| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0917/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/940 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/940
2024 10 22 2024/ШЦТ/940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч Д.Пүрэврагчаа,
шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан эрүүгийн 2409000001*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ж.Т нь С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ш" нэртэй автобусны буудлын орчимд 2024 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 3 цагийн үед хохирогч Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хананд сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Ж.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ч.Б, гэрч Ц.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №9375 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгч Ж.Т-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ж.Тнь С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ш" нэртэй автобусны буудлын орчимд 2024 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 3 цагийн үед хохирогч Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хананд сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Т-ын хохирогч Ч.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд: “…Би яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй, 2024 оны улсын их баяр наадмын өмнөх өдөр нь байсан, би тус өдрийн 03 цагийн үед найз М-гийн хамт биллард тоглож байгаад тэндээсээ гараад таксинд суугаад явж байх үедээ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш-ын автобусны буудлын хойд хэсэгт Юу-Би каб-ын авто угаалгын орчимд зогссон, би тухайн үед бөөлжих гээд байсан болохоор сууж явсан таксигаа тэнд зогсоосон, тэгээд би машинаас буугаад зам дагуу яваад бөөлжих гээд газар суухад нэг үл таних эрэгтэй хүн "... Наа чинь бөөлждөггүй юм..." гээд их зандрангуй хэлэхээр нь би тэр хүн дээр очоод ам муруйсан, би тэр үед "...Чиний газар юм уу, энэ чинь гудамж ш дээ..." гэж хэлсэн. Тэгээд тэр үл таних хүн нь эхнэр нь бололтой нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан, тэр үед тэр үл таних эрэгтэй хүний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт гарааpaa цохихоор нь би зөрүүлээд тэр эрэгтэй хүний нүүр хэсэгт гараараа хоёроос гурван удаа цохисон, тэгээд тэр хүний эхнэр нь бололтой эмэгтэй хүн ирээд миний үснээс зулгааж эхэлсэн, тэр үед найз М- нь таксинаас бууж ирээд намайг аваад явсан, тэгээд найз М-гийн 5-р сургуулийн ар талд байдаг гэрт нь очсон, тэр үед миний зүүсэн байсан монотен гинж алга болсон байхаар нь би 15 минутын дараа буцаад тэр такситай тухайн үйл явдал болсон газар очиход тэр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан, би тухайн үед тайвширсан байсан бөгөөд би тэр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс уучлалт гуйсан, тэр хүмүүс "..цагдаа дуудсан байгаа, байж бай..." гэж хэлсэн, би "... Хүлээж байя аа..." гэж хэлсэн, би тэр үед өөрийнхөө алга болсон монетон гинжийг хайхад миний гинж байгаагүй, тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн, би цагдаагийн машинд суугаад явж байтал найз М- нь тэр үл таних эрэгтэй хүнд эм тарианы мөнгө гэж 100,000 төгрөг өгсөн байсан. Би тэр үл таних эрэгтэй хүний эхнэр нь бололтой эмэгтэй хүний биед гар хүрээгүй, миний үснээс зулгаахаар нь цаашаа бай гээд түлхсэн, өөр өөр биед нь халдаагүй. Тухайн цагдаа нар ирэхэд тэр үл таних эрэгтэй хүнтэй эвлэрсэн байсан бөгөөд тэр үл таних эрэгтэй хүн нь цагдаа нарт "...гомдолгүй... гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,
хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Намайг 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 03 цаг 20 минутын үед С дүүргийн 000 дүгээр “н”-ын гудамжинд байрлах хашаанаасаа гарч байх үед манай хашааны үүдэнд хар өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэл зогссон байсан бөгөөд тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан үл таних эрэгтэй хашааны үүдэнд бөөлжих гээд байхаар нь би наанаа бөөлжиж болохгүй шүү гэж хэлсэн чинь тэр эрэгтэй над руу ирээд "Чиний газар юм уу чамд ямар хамаатай юм" гэж хэлээд хоёр гараа миний толгой хэсэгт нэлээд олон удаа цохисон, тэр үед миний эхнэр Б нь хашаанаас гараад ирсэн. Тэр бөөлжих гэж байсан эрэгтэй миний эхнэр Б-ийн баруун хэвлий цээж хэсэгт өшиглөсөн. Тэгээд би тэр эрэгтэй хүнтэй барьцалдаж авсан. Тэр үед эхнэр цагдаа дуудсан. Тэр эрэгтэй приус 30 машиндаа суугаад явсан ба түүнээс хойш 20 орчим минутын дараа буцаад ирээд надаас уучлалт гуйж байсан бөгөөд надад 100.000 төгрөг өгсөн тэгээд цагдаа нар ирсэн. Тэгээд өглөө 10 цагийн үед миний толгой эргээд ухаан алдсан ..."... Би эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт аваагүй, яг хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэснээ сайн хэлж мэдэхгүй байна. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Би хамрынхаа эмчилгээний зардлыг нэхэмжилнэ, хамар маань цөмөрч хугарсан, эмчилгээний зардал нь яг хэдэн төгрөг болохыг сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23/,
гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ш" нэртэй автобусны буудлын орчимд байдаг айлын хашаанд нүүж очсон бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 00 цагийн үед ажлаасаа гэртээ ирээд эд хогшлоо нөхөр Б-н хамт нүүлгэж байх үед тус шөнийн 03 цагийн үед нөхөр маань машинаа гражид хийхээр хашаанаасаа гарсан, тэгээд намайг гэрүүгээ орох гэж байхад нөхөр Б- нь хашааны гадаа "... Хүүеэ наана чинь бөөлжиж болохгүй, өөр газар бөөлжөөрэй..." гэж хэлж байх нь сонсогдсон ба хэсэг хугацааны дараа өөр үл таних эрэгтэй хун "Май, Май..." гээд орилж байгаа сонсогдсон, тэгээд би хашаанаас гүйгээд гарахад миний нөхөр Б-г замын хажууд нэг үл таних эрэгтэй хүн зодож байсан, толгой руу нь аймар их цохиод байсан, тэгээд би тэр хоёрын голоор нь ороод салгах гэхэд тэр үл таних эрэгтэй хүн намайг түлхэж холдуулах үедээ өшиглөсөн, тухайн үед тэр эрэгтэй хүний найз нь бололтой өөр нэг эрэгтэй хүн хажууд байсан, би "... Болиоч ээ, чи хүн аллаа..." гэж хэлсэн боловч тоохгүй байсан, тэгээд арай тэд нарыг салгаад, цагдаа дуудсан, цагдаа нар хэсэг хугацааны дараа ирсэн, цагдаа нарыг ирэхээс өмнө нь миний нөхөр Б-г зодож байсан эрэгтэй хүн болон түүний найз нь бололтой эрэгтэй хүмүүс явсан байсан, тэгээд тэд нар буцаж ирээд миний нөхөр Б-г зодсон эрэгтэй нь... Сая ёстой муухай зүйл боллоо..." гэж хэлсэн, тэгээд нөхрийг маань зодсон хүний найз нь бололтой эрэгтэй хүн нь сорвины тос, өвчин намдаах эмний мөнгө гэж зуун мянган төгрөг өгсөн, маргааш ирээд уулзана гэж байсан, миний нөхөр Б нь их өрөвчхөн хүн болохоор "... ээж нь өнгөрчихсөн байгаа гэсэн, за за гайгүй, ингээд орхидоо..." гэж хэлсэн. Тэгээд өглөө нь 10 цагийн үед нөхөр Б нь гэртээ орондоо хэвтэж байх үедээ амнаас нь хөөс гараад ухаан алдсан, тэгээд нөхөр Б-г аваад эмнэлэг рүү явсан. Тухайн үед Б- тэр 170-172 см өндөртэй эрэгтэй хүн л зодсон, түүний найз нь бололтой эрэгтэй хүн Б-г цохиж зодоогүй, хажууд зогсож байсан. Тэр 170-172 см орчим өндөртэй эрэгтэй хүн нь Б-н толгой, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохиж байсан. Тухайн үед миний хэвлий хэсэгт хөндүүртэй байсан. Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй, надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №9375 дугаартай "...Ч.Б-н биед хамар ясны баруун хажуу хананд сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17/,
Хохирогч Ч.Б-н эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 12/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.Т нь С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ш" нэртэй автобусны буудлын орчимд 2024 оны 07 дугаар сарын 11-ний шөнийн 3 цагийн үед хохирогч Ч.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хананд сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ж.Т-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Ж.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Т-т 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ж.Т нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй боловч шүүгдэгч Ж.Т нь хохирол төлбөрт 100.000 төгрөг төлж барагдуулсан байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 124.762 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Т-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР