Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00406

 

2017 оны 02 сарын 03 өдөр

   Дугаар 102/ШШ2017/00406

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, эрэгтэйБ овогт Д-ийн Т /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ..., М.О.Х.Н.У.Б.Т.З.Н холбогдох тус ... Дархан татах хэсгийн даргын 2016 оны 723 тоот тушаалыг хүчингүй болгож,  ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч У.Б.Т.З.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 1980 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр У.Б.Т.З-ын ТМС-д орж суралцан 1982 оноос Дархан татах хэсэгт засварчин, илчит тэрэгний туслах машинч, машинчаар 23 жил ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 6 цаг 45 минутад графикт ажилдаа гарахаар эмчийн үзлэгт орж даралтаа үзүүлэхэд даралт өссөн байсан. Тэр өдөр эмч Наран байсан ба намайг графикт ажилд гаргаагүй. Наран эмч “Мандах ахаа та үүн дээр гарын үсэг зураад өгөөч, ноорог хийх гэсэн юм” гээд хоосон цаасан дээр гарын үсгийг маань зуруулж авсан. Гэтэл Наран эмч хууль бус сорилын акт бүрдүүлж, буруугаар ашиглан депогийн удирдлагад өгсний улмаас миний бие ажлаас халагдаж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болно. Наран тухайн хуурамч сорилын актдаа депогийн жижүүр Доржпалам, ахлах жижүүр Мөнхбат нараар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байсан. Мөн сорил тавих тухай У.Б.Т.З-ын Хэрэг эрхлэх газрын даргын 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-14 тоот тушаалыг Наран эмч зөрчсөн. Иймээс Дархан татах хэсгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 723 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг өмнөх ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны хохирлыг буруутай этгээдээр төлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Тын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Дархан татах хэсгийн даргын 723 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Би У.Б.Т.Зд машинч, туслах машинчаар 23 жил тасралтгүй ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 25-нд 6 цаг 45 минутад ажилдаа гарахаар  эмчийн үзлэгт ороход даралт өссөн байсан. Бага эмч Наран намайг ажилд гаргаагүй. Та энд гарын үсэг зураад өг гээд хоосон маягтад гарын үсэг зуруулаад ноорог юм аа гэж хэлсэн. Гэтэл эмч Наран сорилын акт хуурамчаар үйлдсэн байсан. Түүнээс болж би ажлаас халагдаж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Сорилын актыг жижүүр н.Д, ахлах жижүүр н.Мөнхбат нарт үзүүлж гарын үсэг зуруулж баталгаажуулсан байсан. Эмч Наран У.Б.Т.З-ын Хэрэг эрхлэх газрын даргын А-14 тоот тушаалаар батлагдсан сорил хийх тухай журмыг зөрчиж акт үйлдсэн болно. Тиймээс 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 723 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага У.Б.Т.З-ын Дархан татах хэсгийн даргын 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 723 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалын 1 дэх хэсгийн заалтыг хүчингүй болгуулах, үндэслэлгүй гаргасан тушаал гэж үзэж байгаа. Түвшинмандахыг ажилдаа гарахаар ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдгийг тогтоосон  акт гарсан. У.Б.Т.З-ын хэрэг эрхлэх газрын даргын 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-14 тоот журам батлах тухай тушаал гарсан байдаг. Энэ журам өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Журмын 3 дахь хавсралт нь согтууруулах ундааны зүйлсийг хэрэглэсэн эсэхийг тодорхойлох, сорилын багаж хэрэгсэл, реактик бодисыг бэлтгэх, хадгалах, ашиглах хяналтын сорил хийх заавар байгаа. Уг тушаалын 1 дүгээр хавсралтын 1.3-д галт тэрэгний хөдөлгөөнд шууд хамааралтай ажиллагсдыг ажилд гарахын өмнө, ажлаас буусны дараа 1 цагийн дотор эмнэлгийн үзлэгт оруулж байх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж сэжиглэгдсэн ажилтанд сорил тавих үед депогийн хариуцлагатнаас 2 хүн гэрчээр байлцуулна гэсэн заалттай. Энэ заалтыг эмч Наран зөрчсөн. Депогийн хариуцлагатнаас  хүн байгаагүй, Наран эмч өглөө ганцаараа байхдаа сорил тавьсан. Сорилыг баталгаажуулах гэрчийг байлцлуулж байж гарын үсэг зуруулах ажиллагааг явуулахгүйгээр өөрөө гарын үсэг зураад дараа нь депогийн жижүүр болон бусад хүмүүсийг дуудаж гарын үсэг зуруулсан. Депогийн жижүүр н.Д хариуцлагатай албан тушаалтан биш. Д.Т 23 жил ажилласан тэтгэврээ тогтоолгоход 2 жил дутуу байгаа энэ үед сахилгын шийтгэл ногдуулах тушаал, сорилын акт гаргаж хүний амьдрал шийдэж, асуудалд хариуцлагагүй хандаж болохгүй. Иймд Дархан татах хэсгийн даргын 723 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5,200,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч “У.Б.Т.З” н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.С нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Дархан татах хэсгийн Дархан депод илчит тэрэгний туслах машинчаар ажиллаж байсан Д.Т нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-2 өртөөний сэлгээний ажилд гарахаар 6 цаг 45 минутад ирэхэд нь У.Б.Т.З-ын Хэрэг эрхлэх газрын даргын А-14 тоот журмын дагуу эмнэлгийн үзлэгт оруулсан. Үзлэгээр артерийн даралт 159/80, зүрхний цохилт 114, царай улайсан, архи үнэртсэн, өөрөө тэвдэж сандарсан байдалтай байсан тул сорилын СА-2000 аппаратаар сорил тавьж үзэхэд архи уусан магадлал 0,60 гарсан. Журмандаа 0,10-аас дээш тохиолдолд архины төрлийн зүйл хэрэглэсэн гэж үздэг. Уг сорилоор уусмалын өнгө цайрсан ба сорилын уусмалыг урвалд оруулж буй үйл явцыг тухайн өдрийн жижүүр Б.Д харсан байдаг. Мөн сорилын дараа тэрээр гарын үсэг зурахгүй гарах гэхэд нь ээлжийн бага эмч Н.Н “та гарын үсгээ зур” гэж дуудсан ба Д.Т өөрөө гарын үсгээ зурсан нь камерын бичлэгт үлдсэн.

 

Дээрх үйл явдлын улмаас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан татах хэсгийн ашиглалт эрхэлсэн орлогч дарга удирдан шуурхай хурал хийсэн ба уг хурлаар графикт ажилдаа согтуу ирсэн нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодорхойлох сорил тавьсан тухай” 17 тоот протоколоор батлагдсан тул илчит тэрэгний туслах машинч Д.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг шийдвэрийг үндэслэн Дархан татах хэсгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 723 тоот тушаалыг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “У.Б.Т.З” н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дархан татах хэсгийн депод туслах машинчаар ажиллаж байсан Д.Тыг 2016 оны 10 сарын 25-ний өдөр У.Б.Т.З-ын даргын А-14 дугаар журмын дагуу сорилын үзлэгт оруулсан. Энэ үзлэгээр Д.Тын артерын даралт 159/80, зүрхний цохилт 114, царай нь улаасан, архи үнэртсэн, өөрөө тэвдэж сандарсан байдалтай байсан. Сэжиг бүхий байна гээд сорилыг тавьсан бөгөөд архи уусан магадлал нь 0,60 хувьтай гарсан, журамдаа 0,10 дээш хувьтай гарвал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай гэж үздэг. Сорилын уусмалын өнгө  цайрсан ба уусмалыг урвалд оруулж байхыг тухайн ээлжийн жижүүр н.Д, туслах машинч н.Баттөмөр нар харсан байдаг. Сорил авсан өөрөөний камерын бичлэг дээр нэхэмжлэгч сорилын актад гарын үсэг зурж байгааг дүрсжүүлж авсан байгаа. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил дээр машинч, туслах машинч нар маш өндөр сахилга баттай ажилладаг. Тийм учраас ажилд гарах, буух үед эмчийн үзлэгээр заавал орж байдаг. Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээний 2.3-д зааснаар ажилдаа согтуу ирсэн нь ноцтой зөрчилд тооцогддог. Энэ зөрчлийн улмаас 2016 оны 10 сарын 27-ны өдөр шуурхай хурал Дархан татах хэсгийн ашиглалт эрхэлсэн дарга удирдан хийсэн байдаг, Түвшинмандах өөрөө оролцсон. Ажилд гарахын урд өдөр Эрдэнэт явж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг зөрчлийг шуурхай хурлаар хэлэлцсэний үндсэн дээр ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс тасалбар болгох цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулсан.  Дархан татах хэсгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тушаал үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “У.Б.Т.З” н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Б.Т.З-ын Хэрэг эрхлэх газрын даргын А-14 тоот тушаалаар батлагдсан журмын 1.3-д өглөөний 6 цагт ажил эхлээгүй байдаг депогийн жижүүр оройны 18 цагаас өглөөний 8 цаг хүртэлх хугацаанд депогийн даргын үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед н.Д нь Д.Тыг дуудсан ба сэлгээгээр ирж байсан. Дүрс бичлэг дээр 2 гэрч орж ирсэн бичлэг байгаа. Тэрэн дээр сэлгээний ажил дуусаад уусмалыг тавьснаас хойш 1 цагийн  дотор хадгалагддаг. Уусмалыг яг тавьж байх үед дарга нар хараагүй ч гэсэн тавьснаас хойш орж харсан гэж ашиглалтын дарга хэлсэн. Өглөөний 6 цагт гэрч байх боломжгүй учраас депогийн жижүүрийн орлогч ажил үүргийг гүйцэтгэдэг гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь “У.Б.Т.З” н-н Дархан татах хэсгийн даргын 2016 оны 723 тоот тушаалыг хүчингүй болгож,  ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хариуцагч “У.Б.Т.З” нийгэмлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч Д.Т нь М.О.Х.Н.У.Б.Т.З н-н Дархан депод илчит тэрэгний туслах машинчаар 2012 оны 9 дүгээр сарын 10-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч ажил олгогчийн санаачилгаар буюу “У.Б.Т.З”-ын  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 723 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан тушаал зэргээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.”, 131.1.3-т “ажлаас халах.”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан.”, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Төмөр замын байгууллагын захиргаа хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд дараахь сахилгын шийтгэл ногдуулна.”мөн зүилийн 30.2.4-т “ажлаас халах.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь Дархан депод илчит тэрэгний туслах машинчаар ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 6 цаг 45 минутад графикт ажилдаа гарахаар ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь бага эмч Н.Нгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодорхойлох сорил тавьсан тухай 17 тоот протокол, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Дархан татах хэсгийн ашиглалт эрхэлсэн орлогч дарга Б.Уын удирдсан “Д.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодорхойлох сорил тавьсан” тухай асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, сорил тавьсан бага эмч Н.Н, сорил тавихад байлцсан депо жижүүр Б.Д нарын тодорхойлолт, сорил тавих үйл явцын хяналтын камерт бичигдсэн бичлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар “Наран эмч хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж хууль бусаар сорилын акт үйлдсэн, сорил тавихдаа хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, сүүлд нь нөхөж гарын үсэг зурсан депогийн жижүүр Доржпалам, ахлах жижүүр Мөнхбат нар нь депогийн хариуцлагатан биш, ажилдаа согтуу ирээгүй” гэж маргаж байх боловч түүнийг ажлаас халсан Дархан татах хэсгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 723 дугаар тушаал хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Д.Т болон хариуцагч Орос-Монголын хувь нийлүүлсэн “У.Б.Т.З” нийгэмлэг нарын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3-т “... ажлын байранд архи уусан, ажилдаа согтуу, мансуурсан ирсэн, удаа дараа ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргавал сахилгын шийтгэл урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална.”,

 

Дархан татах хэсгийн даргын 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 184 дүгээр тушаалаар баталсан нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т “ажилтан ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ... тохиолдолд байгууллагын захиргаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана.” гэсэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг Д.Т гаргасан байна.

 

У.Б.Т.З-ын Хэрэг эрхлэх газрын даргын 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-14 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Галт тэрэгний хөдөлгөөнд шууд хамааралтай ажиллагсдад ажлын өмнө ба дараа эмнэлгийн үзлэг хийх журмын 1.3-т “Галт тэрэгний хөдөлгөөнд шууд хамааралтай ажиллагсдыг ажилд гарахаас өмнө, ажлаас буусны дараа 1 цагийн дотор эмнэлгийн үзлэгт оруулж байх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж сэжиглэгдсэн ажилтанд сорил тавих үед депогийн хариуцлагатнаас 2 хүн гэрчээр байлцуулна.” гэж заасныг сорил тавьсан бага эмч Н.Н зөрчөөгүй, сорилт тавихдаа депогийн жижүүр Б.Д, ахлах жижүүр Г.Мөнхбат нарыг байлцуулсан болох нь сорил тавьсан тухай 2016 оны 17 дугаар протокол, эмчийн өрөөний хяналтын камерын бичлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, Татах хэсгийн ашиглалт эрхэлсэн орлогч даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн Д.Тыг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул М.О.Х.Н.У.Б.Т.З н-н Дархан татах хэсгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 723 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эхэлж байсан ... депод илчит тэрэгний туслах машинчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХТӨР