Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 223/МА2019/0003

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 223/МА2019/00003

 

 

Н.Н-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 151/ШШ2018/01292 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв, БС сум, Цхолбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

  Нэхэмжлэгч Н.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Намайг анх 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргалын В/02 тоот тушаалаар Ирээдүй цэцэрлэгийн тогоочоор түр гэсэн тушаал гаргаж ажилд авсан. Ингээд тогоочоо хийгээд 11 cap ажиллаж байхад 2017.08.30-ны өдөр Сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргал Б/18 тоот тушаал гаргаж Одхон цэцэрлэгийн тогооч С.Энхцэцэг жирэмсний амралт авсан хугацаанд намайг мөн л түр тушаал гаргаж Одхонцэцэрлэгийн тогоочоор томилсон. Би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 9-н cap ажиллаж байхад үндсэн ажилчин С.Энхцэцэг ирж ажилдаа орж би гаргасан. Энэ үед миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон тушаал гараагүй учир би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан. Цэцэрлэг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс амарсан надад 2018 оны 6,7,8 дугаар сарын 31-нийг өдөр хүртэл амралтын мөнгийг өгч миний нийгмийн даатгалын дэвтэрт бичиж өгсөн. 2018 оны 08 сарын 31-ний өдөр сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргал Б/42 тоот тушаал гаргаж Ахлах тогооч Алтанцэцэгийн ажлын байр хадгалагдах хугацаанд түүний оронд төвийн цэцэрлэгийн ахлах тогоочоор С.Одмааг, туслах тогоочоор Одмаагийн оронд намайг мөн л түр томилсон. Гэтэл намайг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргалын Б/58 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 37.1.3 зааснаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах тогоочийн ажлаас чөлөөлсөн. Хамгийн сүүлд буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зүв зүгээр ажлаа хийж байсан намайг ахлах тогооч Алтанцэцэгийн ажлын байр хадгалагдах хугацаанд Одмааг түүний оронд тавьж намайг туслах тогоочоор Алтанцэцэгийг орох хүртэл хугацаагаар түр ажилд тавьж энэ хугацаанд тохируулан надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл энэ хугацаанд Алтанцэцэг нь ажилдаа орохоо болиод оронд нь дүүгээ оруулахын тулд миний ажлын байранд биш ахлах тогоочийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж одоо ахлах тогоочоор ажиллаж байгаа Одмааг биш, огт өөр Цэцэгжаргалыг дундаас нь оруулж ирж түүнийг тэнцүүлсэн атлаа ажлын байр зарласан орон тоон дээр биш миний хөндөгдөөгүй орон тоон дээр авч миний хөдөлмөрийн гэрээг дууссан цаашид сунгагдахгүй болсон гэж намайг урьд нь олон дахин үндэслэлгүй ажлын байрыг шилжүүлж байсан буруутай үйлдлээ үл ойшоон миний чөлөөтэй хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж байгаад гомдолтой байна. Энэ сонгон шалгаруулалтанд Одмаа ороогүй учир энэ ахлах тогоочийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн гэх Цэцэгжаргал нь ахлах тогооч хийж, би өөрийн ажлынбайрандаа үлдэх байтал эсрэгээрээ миний ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй байхад намайг халж Цэцэгжаргалыг миний оронд туслах тогоочоор авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож намайг төвийн буюу Бүжинхэн цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. Мөн миний нийгмийн даатгалын 2018 оны 11 дүгээр сарын шимтгэлийг төлж, бичилтийг нөхөн хийлгэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд Н.Н ийг аль болох ажлаар хангаж ажиллаж ирсэн. Тухайн ажлын байрууд нь түр учраас түр тушаалаар ажиллуулдаг байсан нь үнэн. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тушаалыг сонгон шалгаруулалтыг үндэслэн гаргасан бөгөөд сонгон шалгаруулалтыг дуустал хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээ дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Сонгон шалгаруулалтыг ахлах тогоочийн орон тоонд явуулсан бөгөөд сул орон тоонд зайлшгүй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай гэж Тамгын газраас шаардсан, бүх бичиг баримтыг хуулийн ажилтнаас зөвлөгөө авч, хянуулж явуулсан. Одмаа нь өмнө нь олон жил ажилласан учраас ахлах тогооч болгосон. Цэцэгжаргал, Наранцэцэг нар өрсөлдөж, сонгон шалгаруулалтад тэнцсэн учраас Цэцэгжаргалыг туслах тогоочийн орон тоонд тавьсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байгаа.” гэжээ.

 Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Гал овогт Нардоржийн Наранцэцэг /РД:НБ80091200/-ийг Төв аймгийн Батсүмбэр сумын Бүжинхэн цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.Н-н нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 11 дүгээр сарын шимтгэлийг төлсөн тухай бичилтийг хийж, баталгаажуулахыг Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэг /эрхлэгч Х.Батжаргал/-т даалгаж,

 Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Энэ шийдвэр нь уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь ямар ажлын байран дээр ямар албан тушаал хашдаг байсан талаар мөн хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, хөдөлмөрийн гэрээний хугацаа зэргийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголгүй ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тухайн албан тушаалд томилуулахаар шаардлага гаргах эрхтэй эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

2. Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд түр хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад үндсэн ажилтан уг албан тушаалд томилогдсоноор нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байхад ажил олгогчоос шийдвэр гаргах ёстой. Хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч тухайн ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтын дүнд гомдол гаргаагүй хэдий ч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон шийдвэрт нэхэмжлэл гаргаж байгааг шүүх үндэслэл болгож байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Н.Н-н “...Төв аймгийн Батсүмбэр сумын төвийн буюу  “Бүжинхэн” цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлж, бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрөхдөө “.. Н.Н  туслах тогоочийн ажилд түр томилогдсон, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн... “ гэсэн тайлбар гарган  маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Төв аймгийн Батсүмбэр сумын төвийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Батжаргал 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.2.3 , 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн тус цэцэрлэгийн тогооч Жамбал овогтой Алтанцэцэгийн ажлын байрыг хэвээр хадгалах хугацаанд 2018 оны 9 дүгээр сарын 3-ний өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 28-ныг дуустал  хугацаанд ахлах тогоочоор Сайннямын Одмааг, туслах тогоочоор Нардоржийн Наранцэцэгийг “түр” томилсон, 2018 оны 10 дугаар сарын 23 -ны Б/58 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалтыг үндэслэн Н.Н ийг  2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь “түр” чөлөөлсөн шийдвэр гаргажээ.

Ажил олгогчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/42 дугаар тушаалын агуулгаас үзвэл цэцэрлэгийн тогооч Жамбал овогтой Алтанцэцэгийн ажлын байрыг хэвээр хадгалах хугацаанд нэхэмжлэгч Н.Н ийг туслах тогоочийн ажилд түр томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулжээ.

Гэтэл цэцэрлэгийн  ахлах тогооч Ж.Алтанцэцэг нь дээрх тушаалд дурьдсан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа эргэж ороогүй, ажлаас бүр мөсөн гарсан,түүний ажил үүрэг гүйцэтгэж байсан цэцэрлэгийн ахлах тогоочийн сул  орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаж, явагдсан болох нь хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдсон төдийгүй энэ талаар талууд маргаагүй байна.

Үүнээс үзвэл Б/42 дугаар тушаалаар ахлах тогоочийн ажил,  албан тушаалыг хэвээр хадгалах зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 28-ныг дуустал хүртэл хугацаагаар туслах тогтоочоор Н.Н ийг  түр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ”.. ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар .... хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж  заасантай нийцэхгүй   байна.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч  Н.Н ийг туслах тогоочийн ажилд түр томилох үед  туслах тогоочийн орон тоо сул байсан байх бөгөөд тус цэцэрлэгийн ахлах тогооч, туслах тогооч тус тусдаа орон тоонд ахлах тогоочийн орон тоог хэвээр хадгалах зорилгоор ажлаасаа гарсан, ахлах тогоочийн ажилд эргэж орох үндэслэл, нөхцөл байдал  тогтоогдохгүй байхад тус цэцэрлэгийн эрхлэгч Б/42 дугаар тушаалаар Н.Н ийг туслах тогтоочоор түр томилсон нь хууль бус болжээ.  

Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 Түүнчлэн тус цэцэрлэгийн ахлах тогоочийг ажил үүргээ гүйцэтгээгүй үед түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үндэслэл үүсээгүй байна.  

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл  хариуцагч туслах тогоочийн ажилд түр томилсон хууль бус тушаалаа үндэслэн Н.Н ийг  2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах тогоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон 2018 оны 10 дугаар сарын 23-ны  Б/58 тушаал нь мөн хууль бус байна.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх дээрх Б/58 дугаар тушаалд “ үүрэгт ажлаас нь түр чөлөөлсүгэй “ гэсэн нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд “түр чөлөөлөх” зохицуулалт тусгагдаагүй байна .  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх цэцэрлэгийн туслах тогоочийн ажил, албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт  заасан зохицуулалтыг баримтлан дүгнэлт хийсэн нь тухайн маргаантай харилцаанд хамааралгүй байна. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Харин шүүх Н.Н-н нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 11 дүгээр сарын шимтгэлийг талаар бичилт хийх шаардлагыг хангахдаа Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгчийн эрхлэгчид даалгасан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2018/01292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэг /эрхлэгч Х.Батжаргал/-т “ гэснийг “ Төв аймгийн Батсүмбэр сумын төвийн цэцэрлэгийн санхүүд “ гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

           ШҮҮГЧИД                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                Т.ЭНХМАА