| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0139/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
2024 10 28 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,
Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Булганжигүүр” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ** дүүргийн 24-р хороо 17-р байрны 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Б.Д /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Д нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-д жолоочоор ажиллаж
байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан тус компанийн эзэмшлийн **** ӨМЭ
улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслээс 2022 оны 08 дугаар сараас
2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 6 ширхэг дугуйг бусдад дур мэдэн худалдан борлуулж завшиж 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тус компанийн жолооч Түмэнжаргал, Нямхүү, Б.Чулуундорж, Ц.Мөнхдорж нараас тус бүр 1 ширхэг дугуй, Б.Ганбатаас 2 ширхэг нийт 6 ширхэг дугуйг “миний автомашины дугуй хагарсан” гэж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлж аван 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь мэдүүлэхдээ: ‘’Болчимгүй үйлдэл хийсэн дээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй. Хохирогч нарыг хохиролгүй болгож барагдуулна. Энэ хүмүүсийн хохирлыг нэн даруй барагдуулж, дахиж ийм хэрэгт холбогдохгүй.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Т гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэг 17.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Д холбогдох ********* дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Б.Д нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ивээл сар компанид жолоочоор ажиллаж байхдаа 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 6 ширхэг дугуйг бусдад дур мэдэн худалдан борлуулж завшиж 5 400 000 төгрөг мөн тус компанийн жолооч Түмэнжаргал, Нямхүү, Чулуундорж, Мөнхдорж нараас тус бүр нэг ширхэг дугуй Ганбатаас хоёр ширхэг дугуй нийт зургаан дугуйг миний автомашины дугуй хагарсан гэж хуурч мэхэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж залилан мэхэлж 5 400 000 төгрөгийн хохирол учруулсан ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тийм учраас түүнийг эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд мөн 17.4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах ийм саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд “Ивээл сар транс” ХХК-д 10 800 000 төгрөгийн хохирол учирснаас шүүх хуралдаанд өнөөдрийн байдлаар гаргаж өгснөөр 5 400 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан үлдэгдэл 5 400 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа тул түүний хувьд ноогдох эд хөрөнгөөс 5 400 000 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгуулах ийм шийдвэрийг гаргуулах саналыг тус тус шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Д эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтээ танилцуулъя. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд оруулж мөн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ийм саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3 заасны дагуу түүнд оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байгаа. Дараа нь эрүүгийн хуулийн ерөнхий 6.6-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж хоёр зүйл ангийн хамгийн доод хэмжээний буюу торгох ялын хамгийн бага хэмжээгээр нь ял оногдуулах саналыг тус тус шүүх хуралдаанд гаргалаа. Хохирол төлбөрийг шийдчихсэн учраас дараагийн хэсэг рүү нь оръё. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй энэ хэргийн улмаас шүүгдэгч баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх ийм саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн баримт цагдаагийн байгууллагаас ирүүлээгүй ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна.’’ гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваатогтохын “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хохирогчоор өгсөн Би нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Дагалай шарга 88 транс" ХХК-д тээвэр зохицуулагчаар 2022 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Манай компанид 352 тээврийн хэрэгсэл нүүрс тээврийн уртын тээвэрт явдаг юм. Манай компанид 2022 оны 08 дугаар сараас жолоочоор ажиллаж байсан Б.Дагва-Очир ажиллаж байх хугацаандаа 46-33 ӨМЭ улсын дугаартай, Шакман маркийн тээврийн хэрэгслийг жолоодож нүүрс тээврийн уртын тээвэрт явж байсан. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Дагва- Очирын жолоодож байсан 46-33 ӨМЭ улсын дугаартай, Шакман маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахад уг тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуй хуучирч элэгдсэн, манай компанийн тээврийн хэрэгслийн обудаас өөр өнгийн обудтай дугуйгаар солигдсон байсан. Тухайн үед уг асуудлын талаар Б.Дагва-Очирт хэлэхэд -"Харин тийм. Намайг уучлаарай энэ асуудлыг энэ хавьдаа шийдчихье" гэж хэлсэн. Тухайн өдрөө Б.Дагва-Очир 46-33 ӨМЭ улсын дугаартай, Шакман маркийн тээврийн хэрэгслийг орхиод алга болчихсон юм. Тэгэхээр нь би компанийн бусад жолооч нараас Б.Дагва-Очрын талаар асуухад манай компанийн өөрийн цуваанд нүүрс тээвэрт явдаг 5 тээврийн хэрэгслийн жолоочоос "Миний машин запас дугуй болсон. Өөрийн тээврийн хэрэгслийн запас дугуйгаа түр өгөөч" хэлж уг тээврийн
хэрэгслүүдээс нийт 6 ширхэг запас дугуйг аваад уг авсан дугуйныхаа оронд элэгдэж муудсан, эсвэл өөр дугуй өгсөн байсан Тухайн үедээ уг жолооч нараас авсан запас дугуйгаа Б.Дагва-Очир өөрийн жолоодож байсан 46-33 ӨМЭ улсын дугаартай, Шакман маркийн тээврийн хэрэгсэлдээ хийсэн байгаа. Ер нь Б.Дагва-Очрын жолоодож байсан 46-33 ӨМЭ улсын дугаартай, Шакман маркийн тээврийн
хэрэгслээс манай компаниас олгож өгсөн^'2 ширхэг дугуй алга болж байгаа юм. Уг
12 ширхэг дугуйны 6 ширхэг дугуйг нь'Дагва-Очир өөрийн цувааны 5 машины
жолоочоос аваад орлуулаад хийчихсэн. Уг 12 ширхэг дугуйг Б.Дагва-Очир дур
мэдэн бусдад зарж борлуулсан байж болзошгүй байгаа юм..."...". 46-23 ӨМЭ улсын
дугаартай, шар 200-гийн Шакман маркийн тээврийн хэрэгслийн жолооч
Түмэнжаргалаас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 ширхэг дугуй авсан, 49-93 ОМЭ улсын дугаартай, шар өнгийн Шакман маркийн тээврийн хэрэгслийн жолооч Нямхүүгээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 ширхэг дугуй авсан, 47-08 ӨМЭ улсын дугаартай, шар өнгийн Шакман маркийн тээврийн хэрэгслийн жолооч Чулуундоржоос 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 ширхэг дугуй авсан, 46-98 ӨМЭ улсын дугаартай, шар өнгийн Шакман маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ганбатаас 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 ширхэг дугуй авсан, 25-93 ӨМЭ улсын дугаартай, шар өнгийн Шакман маркийн тээврийн хэрэгслийн жолооч Мөнхдоржоос 1 ширхэг запас дугуйг авсан. Яг хэдэн сарын хэд дэх өдөр авсан болохыг жолооч Мөнхдорж сайн санахгүй байгаа юм..." Уг 12 ширхэг дугуй нь 80 хувьтай дугуйнууд байсан юм. Уг 12 ширхэг дугуй нь 22x12x5 хэмжээтэй, олгойгүй, усан хээтэй, шар өнгийн обудтай дугуйнууд байгаа юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Мөнхдоржийн: "...би Давга-Очиртой 25-93 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барих гэж очихдоо танилцсан...", "...Миний өмнө 25-93 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьж байсан залуу 46-33 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд запас дугуй нь байгаа шүү дугуй байхгүй гэхээр нь өгчихсөн гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганбатын “...Би Давга-очир гэх хүнийг танина. Тухайн хүн манай цуваанд ахлагч байсан...", “,...Би тухайн хүнд 2 ширхэг дугуй өгсөн. Тухайн хүн надаас миний автомашины дугуй хагарсан тул 2 ширхэг запас дугуй өгөөч гэж гуйхад нь би 2 ширхэг дугуй өгөөд явуулсан. Тэгээд дараа нь сонсоход зөндөө хүнээс адилхан аргаар 12 ширхэг дугуй авч явсан гэдгийг мэдээд холбогдох хүмүүстээ мэдэгдээд цагдаад хандсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Чулуундоржийн: “Би Б.Дагва-Очирт 2022 оны 11 дүгээр сарын үед тээвэрт явж байхдаа дугуй хагарчихлаа гэхээр нь 1 ширхэг запас дугуй өгсөн...", “...Би 2022 оны 11 дүгээр сарын үед тээвэрт явж байгаад Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн 25 дахь километрт клонк дээр түлш авахаар зогсож байсан чинь Б.Дагва-Очир нь над дээр ирээд дугуй хагарчихлаа надад запас дугуйгаа өгчих гэж хэлээд миний запас дугуйг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/, ,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Алтангэрэлийн: "...Хаан банкны 5300404246 данс миний эзэмшлийн данс мөн байна. Би тухайн дансыг 2017 оноос хойш ашиглаж байна.” “...Би тухайн үед нэг танихгүй залуугаас 8 ширхэг обудтай дугуйг нэг ширхэг нь 500.000 төгрөгт буюу нийт 4.000.000 төгрөгт авсан юм. Би тухайн үед дугуй авна гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт дугаараа үлдээсэн юм. Тэгсэн миний дугаар руу залгаад /тухайн үед залгасан дугаарыг нь санахгүй байна гэх/ дугуй авах уу гээд холбогдоод авахаар болж тохиролцсон юм. Тэгээд тухайн 8 ширхэг обудтай дугуйг манай жолооч хийж байсан Цагаанаа гэх ах хүлээж аваад би мөнгийг нь шилжүүлсэн. Би тэр хүнтэй нүүр тулж уулзаагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
"Сүлд үнэлгээ" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-
ний өдөр гаргасан ТХҮ-123/0083 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 163-165 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Дагва-Очирыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Дагва-Очир нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дагва-Очир гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээний үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгодог.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшдаг.
Шүүгдэгч Б.Дагва-Очир нь дээрх гэмт үйлдэлдээ санаатай хандсан, уг гэмт үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгө буюу өмчлөх эрхэнд халдаж 10,800,000 /арван сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Залилах гэж бусдын эд хөрөнгийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар өөрийн мэдэлд авсан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Дагва-Очирын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ивээл сар транс” ХХК-д жолоочоор ажиллаж
байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан тус компанийн эзэмшлийн 46-33 ӨМЭ
улсын дугаартай Шакман маркийн тээврийн хэрэгслээс 2022 оны 08 дугаар сараас
2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 6 ширхэг дугуйг бусдад дур мэдэн худалдан борлуулж завшиж 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тус компанийн жолооч Түмэнжаргал, Нямхүү, Б.Чулуундорж, Ц.Мөнхдорж нараас тус бүр 1 ширхэг дугуй, Б.Ганбатаас 2 ширхэг нийт 6 ширхэг дугуйг “миний автомашины дугуй хагарсан” гэж хуурч мэхлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлж аван 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд, шүүхээс шүүгдэгч Б.Дагва-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
“Дагалай шарга наян найм транс” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24/064 дугаартай “...Дагалай шарга наян найм транс ХХК-ны салбар компани болох ... Ивээл сар транс ХХК нь мөн болохыг уг албан бичгээр үнэн болно.” гэх албан бичгийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэст ирүүлжээ. /хавтаст хэргийн 113 дахь тал/,
Шүүгдэгч Б.Д хохирогч “Дагалай шарга наян найм транс” ХХК-д 5,400,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 177 дахь тал/,
22x12x5 хэмжээтэй, олгойгүй, усан хээтэй шар өнгийн обудтай 12 ширхэг дугуйны хохирлын үнэлгээг “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-123/0083 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 10,800,000 /арван сая найман зуун мянга/ төгрөг гэж тогтоожээ. /хавтаст хэргийн 163 дахь тал/,
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн холбогдох нотлох баримтуудаар /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн баримтаар/ нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 5,400,000 гаргуулж, хохирогч “Ивээл сар транс” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дагва-Очирт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд оруулж мөн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ийм саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3 заасны дагуу түүнд оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д “...болчимгүй үйлдэл хийсэн дээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй. дахиж ийм хэрэгт холбогдохгүй.” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж түүнд оногдуулсан торгох ялыг 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3,150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь 3,150,000 төгрөгийн торгох ялыг 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 5,400,000 гаргуулж, хохирогч “****” ХХК-д олгож, шүүгдэгч Б.Д нь хохирогч “*******” ХХК-д 5,400,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ