Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­157

 

 

 

  

 

       

   

 

    2024             10                   09                                               2024/ШЦТ/­­­­157                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц /томилолт/,

Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ганзоригт холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Оюутолгой ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баянхөөврийн 772 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Г /РД:*******/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 53-56 УНД улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ нийтийн эзэмшлийн цахилгаан түгээх тоног төхөөрөмж буюу цахилгааны цементэн шон мөргөж, ‘’Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц’’ төрийн өмчид хувьцаат компанид 2.240.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ‘’нийтийн эзэмшлийн тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь мэдүүлэхдээ: ‘’Та бүхнээсээ ганц зүйл хүсэх нь жолооны эрхийг хасахгүй байж болох уу. Би жолооны эрхээ хасуулчихвал доор шуурхай албанд явж чадахаа больчихно, ажлаас бараг халагдах юм болно. Албан тушаал нь оператор, цахилгаанчин, шуурхай багийнхан. Энд эхнэр хүүхдээ авчраад суурьшиж байгаа сум дээр сайхан амьдрах гээд үзээд байна. Миний болгоомжгүй үйлдэл, би үүндээ маш их харамсаж байгаа. Түүнээс хойш би архинаас гарсан байгаа, огт амсахгүй явж байгаа.

Манай ээж хотод ганцаараа байдаг, би хааяа очиж асарчхаад наашаа буцаж ирж болдог юм болов уу, зөвшөөрөл авах уу.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Г.Ц гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’2024 оны 10 сарын 09-ний өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум гэм буруутайд тооцуулах тухай, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон эрүүгийн хяналтын ангийн 17.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 06 сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 53-56 УНД улсын дугаартай дугаартай тоёота ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ нийтийн эзэмшлийн цахилгаан түгээх тоног төхөөрөмж буюу цахилгааны цементийн шугам өргөж, өмнөд бүсийн цахилгаан түгээх станц төрийн өмчит хувьцаат компанид 2.240.000 төгрөгийн хохирогч учруулж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батхүүгийн мэдүүлэг, “хас үнэлгээ” компанийн үнэлгээ, өмнөд бүсийн цахилгаан түгээх станц төрийн өмчит хувьцаат компанийн гэмтлийн акт, эрх бүхий албан тушаалтны магадлалаа зэрэг баримтаар тогтоогдож байна. Үүнд шүүгдэгч Б.Г үйлдсэн гэмт хэргийг эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж байна. Нэмэлт тайлбар байхгүй. Эхний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод, тухайн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байх явцдаа болгоомжгүй байдлаар нийтийн эзэмшлийн цахилгаан түгээх станцад бага бус хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан нь  эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь жичид нь зөрчлийн арга хэмжээ авхуулах нь зүйтэй байна. Үүнийг тусад зөрчлийн ЭБАТ-ууд шийдвэрлэх нь зүйтэй байх, үүгээр шийдвэрлэх боломжгүй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын оногдуулах тухай, шүүгдэгч Б.Г шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул үүнд тухайн зүйл хэсэгт зааснаар хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй хэдий ч түүний согтуугаар тээврийн хэрэгсэл, согтолтын зэргийг харгалзаад түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих  эрх хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял байгаа, нийтэд тустай ажил хийлгэх ялын тухайд давхар ажлууд эрхэлж, эхнэр 4 хүүхдээ авч явж байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ял боломжгүй гэж үзэж байна. Торгуулийн ял түүнд үр нөлөөгүй болов уу гэж үзэж байна. Иймд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулаад тухайн ялыг Ханбогд сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл байхгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан таслан хязгаарлах арга хэмжээ авсныг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Анхны саналаа дэмжиж байгаа. Түүнд зорчих хязгаарлах ял, ажил хөдөлмөр эрхлээд зорчих хязгаарлах ялаа эдэлсэн нь зүйтэй гэж үзэж байна. Энд ерөнхийдөө суурьшчихсан байдаг юм байна. Ээжийгээ хардаг асуудал нь тусдаа асуудал. Энэнд хамааралгүй. Тийм учраас анхны саналаа дэмжиж байна. Зорчих хязгаарлах ялыг оногдуулах сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.’’ гэв.

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батхүүгийн “....2024 оны 06 сарын 04-ний шөнө 00 цаг 30 минутын үед 3510 дэд станц дээр эрлийн хамгаалалтаар манай ажлын хүмүүс ирсэн байсан тухай үед хүчдэл хэлбэлзсэн учир шалгалт хийсэн тэгсэн Хөөвөр гаргалгааны 10 кв-н шугаман дээр гэмтэл заасан дохио өгсөн тэгээд ажлын хэсгээрээ үзлэг хийгээд явж байх үед Баян хөөврийн 739 тоот хашааны урд талын 10 кв-н тулгуурыг Тоёота ландкрузер-100 маркийн 53-56 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ганзориг нь согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцож явах үедээ мөргөсөн байсан тэгээд өглөө нь 09 цагийн үед бэлтгэл ажлаа хангаад уг тулгуурыг засварлахаар ажиллаад 13 цаг 13 минутад үед бүрэн дуусаж хүчдэл залгасан ‘’ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

           “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 41-45 дахь тал/, 

            ‘’Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц’’ төрийн өмчид хувьцаат компанийн 2024/16 дугаартай тоног төхөөрөмжийн гэмтлийн акт /хавтаст хэргийн 47 дахь тал/,

            Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.Ганзоригийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ганзориг нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 53-56 УНД улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн цахилгаан түгээх тоног төхөөрөмж буюу цахилгааны цементэн шон мөргөж, ‘’Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц’’ төрийн өмчид хувьцаат компанид 2.240.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэрэг нь нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн, идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Шүүгдэгч Б.Ганзориг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а тухайн ангиллын тээврийг хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 5.67 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулж үйлдсэн тул болгоомжгүйгээр тус гэмт хэргийг үйлдсэнд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заажээ.

            “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь: 1/ нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсэн байхыг,

            2/ түүний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасныг үзвэл гурван зуун нэг нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, түүнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг ба энэ нь тус гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинжийг тус тус хангасан материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсныг дурдах нь зүйтэй.

Энэ гэмт хэрэг нь бодит хохирол шаардах хөнгөн гэмт хэрэг. Эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г “Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц’’ төрийн өмчид хувьцаат компанийн эзэмшил буюу нийтийн эзэмшлийн 10 кв-ын цахилгааны бетон шонг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож мөргөж гэмтээсэн үйлдэл болон учирсан хохирол /гэмтэл/ хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

           Тухайн 10 кв-ын цахилгааны бетон шон нь “Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц’’ төрийн өмчид хувьцаат компанийн эзэмшилд байх бөгөөд Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц’’ төрийн өмчид хувьцаат компанийн иргэдийг цахилгаан, эрчим хүчээр хангах зориулалт бүхий нийтийн эзэмшлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Иймд, шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

              Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.   

Шүүгдэгч Б.Г гэм буруутай болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч “Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц” төрийн өмчит хувьцаат компанид 2,240,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

Шүүгдэгч Б.Г нь хохирогч “Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц” төрийн өмчит хувьцаат компанид 3,532,100 /гурван сая таван зуун гучин хоёр мянга нэг зуу/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 64 дэх тал/,  

 

Иймд, шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Б.Г нь болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулаад тухайн ялыг Ханбогд сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Б.Г “...миний болгоомжгүй үйлдэл, би үүндээ маш их харамсаж байгаа. Түүнээс хойш би архинаас гарсан байгаа, огт амсахгүй явж байгаа. Манай ээж хотод ганцаараа байдаг, би хааяа очиж асарчхаад наашаа буцаж ирж болдог юм болов уу, зөвшөөрөл авах уу.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Б.Г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 69 дэх тал/  

       Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж үзэв.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.   

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Г нь хохирогч “Өмнөд бүсийн цахилгаан түгээх станц” төрийн өмчит хувьцаат компанийн хохирол төлбөрт 3,532,100 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.БАТМӨНХ