Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/02981

 


 

 

 

2020         11        03                                          183/ШШ2020/02981

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т овогтой, Г.Х-ын гомдолтой,

 

            Хариуцагч: Н газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02736 дугаар шийдвэрээр Г.Х нь 98.777.674 төгрөгийг “Капитрон банк” ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, 4 дүгээр багт байрлах өмчлөх эрхийн Ү-2003000432 дугаарт бүртгэлтэй, 250 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус аймгийн Өргөө багт байрлах 1668 м.кв талбайтай нэгж талбарын 4506903709 дугаарт бүртгэлтэй эзэмших эрхийн 000555957 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай газрын хамт битүүмжилж, хураан авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгө, газрын байршил, зах зээлийн ханш зэргийг харгалзан нийт 366.720.000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр авагч “Капитрон Банк” ХХК-иас уг үнэлгээг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлүүлэхээр болсон. Гэтэл 281.138.562 төгрөгөөр буюу үндэслэлгүйгээр хэт багаар үнэлсэн байна. Мөн газар, үл хөдлөх эд хөрөнгийг тус тусад нь үнэлээгүй бөгөөд нийтэд нь үнэлсэн нь газрын үнэлгээг тогтоогоогүй гэж үзэхээр байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2736 дугаар захирамжаар Г.Х , А.Э нараас 98.129.079 төгрөгийг гаргуулж “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Х ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байршилтай, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-200300432 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Г.Х ын өмчлөлийн Дархан-Уул Дархан сумын Өргөө багт байрлах 1668 м.кв талбайтай, нэгж талбарын 4506903709 дугаартай эзэмших эрхийн 000555957 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20290217/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20290217/02 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд А.Э , Г.Х нар нь 366.720.000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч “Капитрон банк” ХХК нь үнийн санал ирүүлээгүй шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн байна. Иймд талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоогоогүй тул 2020 оны 9/409 дугаар тогтоолоор шинжээч томилж, үнэлүүлэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байршилтай, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү- 200300432 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн Г.Х ын өмчлөлийн Дархан-Уул Дархан сумын Өргөө багт байрлах 1668 м.кв талбайтай, нэгж талбарын 4506903709 дугаартай эзэмших эрхийн 000555957 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай газрын хамт 281.138.562 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ нь:

           

Н газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай Г.Х ын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02736 дугаар шийдвэрээр “...хариуцагч Г.Х , А.Э нараас гэрээний үүрэгт 98.129.079 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 648.595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай... барьцааны зүйл болох Г.Х ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах 250 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Г.Х ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байршилтай, 1668 м.кв талбайтай нэгж талбарын 4506903709 дугаартай, эзэмших эрхийн 000555957 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Г.Х , А.Э нар сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ГХ2020/00108 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20290217/01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20290217/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Г.Х ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах, 4506903709 нэг талбарын дугаартай, 1668 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг

хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар “уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг ирүүлэх”-ийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэхэд талуудын ирүүлсэн саналаар “дуудлага худалдаагаар худалдах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй” байх тул 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9/409 дүгээр тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээчээр томилогдсон “С Э” ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 98 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах, 4506903709 нэг талбарын дугаартай, 1668 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус бүрт нь зах зээлийн үнэлгээг тогтоож, нийт 281.138.562 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байх тул Н газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Х ын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Х ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.СЭМЖИД