| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
2024 02 21 2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,
Шүүгдэгч: О.Т
Шүүгдэгч: Л.Б,
Шүүгдэгч: Ч.Ба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О.Т, Ц овогт Л.Б, М овогт Ч.Б нарт холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбатаар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баян-Овоо хайрхан транс” ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 29 дүгээр гудамж, 19-Г тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Оюунбилэгийн Төмөрхуяг /Регистрийн дугаар: ЧО82031374/.
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баян-Овоо хайрхан транс” ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Тайшир сумын 1-р баг, Завхан гол 3 дугаар гудамж, 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Цоохор овогт Лувсанжамцын Батсүрэн /Регистрийн дугаар: ДИ84032211/.
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бугат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баян-Овоо хайрхан транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Богд сум, 5-р баг, Улаанбулаг гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, Манж овогт Чулуунбатын Баярмэд /Регистрийн дугаар: ЙД86113059/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нар нь бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Хуншагайн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 22:00 цагийн орчимд Өмнийн чүнч ХХК-ийн кемпийн амрах гэрт байсан Ганаа гэж дуудаад байдаг жолоочоос мөнгө зээлэх гээд амрах гэрт нь ороход Ганаа нэр усыг нь мэдэхгүй хоёр жолоочийн хамтаар архи уугаад юм ярилцаад тэр гурав сууж байхад тэр гурав ууж байсан архи нь дуусахад Ганаа гээд байдаг ах намайг архи аваад ир гээд хэлсний дараа нэр усыг нь мэдэхгүй, сахалтай ах куртик аваад өг гэж хэлээд хэтэвчин дотроосоо 120,000 бэлнээр өгөөд явуулахдаа 20,000 төгрөгийг нь өөрөө аваарай гэж хэлээд явуулсан юм. Тэгээд би Өмнийн чүнч ХХК-ийн замын зүүн талд байдаг дэлгүүрт ороход архи байхгүй болохоор нь би гурван том сэнгүүр нэртэй пиво, бэлэн гоймон, ундаа аваад буцаад кемпийн хаалгаар орох гэж байхад кемпийн хашааны хаалганы хажуу талд Ганаа гэж дуудаад байдаг ахтай хамт архи ууж байсан ах машинтай ирээд хаалганы хажууд зогсож байхаар нь би тэр ахын машинд нь суугаад кемпийн амрах гэрт очоод дэлгүүрээс авсан пивоо задлаад тэд нарт хийж өгөөд нэг пиво дуусгаад би өөрийн амрах гэртээ 00:00 цагийн орчимд ороод амрах гэж байгаад буцаж тэр гурав дээр орж нэр усыг нь мэдэхгүй сахалтай ахаас 80,000 төгрөг зээлээч гэж хэлэхэд эхлээд миний хаан банкны 5913447300 гэсэн данс руу 60.000 төгрөг шилжүүлж өгөөд үлдэгдэл 40.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тэгээд би өөрийн амрах гэртээ ороод унтах гээд байж байхад тэр гурав хүн миний амрах гэрт орж ирээд би мөнгө зээлсэн ах чи надаас мөнгө авсан уу гэхээр нь би танаас 100.000 төгрөг зээлсэн шүү дээ гээд хэлтэл тэр ах миний бэлэн байсан 200.000 төгрөг байхгүй босон байна чи авсан байна гээд надад хэлэхээр нь би аваагүй та юу яриад байгаа юм бэ би тийм мөнгө төгрөг мэдэхгүй гээд хэлтэл тэр ах миний хоёр найз авах юм уу гэж хэлээд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа алгадаж авахаар нь би ах нараа буруу ойлголцоод байх шиг байна өглөө бүгдээрээ учраа олцгооё гээд хэлтэл мөнгө зээлсэн ах мөнгө гаргаад ир миний зүүн шанаа хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиод уруул хэсэгт нэг удаа цохиод миний зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөсний дараа нэр усыг нь мэдэхгүй жолооч миний гутлыг аваад миний уруул руу нэг удаа цохисон. Тэгээд дахиад нөгөө мөнгө зээлсэн сахалтай ах гэрийн унь аваад миний баруун гарын тохойны үений дээд талаар нэг удаа цохисны дараа тэр хоёр ах миний өмсөж явсан гутал гэрийн униар ээлжилж хавирга хоёр хөл рүү хэд хэдэн удаа цохиод байхаар нь би гар хугарчих шиг боллоо гээд хэлтэл хугарахаар яадаг юм чамайг тэр чигээр чинь ална гэж хэлэхээр нь би өөрийн амрах гэрээс гарч зугтаад кемпийн байр дуу ороод коридорын сандал дээр сууж байхад Ганаа гэж дуудаад байдаг ах гэрт гутлаар цохисон ах хоёр орж ирээд тэр хоёр нийлээд үсдэж чирч гадаа гаргаад гутлаар цохисон ах миний цээжин дундуур нэг удаа өшиглөж авахаар нь би босоод хөл нүцгэн цасан дундуур гүйгээд кемпийн угаалгын өрөөнд ороод би нуугдаж байж байгаад тэндээ унтаж амарсан юм. Тэгээд өглөө босоод мөнгө зээлсэн ахын 99483010 дугаарын утас руу залгаад ахаа би эмнэлэг явж биеэ үзүүлмээр байна гээд хэлтэл тэр ах хөгийн бацаан минь эмнэлэг яваад үзүүлээд ирсний дараа дахиад эмнэлэг явуулна гэж надад хэлсэн юм. Тэгээд би угаалгын өрөөнөөс гараад өөрийн амрах гэртээ орж ирээд байж байхад намайг гутлаар цохисон ах амрах гэрт орж ирэхээр нь би тэр ахад та нар намайг арай л аймаар болгосон байна гээд хэлтэл гутал чинь гэрт байгаа гэж хэлээд гэрээс гараад явсан. ...Мөнгө зээлсэн ах, гутлаар цохисон ах хоёр халдаж миний биед гэмтэл учруулсан. ... 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би цагаа сайн тодорхой санахгүй байна. 14:30 цагийн орчимд Хапий өлзийт зам ХХК-ийн кемпийн хашаанд байрлуулж тавьсан нүүрс тээврийн миний жолоодож явдаг 09-21 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хамт нэг газарт ажилладаг жолооч Мөнх-Од Шаравдорж нарын хамтаар 0.5 граммын эдэн нэртэй архи хувааж ууж дуусгаад тэр хоёр явсны дараа би машиндаа байж байхад Хапий өлзийт зам ХХК-ийн цувааны дарга БНХАУ-н иргэн Дэлгэр гэж дуудаад байдаг BAOYINDELIGER ирээд чи яагаад архи ууж байгаа юм бэ гээд надад хэлэхээр нь би одоо явлаа би харьж амарлаа би долоо хоног ажилгүй байлаа гээд хэлтэл чих яахаараа харьдаг юм бэ гэж хэлээд намайг цохиод авахаар нь би машинаасаа буугаад чи намайг яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлээд орилоод бид хоёр заамдалцаж аваад байж байхад тэнд байсан жолооч нар бид хоёрыг салгаад байж байхад дахиад гүйж ирээд дахиад цохиод авсан юм. Тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм. ...заамдалцаж аваад байж байхад миний санаж байгаагаар Ганболд, Сүхбаатар, Мөнх-Од, Батдорж нар байсан. Би тээврийн хэрэгслийн рулын ард сууж байхад хаалга татаж орж ирээд шууд миний баруун нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон, Би машинаасаа буугаад заамдалцаж аваад жолооч нар салгаад байж байхад гүйж ирээд дахиад баруун нүдэн дээр, хамар хэсэгт цохиод авахад миний хамраас цус гоожсон. ... би машинаас буугаад заамдалцаж аваад салахдаа нэг удаа гараараа баруун нүдний орчимд нь нэг удаа гараараа цохисон юм. ... миний зүгээс гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-32 дахь тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай “1. Г.Хуншагайгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, дээд уруул, баруун тохой, зүүн шагайнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Г.Хуншагайгийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Г.Хуншагайгийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Л.Батсүрэнгийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 20-ны шөнө “Өмнийн чүнч” ХХК-ийн кемпийн хашаанд байдаг “Баян-Овоо хайрхан транс” ХХК-ийн кемпийн амрах гэрт Төмөрхуяг, Баярмэд бид гурав хятад виски хувааж уугаад сууж байхад амрах гэрт Хуншагай гэдэг залуу орж ирээд байж байхаар нь би Хуншагайд 100,000 төгрөг өгч дэлгүүр лүү пиво аваад ирээч гэж өгч явуулсан юм. Тэгээд шөнө дунд амарч байхад амрах гэрт дахиж Хуншагай орж ирээд 100,000 төгрөг зээлчих гэхээр нь би Хуншагайд өөрийн хаан банкны 5315505545 гэсэн данснаас Хуншагай гэдэг залуугийн 5913447300 гэсэн данс руу эхлээд 60,000 төгрөг, дараа нь 40,000 төгрөг тус тус шилжүүлж өгсөн юм. Би мөнгө шилжүүлж өгөхдөө 20,000 төгрөгийг нь аваарай гэж хэлээд шилжүүлж өгсөн юм. Тэгээд түрүүвчид байсан мөнгөө харахад миний түрүүвч, хэтэвчинд байсан мөнгө байхгүй болсон байхаар нь би Хуншагай гэдэг залуу гэрт амардаг гэрт ороод миний мөнгө гаргаж өг гээд цохиж зодсон юм. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлгээр тодорхой мэдүүлсэн байгаа. Миний хэтэвчинд 200,000 төгрөг байсан юм. Тэгээд би 100,000 төгрөг бэлнээр Хуншагай гэдэг залууд өгч дэлгүүр лүү пиво аваад ир гэж өгч явуулсан юм. Үлдэгдэл мөнгөөрөө хоол захиалж идсэн байсан юм. Тэгээд би мөнгө байсан гэж архи уусан үедээ андуурсан байна. Миний хэтэвчинд байсан мөнгө алга болсон гээд андуурч халдаж зодсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Баярмэдийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Төмөрхуяг, Батсүрэн бид гурав Баян-Овоо хайрхан транс ХХК-ийн кемпийн амрах гэрт нэг шил виски уугаад сууж байхад Хуншагай гэдэг залуу амрах гэрт орж ирээд байж байхад Л.Батсүрэн хэтэвч, түрүүвчнээс мөнгө гаргаж өгөөд Хуншагай гэдэг залууд өгөөд дэлгүүр лүү хоёр пиво аваад ир гэж хэлээд явуулсан юм. Тэгээд удаагүй хоёр пиво авч ирээд бид дөрөв хувааж ууж дуусгаад өөрийн амрах гэртээ амарч байхад Л.Батсүрэн амрах гэрт орж ирээд миний мөнгө алга болчихлоо тэр банди Хуншагай авчих шиг боллоо тэр бандийн гэрт хамт оръё гэж хэлээд Төмөрхуяг бид гурав ороод чи хүний мөнгө авсан байна гэж хэлээд би тэр залуугийн гутлаар хөлөн дундуур нь хоёр хөлөн дээр нь нэг нэг удаа цохиод автал тэр залуу орон дээрээ суухаар нь Төмөрхуяг алгадаад авсан юм. Тэгтэл тэр залуу ахаа би мөнгө аваагүй гээд хэлтэл Батсүрэн нэг удаа нүүрэн тус газарт нь өшиглөөд авахад тэр залуу гэрээс гараад зугтаад явчихаар нь би өөрийн амрах гэртээ орж амарсан юм. Л.Батсүрэн миний мөнгө алга болчихсон тэр залуу авсан байх гэхээр нь тухайн үед мөнгө авсан гэж бодоод цохисон юм. Сүүлд бодоход мөнгө авсан гэж бодоод андуурч цохисон талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.Төмөрхуягийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 20-ны шөнө хамт нэг газарт ажилладаг Баярмэд, Батсүрэн нарын хамтаар Батсүрэн бид хоёр амрах гэрт нэг шил виски уугаад сууж байхад Хуншагай гэдэг залуу амрах гэрт орж ирсэн юм. Тэгээд байж байтал Л.Батсүрэн Хуншагай гэдэг залууд хоёр пиво идэж уух юм аваад ир гэж хэлээд дэлгүүр лүү бэлэн мөнгө өгөөд явуулсан юм. Тэгээд Хуншагай дэлгүүрээс пиво авч ирэхээр нь бид нар хувааж ууж дуусгаад бид нар унтаж амраад байж байтал Л.Батсүрэн миний хэтэвч, түрүүвчинд байсан мөнгө алга болсон байна Хуншагай авсан байх хамт гурвуулаа явж очъё гэж хэлэхээр нь бид гурав Хуншагай амрах гэрт ороход гэрлээ унтраагаад орон дотроо гар утсаа оролдоод хэвтэж байсан юм. Тэгтэл Л.Батсүрэн чи миний мөнгө авсан байна гэж хэлээд Баярмэд гутлаар нь цохисон, Л.Баярмэд шанаа хэсэг рүү нь цохисон, би хойно нь харж байгаад мөнгө авсан гээд хэлэхээр нь хайр даахгүй бацаан гэж хэлээд нүүрэн тус газарт нь алгадаж авсан юм. Тэгээд байж байтал гэрээс гараад зугтаахаар нь араас нь Л.Баярмэд бид хоёр хайж яваад кемп рүү ороход кемпийн үүдэн дээр сандал дээр сууж байхаар нь би гэртээ орж амар гээд хэлтэл гарахгүй сандлаас зуураад байхаар нь би үсдэж гаргаж ирээд байж байтал бас зугтаад алга болсон юм. ... би мөнгө зээлсэн талаар мэдээгүй, Л.Батсүрэн Хуншагайг зодож байхад ахаа би танаас мөнгө зээлсэн шүү дээ гээд хэлж байхад Л.Батсүрэн мөнгө зээлсэн юм байна гэж мэдсэн юм. Согтуу хүмүүс уурлаад мөнгө хулгайлсан гээд цохисон юм. ... ахаа юу болсон бэ гээд асууж байсан. Тэгээд ганц хоёр цохиод эхлэхэд ахаа би танаас мөнгө зээлсэн биз дээ гээд хэлж байсан. ... би уусан архиндаа нэлээн согтоод унтаад өгсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нар нь бүлэглэн хохирогч Г.Хуншагайн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, дээд уруул, баруун тохой, зүүн шагайнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан идэвхтэй гэмт үйлдэл байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бодит хохирол шаардах хөнгөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулиар бүлэглэн гэдэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг ойлгодог. Шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нарын бүлэглэж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Хуншагайн биед учирсан баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, дээд уруул, баруун тохой, зүүн шагайнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, шүүгдэгч Ч.Баярмэдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, шүүгдэгч О.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/-ийг тус тус шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Шүүгдэгч нар нь хохирогч Г.Хуншагайн хохирол төлбөрт 970,000 /есөн зуун далан мянга/-н төгрөг нөхөн төлсөн болох банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 188-193 дахь тал/
Хохирогч Г.Хуншагай нь шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нараас хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нарын хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Оюунбилэгийн Төмөрхуяг, Цоохор овогт Лувсанжамцын Батсүрэн, Манж овогт Чулуунбатын Баярмэд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нарт оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нарт сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нараас хохирогч Г.Хуншагайн хохиролд 970,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Төмөрхуяг, Л.Батсүрэн, Ч.Баярмэд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ