| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0857/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/922 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/922
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305005371303 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: УК*******/, ******* овогт *******ийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь *******аас “машин зарна, захиалж өгнө” гэж худал хэлж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төгс ялгуун эмнэлэгт байхдаа шилжүүлэн нийт 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хорт хавдартай учраас ажил төрөл хийж чадахгүй байсан болохоор хохиролоо төлж чадахгүй яваад байсан юм. Саяхан ажилд орсон. Хохирогчид 1.500.000 төгрөгийг одоо шилжүүлэх боломжтой байна. Үлдэгдэл төлбөрөө үдээс хойш цалин буухаар нөхөн төлнө.” гэв.
Гурав: Эрүүгийн 2305005371303 дугаартай хэргээс
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын хохирогчоор өгсөн: “2021 оны сард ******* гэдэг хүнд “Жи ти 86” гэсэн авто машин захиалаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн би машин оруулж ирж зардаг машиныг чинь захиалаад өгье машинаа хүлээн авахдаа мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод би машинаа захисан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 14-нд 500,000 төгрөг хэрэг болоод байна урьдчилгаа гээд өгчих гээд Хаан банкны ******* гэсэн данс өгсөн. Тэгэхээр нь би 500.000 төгрөг өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 24-нд дахиад надад мөнгө хэрэг болоод байна гээд 500.000 төгрөг гэхэд нь би шилжүүлсэн. Энэ хоёр удаагийн удаагийн гүйлгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт байхдаа шилжүүлсэн. Тэгээд байж байсан 2022 оны 5 дугаар сарын 14-нд дахиад мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд Төрийн банкны данс өгөөд 1.000.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-нд Төрийн банкны тус дансанд мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 500.000 төгрөг гэж хэлсэн. Энэ бүх мөнгийг хоёрдугаар эмнэлэг дээр байхдаа өгсөн. Тэгээд байж байсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр машин хил дээр ирсэн машинаа авах гээд байна мөнгө дутаад байна гэж хэлээд 1.500.000 төгрөгийг Хаан банкны дээрх данс руу 2.500.000 төгрөгийг Төрийн банк дахь дээрх данс руу авсан. Тэгээд байж байгаад дараа нь над руу залгаад яриад байснаа би өөрөө мөнгөө залилуулчихлаа нэг машинаа зараад мөнгийг нь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд 2 сар гаран хойшлуулж байгаад 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш утсаа салгаад фейсбүүкээ устгасан тэгээд алга болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал)
2. *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (хавтаст хэргийн 33, 35-36 дахь тал)
3. *******ийн эзэмшлийн Төрийн банк дахь дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (хавтаст хэргийн 37, 38-52 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дугаар сарын 10-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт суганы хавдраа үзүүлээд тухайн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн намайг Энхзул эмч хариуцаж авсан. Тухайн эмчтэй танилцаж намайг юу хийдэг талаар асуухаар нь машин зардаг гэсэн. Энхзул эмч надад утсаараа “Toyota Jiti 86” машины зураг үзүүлээд энэ машиныг олоод өгөөч авах гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн машиныг Монголоос хайгаад олоогүй тэгээд Японоос машин оруулж Хаш-Эрдэнэ найзаас асуухад манайд үе үе орж ирдэг тухайн автомашиныг дуудлага худалдаагаар авах болохоор хугацаа орно гэсэн. Тэгээд би Энхзул эмчид машиныг чинь Японоос захихаар боллоо надад мөнгө хэрэгтэй байна гээд Энхзулаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын данс, Төрийн банкны дугаарын дансаар нийт 5 удаагийн үйлдлээр 6.500.000 аваад 2.500.000 төгрөгийг нь өрөндөө хадам аав Энхтүвшингийн Хаан банкны дугаарын данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь хувьдаа зарцуулж үрж дуусгасан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Сар бүрийн цалингаа Энхзул эмчид өгч хохирлыг бүрэн барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал)
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Шүүгдэгч ******* нь өөрийн хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн эмч *******д “машин зарна, захиалж өгнө” гэж хуурч урьдчилгаа шилжүүл гэж хэлж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, мөнгө хэрэг болоод байна гэхчилэнгээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр 6.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын данс, Төрийн банкны дугаарын дансаар шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж *******аас 6 удаагийн үйлдлээр нийт 6.500.000 төгрөг залилж авсан болох нь:
*******ын хохирогчоор өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 14-нд 500,000 төгрөг хэрэг болоод байна урьдчилгаа гээд өгчих гээд Хаан банкны ******* гэсэн данс өгсөн. Тэгэхээр нь би 500.000 төгрөг өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 24-нд ахиад надад мөнгө хэрэг болоод байна гээд 500.000 төгрөг гэхэд нь би шилжүүлсэн...2022 оны 5 дугаар сарын 14-нд ахиад мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд Төрийн банкны данс өгөөд 1.000.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 28-нд Төрийн банкны тус дансанд мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 500.000 төгрөг гэж хэлсэн...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр машин хил дээр ирсэн машинаа авах гээд байна мөнгө дутаад байна гэж хэлээд 1.500.000 төгрөгийг Хаан банкны дээрх данс руу 2.500.000 төгрөгийг Төрийн банк дахь дээрх данс руу авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (хавтаст хэргийн 33, 35-36 дахь тал), *******ийн эзэмшлийн Төрийн банк дахь дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (хавтаст хэргийн 37, 38-52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хаан банкны ******* дугаарын данс, Төрийн банкны дугаарын дансаар нийт 5 удаагийн үлдлээр 6.500.000 аваад 2.5000.000 төгрөгийг нь өрөндөө хадам аав Энхтүвшиний Хаан банкны дугаарын данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь хувьдаа зарцуулж үрж дуусгасан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн тээврийн хэрэгсэл худалдан авах хүсэл сонирхлыг ашиглан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр “...автомашин захиалж өгнө, урьдчилгааны мөнгө хэрэгтэй байна...” гэх мэтчилэн худал хэлж хуурч, машин хил дээр ирсэн машинаа авах гээд байна мөнгө дутаад байна гэж итгэл үнэмшил төрүүлэн өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 6.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.
Шүүгдэгч *******ийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
О.Мөнхтүшийг нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч *******д нийт 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчийн эзэмшлийн Хас банкны дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлж баримтыг хэрэгт хавсаргуулж, үлдэх 5.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж оролцлоо.
Иймд төлөгдөөгүй үлдсэн 5.000.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Хэрэгт ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, үлдэгдэл 5.000.000 төгрөгийн хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ