| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/04026/И |
| Дугаар | 102/ШШ2020/03546 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2020/03546
2020 оны 12 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2020/03546 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...хороо, ... байр, ... Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух, ... овогтой ...ийн ...д /РД:.../ холбогдох,
Дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 1,899,000 /нэг сая найман зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ...., нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... нь СӨХ-д төлөх ёстой сар бүрийн төлбөрөөс 2017 оны 10,11,12 буюу 3 сар, 2018 он, 2019 он, 2020 оны 1-9 сар буюу нийт 36 сарын 1,899,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу гаргуулж өгнө үү. Эднийх сар бүр 52,750 төгрөгийг гараашийн төлбөрийн хамт төлдөг. СӨХ-ы төлбөрт сра бүр 35,000 төгрөг, гараашийн төлбөрт 16,500 төгрөг төлнө гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2013-2017 оны 10 сар хүртэл зохих ёсоор мөнгө төлж байсан. Тухайн үед даргаар ажиллаж байсан ... энэ үйл ажиллагаа чинь бидэнд таалагдахгүй байна, оршин суугчидтай хамтран ажиллах гэрээ хийх, тайлангаа танилцуулах талаар удаа дараа шаардлага тавьсан ч үл ойшоож байсан. Эдгээр шаардлагыг хүлээж аваагүй учраас манайх төлбөрөө төлөөгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
... СӨХ нь ...д холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 1,899,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хуульд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь СӨХ-ы үйл ажиллагаатай холбоотойгоор төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.
Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж заажээ.
Тухайн тохиолдолд хариуцагч буюу сууц өмчлөгч нь төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй ба хэрэгт орон сууцны өмчлөгчийн талаар баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчээс энэ талаар хүсэлтийг гаргаагүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8.4-т бүх гишүүдийн хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна гэж, 9.1-д хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй гэж, 9.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоо нь холбооны дүрэм болоод бүх гишүүдийн хурлыг хуралдуулж, сууц өмчлөгч нараас сар бүр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хураамжийн суурь үнийг тогтоосон талаар баримтыг ирүүлээгүй байна.
Түүнчлэн .... СӨХ нь 2015.01.30-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байх тул нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 2014.11.15-ны өдрийн... дугаартай СӨХ-ы Удирдах зөвлөлийн төлбөр тогтоох тухай баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм.
Учир нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс гадна холбоо байгуулагдахаас өмнөх огноотой байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй гэжээ.
Гэвч нэхэмжлэгч нь дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд сар бүр төлөхөөр тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул дундын өмчийн эд хөрөнгийн засвар, ашиглалтын зардалд 1,899,000 төгрөгийг Д.Доржпагамаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч тал хариуцагчийг сар бүр СӨХ-ы төлбөрт 35,000 төгрөг, гараашийн төлбөрт 16,500 төгрөг гэж тодорхойлж байгаа боловч банкны баримтаар 52,750 төгрөг байх бөгөөд зөрүү 1,250 төгрөгийг тайлбарлаж чадахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 45,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар ... овогтой ...ийн ...аас /РД:..../ дундын өмчлөлийн ашиглалт засвар, үйлчилгээний зардалд 1,899,000 /нэг сая найман зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулах тухай ... Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 45,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ