Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­155

 

 

 

 

   

 

        

   

 

    2024            10                    09                                             2024/ШЦТ/­­­­155                                               

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Булган-Эрдэнэ,  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц /томилолтоор/,   

Шүүгдэгч: Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Ц холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, ***** оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 34-о хороо, Толгойтын 73-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймгийн шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 2 жилийн 6 сарын хугацаагаар хорих, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 05 сарын 22-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 сарын 09-ний өдрийн 205 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л.Ц /РД:*********/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Л.Ц /РД:*******/ нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Гашуун сухайт хилийн боомтын замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 25-01 ӨМЭ улсын дугаартай Шанхэй маркийн тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц нь мэдүүлэхдээ: “...би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож гэмт хэргийн үйлдэл хийснээ ойлгож байгаа. Цаашид дахиж ийм буруу зөрүү үйлдэл хийхгүй гэдгээ хэлж чадах байна. Шүүх бүрэлдэхүүн та бүхнээс би дахиж ийм үйлдэл хийхгүй буруугаа ойлгож байгаа саналыг минь хүлээн авч харж үзээчээ гэж хүсэж байна. Торгуулийн шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Торгуулийг цаг тухайд нь төлнө. Торгуулийн шийтгэл болгож өгөөч. Хүүхдүүд багахан нэг нь нэгдүгээр анги, нөгөөх нь наймдугаар ангид байдаг. Эхнэр ажил хийх хөл гар муутай тийм хүсэлттэй байна.” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Г.Ц нь гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’ 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймаг, ханбогд сум гэм буруутайд тооцуулах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Цогтмагнай би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 35.2 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Л.Цогбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Л.Цогбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 6 дугаар  сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Гашуун сухайт хилийн боомтын замд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2.34 хувийн согтолттойгоор 25-01 ӨМЭ улсын дугаартай Shanxai маркын  тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг мэдүүлсэн тухай тэмдэглэл, 2024 оны 6 дугаар сарын 12-ын өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, согтууруулах шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2.34 хувь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа,  2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд Л.Цогбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Анхны саналаа дэмжиж байна. Шүүгдэгч Л.Цогбаярын тухайд 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Гэтэл Л.Цогбаяр нь  3 сарын дараа буюу 6 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5-р баг, Гашуун сухайт хилийн боомтын замд 2.34 хувийн согтолттойгоор тээврийн  хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон. Тодруулбал 25-01 ӨМЭ улсын дугаартай Shanxai маркын  тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй байна. Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцуулах саналтай байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүгдэгч Л.Ц үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Цогбаяр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Түүнийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Л.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2  жилийн хугацаагаар хасах саналтай байна. Тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тоолох саналтай байна. Мөн түүнд 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсанг өөрчилж, энэ өдрөөс хойш цагдан хорих саналтай байна.

Анхны саналаа дэмжиж байна. Шүүгдэгчийн тухайд торгуулийн ял болгож өгөөч гэсэн асуудлыг ярьж байна. Шүүх, прокурорт бол боломжгүй хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүс дээр бол маш их том хэмжээний нүүрс тээврийн машинууд явж байдаг. Осол аваар гарахаар бол асар их хэмжээний хохирол, хор уршиг учирч байдаг. Ажиглахад жолооч нар  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг энгийн үзэгдэл мэтээр үл тоомсорлосон байдалтай байдаг юм байна. Торгуулийн ял Л.Цогбаярын хувьд үр нөлөөгүй гэж үзэж байна. Өөрөө өмнө нь эрхээ хасуулсанаа мэдэж байсан, мэдэж байсан хэрнээ дахиад согтуугаар том оврын тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан. Ийм учраас түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй. Хорих ялыг оногдуулж өгөөч гэсэн саналтай  байна.’’ гэв.

  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

  2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан
хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс
үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

  2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, илтгэх хуудас /хавтаст хэргийн 8-9, 11 дэх тал/,

 Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Л.Ц прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Гашуун сухайт хилийн боомтын замд согтуурсан буюу 2.34 хувийн согтолттой үедээ 25-01 ӨМЭ улсын дугаартай Шанхэй маркийн тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Л.Ц өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

            Шүүгдэгч Л.Ц нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 22 дахь тал/,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт үйлдлийг ойлгохоор заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж, мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Л.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Гашуун сухайт хилийн боомтын замд согтуурсан буюу 2.34 хувийн согтолттой үедээ 25-01 ӨМЭ улсын дугаартай Шанхэй маркийн тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд, шүүгдэгч Л.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

   Шүүгдэгч Л.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Л.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2  жилийн хугацаагаар хасах саналтай байна. Тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тоолох саналтай байна. Мөн түүнд 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Л.Ц “...торгуулийн шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Торгуулийг цаг тухайд нь төлнө. Торгуулийн шийтгэл болгож өгөөч. Хүүхдүүд багахан нэг нь нэгдүгээр анги, нөгөөх нь наймдугаар ангид байдаг. Эхнэр ажил хийх хөл гар муутай тийм хүсэлттэй байна.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Л.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цогбаярын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгыг хангаж байна гэж үзлээ.   

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Б овогт Л.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолсугай.

             5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

            6.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

   

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ