Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/02684

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ..............нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ...............

 

Хариуцагч ...........................

 

Хариуцагч ..................

 

Хариуцагч ......................

 

Хариуцагч ........... нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 21.805.353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.........., хариуцагч С.........., хариуцагч болон хариуцагч Х...........н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж..........., Б.Х....., Х.О........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И............. ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ж........... нар 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагатай В........ дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт-1-ийг ноцтой зөрчиж, зээлийн төлбөрөө төлж дуусгаагүй тул 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 17.256.442.65 төгрөг, хүүд 4.017.884.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 531.025.65 төгрөг, нийт 21.805.353.14 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллага хариуцагч нартай Зээлийн гэрээ байгуулан, 25.000.000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн.

Нэхэмлэгч, хариуцагч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад биелүүлээгүй. Мөн хариуцагч нарыг эвлэрэх санал тавихад хүлээн аваад, 2-3 удаа шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан.

Гэтэл өнөөдөр эвлэрлье гэсэн хүмүүс ярьсанаасаа тэс өөр зүйл яриад зогсож байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад, 17.200.000 төгрөг болгоод эхний ээлжинд үүнийг бүрэн төлчих. Дараа нь энэ шүүхэд дээр байгаа бусад зээлийн гэрээнд хугацаа олгож, мөнгөн дүнг та бүхний байдлыг сонсоод, багасгаж өгье гэж хэлсэн боловч хугацаа олгох хүсэлтийг зөвшөөрч эвлэрэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Ж........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээл авснаа хүлээн зөвшөөрч, төлөлтөө хийнэ. Гагцхүү энэ төлөлтийг хийхэд бидний нөхцөл боломж болохгүй байна. Хугацаа олгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч С.......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрнө. Зээлээ төлнө. Нэхэмжлэгчийн багасагсан 17.200.000 төгрөгийг зөвшөөрч байгаа боловч хугацаа өгөхгүй гэж байна. Уг нь цалингийн зээл аваад хаая гэхээр эхнэр, бид хоёр хоёулаа зээлтэй байгаа тул дээрх мөнгийг бүрэн төлөх боломжгүй байдаг. Энэ зээлэнд 2.000.000 төгрөг төлөөд, эвлэрье гэхээр нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрөөгүй учраас хэргээ шүүхээр шийдвэрлүүлье, гэжээ.

 

Хариуцагч Х.О........., Б.Х..... нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх тайлбар байхгүй. Ж..........., С.......... нартай санал нэг байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И............. ХХК, хариуцагч Ж..........., С..........Х..........., Б.Х....., Х.О......... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 21.805.353 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нар зээлийг төлөх талаар маргахгүй байна.

 

Хариуцагч Ж........... нар 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр И............. ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Тус банк бус санхүүгийн байгууллага тухайн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан .......... дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нар зээл авсан болон түүнийг төлөх талаар маргаагүй бөгөөд гэрээнд заасан зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, үүргээ биелүүлээгүй байх тул төлөх үүрэгтэй.

 

Иймээс мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар 2017 оны 9 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл зээлийн төлөлтийг хийсэн бөгөөд тооцон үзэхэд 22.514.723 төгрөгийг төлөхөөр байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч нараас 21.805.353 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 267.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С..........Х..........., Ж..........., Б.Х....., Х.О......... нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 21.805.353 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И............. ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 267.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА