| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/03115/И |
| Дугаар | 102/ШШ2021/02843 |
| Огноо | 2021-11-03 |
| Маргааны төрөл | Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар , |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2021/02843
| 2021 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2021/02843 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ..-р хороолол, Өргөө ...-р байрны . то..отод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., Б...н овогт Н...н Э..ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Өргөө ...-р байрны . ..тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ..., Т... овогт А...ийн Г...т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдээ асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э..., А.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд Г...тай танилцаж, 2009 оны 3-р сарын 31-нд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд 2010 оны 5-р сарын 7-нд охин Г.А..., 2011 оны 8-р сарын 9-нд хүү Г.М...д, 2019 оны 6-р сарын 27-нд охин Г.Н. нарыг төрүүлсэн. Өнгөрсөн 2011 онд нөхөр Г.. нь өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болж, 2014 онд ил болсон. Бид хоорондоо таарамжгүй байсан бөгөөд эвлэрэх боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч А.Г... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнгөрсөн хугацаанд Энхбаяртай байнга хэрүүл маргаантай, амьдархад маш хүнд байсан. Манайх Ганданд байр түрээсэлж амьдарч байхад нэг ламтай холбоотой болсон, тэр нь гэр бүлтэй байсан. Одоо ч өөр хүнтэй болсон байгаа. Гэрлэлтээ цуцлуулна, 3 хүүхдээ эхэд нь үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э... нь А.Г...т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Н.Э..., А.Г... нар нь 2008 оноос хамт амьдарч байгаад 2009 оны 3-р сарын 31-нд гэрлэлтээ батлуулжээ.
Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2010 оны 5-р сарын 7-нд охин Г.А..., 2011 оны 8-р сарын 9-нд хүү Г.М..., 2019 оны 6-р сарын 27-нд охин Г.Н... нарыг төрүүлж өсгөсөн байна.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд хэн аль нь гэр бүлээс өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоож гэр бүлдээ үнэнч байх үүргээ биелүүлээгүй, зан харьцааны хувьд хоорондоо таарамжгүй харьцаатай болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Гэрлэгч цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар хариуцагч маргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 , 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан А..ийн Г.., Н...н Э... нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 5-р сарын 7-нд төрсөн охин Г.А...., 2011 оны 8-р сарын 9-нд төрсөн хүү Г.М..., 2019 оны 6-р сарын 27-нд төрсөн охин Г.Н... нарыг эх Н.Э...ын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Г.М..., охин Г.Н... нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Г.А..., Г.М..., Г.Н... нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг А.Г...аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.Г...аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА.