Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 272

 

                                   Д.Ц-д холбогдох эрүүгийн

                                  хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар магадлалтай, 1708000000196 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нармандахын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2003 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Сартуул овогт Д.Ц нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Ц-ыг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7-д зааснаар 15 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Д.Ц-аас 5.119.459 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгад олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах гаргасан гомдолдоо: “... Д.Ц нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын эхэн үеэс хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Хэргийн улмаас учруулсан хохирлыг хэсэгчлэн төлсөн. Шүүхээс даалгасан төлбөрийг төлөхөө бүрэн илэрхийлж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр алах аргаа сонгож, хэрэгжүүлсний эцэст хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн байхыг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн цусанд 2.7 промилийн агууламжтай спирт илэрсэн гэж байгаа боловч согтолт нь тухайн хүний бие, физиологийн шинж байдлаас болж биеэ хамгаалах, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар харилцан адилгүй байна гэж шинжээч мэдүүлсэн. Хэрэг гарсан нөхцөл байдлаас үзвэл хохирогч нь энгийн байдалтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч биеэ авч явах чадвартай байсан нь гэрчүүдийн мэдүүлэгт авагджээ. Иймд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсгээр зүйлчилсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч Ц.Нармандахын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Ц-ыг онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Онц харгис хэрцгий арга гэдэгт шүүгдэгч нь амь хохирогчийн биед санаатайгаар олон тооны гэмтэл учруулсан байхыг ойлгоно. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн биед үүссэн олон тооны шарх, сорви хэзээ үүссэн нь тодорхой бус байна. Мөн амь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан санаатай алсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэрэг гарах үед амь хохирогч нь бусадтай харилцах, биеэ авч явах чадвар нь хэвийн байсан болох нь камерын бичлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Хэдийгээр шинжээч  амь хохирогчийг хүнд зэргийн согтолттой байсан гэж дүгнэсэн ч тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан согтолтын хэмжээ харилцан адилгүй байх боломжтой. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Ц-ыг хүнийг онц харгис хэрцгий аргаар, мөн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, харин өөртөө эдийн ашиг бий болгох зорилгоор хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэв. 

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнлтдээ: “Шүүгдэгч Д.Ц нь онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нармандахын гаргасан гомдлыг үндэслэн Д.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 16-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22 дугаар байрны орчим тоглоомын талбайд амь хохирогч Д.Батсайханыг хүчтэй согтолтын улмаас биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан түүний зүүж явсан хүрэн өнгийн суран бүс, мөнгөн бөгж, хүзүүний зүүлт зэргийг хүч хэрэглэн авахдаа түүнийг хөлөөрөө хавсарч унаган, толгой, нүүрэн тус газар нь өшиглөж, гараараа цохих зэргээр толгойн битүү гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар бэхжүүлэгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Д.Ц нь амь хохирогч Д.Батсайханы эд зүйлийг нь авах зорилгоор буюу өөртөө эдийн ашигтай байдал үүсгэж, мөн хохирогч хүнд зэргийн согтолттой, биеэ авч явах, хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж зодож алсан талаар шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж ял шийтгэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Д.Ц-ын үйлдэлд хүнийг алахдаа амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, эсхүл хүнийг алах явцдаа амь хохирогч болон бусад ойр дотны хүнийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан гэж үзэх гэмт хэргийн объектив болон субъектив талын шинж тогтоогдоогүй байхад дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нармандахын гаргасан гомдол үндэслэлтэй байх тул Д.Ц-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын “Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн цусанд 2.7 промилийн агууламжтай спирт илэрсэн боловч хохирогч нь биеэ авч явах чадвартай байсан тул Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар зүйлчилсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар магадлалд “Прокуророос Д.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Д.Ц-ыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7-д зааснаар Д.Ц-ыг 14 жил хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН