| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/1000/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/981 |
| Огноо | 2024-11-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/981
2024 11 06 2024/ШЦТ/981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч С.Энхзул,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Д.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409018441*** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 цагийн орчимд С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Р саунд шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа хохирогч О.О-гийн гээсэн эд хөрөнгө болох цув, самсунг эс 22 загварын гар утас, Тоёота Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн түлхүүр зэрэг эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө шилжүүлэн авч, шамшигдуулан завшиж, улмаар хохирогч О.О-д бага хэмжээнээс дээш буюу 1.198.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Э нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 цагийн орчимд С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Р саунд шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа хохирогч О.О-гийн гээсэн эд хөрөнгө болох цув, самсунг эс 22 загварын гар утас, Тоёота Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн түлхүүр зэрэг эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө шилжүүлэн авч, шамшигдуулан завшиж, улмаар хохирогч О.О-д бага хэмжээнээс дээш буюу 1.198.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 цагийн орчимд С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Р саунд шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа хохирогч О.О-гийн гээсэн эд хөрөнгө болох цув, самсунг эс 22 загварын гар утас, Тоёота Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн түлхүүр зэрэг эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө шилжүүлэн авч, шамшигдуулан завшиж, улмаар хохирогч О.О-д бага хэмжээнээс дээш буюу 1.198.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 сарын 07-ны өдөр би найз Золоотойгоо тааралдсан тэгээд бид 2 эхлээд Төв номын сангийн урд байрлах өндөр байшин байсан би тэрийг сайн мэдэхгүй байна бид 1 шил архи хувааж уусан дараа нь бид 2 нэг газар орсон би сайн санахгүй байгаад байгаа юм Р саунд орсон тэгээд миний санаж байгаагаар би нэг пиво захиж байсан тэгээд цааш нь юу болсон талаараа сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан би тэр газраас гараад алхаж байсан тэгээд гэртээ таксигаар харьсан юм шиг байсан
...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
хохирогч О.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 06 сарын 06-наас 07-нд шилжих шөнө С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Р саунд бааранд 3 найзын хамт орж үйлчлүүлж байгаад 04 цаг 12 минутад гарах гээд сандал дээр тохсон байсан хувцас маань алга болсон байсан ба би байхгүй байгааг нь мэдээд камерыг үзтэл миний гадуур хувцас унасан байсан ба тэр үед хажуугаар явж байсан хүн аваад хажуу талын сандал дээр тавьсан байсан. Тэр үед баар хаах үед нэг эмэгтэй шууд миний куртик өмсөөд гарч байгаа бичлэг байсан. Уг гадуур хувцасны зүүн талын халаасанд самсунг эс-22 гэх хар өнгийн утас болон Ланд 200-гийн түлхүүр бас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр найз Одсүрэнгийн хамт Р саунд гэх нэртэй диско бааранд ороод архи болон пиво уугаад сууж байгаад гарч тамхи татахаар болоод гараад тамхиа татаад ороод ирэхэд манай найз О-ийн өмсөж явсан хар өнгийн гадуур хувцас нь алга болсон байсан... Манай найз О-ийн хар өнгийн гадуур хувцсанд гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр, гадуур хувцас алга болгосон. О нь гадуураа хар өнгийн куртиктэй, самсунг эс22 маркийн гар утастай байсан..." гэх мэдүүлэг /хх- ийн 77/,
гэрч Э.Шаравнямбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Бичлэг дээрх эрэгтэй хүний мэдэхгүй. Манай байгууллагад ажилладаггүй. Харин эмэгтэй нь манайхаар үйлчлүүлсэн. Эмэгтэй нь нэг эрэгтэй хүнтэй орж ирсэн. Тэр хоёр 21 цагийн үед орж ирсэн. Хаах хүртэл суусан... Тэр эмэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй хүн 3 цаг 10 минутад явсан. Тэр эмэгтэй согтолттой ширээн дээр унтаж байсан... Гарахдаа ганцаараа гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 73/,
гэрч Б.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр найз Э-тай хамт Р саунд гэх нэртэй диско клубд ороод пиво аваад захиалаад хамт байж байгаад би Э-ыг үлдээгээд түрүүлээд гараад гэр лүүгээ явсан. Манай найз Э нь цагаан шаргал өнгийн гадуур цувтай, жижигхэн гар цүнхтэй, өндөр өсгийтэй гуталтай явсан байсан. Тэгээд би маргааш очоод Э-ын гадуурх цув болон Р саунд гэх нэртэй диско клубээс авсан пивоны тооцоог нь төлсөн. Би Э-д хар өнгийн гадуур хувцас авч өгсөн зүйл байхгүй... Э айфоне маркийн гар утастай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 75/,
Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн СБ1-24-1316 дугаартай: “... 1.198.000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,
"000” ББСБ" ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А- 153/24 дугаартай: “...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 15 минут, 54 секундэд гүйлгээ хийгдсэн Хаан банкны төлбөрийн картын дугаар 438054578790297..." гэх албан бичгийн хуулбар /хх-ийн 14/,
"Хаан банк" ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 29/7579 дугаартай "...0000000 тоот дансыг Д.З эзэмшдэг байна..." гэх албан бичиг /хх-ийн 22/,
гэрч Б.Золжаргалын эзэмшлийн Хаан банк дахь 000000000 тоот дансны хуулга /хх-ийн 23/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13, 58-60/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Э-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Д.Э-ыг 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР