Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2019/03359

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ...,

Төлбөр барагдуулах тухай гэрээний үүрэгт 2,707,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:

Э..... нь 2017 онд ... манай компанид ажиллаж байхдаа суурилуулсан домофон төхөөрөмжийг хулгайлж, нийт 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн үед гэмт хэрэгт ял шийтгүүлэх гээд байна, төлбөр төлөөд асуудлаа шийдье гэж гуйгаад байсан тул арга буюу Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 695,000 төгрөгийг надад төлж, нийт 1,805,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд төлбөр барагдуулах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 1,805,000 төгрөг, алданги 902,500 төгрөг, нийт 2,707,500 төгрөгийг Э....аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныгаа дэмжиж байна.

Э.....ын хулгайн гэмт хэргийн үйлдэл нь нотлогдож, шүүхээс ял шийтгэл оногдуулсан. Түүний энэ үйлдэл нь манай компанийн нэр хүндэд их муугаар нөлөөлж, хүндрэл учруулсан. Дархан-Уул аймагт орон сууцны хаалга хийх тендерт ялж, 58 ширхэг хаалга хийх ажил хариуцсан байсан. Энэ явдлаас хойш ч мөн энд тэнд манай компанийн нэрийг бариад явдаг тухай сонссон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үлдэгдэл төлбөр болон алдангийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэв.

Хариуцагч Э.... шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ...-ын суурилуулсан кодтой хаалганы төхөөрөмжийг авсан нь үнэн боловч энэ компанид учруулсан хохирол байхгүй болно. Миний авсан кодтой хаалганы төхөөрөмжийн албан ёсны эзэмшигч нь Б.... биш, тухайн байрнуудын Сууц өмчлөгчдийн холбооны өмч байсан бөгөөд, тухайн үед дээрх СӨХ-дын хохирлыг бүрэн барагдуулж, ямар нэгэн хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүйгээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдүүлж, нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Уг шийтгэх тогтоолд ямар нэгэн төлөх төлбөр байхгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Б....ыг иргэний журмаар баримтаар мөнгө нэхэмжлэх эрхтэйг дурьдсан байдаг. Гэвч энэхүү нэхэмжлэл нь огт үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байна. Энэхүү нэхэмжлэлд дурдсанаар төлбөр барагдуулах гэрээг Б.... нь өөрийгөө албан ёсны хохирогч мөн гэж удаа дараагийн үйлдлээр тулгаж, энэхүү гэрээг байгуулсан боловч энэ хэргийн хохирогч нь Б.... биш, тухайн байрнуудын СӨХ-дын дарга нар хохирогчоор тогтоогдож хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд оролцож надад холбогдох хэргийг эцсийн байдлаар шүүхээр шийдвэрлэсэн. Иймд Б....т учруулсан хохирол байхгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байгаа бол баримтаар, хуулийн дагуу нэхэмжилнэ үү. Мөн гэрээг байгуулснаас хойш төлсөн 695,000 төгрөгийг яг юуны төлбөрт авснаа тодорхой баримтаар гаргаж өгнө үү...гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч Э...т холбогдуулан Төлбөр барагдуулах тухай гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 1,805,000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн алданги 902,500 төгрөг, нийт 2,707,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Э... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон домофон төхөөрөмжийг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч, ...тэдгээр төхөөрөмжийн хохирлыг нэхэмжлэгч Б.... шаардах эрхгүй, Төлбөр барагдуулах тухай гэрээг тулган шаардаж байгуулсан, уг гэрээний дагуу төлсөн 695,000 төгрөгийг юуны төлбөрт төлснөө мэдэхгүй... гэх агуулга бүхий тайлбар гарган, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Э.... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.... болон хариуцагч Э.... нарын хооронд Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр: 2017 оны 1 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймагт ...-ы хийсэн домофон хаалганы домофон төхөөрөмжийг хулгайлсны улмаас учирсан хохирол төлбөр болох 2,500,000 төгрөгийг төлбөр төлөгч Э.... нийт төлбөрөөс 435,000 төгрөгийг бэлнээр 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлбөр авагч Б....т бүрэн төлж барагдуулах, харилцан тохиролцон гэрээнд заасан хугацаанд төлбөрийн мөнгө болох 2,065,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу 0,5 хувийн алдангийг төлбөр авагчид төлүүлэхээр тусгаж, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд, төлбөр төлөгч Э.... нь гэрээний дагуу 695,000 төгрөгийг төлбөр авагчид төлж барагдуулсан байна. /хх 3/

Зохигчид дээрх гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний ерөнхий нөхцлийн талаар маргаагүй боловч хариуцагчийн зүгээс уг гэрээг нэхэмжлэгч Б....ыг өөрийг нь дарамталж байгуулсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

Гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байдал нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хэлцэл хуульд нийцсэн хэлбэрийн шаардлагыг хангаж хийсэн гэж үзнэ.

Хариуцагч Э.... нэхэмжлэгч Б.... өөрийг нь дарамталж хэлцлийг хийсэн, Б....т төлбөр төлөх ёсгүй гэх боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Б....ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлах боловч маргаан бүхий гэрээ Б.... болон Э.... нарын хооронд хийгдсэн, гэрээ талуудын тэгш эрхийн үндсэн дээр чөлөөтэй байгуулагдсан болохыг Баянгол дүүргийн тойргийн нотариатч гэрчилсэн, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний төлбөр авагч тал шаардлага гаргаж байх тул нэхэмжлэгч Б.... төлөгдөөгүй үлдсэн 1,805,000 төгрөгийг Э...аас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч Э... нь төлбөрөөс зохих хэсгийг буюу 695,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдох бөгөөд, тийнхүү төлбөр төлсөн үйл баримт нь хариуцагчийн шүүхэд гаргасан татгалзлыг үгүйсгэж байна гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хариуцагч хэрэв нэхэмжлэгчийн өмнө төлбөр төлөх, хохирол барагдуулах аливаа үүрэг хүлээгээгүй бол түүнд 695,000 төгрөгийг төлөхгүй байх боломжтой байсан ч, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсэн байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон маргаан бүхий Төлбөр барагдуулах тухай гэрээний нэмэлт нөхцөлд зааснаар төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцон хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд, хуулийн дээрх зохицуулалтаар анзыг шаардвал гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэх тул, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн төлбөр төлөгчийн гүйцэтгээгүй үлдсэн 1,805,000 төгрөгийн 50 хувь болох 902,500 төгрөгийг хариуцагч нараас шаардсан нь хуульд нийцжээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 58,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.....аас 2,707,500 /хоёр сая долоон зуун долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б....т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 58,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА