Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­43 

 

 

  

 

 

      2024   оны  04       сарын04 өдөр                                  Дуга  2024/ШЦТ/­­­­43                                               

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,  

Шүүгдэгч: Х.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Х.Н холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, **** оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3-р баг, ямаан хүрэнгийн бууц гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Х.Н /Регистрийн дугаар: ******/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Х.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Х.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-29 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Очирын өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийг шилжих шөнө 02:00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 21 дэх километрт байх нүүрс тээврийн “Зэт Эс Өү” ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хянаж шалгалтын ажиллагаа явуулж байсан. Тэгтэл манай тээврийн хэрэгслүүд дунд байх 49-93 ӨМЭ, 45-63 ӨМЭ улсын дугаартай, Шакман маркийн тээврийн хэрэгслүүдийн хажууд чимээ гарч тус тээврийн хэрэгслүүд рүү явж байхад 1 хүн цаашаа дугуй өнхрүүлээд явж байгаа нь сарны гэрэлд тод харагдсан. Тэгэхээр нь компанийнхаа тээврийн менежер Бямбадоржид цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлээд тус хүний араас гүйхэд уг хүн дугуй өнхрүүлж явсан дугуйнуудаа хаяад цааш зугтаасан. Тэгээд би болон манай компанийн ажилчид уг хүний араас хөөж очиж барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-921/8750 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хоёр ширхэг дугуйны зах зээлийн үнэ цэнийг 1,800,000 төгрөгөөр тогтоосон баримт /хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Х.Наранболдын “...”Даглай 88 шарга транс” ХХК-ийн кемпийн гадаа байрлуулж тавьсан том оврын тээврийн хэрэгслүүд дээр очоод уг тээврийн хэрэгслүүдээс 2 ширхэг запас дугуйг тайлж авсан юм. Тэгээд би тайлж авсан хоёр ширхэг запас дугуйг уг дугуй хулгайлж авсан гэх газраас ертөнцийн зүгээр зүүн зүг рүү түрээд явж байтал араас нэг хүний дуу гарах шиг болсон тэгэхээр нь би түрж явсан дугуйг үлдээгээд цааш зугтаахад араас нэг ах ирээд намайг бариад авсан тэгээд төд удалгүй цагдаагийн байгууллагаас нэг хүн ирээд намайг Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст авчирсан. Тухайн үед би норд бенз тээврийн хэрэгслийн жолоочоор ажилладаг байсан бөгөөд миний машины хоёр дугуй муудсан байсан. Тухайн кемпийн хашаанд хаа сайгүй эзэнгүй машинууд байсан тул хоёр өөр машинаас нэг нэг дугуй тайлж авсан. Тухайн хоёр ширхэг дугуйг тайлж авах талаар хэн нэгэн хүн шахаж шаардсан зүйл байхгүй би өөрийн санаачилгаар авсан. Би “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дугаар ТХҮ-921/8750 дугаартай тайлантай танилцсан бөгөөд тухайн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би тухайн үед авсан 2 ширхэг дугуйгаа буцааж өгч тухайн байгууллагыг хохиролгүй болгосон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.  

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

            Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээрээ уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогдоно.

  Шүүгдэгч Х.Наранболд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч Х.Наранболдын гэмт үйлдлийн улмаас хохирогч “Зэт Эс Өү” ХХК-ийн эд хөрөнгөнд 1,800,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг гэмт үйлдэл болон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч Х.Наранболд нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Х.Наранболд нь хохирогч “Зэт Эс Өү” ХХК-аас авсан 2 ширхэг дугуйг хохирогчид буцаан өгсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Очирын бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 98 дахь тал/

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Очир санал, гомдолгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Наранболдод 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Наранболдод 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад суурьшлын бүс хүртэл нүүрс тээврийн замаар зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Наранболд нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 Шүүгдэгч Х.Наранболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Х.Наранболд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 68 дахь тал/  

 Иймд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Наранболдод 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Наранболдод 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад суурьшлын бүс хүртэл нүүрс тээврийн замаар зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г овогт Х.Н Эрүүгий хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Наранболдод 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Цагаан хад суурьшлын бүс хүртэл нүүрс тээврийн замаар зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М санал, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Наранболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ