| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0951/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/939 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/939
2024 10 22 2024/ШЦТ/939
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч С.Болорзул /томилолтоор/,
хохирогч Ц.Ц,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан эрүүгийн 2409007961*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “СП” төвийн 1 давхрын заалны хамгаалалтын ажилтны ширээн дээр мартаж явсан хохирогч Ц.Ц-ын Ай фоне 12 про макс загварын гар утас буюу бусдын гээгдэл хөрөнгийг хувьдаа завшиж 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ц.Ц-, гэрч Б.Т нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “СП” төвийн 1 давхрын заалны хамгаалалтын ажилтны ширээн дээр мартаж явсан хохирогч Ц.Ц-ын Ай фоне 12 про макс загварын гар утас буюу бусдын гээгдэл хөрөнгийг хувьдаа завшиж 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-ын хохирогч Ц.Ц-ын Ай фоне 12 про макс загварын гар утас буюу бусдын гээгдэл хөрөнгийг хувьдаа завшиж 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ын мэдүүлсэн: “...Энэ гар утсыг нь би аваагүй. Би тэр газар ажиллаад 7 хонож байсан. Тухайн ажилд орсон компанийн журамд хүний эд зүйлийг авч болохгүй гэсэн байдаг. Тэр барилга 11 давхар тус барилгын 1 давхарт гутлын дэлгүүр байдаг. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч 11 давхрын хамгаалагчаас тушаал авч хяналт тавьдаг. Надад энэ хүн гар утсаа цэнэглүүлэхээр өгсөн зүйл байхгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Б-ийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүн нь надад утсаа өгсөн гэж мэдүүлсэн байна. Ийм зүйл болоогүй. Бид бүгд гар утсыг нь хайсан. Найзууд нь ч байсан. Хамт хайсан. Хэрвээ надад өгсөн бол бид нар бүгдээрээ нийлж хайхгүй. Надад цэнэглүүлэхээр өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,
хохирогч Ц.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 2 дугаар сарын 14-ны 00 цаг өнгөрөөд С плаза орсон нөхөр намаг ирж авах байсан. 2 давхрын харуулын ширээний ард шүүгдэгч сууж байсан би цэнэглүүлэх гээд өгсөн. Би бичлэгээс харахад сууж байсан байрнаасаа гараад явсан байсан. Би ядраад байсан болохоор шууд явсан маргааш өглөө нь утсаа мартсанаа хараад С плаза руу залгахад ээлж сольсон байсан. Тухайн шазар очоод бичлэг үзээд энэ шүүгдэгч рүү залгахад утас нь холбогдоогүй. Харуулын албаны дарга энэ хүнтэй холбогдоход 1.Би утас аваагүй
2. Би хамт явсан эмэгтэйд нь өгсөн
3.Би маргааш ээлжиндээ очихдоо аваачиж өгөн гэсэн. Би 2 өдөр бүх харуулын ээлжин дээр бичлэг шүүсэн. Би Шүүгдэгчид хандан та миний утсыг өгчих би танд шагналыг нь өгөн гэж хэлсэн...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “БТ” зөгийний үүр гэх газарт манай ажил байрладаг тэнд байж байхдаа 08:50 цагийн үед үнэгүй.мн зарын сайтаар 1 өрөө тавилгатай байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 00000000 гэсэн дугаартай холбогдоход эмэгтэй хүн байсан тэгээд утсаар яриад байрны урьдчилгааг Т.Н гэх хүний 0000000000 тоот данс руу 1.300.000 төгрөг хийгээрэй тэгээд орой 21 цагийн үед байраа үзүүлээд түлхүүрийг өгнө гэсэн тэгээд орой болоод очиж үзэх болоод дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй хариу өгсөн. Тэгээд одоо болтол утсаа асаахгүй байна. Тэгээд залилуулсан гэж бодоод цагдаад хандаж байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 115-116/,
гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би С плазагийн менежерийн ажил хийдэг ба энэ ажлыг хийгээд 8 жил болж байна. Б гэх хүн нь манай байгууллагатай гэрээгээр ажилладаг харуул хамгаалалтын "Хабул сэцэн" ХХК-ийн ажилтан байсан ба манайд харуул хийдэг байсан ба ажилд ороод сар ч болоогүй байсан. Би мэдсэн тэр гомдол гаргасан гэх эмэгтэй ирж уулзаад тухайн өдөр тэр эмэгтэйтэй хамт камер шүүсэн. Би тухайн эмэгтэйтэй хамт камер шүүхэд тэр эмэгтэй манай С плазагийн 1 давхарт хамгаалагч буюу Б дээр очоод өөрийн утсаа өгсөн ба буцааж авалгүй байж байгаад нөхөртэйгөө хамт гараад явсан. Би хамгаалалтын албаны захирлыг нь дуудаад танаа ажилтан асуудал гасан байна гээд бичлэгийг нь үзүүлсэн. Тухайн хүн ажиллахгүй байгаа ба тэр өдрөөс ажлаасаа гарсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “... С плазагийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хяналтын камерын бичлэгт 02 цаг 15 минут 50 секундэд хохирогч буюу цагаан өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, урт хар үстэй эмэгтэй гар утсаа барьсан байдалтай хамгаалагчийн тек хэсэгт ирж зогсож байгаа нь бичлэгт харагдаж байна. ...02 цаг 17 минут 11 секундэд хохирогч эмэгтэй гар утсаа барьсан байдалтай хамгаалагчийн хажуу талын хар өнгийн буйдан дээр сууж байгаа нь дүрс бичлэгт харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн "2" гэсэн бичиглэлтэй файлыг нээж шалгахад 02 цаг 17 минут 53 секундэд хохирогч эмэгтэй буцаж хамгаалагчийн сууж байгаа хэсэгт очиж гар утсаа өгч байгаа нь дүрс бичлэгт буусан байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн шалгахад 02 цаг 18 минутад 40 секундэд хамгаалагч халаасандаа ямар нэгэн зүйл хийж босоод явж байгаа нь дүрс бичлэгт буусан байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн шалгахад 02 цаг 19 минутад хохирогч эмэгтэй гартаа гар утасгүй эргэж хараад зогсож байгаа нь бичлэгт харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн шалгахад 02 цаг 21 минутад хохирогч эмэгтэй хамгаалагчийн байрлах хэсгийн текийг дэрлээд байж байх бөгөөд энэ хугацаанд хамгаалагчийн хэсэг рүү ойртсон гадны хүн байхгүй байгаа нь бичлэг харагдаж байна. ... үргэлжлүүлэн шалгахад 02 цаг 22 минут 45 секундэд хохирогч эмэгтэй С плазагаас гарч байгаа ба энэ үед хамгаалагч гараад ирж байгаа нь бичлэгт буусан байна..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 25-38/,
Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн СБ1-24-510 дугаартай хохирогч Ц.Ц-ын Ай фоне 12 загварын гар утсыг 1.575.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-17/
Дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-50/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед С дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “СП” төвийн 1 давхрын заалны хамгаалалтын ажилтны ширээн дээр мартаж явсан хохирогч Ц.Ц-ын Ай фоне 12 про макс загварын гар утас буюу бусдын гээгдэл хөрөнгийг хувьдаа завшиж 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ц.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Ц.Б-ын дээрх үйлдлийн улмаар хохирогч Ц.Ц-д 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч Ц.Б-аас 1.575.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Ц-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг Ц.Б-ад тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 1.575.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ц-д олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсаргасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР