Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/шш2019/03125

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмааг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгө олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О....ыг төлөөлөн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний эхнэр О.... 2016 оны 7 дугаар сараас эхлэн ... ХХК-ийн ... эмнэлэгт шүдний сувилагчаар ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр жирэмсний амралтаа авч, 2017 оны 11 дүгээр сард хүүхдээ төрүүлэн, үргэлжлүүлж хүүхэд асрах чөлөөтэй байхдаа дахин жирэмсэлж, одоо 9 сартай жирэмсэн. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ бодуулах шаардлагатай болсноор эмнэлэг дээр очиж уулзахад Нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оноос эхлэн төлөөгүй болохыг мэдсэн. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр даатгалын дэвтрээ авах гээд очтол ажлаас халсан тушаал гаргасан гэсэн. Хүүхэд асрах чөлөөтэй байхад яагаад ажлаас халсан, нийгмийн даатгалыг төлөөгүй байгаа талаар асуухад манайх дотоод журмаараа 1 жил болоод ажилдаа орох ёстой гэж заасан байгаа. Тухайн хугацаанд ажилдаа ороогүй, байгууллагатайгаа холбоогүй байсан болохоор ажиллахгүй юм байна гэж бодоод халсан гэсэн. Тухайн өдөр даатгалын дэвтрийг нь өгөөгүй учир 9 дүгээр сарын 10-ны өдөр дахиад очиход Нийгмийн даатгалын дэвтрийн ард 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийж, халагдах тушаалыг өгсөн. Ингэж ажлаас нь халсан тухай өмнө нь юу ч хэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглодог. Гэтэл О....ы ажиллаж байсан эмнэлэг нь өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, халах тушаал дээр бичсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт нь хариуцагч байгууллагын нягтлангийн буруугаас болсон. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тушаалын дугаар нь тухайн тушаалынхаа дугаартай таарахгүй байна. Манай эхнэр ажил олгогчтой холбогдохдоо ажилдаа эргэж орохгүй гэж хэлээгүй. Харин одоохондоо хүүхэд харах хүнгүй байна гэж л хэлсэн байдаг. Ажил олгогч нь ажлаас халах тухай шийдвэрлэсэн талаараа огт мэдэгдээгүй. Дахиад жирэмсэн болж, өөрсдөө нийгмийн даатгалын газарт очиж байж ийм шийдвэр гарсан гэдгийг олж мэдсэн. О.... Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан...гэв.

Хариуцагч ... ХХК-ийн захирал Б.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

О.... нь ... ХХК-д анх 2016 онд шүдний техникчийн ажилд түр хугацаагаар ажиллаж эхэлсэн. Ажил олгогчийн зүгээс 2017 оны 9 дүгээр сард О....д Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1-д эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно гэж заасныг үндэслэн амралтыг олгосон. О.... уг амралтаа аваад ажил олгогчтой эргэн нэг ч удаа холбогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно... гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлтээ гаргаагүй. 2018 онд хүүхэд асрах чөлөө гаргах эсэхийг асуухад ямар нэгэн хариу өгөөгүй хэдий ч залуу хүн, эргээд ажилдаа орно гэдэг нь итгээд 2018 онд нийгмийн даатгалын дэвтэрт бичилтийг хийж байсан. Гэтэл хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлтээ ч гаргаагүй, ажил олгогчтой нэг ч удаа холбогдоогүй атлаа өөр байгууллагад ажиллаж байгаа тухайг нь олж мэдсэн юм. Нэгэнт ажилтан хүүхэд асрах чөлөө авах тухай хүсэлт гаргаж, албан ёсны шийдвэрийг ажил олгогчоор гаргуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т заасан ажлын байр хэвээр хадгалагдах нөхцөл байдал үүсээгүй тул иргэн О....тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус компанийн захирлын 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр тушаалаар цуцалсан. О.... жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгө олгохыг даалгах шаардлага гаргажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүлийн 1-т заасны дагуу ажил олгогч энэ үүргийг хүлээх учиргүй юм.

Хариуцагч байгууллага нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг учраас Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьдаг. Нэхэмжлэгч нь шүдний техникчийн мэргэжилтэй боловч, шүдний сувилагчийн ажилд түр хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирэхдээ ажлын байрны шаардлага хангасан хүн авч ажиллуулахыг шаарддаг. Хэдийгээр ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д зааснаар хүүхэд асрах чөлөө хүсээгүй ч, ажил олгогчийн зүгээс 2018 оны 12 дугаар сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, дэвтэрт бичилт хийж байсан. Утсаар холбогдоход хүүхэд харах хүнгүй гэж хэлээгүй. Хүсэлт бичгээр өгөөгүй, жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй. Нэхэмжлэгч, нөхрийн хамт нийгмийн даатгалын дэвтрээ өөрөө авсан байсан. Улмаар дайрч давшлаад, нууцаар аудио бичлэг хийж, түүгээрээ айлган сүрдүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргасныг хэлэх хэрэгтэй байх. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нь ажил олгогч мэдэгдэлгүйгээр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул шүдний сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгө бодож олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч О.... ажил олгогчоос хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргаагүй бөгөөд, энэ хугацаанд өөр байгууллагад ажиллаж буй талаар олж мэдсэнээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, мөн тэрээр шүдний сувилагчийн бус, харин шүдний техникчийн мэргэжилтэй байсан тул уг ажлыг эрхлэх шаардлага хангахгүй, эмнэлэгт мэргэжлийн сувилагч ажиллуулах шаардлагатай болсон зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэх тайлбарыг гаргаж маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

О.... нь ... ХХК-ийн ... эмнэлэгт 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шүдний сувилагчаар томилогдон ажиллаж, улмаар жирэмсэн болсноор 2017 оны 9 дүгээр сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтаа авч эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын гаргасан тайлбараар тус тус нотлогдсон ба, зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно. /хх-5/

Улмаар ажил олгогчоос ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд төлж, дэвтэрт бичилт хийж байгаад, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ... ХХК ... эмнэлгийн захирлын 05 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар, О.... нь шүдний сувилагчийн орон тоон дээр техникч мэргэжлээр ажиллаж байсан тул байгууллагын санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, байгууллагын дотоод журмын 2.3, 2.5, 2.6 дахь заалтууд болон шүдний эмнэлэгт мэргэжлийн сувилагч ажиллуулах шаардлагатай зэрэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. /хх 5-6, 39/

Ажил олгогчийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гарсан дээрх шийдвэрийг ажилтан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс О....ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн үндэслэлээ орон тоо цөөрүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа боловч уг тайлбар, татгалзал нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн үндсэн татгалзал Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос хүүхэд асрах чөлөө хүсээгүй нь ажилтны буруу хэмээн тайлбарлаж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно... гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч О....ыг жирэмсний болон амаржсаны амралтын 120 хоногийн хугацааг дуусгаснаас хойш ажил олгогчийн зүгээс түүнтэй утсаар холбогдож, ажилтан хүүхдээ харж байгаа талаар амаар тайлбарласан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдоно.

Ажилтан хүүхэд асрах чөлөө авах талаар ажил олгогчоос хүсэх тухай хуулийн дээрх заалтад хүсэлтийг бичгээр гаргах тусгай шаардлага заагаагүй, мөн ажил олгогч нь ажилтан О....ы 2018 оны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан үйлдэл нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө хүссэн, түүнийг нь хүлээн зөвшөөрч чөлөө олгосон гэж дүгнэх үндэслэлтэй.

Түүнчлэн, О....ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...ажилтны тоо цөөрүүлсэн... гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүйн зэрэгцээ, тийнхүү ажилтны тоо цөөрүүлсэн тухай аливаа шийдвэр гараагүй байна.

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь ... 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон мөн хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж зохицуулсан хуулийн заалтыг хариуцагч байгууллага зөрчиж, нэхэмжлэгч О....ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул түүнийг ... ХХК-ийн ... эмнэлэгт шүдний сувилагчийн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О....ыг шүдний сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул түүний ажлаас чөлөөлөгдсөн 2019 оны 1 дүгээр сараас хойшхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

Харин О....ы жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг бодож олгохыг ... ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн дараагийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ... албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно гэж заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгогдох тул уг тэтгэмжийг ажил олгогч ... ХХК-иас шаардах эрхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О....ыг ... ХХК-ийн ... эмнэлэгт шүдний сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч ... ХХК-д даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч ... ХХК-иас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА