Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­156

 

 

 

 

   

 

        

   

    

    2024            10                    09                                            2024/ШЦТ/­­­­156                                               

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Гэрэлтуяа,  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С /томилолт/,    

Шүүгдэгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Э холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, **** оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Далангийн 1-9а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.Э /РД:*********/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Н.Э нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, нүүрс тээврийн автозамын 236 дахь км-т архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 90-76 УБХ улсын дугаартай ДАЮУН маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э нь мэдүүлэхдээ: ‘’…гэм буруутайгаа ойлгож байна, торгуулийнхаа арга хэмжээг би одоохондоо ажилгүй байгаа учир хэсэгчилж төлж болох болов уу. Би зорчих эрхийг хасуулна гэдэгт санал зөрж байна. Торгуулийн арга хэмжээг би ямар нэгэн аргаар төлбөрөө хийгээд үргэлжлээд ажил хийгээд явах санаатай байна.  Хувиараа хүүхдээ дагаж ажил хийх учир зорчих эрхийг өөрчилж өгнө үү гэж гуйж байна.’’ гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.С нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хяналтын хяналт тавих хяналтын прокурор, хуульд цаазын дэд зөвлөх Т.Солонго би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 35.24.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Н.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 2429000000134 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Эрдэнэбат нь тээврийн жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг, нүүрс тээврийн авто замын 236 километрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 90-76 УБХ улсын дугаартай даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд нь шинэчлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан лавлагаа, гэрч Б.Баасандоржийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолоочийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон, оролцогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч гэдэг нь тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсвэл эрхгүй, эсвэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. Тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтуурсан, мансуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно. Шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Н.Э гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч урьд өмнө гэмт хэрэг үйлдээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь өөрөө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт хамаарагдаж үзэх боломжгүй байна гэж үзэж байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад, өнөөдөр хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны явцад шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргаагүй. Мөн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал болон өндөр настай 57 настай зэрэг байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

Таны холбогдсон гэмт хэрэг хэрэгт торгуулийн ял болон зорчих эрхийн хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ялын ийм 4 төрлийн ялтай. Гэсэн хэдий ч танд торгуулийн ял оногдуулах үндэслэл хавтаст хэргийн хүрээнд нотлогдохгүй байна. Яагаад гэвэл та өнөөдрийн байдлаар эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Сарын өрхийн орлого эхнэртэйгээ, хүүхэдтэйгээ бид 3 нийлээд 3.000.000 төгрөгийн орлоготой гэж байгаа боловч та өөрөө ажилгүй, мөн өрхийн орлого нотолсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул торгох ял биелэх боломжгүй, ийм нөхцөл байдал үүсэж байх тул танд зорчихыг хязгаарлах ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Та Улаанбаатартаа харуул хамгаалалтын ажил хийнэ гэж түрүүн шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбар хэлсэн. Тийм учраас өмнөх ялын саналаа дэмжиж байна.’’ гэв.

  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,  

  Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,  

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баасандоржийн “...2024 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 11 цагийн орчимд Цагдаагийн байгууллагаас миний гар утсанд дуудлага ирсэн. Цагдаагийн алба хаагч надад хэлэхдээ ‘’та Ариун хишиг лонистик ХХК-ийн менежер мөн үү, танай компанийн жолооч Эрдэнэбат гэдэг хүн жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон байна та хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд би журмын хашаан дээр цагдаагийн алба хаагчтай уулзаад манай Ариун хишиг логистик ХХК-ийн эзэмшлийн 90-76 УБХ улсын дугаартай Даюун маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн.’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Н.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, нүүрс тээврийн автозамын 236 дахь км-т согтуурсан буюу 0.90 хувийн согтолттойгоор 90-76 УБХ улсын дугаартай ДАЮУН маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангажээ.

            Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт үйлдлийг ойлгохоор заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж, мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэж тус тус заасан байна.  

Шүүгдэгч Н.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, нүүрс тээврийн автозамын 236 дахь км-т согтуурсан буюу 0.90 хувийн согтолттойгоор 90-76 УБХ улсын дугаартай ДАЮУН маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд, шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

   Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Н.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Н.Э “...гэм буруутайгаа ойлгож байна, торгуулийнхаа арга хэмжээг би одоохондоо ажилгүй байгаа учир хэсэгчилж төлж болох болов уу. Би зорчих эрхийг хасуулна гэдэгт санал зөрж байна. Торгуулийн арга хэмжээг би ямар нэгэн аргаар төлбөрөө хийгээд үргэлжлээд ажил хийгээд явах санаатай байна.  Хувиараа хүүхдээ дагаж ажил хийх учир зорчих эрхийг өөрчилж өгнө үү гэж гуйж байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Н.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 22 дахь тал/  

     Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эр тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж байна гэж үзлээ.   

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ