| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/01546/И |
| Дугаар | 183/ШШ2019/01609 |
| Огноо | 2021-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2019/01609
| 2019 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2019/01609 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 байр, 10 тоотод оршин байрлах,******* ХХК /рд:2884208/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 116 дугаар байр,******* тоотод оршин суух,******* онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Ариун зам овогт Сүхбаатарын******* /рд:*******/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч С.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тулга төхөөрөмж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тулга төхөөрөмж ХХК нь С.Нямдаваагийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гал тогооны тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдан авагч С.Нямдаваагийн захиалгын дагуу худалдагч******* ХХК нь 13 нэр төрлийн гал тогооны тоног төхөөрөмж /эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй/-ийг худалдах /нийлүүлэх/, худалдан авагч*******нь тоног төхөөрөмжийн үнэ буюу төлбөрт урьдчилгаа 1 000 000 төгрөгийг, үлдэгдэл 2 500 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний дагуу хариуцагч*******нь урьдчилгаа 1 000 000 төгрөгийг төлөөгүй боловч манай компанийн зүгээс гэрээнд заасан 4 800 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг түүнд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийлүүлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно. Мөн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нийтийн хоолны гал тогооны тоног төхөөрөмж болох агааржуулалтын системийг түүний хүсэлтийн дагуу худалдсан бөгөөд уг тоног төхөөрөмжийн үнэ болох 1 300 000 төгрөгийг хариуцагч*******төлөөгүй. Бид удаа дараа дээрх төлбөрийг төлөх талаар түүнд мэдэгдэж байсан бөгөөд түүний иргэний үнэмлэх дээрх бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 23 дугаар байрны 35 тоот хаягийн дагуу уулзах гэж очсон боловч уг хаягт амьдардаггүй, мөн Баянзүрх дүүрэгт байрлах Итгэл цайны газарт очиход байдаггүй. Утсаар холбогдохоор төлбөрөө төлнө гэж тайлбарладаг байсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр манай компаниас худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ болох 4 800 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулах тухай баталгаа гаргаж өгсөн. Дээрх хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлбөрөө төлөхгүй одоог хүртэл манай компанийг хохироож байгаа тул бид гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 3.2 дахь хэсэгт заасны дагуу түүнээс худалдсан тоног төхөөрөмжийн үнэ 4 800 000 төгрөгийг, алданги 2 400 000 төгрөгийн хамт нийт 7 200 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч 200 000 төгрөгийг төлсөн байх тул үүнийг үндсэн төлбөрөөс хасч 4 600 000 төгрөг, алдангийг бичгээр гэрээ байгуулсан 3 300 000 төгрөгийн үлдэгдлээс тооцож 1 650 000 төгрөг, нийт 6 250 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч С.Нямдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр******* ХХК-иас гал тогооны тоног төхөөрөмж 3 500 000 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс 200 000 төгрөгийг төлсөн тул үндсэн гэрээний 3 300 000 төгрөг, алданги 1 650 000 төгрөг, нийт 4 950 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй агааржуулах системийн тоног төхөөрөмжийн 1 300 000 төгрөгөөс моторын 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд агааржуулах зонтиг, хоолой, туслах материал нийт 1 000 000 төгрөгийг тоног төхөөрөмж авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч С.Нямдаваад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа 950 000 төгрөгөөр багасгаж, үндсэн төлбөрт 4 600 000 төгрөг, алданги 1 650 000 төгрөг нийт 6 250 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гал тогооны тоног төхөөрөмжийн үнэ 3 300 000 төгрөг, алданги 1 650 000 төгрөг, мөн агааржуулах систем худалдан авсан 1 000 000 төгрөгийг тус тус зөвшөөрнө, харин 300 000 төгрөгийн моторыг өөрөө худалдаж авсан тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Гал тогооны тоног төхөөрөмж худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр******* ХХК нь сайн чанарын нэр бүхий 14 төрлийн гал тогооны тоног төхөөрөмжийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор угсарч С.Нямдаваад 3 500 000 төгрөгөөр худалдахаар,*******нь 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2 500 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлбөрийг төлөхөөр, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохилдолд хуульд заасны дагуу алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч энэхүү гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн шаардсан 4 950 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Харин нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 29-ны өдөр хариуцагчид худалдсан агааржуулалтын хоолой, туслах материал, мотор зэргийн үнэд 1 300 000 төгрөг гаргуулахаар шаардан зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дээрх тоног төхөөрөмжийг С.Нямдаваад хүлээлгэн өгсөн болохоо нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн зөвшөөрсөн 1 000 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Нямдаваагаас 5 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ