| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0139/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/169 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/169
2024 о ы 10 с ы29өдөр а 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,
Шүүгдэгч: Ш.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Н /цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.О /цахимаар/ оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ш.Э холбогдох ***************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь
аймгийн Цогтцэций суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, “Баялаг хатан булаг” ХХК-д ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт ** аймаг, ***сум, 2-р баг, Шинэ хотхон 2-219 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овгийн Ш.Э /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Э нь 2024 оны 04 сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Аврора бааранд Э.Г хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар заамдаж мөргөх, цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун шуу ясны толгой хэсгийн хугарал, зүүн хөмсөг, зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх баруун зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э нь мэдүүлэгтээ: ‘’Тухайн үед Гантөгс ахтай гурвуулаа байсан. 3 ах таньдаг нэг хүнтэйгээ ярьж байсан. Тэр ахтай ярьж байхад Гантөгс ах, ах нар чинь ярьж байна гээд намайг түрүүлж цохисон. Би суган доогуур нь тэвэрч аваад ноолоод гарахдаа мөргөлдөөд хүмүүс ирээд салгасан. Гар хугарах зүйл нойлд болоогүй. Баарны бармен зөөгч нар ирээд намайг нойлд 3 ах ингэлээ, намайг гадаа гаргаж байгаад зодох гээд байна гэхэд аваад гар гэсэн. Эрка гэдэг ахтай барилцаад араас Гантөмөр ах, урьд Гантөгс ах явж байсан. Эрка ахтай барилцаад баарнаас зууралцаж гараад, үүднээс гарахдаа түлхэлцээд Гантөгс ахтай хоорондоо түлхэлцээд байгаад унасан. Тэр өдөр цастай байсан, гулгаатай байсан учир унасан байх гэж бодож байгаа. Тухайн үед гар хугарсныг мэдээгүй байсан. Цагдаа дуудна гээд хэлсэн. Би өөрийгөө бааранд тэр 3 ахад зодуулчихлаа гэж бодоод цагдаад хэлсэн. Би өөрийн гэм буруутай хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Уучлалт гуйя, дахиж ийм алдаа гаргахгүй. Гаргасан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Олон нийтийн газар зохисгүй үйлдэл дахиж гаргахгүй. Хүндрэл учруулж байгаадаа уучлалт хүсэж байна.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Гэм буруугийн дүгнэлтээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм бурууд миний үйлчлүүлэгчийн зүгээс маргахгүй. Гантөгсийн өгсөн мэдүүлэгт нойлд өшиглөөд гар хугарсан. Миний үйлчлүүлэгчийн хэлж байгаагаар санаатай түлхсэний улмаас гадаа гар хугарсан гэх зөрүүтэй мэдүүлэг, нөхцөл байдал байдаг. Гэсэн хэдий ч миний үйлчлүүлэгч санаатай түлхээд халтирч унаад гар хугарч байгаа асуудлыг хүлээн зөвшөөрдөг, үүнд маргадаггүй. 2 дугаарт гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг үзэхэд хохирогч Гантөгсийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх нөхцөл байдал хэргийн хүрээнд харагддаг. 2 удаа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Мөн учирсан гэмтлээ мэдүүлэхдээ 2 шүд хугарсан гэдэг талаар мэдүүлэг өгөөд худлаа ярьж байгаа асуудал өөрийнх нь зүй бус үйлдэл нөлөөлсөн байна гэж үзэж байна. Гэм буруудаа маргадаггүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогчийн зүгээс зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа учир гэм буруугийн дүгнэлтээ дуусгаад хохирлын асуудал байгаа. Хохирол төлбөрийн асуудал прокурор хэлж байна. Гаргаж өгсөн нотлох баримтаас шаардлага хангаагүй бензиний баримт байгаа. Зодуулсны маргааш эмнэлгээр явсан гэж байгаа. Цогтцэций суманд 160.000 төгрөгийн бензин шатахуун хийгээд эмнэлгээр явахыг бодоход илүү төлбөр нэхээд байгаа нөхцөл байдал харагдаж байна гэж миний зүгээс харж байгаа. 160.000 төгрөгийн баримтын он сарыг нь ураад авчихсан байдал байгаа учраас шүүх энэ байдлыг харгалзаж үзнэ үү, шаардлага хангаагүй нотлох баримт учраас 160.000 төгрөгийг хасаад 661.500 төгрөгийг хангаж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэргийн 45 дугаар хуудаст авагдсан сэтгэцэд учирсан зэрэглэлийг 3 дугаар зэрэглэлээр мөрдөгч тогтоосон байгаа. Журмаас харахад 11.4 дүгээр зүйлийн тухайлсан гэмт хэрэгт мөрдөгч дангаар зэрэглэлийг тогтоох эрх хэмжээний албан тушаалтан биш гэдэг нь хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, 2023 оны 07 сарын 31-ний А/268, А/275 дугаартай журам байгаа. Журмын 2.1-т тодорхой заагаад өгчихсөн байгаа. Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно гэсэн нэртэй. Дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэж байгаа. Энд эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйл, 13.10 дугаар зүйл, 27.10 дугаар зүйл заасан тухайлсан зүйлчлэлтэй хэрэгт мөрдөгч журмаар тогтоох бүрэн боломжтой. 11.4 дүгээр зүйлийг заавал шүүх шинжилгээний байгууллага тогтооно гээд журмынхаа 2.2-т заасан байгаа. Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно гээд заасан байгаа. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн учруулсан хүндэвтэр гэмтлийг заавал шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж журамдаа заасан байгаа учир хохирлыг хангахгүй боломжгүй. Харин нээлттэй үлдээх боломжтой гэдэг дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Өмнөх тайлбар дүгнэлтээ бүрэн дэмжиж байна. Хохирлын баримтыг шүүх яаж нотолсон талаар эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд зааснаар шалгаж үздэг. 161.000 төгрөгийн шатахуун Цогтцэцийд яваад байдаг. Шүүх шинжилгээнд хандахдаа мөн 126.950 төгрөгийн баримт өгсөн байгаа. Хот руу 2 удаа ирж очсон зардлын баримтаа өгсөн байгаа. Цогтцэций суманд явсан бензиний зардлыг 161.000 төгрөг гэж өөрийн бичсэн зүйлээр тайлбарлаад байгаа. Энэ нь он сар байхгүй,нотлох баримтын шаардлага хангаагүй учир хасаж тооцож өгнө үү гэсэн эхний саналаа дэмжиж байгаа. Сэтгэцийн зэрэглэл тогтоосон журмаа мөрдөгч хуулиа зөрчсөн байхад хохирогчийн зөвшөөрсөн,зөвшөөрөөгүй асуудал хамааралгүй. Үнэхээр сэтгэц нь хохирол учраад, энэ хүн ажилгүй болоод, хөдөлмөрийн чадвар эрхлэхгүй болсон бол өөрийн эрх ашгийг хамгаалаад ирээд зогсож байх нь яасан юм гэдгийг хэлмээр байна. Ийм учраас сэтгэцэд учирсан 3 дугаар зэрэглэлийг иргэний журмаар нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн анхны саналаа дэмжиж байна.
Миний үйлчлүүлэгчийг шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал миний үйлчлүүлэгчийн хувьд байна гэж үзэж байна. Учир миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байна. Энэ нь ял шалгах хуудсаар тогтоогдож байгаа гэж хэлмээр байна. Мөн энэ хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлыг шүүхийн завсарлагаагаар нөхөн төлсөн нөхцөл байдал харагдаж байгаа. Мөн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал байна. Тийм учраас эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байна. 2 дугаарт хувийн байдлын хувьд Эрдэнэхүү айлын том хүүхэд. Сурсан мэргэжлээрээ тогтвор суурьшилтай нэг компанидаа ажил хөдөлмөр эрхлээд гэр бүлдээ тус нэмэр болоод явж байгаа залуу хүүхэд байгаа. 20 гаруй насандаа ажиллах, амьдрах насан дээрээ анх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа харамсалтай нөхцөл байдал байгаа. Мөн Эрдэнэхүүгийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гэм буруугаа хүлээн мэдүүлж, гэмшиж харамсаж байгаагаа тууштай мэдүүлсээр ирсэн нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг оруулж байна. Миний үйлчлүүлэгчид нэг удаа итгэл хүлээлгэж өгөөч гэдэг саналыг гаргаж байна. Өмнөх тайлбар саналаа бүрэн дүүрэн дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн яриад байгаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг хэрэг авагдсан нөхцөл байдлаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад үгүй юм, 6.5 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн яриад байгаа үндэслэл огт байхгүй гэж яриад байна. Яаж харахаар энэ үндэслэлүүдийг байхгүй байна гэж хараад байгааг ойлгохгүй байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс 3 хөнгөрүүлэх байдлыг хангасан байна. Улсын яллагч тохиолдлын шинжтэй гэдгийг тайлбарласан тайлбарыг өмгөөлөгч миний зүгээс бүрэн дүүрэн дэмжиж оролцож байгаа. 11.4 дүгээр зүйлд хуульдаа 450 нэгжээс эхэлсэн байгаа учир өмгөөлөгч миний зүгээс энэ боломжтой нөхцөл байдлыг хэлж байгаа. Бусдаар хуульд байхгүй торгуулийн хэмжээг хэлээгүй. Энэ байдлыг үндэслээд шүүх шийдэх байх гэж миний зүгээс харж байгаа. Би саналаа оруулж байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх эхний санал дүгнэлтээ бүрэн дүүрэн дэмжиж байна.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ц.О гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргээр Ш.Э энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд одоогоор ямар нэгэн хохирол төлөгдөөгүй байгаа нөхцөл байдал байгаа. Тийм учраас дүгнэлтээ дэмжиж байна. 1 дүгээрт энэ хэрэгт үйлдэгдэх болсон шалтгаан хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж тайлбарлаж байх шиг байна. Эрдэнэхүүг нойлд байхад нь хохирогч гэнэт цохисон юм шиг тайлбарлаж байна. Энэ бол Эрдэнэхүүгийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг. Бусад нотлох баримтаар гэрчийн мэдүүлгээр хохирогч Эрдэнэхүүг гэнэт цохисон зүйл тогтоогдохгүй байгаа. Хохирогчийн мэдүүлэгт Эрдэнэхүү өөрөө цохисон асуудал тогтоогдож байгаа. Тийм учраас 6.5 дугаар зүйл буюу хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг шалтгаалан гарсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. 2 дугаарт 161.000 төгрөгийн бензиний түлшний мөнгө хохирлоос хасуулах тухай асуудал яригдаж байна. Бусад баримтуудыг харахад Улаанбаатар хотод Мөнгөн гүүр эмнэлэг, гэмтлийн эмнэлэгт авхуулсан баримтууд байгаа. Улаанбаатар хот, Цогтцэций сум хооронд зайтай. 1-2 удаа явсан байгаа. Одоо хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Он сар харагдахгүй байна гэдгээр нотлох баримтад үнэлэхгүй байх нь учир дутагдалтай. Яаж ч бодсон Улаанбаатар хот руу явахад автобусаар явахад, хоол зэргийн зардал гарна. Тийм учраас 161.000 төгрөгийн бензиний баримт бодит байдалд нийцсэн баримт байгаа. Он сар яагаад харагдахгүй байгааг мэдэхгүй байна. Тухайн үед баримт олдохгүй байгаад төлбөр төлсөн, дараа нь бензиний баримтаа нөхөөд өгсөн байж болно. Сэтгэцэд учирсан үнэлгээ тооцсон маягтыг мөрдөгч тооцох ёсгүй байсан шинжээч томилох байсан гэж байна. Журмаараа бол тийм, гэхдээ хохирогч өөрөө зөвшөөрсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулж байна. Сэтгэцэд учирсан маягтыг үгүйсгэж байна. Хохирогчийн байдал одоо хүртэл гар нь тэнийхгүй хатингарсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Биеийн хүчээр хийдэг байсан ажил хөдөлмөрөө хийж чадахаа байсан. Хөдөлмөрийн чадвар дордсон. Үүнээс болоод гэр бүлийн хөрөнгө байдал дордож байгаа, мөн сэтгэл санаагаар унаж байгаа. Архи уудаг болсон гэх мэт нөхцөл байдал бол сэтгэцэд учирсан байдал хүндрэхээр байгаа. Шинжээч томилуулбал хүндэрч гарна гэж би бодож байна. Тийм учраас үүгээр тооцохыг хохирогч өөрөө зөвшөөрсөн учир буруудаад байх зүйл байхгүй гэж үзэж байна, асуудлыг хүндрүүлэлгүйгээр хохирогчийн өөрийн зөвшөөрсөн байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Нэгэнт түүнийг шүүхээс гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс 1.000.000 төгрөгөөр шийтгүүлье гэдэг санал гаргаж байгаа юм байна. Мөн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байна.Энэ нь буруу гэж үзэж байна. Хүндэвтэр гэмтлийн санаатай учруулсан байгаа. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт тооцогдохгүй гэж үзэж байгаа. Түүнд оногдуулах ялын хувьд 1.500.000 төгрөгөөр торгох зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн 450.000 төгрөг гэсэн саналыг сонслоо. Үндэслэл хохирлоо төлсөн, анх удаа санаандгүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хууль бус зүй бус үйлдэл энэ гэмт хэрэг гарах болсон зэрэг эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд нөхцөл байдал дурдаж байна. Үүний аль нь ч байхгүй байгаа. Хохирогчийн зүй бус үйлдлийн талаар энэ хэрэг гарах болсон шалтгаан хохирогчоос шалтгаалаагүй. Шүүгдэгч өөрөө, шүүгдэгчийн өмгөөлөгч ингэж тайлбарлаад байгаа боловч хэрэгт нотлох баримтаар тооцогдож байгаа нотлох баримтын хувьд тийм нотлох баримт байхгүй. Энэ хэрэг гарах болсон шалтгаан Эрдэнэхүүгээс өөрөөс нь шалтгаалсан, хэрүүл маргаан, бусадтай таагүй харилцааны улмаас үүссэн. Энэ хохирогчийн өөрийн мэдүүлэг, бусад мэдүүлгээр тогтоогдож байгаа.Тийм учраас хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлийн улмаас энэ хэрэг гарсан гэдэг нь өрөөсгөл. Хохирол төлсөн гэж байна. Хэрвээ шүүгдэгч хохирлыг эрт төлсөн бол эмчилгээ сувилгаа гээд өөрт нь эмчилгээнд нь нэмэртэй байлаа. Хохирогчийн сэтгэл санааны байдал хэцүү байгаа, ажил хөдөлмөр хийж чадахаа байсан, санхүүгийн доройтолд орсон байгаа байдалд өнөөдөр хохирол төлсөн гэж хөнгөрүүлэх гэж байгаа нь зүй бус. Зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Шүүхийн албадлагаар төлж байна. Шүүх хуралдаан болоогүй байхад ямар ч шалтгаангүйгээр төлөхгүй байсан байна. Цалин орлоготой байсан байна. Ийм байхад хохирлоо төлөхгүй байсан байна. Эрт төлсөн бол хохирогчид маш хэрэгтэй байсан. Тохиолдлын шинжтэй гэдгийг өмнө нь тайлбарласан. Шүүгдэгч өнөөдөр гэмшиж байгаа байдал харагдахгүй байна. Хохирол төлснөөр гэмшиж байгаа байдал харагдах байсан. Эрт хохирол төлөөд, нөхцөл байдалд уучлалт гуйх байсан. Үүнийг гэмшиж байна гэж үзэхэд өрөөсгөл. Түүний хувийн байдлыг харж үзэх нь зүйтэй, гэмт хэргийн шинж, үйлдсэн арга хэлбэрийг авч үзэх хэрэгтэй. Нойлд байж байгаад цохиод зодуулсан юм шиг ярьж байна. Гэтэл араас нь очиж хавсарч унагааж байна. Хохирогч өөрийг нь цохисон бол тэмцэлдэж таарна. Тэрийг хохирогчийн зүй бус үйлдэл гэж тайлбарлах нь зүй бус. Эрдэнэхүүгийн хувьд санаа зорилготой. Араас нь гүйж хавсарч унагааж байгаа зэрэг нь тохиолдлын шинжтэй анх удаа гэж үзэхэд өрөөсгөл байна.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Т гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Эрдэнэхүүд холбогдох эрүүгийн 2429001560147 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцсон дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрдэнэхүү нь 2024 оны 04 сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “аврора” бааранд Гантөгстэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар заамдаж, мөргөх цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд баруун шуу ясны толгой хэсгийн хугарал, зүүн хөмсөг, зүүн хөмсгийн дотор хэсэг шарх, баруун зүүн хөмсөг зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Тийм учраас түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Гантөгсөөс 822.550 төгрөгийн баримт ирүүлсэн байгаа. Ирүүлсэн баримтын дагуу хохирол төлбөр төлөөгүй байгаа. Энэ хохирол төлбөрт тээврийн хэрэгслийн 161.000 төгрөгийн бензиний баримт гаргаж өгсөн байгаа. Бензиний баримтад он сар хугацаа байхгүй байгаа зүйл байгаа. Үүнийг эмчилгээ руу явахад зарцуулсан эсвэл огт зарцуулаагүй гэдгээ өөрийн биеэр нотолж чадахгүй баримт байгаа. Сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэглэлээр тогтоосон.3 дугаар зэрэглэлээр тогтоосны дагуу хохирол төлбөр, сэтгэцийн хор уршгийг арилгах талаар шийдвэрлүүлэхийг журмаараа шүүхэд олгогдсон байгаа учир үүнд миний зүгээс хэлэх тайлбар байхгүй гэсэн саналыг оруулж байна. Хохирлын баримтыг хэлсэн, нэг хэлсэн зүйлээ олон дахин давтахгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч томилж дүгнэлт гаргуулна гэж байгаа бол үүнийг нээлттэй үлдээгээд хохирогч иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж болно гэдгийг нэмж хэлмээр байна.
Шүүхээс Э эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтээ хэлье. Түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Түүний хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа нь 5.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Энэхүү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Тэрээр энэ хэргийн улмаас баривчлагдаагүй,цагдан хоригдоогүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхтэй холбоотой зардлын баримт нэхэмжилж ирүүлээгүй болно гэсэн дүгнэлт гаргаж байна. Миний хувьд тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэдэгт яагаад хамааруулж үзээд байсан бэ гэвэл 1 дүгээрт тухайн хэргийн нөхцөл байдалд хэрэг хянахад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч тухайн үед зориуд очиж зодох, санаатайгаар зодооныг өөрөө бий болгон үүсгэн өдөж бий болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл тухайн бааранд нойлын өрөөнд нойлын өрөө ашиглах энэ хугацаанд тухайн үед тохиолдлын шинжтэй болсон үйл явдал. Түүнээс бааранд зорьж очиж зодоод байгаа биш. 2 дугаарт энэ хүн өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй нь ял шалгах хуудсаар гарч ирсэн учир анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналыг оруулахдаа өнөөдөр хохирлоо төлсөн байгаа нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд хохирлоо төлж байна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг ийм нөхцөл байдлуудыг үндэслээд 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцэж,шударга ёсонд нийцнэ гэдэг агуулгаар улсын яллагчийн зүгээс саналаа шүүх хуралдаанд оруулж байгаа. 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналын тухайд энэ хүний үйлдэлтэй холбоотой, шалтгаант холбоотойгоор хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хөнгөн хохирол биш.Бид нар хөнгөн хохирол учруулсан хүнд хялбаршуулсан журмаар ял шийтгэл оногдуулахдаа 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналаа шүүхэд оруулдаг. Энэ хэрэг тийм биш. Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл байгаа учир анхны саналаа дэмжиж байна.’’ гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Гантөгсийн: “...2024 оны 04 сарын 29-ний орой 00 цаг өнгөрч байхад Цогтцэций сумын төвд байрлах Аврора бааранд найз Алтансарангийн хамт орсон юм. тэгээд бид хоёр нэг шил виски аваад сууж байгаад би 30 минут болоод 00 орчхоод бие засчхаад гарч байсан чинь 2 залуу 00-н үүдэнд байж байсан. тэгсэн нэг залуу надтай хамт 9 жил хамт сурч байсан залуу байсан тэгсэн тэр залуу намайг юу байна гэж хэлсэн тэгэхээр нь би тайван гэж хэлээд гарах гэж байсан чинь хажууд нь байсан залуу нь чи хэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би гоё шоудаарай гээд 00 гарах гэж байсан чинь тухайн залуу шууд мөргөж цохиод авсан тэгээд би манараад нүд харанхуйлаад газар унасан тэгээд 00 орох гэж байсан хүмүүс орж ирээд салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Алтансарангийн: “....тэгээд дахиад нэг шилд виски захиалчхаад ганцаараа 00 ороод бие засчхаад гарах гэтэл хамт явж байсан найз Гантөгс нь нэг залуутай араас орж ирээд хоорондоо юм яриад 00-д үлдсэн би 00-н гадаа найзыгаа хүлээгээд зогсож байхад миний зүс таних Эрдэнэхүү ОО-руу ганцаараа орсон юм. тэгээд Эрдэнэхүүг орсны дараа төд удалгүй 00-д хүмүүс шуугилдаад түжигнээд эхлэхээр нь ОО-руу би буцаад ороход 00-н зүүн урд буланд Гантөгсийг Эрдэнэхүү энгэрээс заамдаад шахсан байдалтай зогсож байсан голд нь нөгөө залуу хорьсон байдалтай зогсож байсан. Тэгээд намайг яваад очих үед Эрдэнэхүү манай найз Гантөгсийн нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн энэ үед нь би Эрдэнэхүүг хориод салгах гээд солгой гараараа цамцнаас нь араас нь татаад дийлээгүй юм. тэгсэн 00-д хүмүүс орж ирэхэд нь Эрдэнэхүү Гантөгс хоёр өөрсдөө салцгаасан юм. Тэгэхэд Гантөгсийн нүүр нь нил цус болчихсон баруун гараа зүүн гараараа барьчихсан байдалтай гараа хөдөлгөж чадахгүй зогсож байсан. тэгээд Эрдэнэхүүгийн найз нар нь бололтой залуучууд Эрдэнэхүүг 00-оос аваад гарсан. Энэ үед Гантөгсийн гар нь хугарсан юм шиг байхаар нь Баясгалан бид 2 Эрдэнэхүүг найз нартайгаа явган алхаж байхад нь араас нь гүйж очоод цагдаа дуудъя манай найзын гар нь хугарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 249 дугаартай “1. Э.Гантөгсийн биед баруун шуу ясны толгой хэсгийн хугарал, зүүн хөмсөг, зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, баруун зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Э.Гантөгсийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Э.Гантөгсийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Э нь 2024 оны 04 сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Аврора бааранд Э.Гантөгстэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар заамдаж мөргөх, цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун шуу ясны толгой хэсгийн хугарал, зүүн хөмсөг, зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх баруун зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Э хохирогч Э.Гантөгсийг заамдаж мөргөх, цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун шуу ясны толгой хэсгийн хугарал, зүүн хөмсөг, зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх баруун зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Ш.Э хохирогч Э.Гантөгсийн заамдаж мөргөх, цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд баруун шуу ясны толгой хэсгийн хугарал, зүүн хөмсөг, зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, баруун зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч Ш.Э хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Гантөгсийн бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Эрдэнэхүү шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж хохирогч Э.Гантөгсийн эмчилгээний төлбөрт 661,550 төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 102 дахь тал/
Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжилгээний байгууллага тогтоох тул хохирогч Э.Гантөгс нь өөрт учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг, мөн хохирогч Э.Гантөгс 161,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх гаргах эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ийм саналыг шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү.” гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.О “...1.500.000 төгрөгөөр торгох...” гэсэн саналыг,
Шүүгдэгч Ш.Э “...гаргасан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Олон нийтийн газар зохисгүй үйлдэл дахиж гаргахгүй. Хүндрэл учруулж байгаадаа уучлалт хүсэж байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Ш.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 60 дахь тал/
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эрдэнэхүүг прокурорын саналын хүрээнд 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ш.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Гантөгсийн 161,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх гаргах эрхийг, хохирогч Э.Гантөгс нь сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Эрдэнэхүү нь хохирогч Э.Гантөгсийн эмчилгээний төлбөрт 661,550 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ