Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03460

 

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03460

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК холбогдох,

 

хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, 1 630 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, гэрч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Э” ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ковид-19 өвчнөөр өвчилсөн. Улмаар ажил олгогчийн зүгээс биднийг бөөнөөр ажлаас халсан бөгөөд бид ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нөхөн олговор гаргуулахаар Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Тус байгууллагаас шийдвэр гарсан боловч хариуцагч нь шийдвэрийг биелүүлээгүй. Мөн ажил олгогч нь ажлаас халсан тушаалыг надад гардуулаагүй.

 

Иймд намайг хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоож, ажилгүй байсан 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 5 250 000 төгрөгийг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.

 

Мөн намайг ажиллах хугацаанд хариуцагч нь “Туушин” ХХК-иас татан авсан барааны төлбөр 1 421 270 төгрөгийг төлөх ёстой байсан боловч тухайн өдрийн орлого хүрэхгүй байсан тул уг төлбөрийн 1 000 000 төгрөгийг би хувиасаа төлсөн. Уг 1 000 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг “Эрин органик фүүдс” ХХК нь надад буцаан олгосон боловч үлдэгдэл 300 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан олгоогүй тул уг 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Түүнчлэн, 2021 оны 3 дугаар сард ажилласан цалин 509 090 төгрөг, ээлжийн амралтын олговорт 612 851 төгрөгийг тус тус надад олгоогүйгээс гадна дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 212 870 төгрөгийг нөхөн төлөөгүй. Иймд 2021 оны 3 дугаар сарын цалин 509 090 төгрөг, ээлжийн амралтын олговорт 612 851 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 212 870 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь 2021 оны 3 дугаар сард “Органик супер” маркетын ажилчид байгууллагын хөрөнгөнөөс хувьдаа завшсан, хий бичилт хийж хувийн барааг дэлгүүрийн кассаар борлуулсан, камерын бичлэгийг устгасан, хязгаарлалтын дэглэмийн үед архи согтууруулах ундааг хувьдаа борлуулсан, ажилдаа ирээгүй зэрэг ноцтой зөрчлийн улмаас ажлаас халагдсан. Тэрээр 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мөн ажлаас чөлөөлсөн тушаалтайгаа танилцаж хүлээн авсан.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар ажлаас халсан тушаалыг мэдсэн, хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах байсан ч уг хугацаанд гомдол гаргаагүй нь ажлаас буруу халсан тушаалтай маргах эрхээ алдсан.

 

Мөн Н.Б нь 2021 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт цалин хөлс, ээлжийн амралтын олговрын асуудлаар гомдол гаргаж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02-06-262/02 дугаар актаар цалин хөлсийг олгох шийдвэр гаргасан. Н.Болор-Эрдэнэ нь байгууллагатай уулзаж, учруулсан хохирлоо арилгаж эцсийн тооцоо нийлэхийг хүлээсэн боловч өнөөдрийг хүргэл ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлд хамаарах тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Н.Болор-Эрдэнийн хувийн мөнгөөр бараа татаж, борлуулсан асуудалд компани аливаа хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журмаар ч хувийн мөнгөөр байгууллагын төлбөр тооцоо хийхийг зөвшөөрөөгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч "Э” ХХК-д холбогдуулан, хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2021 оны 3 дугаар сарын цалин 509 090 төгрөг, ээлжийн амралтын олговорт 612 851 төгрөг, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 212 870 төгрөг буюу нийт 1 330 000 төгрөг гаргуулах, хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн төлбөр 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, хариуцагчийн өмнөөс бусдад төлбөр төлөх эрхгүй” гэх үндэслэлээр үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгахшаардлагын тухайд:

 

Хариуцагч “Э” ХХК-ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Болор-Эрдэнийг тус байгууллагад зохион байгуулагчийн албан тушаалд томилж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-47, 49-51 дүгээр тал/

 

Улмаар ажил олгогч “Э” ХХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар тушаалаар ажилтан Н.Болор-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний татан авалт, эргэлтийг зөв зохион байгуулаагүй үндэслэлээр 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр дуусгавар болгон, цуцалжээ. /хх-46, 65 дугаар тал/.

  

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан дээрх шийдвэрийг тухайн үед нэхэмжлэгчид танилцуулсан нь, мөн нэхэмжлэгч нь уг шийдвэртэй танилцсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч нь уг шийдвэрийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02-06-252/02 дугаар актаар гомдлыг шалган шийдвэрлэсэн байна. /хх-26-28 дугаар тал/ 

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “...ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш...” гэдэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг ажилтан биечлэн хүлээн авсан, ажил олгогч хүлээлгэн өгснийг, мөн шийдвэрийг ажилтанд өгөөгүй боловч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноо тодорхой үйлдлээр илэрхийлсэн байхыг тус тус ойлгоно. Энэ тохиолдолд ажилтан өөрийн эрх зөрчигдсөнийг мэдэх бодит боломж үүсэж, шийдвэрийг хүлээлгүйгээр шүүхэд хандах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нь түүнийг ажлаас халсан тушаалын талаар 2021 оны 4 дүгээр сард мэдсэн атлаа уг тушаалын талаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нь уг тушаалын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар тушаалын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаа болох 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 250 000 төгрөг гаргуулах, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгахаар шаардах эрхгүй байна.

 

2. 2021 оны 3 дугаар сарын цалин 509 090 төгрөг, ээлжийн амралтын олговорт 612 851 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 212 870 төгрөг, нийт 1 330 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ ажил олгогч түүнд олгох ёстой цалин, ээлжийн амралтын олговрыг олгоогүйгээс учирсан хохирол агуулгаар тодорхойлжээ.

 

Ажил олгогч “Э” ХХК-ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Болор-Эрдэнийг тус байгууллагад зохион байгуулагчийн албан тушаалд томилж, түүнд олгох нэг сарын үндсэн цалингийн хэмжээг 750 000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болохын хувьд Иргэний хуулийн холбогдох ерөнхий зохицуулалт хамаарна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгох бөгөөд мөн зүйлийн 55.2-т зааснаар ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 3 дугаар сарын цалин 509 090 төгрөголгосон нь, мөн ээлжийн амралтын олговорт 612 851 төгрөг олгосон нь баримтаар тус тус тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй байна. Улмаар, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, алданги 212 870 төгрөг төлөгдөөгүй болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02-06-252/02 дугаар актаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох гэрээгээр хүлээсэн үүргээ, мөн ээлжийн амралтын олговор олгох үүргээ, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөх үүргээ биелүүлээгүйн байна. Иймд нэхэмжлэгчид дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохирол учирсан байх тул нэхэмжлэгч нь мөн зүйлд зааснаар хохиролд нийт 1 334 811 төгрөг шаардах эрхтэй байна. Гэвч нэхэмжлэгч нь уг шаардлагын нийт хэмжээг 1 330 000 төгрөгөөр тодорхойлж шаардсан тул шаардлагын хэмжээнд буюу 1 330 000 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.

 

 3. 300 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдад төлөх төлбөр 1 421 270 төгрөгөөс 1 000 000 төгрөг төлснөөс хариуцагч 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн, харин үлдэх 300 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр ажилтан Н.Болор-Эрдэнэ нь ажил олгогч “Эрин органик фүүдс” ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэх талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хариуцагчийн өмнөөс түүний үүргийг гүйцэтгэх эрхгүй боловч уг үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдад төлөх өр 1 421 270 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг бусдад төлж, уг 1 000 000 төгрөгөөс хариуцагч 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн, харин үлдэх 300 000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчийг бусдын зардлаар буюу 300 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар 300 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 1 630 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч“Э” ХХК-иас 1 630 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-д холбогдох, хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Б-нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН