Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/01262

 

2022 оны 04 сарын 27 өдөр                                 Дугаар 183/ШШ2022/01262                                  Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол,  гудамж, 0 дугаар байранд байрлах, “Б ББСБ” ХХК /РД:00000008/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Буянт ухаа, наадамчдын гудамж, 00 дүгээр байр 00 тоотод оршин суух, Б овогт О О /РД:0000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7.116.017 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.О нь “БСБ Финанс ББСБ” ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1/867 тоот шуурхай зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар БГ-1/867 тоот барьцааны гэрээ байгуулан О.Оюунсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг 16-р хороо, Буянт ухаа хороолол 17120, Наадамчдын зам гудамж, 421 байр, 11 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2206067791 дугаартай, 40.62 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, улсын бүртгэлийн байгуулагад гэрээг бүртгүүлсэн. Зээлдэгчийн хүсэлтээр 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1/867-1 тоот нэмэлт зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 7 сараар буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасан.

Хариуцагч О.Оюунсайхан нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 410.200 төгрөг, зээлийн хүүнд 1.282.250 төгрөг нийт 1.692.450 төгрөг төлсөн. Хариуцагч О.Оюунсайхан нь зээлийн гэрээний үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, зээлийн зөрчилтэй төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа сануулж хугацаа өгсөн боловч уг хугацаанд төлж барагдуулаагүй тул 1/867 тоот зээлийн гэрээний 6.2.5-д заасан “Зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Хавсралт 1-д заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн” бол зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас хугацаанаас өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон цуцлаж, зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 5.589.800 төгрөг, зээлийн хүү 1.492.193 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.024 төгрөг, нийт 7.116.017 төгрөгийг О.Оюунсайханаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч О.Оюунсайханд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, шуурхай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ, О.Оюунсүрэнгийн хүсэлт, зээлийн хүсэлт, О.Оюунсайханы үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О.Оюунсайханы хүсэлт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. БСБ финанс ББСБ ХХК зээлийн гэрээний үүрэгт 7.116.017 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг О.Оюунсайханд холбогдуулан гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч БСБ финанс ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 6.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 7.116.017 төгрөгийг зээлдэгч О.Оюунсайханаас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч О.Оюунсайханд нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч О.Оюунсайхан БСБ финанс ББСБ ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн дагуу зээлдүүлэгч зээлийн төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч О.Оюунсайхан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэд шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

7. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт товлосон шүүх хуралдааныг хариуцагч О.Оюунсайханд 2022.04.19-ны өдөр түүний гар утсанд мсж бичиж үлдээсэн, мөн өдөр шүүх хуралдаанд дуудан ирүүлэхээр дуудсан бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.   

 

8. Иймд хариуцагч О.Оюунсайханаас зээлийн гэрээний үүрэгт 7.116.017 төгрөгийг гаргуулж, БСБ финанс ББСБ ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

 

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 199.007 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Оюунсайханаас 7.116.017 төгрөг гаргуулж, БСБ финанс ББСБ ХХК-нд олгосугай. 

 

2. Хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа хороолол, Наадамчдын гудамж, 421 дүгээр байр 11 тоот хоёр өрөө /Ү-2206067791/ орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “БСБ финанс ББСБ” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Оюунсайханаас 199.007 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “БСБ финанс ББСБ” ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО