Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­10

 

  

 

 

 

 

       

 

 

      2024            01                  25                                                   2024/ШЦТ/­­­­10                                                 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Б.А,

Хохирогч: Н.Б /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.А холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ээлийн цагаан харгуй” ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл ганцаараа, Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг, Ивэн 1 гудамж 9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б.А /РД:********/.

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Б.А нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох нүүрс тээврийн авто замын 191 дэх километрийн замд "Прайд транс" ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 69-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 10.12-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, Н.Батхүрэлийн жолоодож явсан “Хар алтан орд” ХХК-ийн эзэмшлийн 48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Батхүрэлийн эрүүл мэндэд зүүн атгаалын дээд булууны үе дайрсан ташуу, зөрөө ихтэй, сэлтэрхийтэй ил хугарал, баруун шилбэ, зүүн өвдөг сарвуу, цээжний зүүн талд, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: ‘’Прокурорын саналыг сонслоо. Надад хэлж ярих зүйл байхгүй. Нэгэнт өөрөө хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөр санал байхгүй.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ: ‘’Миний бие зам тээврийн ослоос зүүн гар, мөр, зөөлөн эдийн хүнд гэмтэл авсан. 08 сарын 11-нд хагалгаанд ороод, далны үеийг авхуулсан. Тэрнээс хойш эмчилгээгээ хийлгээд, эмчилгээтэй явж байгаа. Надтай Б.Алтангэрэл, И.Баярдаваа нар нь биечлэн ирж, олон удаа уулзаж, сэтгэл санааны болон мөнгөн туслалцаа үзүүлсэн. Мөрний үе солиулах хагалгаанд нөө маргаашгүй орох гээд эмчийн дуудлага хүлээгээд байж байгаа. Хагалгаанд орох мөнгө, зардал болон бусад бүх төрлийн миний нэхэмжилсэн мөнгийг Б.Алтангэрэл болон И.Баярдаваа нар нь бүрэн гүйцэд гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар хагалгаанд орох гээд байж байгаа. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Б.Алтангэрэл, И.Баярдаваа нарт баярлаж байгаа. Биечлэн ирж тусалж сэтгэл санааны болон эд материалын мөнгөн тусламжийг цаг тухайд нь үзүүлж байсны улмаас цаг алдалгүй эмчилгээндээ орсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Г гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 2329002460231 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтас хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлэхэд хангалттай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг ашгийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй нотлох баримтууд хэрэгт цугларсан байна гэж үнэлж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Батхүрэлийн мэдүүлэг, иргэний хариуцагч И.Баярдаваа, гэрч Д.Сугир, И.Рагчаасүрэн, М.Шинэжаргал нарын мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10397 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мастер үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангууд, мөрдөгчийн магадалгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Алтангэрэлийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр "Прайд транс" ХХК-ийн эзэмшлийн 69-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, хэрвээ саад буюу зам дээр хагарал үүссэн тохиолдолд эсрэг урсгалтай явж байгаа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгсэлд жолооч зам тавьж өгөх үүрэг хүлээсэн байхад дээрх замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй улмаас эсрэг урсгалд явж байсан 48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Н.Батхүрэлийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо жолооч хөдөлгөөний аюулгүй байдал түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх шинжийг тодорхойлоод хэрэв энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилж өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал журам зөрсөн гэмт хэрэг болж бүхэлдээ өөрчлөлт орсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг тодорхойлж өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх хэрэглэж байсан хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 06 сараас 03 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 1-3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр буюу хорих ялыг хүндрүүлэх нөхцөлт байдалтай хууль хэрэгжиж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Б.Алтангэрэлийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Н.Батхүрэлд учирсан 40.983.875 төгрөг, Иргэний нэхэмжлэгч “Хар алтан орд” ХХК-д учирсан 42.296.500 төгрөгийн хохирлууд бүрэн төлөгдсөн. Иргэний нэхэмжлэгч болон хохирогчоос нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлж байгаа учраас шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол төлбөр байхгүй байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Алтангэрэлийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, нөхөн төлөгдсөн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үздэг. Шүүгдэгч Б.Алтангэрэлийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлүүлэн гэм буруугийн тал дээр маргадаггүй, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар тодорхой мэдүүлэг өгдөг. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг өнөөдрийн шүүх хуралдааны үед төлөгдсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Алтангэрэлд Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна. Тэнссэн хугацаанд шүүгдэгч нь оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явах эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах саналыг гаргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хор уршгийг арилгасан бол гэм хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 05 жил хүртэлт хугацаагаар тэнсэж болно гэх хуулийн шаардлага нөхцөл хангагдсан байна гэж үзэж байгаа учраас 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, уг тэнссэн хугацаанд оршин суугаа газар сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар Б.Алтангэрэлийн 52215 дугаартай жолооны үнэмлэх хураагдаж ирсэн. Уг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад хүргүүлэх, шүүгдэгч Б.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

                 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 16-34 дэх тал/

               Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Батхүрэлийн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн орчимд 48-05 УЕВ улсын дугаартай NORD BENZ маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 191 дэх километрээс урагш 200 метр орчим зайд уурхай орохоор засмал зам дээр 40 км цагийн хурдтай өгсөж явж байтал эсрэг урсгалаас НОWО маркийн 69-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж явж байгаад замын хагархайг гаргаж миний явж байсан урсгал зам руу орж ирээд буцаад дартал намайг тухайн тээврийн хэрэгсэлтэй зөрөх үед тухайн тээврийн хэрэгслийн 2 дахь чирч явж байсан чиргүүл хэсэг нь миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан юм... би тухайн үед өөрийнхөө эгнээ байраар явж байсан. тухайн үед миний урдаас ирж байсан жолооч замын хагархайг гаргах гэж миний явж байсан урсгалд орж ирээд буцаж өөрийнхөө эгнээ рүү дараад надтай зөрөх үед тухайн жолоочийн унаж байсан тээврийн хэрэгслийн 2 дахь чиргүүл нь өөрийнхөө эгнээ рүү орж чадалгүй намайг мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40-41 дэх тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч И.Баярдаваагийн: “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би Б.Алтангэрэл гэдэг хүнтэй утсаар холбогдож ярьж байгаад өөрийн эзэмшлийн “Прайд транс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ноwо маркийн 69-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор аваад тээвэрт явуулж эхэлсэн юм. Б.Алтангэрэл тээвэрт хоёр удаа тээвэрт яваад гурав дахь удаа тээвэрт явж байхдаа осол гаргасан юм... Осол гарсны дараа Б.Алтангэрэл надад хэлэхдээ нүх тойрч гарах гэж байгаад осол гаргасан талаар надад хэлэхээр нь би Онцгой байдал, эмнэлэг цагдаад мэдэгдэх талаар хэлэхэд Б.Алтангэрэл дуудсан гээд надад хэлж байсан... Хово маркийн 69-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2023 онд 04-р сард “Амкаа транс” ХХК-иас худалдаж аваад 2023 оны 06-р сарын 09-ний өдөр “Прайд транс” ХХК-ийн нэр дээр бүртгүүлж тээвэрт явах гээд түрээсийн гэрээ байгуулсан юм. “Прайд транс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй боловч миний өөрийн тээврийн хэрэгсэл юм... Түрээсийн гэрээнд зааснаар “Прайд транс” ХХК-нь уг тээврийн хэрэгслээр тээвэрт гарах үед нь тухайн тээвэрт гарах үеийн тээврийн ханшнаас 15-20 хувь авч тээвэрт явуулдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 51-52 дахь тал/

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сугарын: “...48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн осолд орж Цагаан хад суурьшлын бүсийн эмнэлэг дээр уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч хүргэгдэж ирсэн байна гээд захирал надад хэлсэн юм. Тэгээд би эмнэлэг дээр очиход уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батхүрэл гэдэг хүний биед эмч нар тусламж үзүүлж байсан... Хар алтан орд ХХК-ийн тээврийн хэрэгслийн жолооч урдаасаа хойшоо чиглэлд явж байхад хойноосоо урагшаа чиглэлд ачаатай явж байсан тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу орж осол гаргасан байсан. Хар алтан орд ХХК-ийн тээврийн хэрэгсэл явж байгаад зогссон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 67 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Рагчаасүрэнгийн: “...2023 оны 08-р сарын 09-ний өглөө би өөрийн жолоодож тээвэрт явдаг байсан Хар алтан орд ХХК-ийн эзэмшлийн ВЕIBEN маркийн 48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг БНХАУ-ын иргэн Хар алтан орд ХХК-ийн захирал Хурцаатай уулзаад би өөрийн жолоодож явсан 48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүргэн ах Н.Батхүрэлд өгч болох уу гээд асуухад Хурцаа захирал надад хэлэхдээ болно гэж хэлэхдээ броховны ирзен сольж өгөөд өгөөрэй гэж хэлсэн юм... 2023 оны 08 дугаар сарын 10-ны өглөө цайндаа орсны дараа 08:00 цагийн орчимд хүргэн ах урьд нь миний жолоодож байсан ВЕIBEN маркийн 48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож би 27-54 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Цагаанхад суурьшлын бүсээс Ухаа худаг уурхайн чиглэлд... 191 дахь километр өнгөрөөд явж байхад миний араас Н.Батхүрэл ирэхгүй байхаар нь би хүргэн ахын дугаар луу нь залгахад гар утсаа авахгүй байхаар нь би буцаж эргээд яваад очтол осол гарчихсан осолд орсон 48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээг кабины багана хэсгээс жолооч нар тросоор оосорлоод татаад Н.Батхүрэлийг гаргаж аваад хөнжил дэвсээд газарт суулгаад Цагаан өнгийн пикаб маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад Цагаанхад суурьшлын бүс рүү эмнэлэгт хүргэхээр суулгаад явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 69-70 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Шинэжаргалын: “...2023 оны 08-р сарын 10-ны өдөр “Урад тээвэр” ХХК-ийн тээврийн менежер Сугар осол гарсан талаар надад хэлсэн юм... Тэгээд би Өлзийбаярын хамтаар осол гарсан газарт очиход осолд орсон жолоочийг эмнэлэг рүү аваад явчихсан цагдаа нар ирээд ослын газарт хэмжилт хийж байсан... Би очиход урдаасаа хойшоо явж байгаа тээврийн хэрэгслийн кабин, бүхээг чирэгч зүтгүүр эвдэрсэн, ачаатай явж байсан тээврийн хэрэгслийн чиргүүл эвдэрч нүүрс нь тарж бутарсан байдалтай болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 72 дахь тал/

                 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10397 дугаартай “1 .Н.Батхүрэлийн биед зүүн атгаалын дээд булууны үе дайрсан ташуу, зөрөө ихтэй, сэлтэрхийтэй ил хугарал, баруун шилбэ, зүүн өвдөг сарвуу, цээжний зүүн талд, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн дарагдах шахагдах, цохигдох үед үүсэх гэмтэл байна. З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 77-79 дэх тал/

                 Мастер үнэлгээ ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12382 дугаартай “...48-05 УЕВ - Үнэлгээгээр тогтоогдсон дүн - 38.150.000 төгрөг” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 125-128 дахь тал/

                 Мастер үнэлгээ ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12601 дугаартай “...48-07 СЧ - Үнэлгээгээр тогтоогдсон дүн - 4.146.500 төгрөг” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хавтаст хэргийн 129-130 дахь тал/

               Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Балжир овогтой Алтангэрэл нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр. Прайд транс ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй НОWО маркийн 69-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэх замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж осол гаргасан... Нэргүй овогтой Батхүрэл нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Хар алтан орд” ХХК-ийн эзэмшлийн 48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй...” гэх магадлагаа /1-р хавтаст хэргийн 144-146 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Алтангэрэлийн: “...2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлд явж байхад миний явж байсан зорчих хэсэгт замын нүх байхаар^нь би тэр нүхийг тойрч гарах гээд эсрэг урсгалд ороход өөдөөс тээврийн хэрэгсэл ирж явахаар нь би амжиж өөрийн эгнээндээ орон гэж бодоод явж байгаад амжиж орохгүй осол гаргасан юм... Н.Батхүрэлд компани зүгээс эмчилгээний зардал мөнгө гээд миний мэдэхээр 4.000.000 төгрөг өгсөн. Миний зүгээс 4.000.000 төгрөг өгсөн байгаа. Би Н.Батхүрэл уулзаж шөлний хонь хоол хүнсний зүйл авч очиж уулзаж ярилцахад надад хэлэхдээ миний эмчилгээний зардал мөнгө өгөх юм бол гомдол санал гээд юу байхав гэж ярилцсан. Ба утсаар ярьж Н.Батхүрэлтэй холбогдож ярилцаж байгаа... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулмааргүй байна. Би тээврийн хэрэгслээ жолоодож яваад ажлаа хийж байвал бусдад учирсан хохирлыг гаргаж өгөхөд арай дөхөм болох болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 157 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Алтангэрэлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох нүүрс тээврийн авто замын 191 дэх километрийн замд "Прайд транс" ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 69-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 10.12-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, Н.Батхүрэлийн жолоодож явсан “Хар алтан орд” ХХК-ийн эзэмшлийн 48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Батхүрэлийн эрүүл мэндэд зүүн атгаалын дээд булууны үе дайрсан ташуу, зөрөө ихтэй, сэлтэрхийтэй ил хугарал, баруун шилбэ, зүүн өвдөг сарвуу, цээжний зүүн талд, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Алтангэрэл нь ‘’Прайд транс’’ ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 69-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөөгүйгээс тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хохирогч Н.Батхүрэлийн бие эрүүл мэндэд хүнд гэмтлийг /хохирол/ болгоомжгүйгээр учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардана.  

Мөн дээрх гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заажээ.

Шүүгдэгч Б.Алтангэрэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

           Шүүгдэгч Б.Алтангэрэлийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

           Шүүгдэгч Б.Алтангэрэлийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Батхүрэлийн бие эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 Иймд, гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч Б.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10397 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Батхүрэлийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Иргэний хариуцагч “Прайд транс” ХХК нь иргэний нэхэмжлэгч “Хар алтан орд” ХХК-д 45,090,300 /дөчин таван сая ерэн мянга гурван зуу/-н төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Алтангэрэлээс хохирогч Н.Батхүрэлийн хохирол төлбөрт 40,983,875 /дөчин сая есөн зуун наян гурван мянга найман зуун далан тав/-н төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч Н.Батхүрэл нь шүүгдэгч Б.Алтангэрэлээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нөхөн төлөгдсөн эсэх талаар талууд маргаагүй бөгөөд хохирогч Н.Батхүрэлийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр хохирол нөхөн төлөгдсөн болох нь тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 18 дахь тал/ 

Иргэний нэхэмжлэгч “Хар алтан орд” ХХК-ийн эзэмшлийн 48-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 45,090,300 /дөчин таван сая ерэн мянга гурван зуу/-н төгрөгийг иргэний хариуцагч “Прайд транс” ХХК-аас нөхөн төлсөн болох нь “Хар алтан орд” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24/24 дугаартай шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 17 дахь тал/    

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Прайд транс” ХХК нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Алтангэрэлээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

              Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Б.А Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна. Тэнссэн хугацаанд шүүгдэгч нь оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явах эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч Б.А “...нэгэнт өөрөө хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөр санал байхгүй.” гэх саналыг

Хохирогч Н.Б “Байхгүй.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан ба гэм буруутай этгээдийг нийгмээс тусгаарлалгүйгээр эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 158 дахь тал/

Шүүгдэгч Б.А нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан, урьд ял шийтгэлгүй, ам бүл ганцаараа, 65 настай зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг ***** аймгийн ***** сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.А жолоочийн **** ангиллын **** дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Г даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д овогт Б.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг **** аймгийн ***** сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай. 

  6. Иргэний хариуцагч “П” ХХК-аас иргэний нэхэмжлэгч “Х” ХХК-д 45,090,300 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.А нь хохирогч Н.Б 40,983,875 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Н.Б ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдсугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Прайд транс” ХХК нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.А нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.А жолоочийн **** ангиллын ***** дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Гантулгад даалгасугай.

  9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ