Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/178     

 

 

 

 

 

 

 

 

 

            2024              11          13                                                                2024/ШЦТ/178                               

 

 

                             

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ........ даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:........

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор .......,

Шүүгдэгч: ....... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... холбогдох эрүүгийн ........дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч ....... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 08-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Борын нэрэмжит 1 дүгээр сургуулийн ар талд байрлах засмал зам дээр тоёота приус маркийн 95-79 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... холбогдох эрүүгийн .......угаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ........мэдүүлэхдээ: 

2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа буугаад нэг найзтайгаа хамт 2 шил архи хувааж уусан. Дараа нь найзыгаа хүргэж өгөх гэж яваад цагдаатай таарсан гэв.

 

-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-3,

 

-Илтгэх хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

-Шүүгдэгч .......мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт,   /хавтаст хэргийн 7, 8 9, 10, 11, 12, 13, 14 дэх тал/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

-Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 20-24 дэх тал/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд ........ яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. /хавтаст хэргийн 36 дахь тал/

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч ......нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Борын нэрэмжит 1 дүгээр сургуулийн ар талд байрлах засмал зам дээр 95-79 УБҮ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 1.54 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл утсаар хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

-Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

 

-2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан жолоочийн лавлагаа, /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч ........ өгсөн “...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ........нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно. 

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртын агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч ........ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь жолоочийн лавлагаагаар, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодохдоо 1.54 хувийн согтолттой, согтуурсан байсан болох нь согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна. /хавтаст хэргийн 17, 2-3 дахь тал/

 

Иймд шүүгдэгч ........ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Э.Батбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болохоо мэдэж байсан мөртлөө дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ........ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Иймд шүүгдэгч ....... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ........нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Иймд шүүгдэгч ..... нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч ......... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сараар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ..... хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч........ овогт .........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .........тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батбаярт оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....... оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэврээр оногдуулсан эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  ***