| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/163 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/163
2024 10 21 2024/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц,
Шүүгдэгч: Э.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Э.Б холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монголын төмөр зам” ТӨХК-нд галч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суудаг, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ө овогт Э.Б /Регистрийн дугаар:************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.У “...би 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мобифинансын 99105519181 тоот данснаас өөрийн “Худалдаа хөгжлийн банк” -ны 414045981 тоот данс руу 600,000 төгрөгийг шилжүүлэх гэсэн боловч сүүлийн нэг орон андуураад “Худалдаа хөгжлийн банк”-ны 414045987 тоот данс руу 600,000 төгрөгийг ... гүйлгээний утга дээр” “ии” гэж бичээд шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс шууд “Худалдаа хөгжлийн банк”-ны лавлах утас руу залгаад асуусан...”манайх мэдэхгүй байна, мобифинансаас асуу” гэж хэлсэн. Тэгээд өглөө нь 0900 цагийн үед “Мобиком”-ын лавлах руу залгаад юу болсон талаараа ярихад “Ойлголоо, “Худалдаа хөгжлийн банк” руу хүсэлт явуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тайвшраад нэг хэсэг хүлээсэн. ...тэгсэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр над руу “Мобиком”-оос залгаад “Таны хүсэлтийн дагуу “Худалдаа хөгжлийн банк” руу хүсэлт явуулсан бөгөөд хариу нь ирлээ, ... “Таны мөнгийг буцааж өгөх боломжгүй гэж хэлсэн байна.” гэж хэлсэн бөгөөд намайг хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөн байгаа. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...600,000 төгрөг нь миний эзэмшлийн мөнгө байсан. Би уг мөнгийг өөрийн нэр дээр байдаг “Худалдаа хөгжлийн банк”-ны 414045981 тоот данс руу шилжүүлэх гэж байсан. Харин 414045987 тоот данс эзэмшигчийн талаар бол мэдэх зүйл байхгүй. Данс эзэмшигчийн нэр нь ямар ч байсан Эрдэнэбилэг буд гэж байсан. Уг данс эзэмшигчтэй холбоо барьсан асуудал байхгүй. Хэрвээ би уг хүний оронд байсан бол миний буруу шилжүүлсэн мөнгийг буцаагаад шилжүүлэх байсан. Яагаад гэвэл ямар данснаас орж ирсэн талаар мэдээлэл нь харагддаг шүү дээ. Миний шилжүүлсэн мөнгийг буцааж өгөхгүй байгаа энэ асуудал нь гэмт хэрэг гэдгийг би мэдэж байна. ...мөн уг хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн “...миний данс руу 200,000 болон 400,000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Яллагдагч Э.Б Худалдаа хөгжлийн банкны 414045987 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
Яллагдагч Э.Б Худалдаа хөгжлийн банкны 414045987 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Б “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний Худалдаа хөгжлийн банкны 414045987 тоот дансыг зөвхөн би өөрөө ашигладаг. Надаас өөр хүн ашиглаж байсан удаа байхгүй. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 414045987 тоот дансанд 600,000 төгрөгийн орлого орж ирсэн. Би тэр өдөр архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байсан болохоор 600,000 төгрөгийг аваад ашигласан байгаа.... миний эзэмшлийн мөнгө биш байсан бөгөөд дараа нь би бодохдоо “Хэн нэгэн хүн андуураад шилжүүлсэн байх” гэж бодсон. ... цагдаагийн байгууллагаас над руу холбогдсон бөгөөд уг мөнгө нь данс андуурагдсан гүйлгээ байна гэж хэлсэн. Тэгээд мөнгө байгаа эсэх талаар нь асуухад би уг мөнгийг үрчихсэн гэж хэлсэн. “Буцаагаад шилжүүл” гэхэд нь надад мөнгө байхгүй байсан болохоор буцааж шилжүүлж чадаагүй. Тухайн мөнгө нь миний мөнгө биш байсан. Харин буцааж шилжүүлээгүй асуудал гэвэл би архи уусан байсан болохоор шилжүүлж амжаагүй юм. Тэгээд маргааш нь би хувийн хэрэгцээндээ зарцуулсан байгаа. Уг мөнгийг орж ирэхээс өмнө миний дансанд ойролцоогоор 59,000 төгрөг байсан...59,000 төгрөг дуусахаар нь уг 600,000 төгрөгийг ашигласан байгаа. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа бөгөөд ийм байдалд хүрнэ гэж бодсонгүй. Уг нь буцаагаад шилжүүлнэ гэж бодож байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад одоо шилжүүлж чадаагүй ... хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэг заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг хангажээ.
Энэ гэмт хэрэг нь бодит хохирол шаардах хөнгөн гэмт хэрэг ба төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Шүүгдэгч Э.Б хохирогчийн алдаатай гүйлгээг завшсан үйлдэл болон хохирогч Г.Ууганбаярын өмчлөх эрх буюу эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.У хохирол төлбөрт 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 68, 71-72 дахь тал/,
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.Б хүлээн зөвшөөрсөн 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө овогт Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь хохирогч Г.У хохирол төлбөрт 600,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ