| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 2429000000150 |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-11-09 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
2024 09 11 2024/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ***,
Шүүгдэгч: *** /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан *** нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Оюутолгой ХХК-ийн баяжмал тээврийн автозамын 230 дахь км-т архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*** холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***мэдүүлэхдээ:
Тухайн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өглөө хилийн боомт руу машин тээврийн хэрэгслийн жолооч нар хүргэж өгөөд буцах замдаа. Би болохоор 07 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад амарсан. Шөнө амраад маргааш өглөө явж байгаад, би өөрөө давхар механик инженерийн ажлыг хийдэг. Өглөө машин тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулахаас өмнө тээврийн хэрэгслүүдийг нь үзэж харчихаад буцаж явах замд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч машин пижигнээд доор нь юм дуугараад байна яах вэ гэхээр нь зогсож бай, би буугаад үзээдэхье гээд үзээд, өөрөө хөдөлгөөд 1 км гаран замын хөдөлгөөнд оролцсон. Оролцох явцад цагдаагийн байгууллагын үзлэг шалгалт таараад баригдсан байгаа гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10, 14 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд ***яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,
-Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 13 дахь тал/,
-Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22, 23, 24, 25, 26-27, 28, 29, 42 дахь тал/,
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/947 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 43-50 дахь тал/
-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02/20475 дугаартай “лавлагааны хариу хүргүүлэх” тухай албан бичиг /хавтас хэргийн 62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5-р баг, Оюутолгой ХК-ийн баяжмал тээврийн автозамын 230 дахь км-т 0.54 хувийн согтолттой, согтуурсан үедээ 92-39 УАВ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...0.54 хувийн согтолтой” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10, 14 дэх тал/,
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 22 дахь тал/,
-Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас/хавтаст хэргийн 13 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /2023 оны 07 дугаар сарын
23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д
зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан буюу 2024.07.23-ны өдөр
тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусгавар болохоор байна/ /хавтаст хэргийн 22 дахь тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Отгонжаргал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртын агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ***нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь жолоочийн лавлагаагаар, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодохдоо 0.54 хувийн согтолттой, согтуурсан байсан болох нь согтуурал шалгасан тэмдэглэлээр тус тус нотлогдон тогтоогдож байна. /хавтас хэргийн 22, 10 дахь тал/
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болохоо мэдэж байгаа мөртлөө дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ***тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Иймд шүүгдэгч ***нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч ***нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан.
Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***д хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч** *овогт ***ийн О***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Отгонжаргалд оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***