| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0856/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1463 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2020/ДШМ/1463
185/2020/0856/Э
2020 12 10 2020/ДШМ/1463
Ш.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Бямбасүрэн,
шүүгдэгч Ш.Д,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Ды гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2009000000956 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д,
Ш.Д нь 2020 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 3030 тоотод байрлах иргэн М.Г-ын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, Evok, Соёрхол, Улаанбаатар, Чингис gold нэртэй архи хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Даас 236.550 төгрөгийг гаргуулан хохирогч М.Г-т олгож, түүний цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ш.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2020 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтуугаар хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 236.550 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд миний 1-7 насны гурван хүүхэдтэй, эхнэр ажилгүй, нэг нүд хараагүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс Ш.Дыг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон. Ш.Д нь бусдад нийт 338.750 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс зарим эд зүйлсийг нь буцаан өгч 236.550 төгрөгийн хохирол төлөгдөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд тухайн зүйл заалтыг хэрэглэхээр хуульчилсан. Гэтэл Ш.Д нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ш.Д нь 2020 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 3030 тоотод байрлах иргэн М.Г-ын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч “Evok”, “Соёрхол”, “Улаанбаатар”, “Чингис gold” нэртэй 0.75-1.75 литрийн 7 ширхэг архи хулгайлан авч 219.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч М.Г-ын “...өглөө 08 цагийн үед манай “Билэгт Хаан” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг хүн над руу залгаад “Танай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна. Цонх нь хагархай байна” гэсэн. ...Намайг очиход дэлгүүрийн зүүн талын жижиг цонх хагарсан байдалтай байсан бөгөөд дэлгүүр лүү ороход лангуун дээр байсан хэдэн төрлийн архи алдагдсан байсан...” /хх 17-19/,
Ш.Ды яллагдагчаар өгсөн “...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3030 тоот хашааны хүнсний дэлгүүрийн цонхны сараалжийг гараараа татаж, хөшиж онгойлгон цонхыг нь хагалж дотогш ороод 7 шил архи хулгайлж авсан. Хагалсан цонхоороо буцаж гараад гэртээ очиж, 1.75 литрийн “Еvок” архийг уугаад тасарсан. …” /хх 66-68 / гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт болон СD бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 4-10, 13-14/, эд зүйлийн үнэлгээ /хх 59/, 0.75 литрийн 35.300 төгрөгийн үнэ бүхий “Эvok”, 0.75 литрийн 17.300 төгрөгийн үнэ бүхий “Соёрхол”, 0.75 литрийн 18.500 төгрөгийн болон 1 литрийн 21.500 төгрөгийн үнэ бүхий “Чингис gold”, 0.75 литрийн 9600 төгрөгийн үнэ бүхий “Улаанбаатар”, нийт 5 ширхэг архи хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 18/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Ш.Дыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ш.Ды гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 236.550 төгрөгийг /2 шил архины үнэ 117300+цонхны үнэ 119250=236.550/ төлж барагдуулсан болон өрөөсөн нүд нь хараагүй болсон талаарх баримтууд хавтас хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Ды гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Ды гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН