| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0195/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2017-04-19 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
Улсын яллагч С.Батгэрэл,
Шүүгдэгч С.Арман,
Шүүгдэгч Х.Айберген,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Бурмаа /ҮД-0025/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман овогт Солтаны Арман, Секел овогт Хонайгийн Айберген нарт холбогдох эрүүгийн 201726020048 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, буриад, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2-р багт оршин суух, ял шийтгэлгүй, БВ95021713 регистрийн дугаартай, Найман овогт Солтаны Арман.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод төрсөн, буриад, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт Шар цэхээ гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, БЮ93120416 регистрийн дугаартай, Секел овогт Хонайгийн Айберген.
Шүүгдэгч С.Арман, Х.Айберген нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Файр баарны гадаа хохирогч Х.Еренгайпыг тамхинд явсангүй хэмээн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Арман мэдүүлэхдээ:
2016 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Файр бааранд байхад С.Хуанбай бид хоёр тамхи татахаар гарсан. Гэтэл Еренгайп ирээд тамхилаач гэсэн. Тэгэхээр нь би 1000 төгрөг өгөөд өөрөө аваад тат гэхэд чи намайг доромжилж байгаа юм уу гэсэн. Би үгүй гэж хэлээд уучлалт гуйхад миний шанаа руу хоёр удаа цохисон. Тэгээд зодоон болсон. Би Еренгайпыг хавирч унагаагаад 2-3 удаа өшиглөсөн. Бид нар дөрвүүлээ гэртээ пиво уугаад бааранд орж архи уусан. Хохирлыг бид хоёр хувааж төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Айберген мэдүүлэхдээ:
2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод бид нар Файр бааранд орсон. Намайг бааранд бүжиглэж байхад Арман, С.Хуанбай хоёр гадагшаа гарсан байсан. Намайг бүжиглэж байхад С.Хуанбай буцаж ирсэн. Би Арман хаана байна гэж асуухад Амран гадаа маргалдаж байна гэсэн. Би гараад очиход Арман Еренгайп хоёр газар унасан зодолдож байсан. Би Еренгайпыг түлхээд Арманыг босгоход Еренгайп намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Еренгайпыг нэг удаа цохисон. Гэтэл С.Хуанбай ирээд намайг барьж авсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хохирлыг бид хоёр хувааж төлсөн гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад хохирогч Х.Еренгайпийн өгсөн:
... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн орчим найз С.Байболат, Н.Жардембек нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Файр бааранд ороод үйлчлүүлж байгаад гадаа гартал миний танил Жанболат Арман 2 тамхи татаад зогсож байсан. Би очоод Жанболаттай юм ярьж байхад Арман намайг тамхи аваад ирээч гэхээр нь би үгүй гэсэн чинь Арман надад чи тамхи аваад ирэхгүй хэн бэ гээд гэнэт заамдсан, тэгэнгүүт нь би бас заамдалцсан, өөрийгөө хамгаалах гэтэл Арман надаас хүчээр илүү, намайг цохих гээд байх шиг болохоор нь би нүүр рүү нь түлхсэн. Тэгсэн манай найз Байболат, Жардембек 2 салгаад байж байтал Арман надад хоёулаа зүгээр тусдаа үзье гэсэн. Тэгээд Арман намайг заамдаж байгаад гэнэт намайг мөргөсөн, нүүрэнд оноод амнаас цус гарсан. Яг тэр үед Айберген ирээд араас цохисон. Арман намайг хавирч унагаад, тэр 2 намайг 2 талаас 6-7 удаа хөлөөрөө өшиглөөд бөөр, цээж, хавирга бас толгой руу өшиглөсөн. Тэгэхэд намайг 1 хүн ирээд салгасан нь Айдака. Би арай гэж босоод цагдаа дуудаад байж байхад Айберген надад өө чи казак байсан юмуу, Монгол гэж бодоод чамайг зодчихлоо гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Арман, Айберген нар миний данс руу хохирлын мөнгө болох 1,000,000 төгрөг өгсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Арман намайг 1 удаа мөргөж хавирч унаган 3-4 удаа өшиглөсөн, Айберген араас 1 цохисон, газар унасан байхад 3-4 удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 16, 66-67-р хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч М.Байболатын өгсөн:
... 2016 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 23.00 цагийн орчим ... гадаа Еренгайпын найз нар ирээд тамхинд гүйчихээд ир гэхэд Еренгайп чадахгүй гэсэн чинь нөгөө залуу нь Еренгайпыг багалзуурдсан. Өөдөөс нь Еренгайп нүүр рүү нь түлхсэн чинь нөгөө залуу нь за хоёулаа тусдаа юм ярьчихаад ирье гээд дагуулаад явсан. Тэгээд удаад байхаар нь Жарденбек бид 2 араас нь очсон чинь 3, 4-үүлээ зогсож байсан. 1 нь салгаж байсан. Еренгайп нилээн зодуулсан байдалтай байсан. Би хэн хэн зодсныг хараагүй тул сайн мэдэхгүй байна. Еренгайп надад энэ хэд намайг зодчихлоо гэж хэлсэн. Би очоод яагаад зодож байгаа юм гэж асуухад казак гэж мэдээгүй зодсон гэж тайлбарлаж байсан. Би Еренгайпын ам хамраас нь цус гарсан байхаар нь цагдаа дуудсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Н.Жардембекийн өгсөн:
... 2016 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 23.00 цагийн орчим ... Еренгайп араас гарч ирсэн. Тэгээд гадаа зогсож байсан чинь гадаа Еренгайпын найз нар ирээд тамхинд гүйгээд ир гэсэн чинь Еренгайп чадахгүй гэсэн чинь нөгөө залуу нь Еренгайп багалзуурдсан чинь нөгөө залууг өөдөөс нь Еренгайп нүүр рүү нь түлхээд зууралдахаар нь бид нар салгасан чинь нөгөө залуу нь за хоёулаа юм ярьчихаад ирье гээд булан тойроод явахаар нь Байболат бид хоёр араас нь очсон чинь 3, 4-үүлээ зогсож байсан. Манай найз Еренгайпыг зодсон байдалтай байж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.Хуанбайгийн өгсөн:
... тамхи татах гээд Арман Жанболат 2 гадаа гарсан. Би араас нь гарахад Еренгайп тэр хэд хамт зогсож байсан. Еренгайп Арманаас тамхи гуйсан, Арман нь чи өөрөө тамхи ав гээд 1000 төгрөг өгсөн. Тэгтэл Еренгайп Арманыг чи яахаараа намайг тамхинд явуулдаг юм бэ гээд Арманыг цохих шиг болсон. Тэгээд Арман уучлалт гуйгаад эвлэрэх шиг болохоор нь би буцаж баар руу орсон. Дотор ороод Айбергенд Еренгайп Арман 2 юм яриад зогсож байна гэж хэлсэн, тэгээд очъё гээд гараад очиход тэр 2 зодолдож байсан. Хоёулаа заамдалцаад бие биенээ цохиж байсан. Яг хэдэн удаа хаана нь цохисныг хараагүй. Гэхдээ Арман нь илүү зодож байх шиг байсан. Надаас түрүүлж очоод Айберген Еренгайпыг 1-2 удаа цохисон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай:
1.Еренгайпын биед 1 хавирганы хугарал, доод уруул, дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн дал, нуруу, зүүн шилбэ, 2 сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 32-р хуудас/
- Хохирогч Х.Еренгайпын хохирлын баримтууд /хх-ийн 19-22-р хуудас/
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 113-р хуудас/
Шүүгдэгч Х.Айбергений хувийн байдалтай холбоотой:
Мөрдөн байцаалтад гэрч Б.Еркехулангийн өгсөн:
... Х.Айберген нь сэргэлэн цовоо, элдэв муу ааш байхгүй, 2010 онд Өлгийгөөс оюутан болж ирэхэд нь би хамт амьдардаг байсан. Шонхор дээд сургуульп орж суралцаад явж байсан. ... уур уцааргүй хүлээцтэй хүүхэд ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч А.Серикболын өгсөн:
... Х.Айберген нь миний найз 1-р ангиасаа эхэлж найзалсан цагаан сэтгэлтэй гэмгүй сайн залуу, айлын ганц хүүхэд болохоор эрх өссөн. Найз нөхөдтэйгээ нийлэхээрээ хааяа архи уудаг, найз нөхөрлөлдөө үнэнч, бусдыг хүндэлдэг, өөрт байгаа юмаа хүнээс харамладаггүй ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/
- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/
- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/
- АСАП сангийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг,
Шүүгдэгч С.Арманы хувийн байдалтай холбоотой:
Мөрдөн байцаалтад гэрч Б.Сүйенишийн өгсөн:
... Арман бид 2 арван жилдээ 1-11-р анги хүртэл хамт сурсан. Хүүхэд байхдаа томоотой даруу хүүхэд байсан. Хааяа пиво уудаг, уучихаад юу хийснээ өөрөө мэддэггүй, гэхдээ зодоон хийдэггүй, согтохоороо уйлаад л яваад байдаг байсан. ... Арман ууртай хүн биш, 10 жил хамт сурахад нэг ч удаа муудалцаж байгаагүй, томоотой залуу ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72-р хуудас/
- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/
- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/
- АСАП сангийн лавлагаа /хх-ийн 48-52-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч С.Арман, Х.Айберген нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Файр баарны гадаа хохирогч Х.Еренгайпыг тамхинд явсангүй хэмээн зодож бие махбодид нь 1 хавирганы хугарал, доод уруул, дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн дал, нуруу, зүүн шилбэ, 2 сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч С.Арманы ... 2016 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Файр бааранд байхад С.Хуанбай бид хоёр тамхи татахаар гарсан. Гэтэл Еренгайп ирээд тамхилаач гэсэн. Тэгэхээр нь би 1000 төгрөг өгөөд өөрөө аваад тат гэхэд чи намайг доромжилж байгаа юм уу гэсэн. Би үгүй гэж хэлээд уучлалт гуйхад миний шанаа руу хоёр удаа цохисон. Тэгээд зодоон болсон. Би Еренгайпыг хавирч унагаагаад 2-3 удаа өшиглөсөн. Бид нар дөрвүүлээ гэртээ пиво уугаад бааранд орж архи уусан ... гэх,
Х.Айбергений ... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод бид нар Файр бааранд орсон. ... Би Еренгайпыг түлхээд Арманыг босгоход Еренгайп намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Еренгайпыг нэг удаа цохисон. Гэтэл С.Хуанбай ирээд намайг барьж авсан ... гэх мэдүүлгүүд,
мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Х.Еренгайпын мэдүүлсэн ... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн орчим найз С.Байболат, Н.Жардембек нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Файр бааранд ороод үйлчлүүлж байгаад гадаа гартал миний танил Жанболат Арман 2 тамхи татаад зогсож байсан. Би очоод Жанболаттай юм ярьж байхад Арман намайг тамхи аваад ирээч гэхээр нь би үгүй гэсэн чинь Арман надад чи тамхи аваад ирэхгүй хэн бэ гээд гэнэт заамдсан, тэгэнгүүт нь би бас заамдалцсан, өөрийгөө хамгаалах гэтэл Арман надаас хүчээр илүү, намайг цохих гээд байх шиг болохоор нь би нүүр рүү нь түлхсэн. Тэгсэн манай найз Байболат, Жардембек 2 салгаад байж байтал Арман надад хоёулаа зүгээр тусдаа үзье гэсэн. Тэгээд Арман намайг заамдаж байгаад гэнэт намайг мөргөсөн, нүүрэнд оноод амнаас цус гарсан. Яг тэр үед Айберген ирээд араас цохисон. Арман намайг хавирч унагаад, тэр 2 намайг 2 талаас 6-7 удаа хөлөөрөө өшиглөөд бөөр, цээж, хавирга бас толгой руу өшиглөсөн. ... Арман намайг 1 удаа мөргөж хавирч унаган 3-4 удаа өшиглөсөн, Айберген араас 1 цохисон, газар унасан байхад 3-4 удаа өшиглөсөн ... гэх,
гэрч М.Байболатын мэдүүлсэн ... 2016 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 23.00 цагийн орчим ... гадаа Еренгайпын найз нар ирээд тамхинд гүйчихээд ир гэхэд Еренгайп чадахгүй гэсэн чинь нөгөө залуу нь Еренгайпыг багалзуурдсан. Өөдөөс нь Еренгайп нүүр рүү нь түлхсэн чинь нөгөө залуу нь за хоёулаа тусдаа юм ярьчихаад ирье гээд дагуулаад явсан. Тэгээд удаад байхаар нь Жарденбек бид 2 араас нь очсон чинь 3, 4-үүлээ зогсож байсан. 1 нь салгаж байсан. Еренгайп нилээн зодуулсан байдалтай байсан. ... Еренгайп надад энэ хэд намайг зодчихлоо гэж хэлсэн ... гэх,
гэрч Н.Жардембекийн мэдүүлсэн ... 2016 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 23.00 цагийн орчим ... гадаа зогсож байсан чинь гадаа Еренгайпын найз нар ирээд, тамхинд гүйгээд ир гэсэн чинь Еренгайп чадахгүй гэсэн чинь нөгөө залуу нь Еренгайпыг багалзуурдсан чинь нөгөө залууг өөдөөс нь Еренгайп нүүр рүү нь түлхээд, зууралдахаар нь бид нар салгасан чинь нөгөө залуу нь за хоёулаа юм ярьчихаад ирье гээд булан тойроод явахаар нь Байболат бид хоёр араас нь очсон чинь 3, 4-үүлээ зогсож байсан. Манай найз Ерэнгайпыг зодсон байдалтай байж байсан ... гэх,
гэрч С.Хуанбайгийн мэдүүлсэн ...Еренгайп Арманаас тамхи гуйсан, Арман нь чи өөрөө тамхи ав гээд 1000 төгрөг өгсөн. Тэгтэл Еренгайп Арманыг чи яахаараа намайг тамхинд явуулдаг юм бэ гээд Арманыг цохих шиг болсон. Тэгээд Арман уучлалт гуйгаад эвлэрэх шиг болохоор нь би буцаж баар руу орсон. Дотор ороод Айбергенд Еренгайп Арман 2 юм яриад зогсож байна гэж хэлсэн. Тэгээд очъё гээд гараад очиход тэр 2 зодолдож байсан. Хоёулаа заамдалцаад бие биенээ цохиж байсан ... Айберген Еренгайпыг 1-2 удаа цохисон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй ... гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Арман, Х.Айберген нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч С.Арман, Х.Айберген нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Арман, Х.Айберген нар нь хохирогч Х.Еренгайпад 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Х.Еренгайп нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Арман, Х.Айберген нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож,
шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан тэдэнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ :
1. Шүүгдэгч Найман овогт Солтаны Арман, Секел овогт Хонайгийн Айберген нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Арманыг 252 /хоёр зуун тавин хоёр/ цаг албадан ажил хийх ялаар,
шүүгдэгч Х.Айбергенийг 252 /хоёр зуун тавин хоёр/ цаг албадан ажил хийх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар С.Арман, Х.Айберген нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл тэдний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Арман, Х.Айберген нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Арман, Х.Айберген нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ