| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2016/07937/И |
| Дугаар | 102/ШШ2017/00359 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2017/00359
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/00359 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ... дүгээр баг, Т ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .... зүүн талд байрлах, А ХХК /РД: .../-д холбогдох,
Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний алдангид 2,130,641 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нын шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт: Манай компани нь 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр А ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж тухайн сардаа 119,45 тонн буюу 8,958,700.00 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн. Харин А ХХК нь дээрх төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаандаа төлнө гэсэн боловч зарим хэсгийг төлөлгүй удаа дараа шаардуулж, зардал чирэгдэл гаргасны эцэст төлсөн боловч гэрээний 4.3 дугаар заалтын дагуу торгууль, алдангийг төлөлгүй өнөөг хүрлээ. Иймд А ХХК-иас гэрээний торгууль 2,130,641 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж 8,958,700 төгрөгийн үнэ бүхий 119,45 тн бүтээгдэхүүнийг худалдаж авсан. Бүтээгдэхүүний үнийг дараах байдлаар буюу 2014 оны 11 дүгээр сарын 18-нд 5,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 2,958,750 төгрөгийг тус тус төлж барагдуулсан юм. Нэгэнт хариуцагч нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлж барагдуулсан, одоо төлбөргүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК н хариуцагч А ХХК-иас Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний алдангид 2,130,641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч А ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 10 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “... тухайн сард авах бүтээгдэхүүний нийт үнийн 30 хувиас доошгүй мөнгийг сар эхлэхээс 7 хоногийн өмнө урьдчилан төлнө. Үлдэгдэл төлбөрийг дараа сарын урьдчилгааны хамт төлнө.” гэснээс үзвэл хариуцагч нь бүтээгдэхүүний нийт үнийн 30 хувиас доошгүй хэсэгтэй тэнцэх төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 24-нд, харин үлдэгдэл төлбөрийг 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлөх ёстой байжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэжээ. Зохигчдын хооронд байгуулсан Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.3-т “... 0,1 хувийн торгуулийг төлнө” гэж заасан боловч энэ нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг төлөхөөр тохиролцжээ.
Иймд Бүтээгдэхүүний нийлүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Захиалагч нь хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй юм уу захиалсан бүтээгдэхүүнээ хуваарийн дагуу аваагүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутам төлөөгүй төлбөрийн болон аваагүй бүтээгдэхүүний үнийн дүнгээс 0,1 хувийн торгуулийг нийлүүлэгчид төлнө.” гэж заасны дагуу хариуцагч нь алдангийг төлөх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т ХХК гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч А ХХК Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч А ХХК нь бүтээгдэхүүний үнийг 2014 оны 11 дүгээр сарын 18-нд 5,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 2,958,750 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул алдангийн хугацаа болон хэмжээг дараах байдлаар тооцов.
|
| Гүйцэтгэвэл зохих үүрэг | Хугацаа | Алданги тооцохоор гэрээнд заасан хэмжээ | Алданги /төгрөгөөр/ |
| 1 | 8,958,700 төгрөг | 2014.11.01-ээс 2014.11.18 /18 хоног/ |
0,1 | 161,256.6 төгрөг |
| 2 | 3,958,700 төгрөг | 2014.11.18-наас 2015.07.22 /141 хоног/ |
0,1 | 558,176.7 төгрөг |
| 3 | 2,958,700 төгрөг | 2015.07.22-ноос 2016.09.07 /428 хоног/ |
0,1 | 1,266,323.6 төгрөг |
| Нийт | 1,985,756.9 | |||
Иймд хариуцагч А ХХК-иас 1,985,756.9 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144,884.1 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, хугацаа хэтрүүлсэн тал дээр маргаагүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 4.3-т зааснаар хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй байна.
Хариуцагч тал төлбөрөө бүрэн төлсөн учраас алдангийг төлөхгүй гэж маргадаг боловч А ХХК нь төлбөрийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлж төлсөн нь тогтоогдсон, зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр нийлүүлэгч нь тодорхой бүтээгдэхүүнийг захиалагчид нийлүүлж, захиалагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнийг төлж байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 1,985,756.9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144,884.1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 49,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 46,722 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР