осол гарсан байх бөгөөд тус ослын даатгал нь 305,000 төгрөг болсон байсан ба тухайн үед Б- нь ослын дуудлага өгчхөөд цуцалсан байсан. Тэгээд уг ослын дараа 2024 оны 01 сарын 20-ны өдөр Б.Г- нь шинээр гэрээ үүсгэсэн байсан хураамжийг нь 480,000 төгрөгөөр биш хагас жилээр буюу 240,000 төгрөгөөр гэрээг хийсэн байсан үүнээс хойш 2024 оны 01 сарын 19-ны өдөр 80,000 төгрөг хийсэн тэгээд 2024 оны 01 сарын 20-ны өдөр харилцагч Б- нь тус өдөр осол гарган 25,765,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Үүнтэйгээр холбоотойгоор манай зүгээс Б.Г-ийн ажилд аудит хийснээр нийт байгууллага болон иргэн Б-т 23.668.500 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/

 

            “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн HR/22/354 дугаартай үндэс ажилтнаар томилох тухай "тус компанийн шууд борлуулалтын хэлтэст даатгалын менежер албан тушаалд туршилтаар ажиллаж байгаа Б.Г-ийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилсугай” гэх тушаал /хх-ийн 43/,

 

            “МД” ХК-ийн даатгалын менежерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, /хх-ийн 49-62/,

 

            “МД” ХХК-ийн мэдээллийн дагуу хийсэн аудитын дүгнэлт /хх-ийн 49-62/,

             Б.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 00000000 дугаартай дэлгэрэнгүй /хх-ийн 88- 89/ зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

         

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Г-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Ц овогтой Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Г нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР