| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
2024 04 03 2024/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т /томилолтоор/,
Шүүгдэгч: Г.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э,
Хохирогч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.О /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Н холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Гэрэлт өргөө хотхон 47е байрны 14 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.Н /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагын Худалдаа хөгжлийн банкны ***** дугаарын данснаас 4.316.642 төгрөгийг Б.Э эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансаар дамжуулан өөртөө авч завшсан, мөн 2022 оны 02 дугаар сард өөрийн ашигладаг байсан 960.000 төгрөгийн үнэ бүхий Делл маркийн нөөтбүүкийг авч завшиж, “Түгээмэл түмэн хишиг” ХХК-д нийт 5.276.642 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: ‘’Усны машины асуудалд би 2022 оны 01 сарын 06-нд ажлаа хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот руу явсан байсан. Тухайн үед Улаанбаатар хотод амраад явсан хойгуур усны машины жолооч холбогдоод “Түгээмэл Түмэнхишиг” компанитай ажлын гэрээгээр хийж ажиллаж байсан ажлын хөлс авмаар байна гээд над руу холбогдсон. Тухайн үед ажлын хөлснийх нь тооцоог би өөрөө бодоод, дараагийнхаа нягтланд бүх ажлыг хүлээлгэж өгөөд явсан байсан. Усны машины жолоочийг ярихад нь Г.Буяндэлгэр захирал руу чат бичсэн, утсаар ч холбогдсон байгаа. Усны машины жолооч тооцоогоо нэхээд байна энийг яах вэ гэхэд чи над руу тооцоог нь явуулчих гээд би чатаар бодсон тооцоогоо явуулаад, миний ажлыг хүлээж аваад н.Соёлбаатар гэдэг хүн нягтлангаар очсон. н.Соёлбаатар гэдэг хүнд бүх ажлаа хүлээлгээд өгсөн байсан. н.Соёлбаатараар дамжуулж энэ мөнгө шилжигдсэн байгаа. Би өөрөө дур мэдэж “Түгээмэл Түмэнхишиг” ХХК-ийн данс руу ороод мөнгийг шилжүүлээгүй байгаа. Б.Эрдэнэцэцэг гэдэг хүний данс руу яагаад авсан бэ гэхээр усны машины жолооч, манайд ажиллаж байгаа хүмүүс болон компанид ажиллаж байгаа ажилчид цалингаа авахад хүндрэлтэй байдаг. Усны машины жолооч биечлэн надаас гуйсан болохоор би тухайн үед захиралтай яриад мөнгийг нь шилжүүлээд өгөөч гэсэн чинь захирал маргааш нөгөөдөр болъё гээд хойшлуулсан. Шилжүүлье гэдэг өдөр усны машины жолооч түрээсээр ажиллаж байсан Н.Амарсанаа гэдэг хүний утасны дугаар холбогдохгүй байсан. Надаас биечлэн гуйсан болохоор би тэр хүний ажлын хөлсийг хэдэн сар жилээр өгөөгүй бас хойшлогдож байсан болохоор нь хувийн зүгээсээ ч юм уу туслаад, мөнгө төгрөгийг нь аваад өгчихье гэсэн бодолтой байсан учраас бэрийнхээ дансыг нь өгсөн нь үнэн. Энэ дээр миний алдаа байсан байна лээ. Тэр хүний утас холбогдохгүй болохоор шилжүүлье гэсэн дээр нь мөнгийг нь шилжүүлээд өгчихье гэж би бодсон. Б.Эрдэнэцэцэг гэдэг хүний данс руу нягтлан н.Соёлбаатараар дамжуулж мөнгө орж, тэрийг “Түгээмэл Түмэнхишиг” ХХК-аас гүйлгээг хэн хийснийг би мэдэхгүй. Б.Эрдэнэцэцэг гээд манай бэрийн данс руу мөнгө орж ирсэн тэгэнгүүт нь би миний дүү мөнгө нь ороод ирсэн, эгчийнхээ данс руу явуулаарай гээд өөрийнхөө Худалдаа хөгжлийн 414019987 данс руу хүлээж авсан. Усны машины жолооч руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би ажлаасаа гарсан байсан учир миний цалинтай холбоотой асуудал, ажилласан хугацааны амралтыг бодож өгөхгүй байсан учраас би зөрүү мөнгийг нь авч үлдсэн нь миний алдаа байсан. Нөүтбүүкийн тал дээр Б.Ихбаярын мэдүүлэг дээр намайг өөрийн ашигладаг байсан нөүтбүүкээ гэж хэлсэн байна. Нөүтбүүкийг би ашигладаг байгаагүй юм. Манайх санхүүгийн албан дээр 4 хүн суудаг. Дөрвүүлээ суурин компьютер дээр ажилладаг. Нөүтбүүкийг 2021 оны 07 сард би амралтаа аваад явахдаа захиралтай ярьж байгаад санхүүгийн программ суулгуулаад 1 0сарын хугацаатай суулгуулсан. Авч яваад 2021 оны 07 сард би амарч явж байх хугацаандаа нөүтбүүкийг ашиглаж байсан. 08 сард буцаж ирээд тооцооны нягтлан бодогч Д.Пүрэвсүрэн болон нярав Чинзориг хоёрт хүлээлгэж өгсөн. Тэрнээс хойш нөүтбүүкийг хэрэглэх боломжгүй. Яагаад гэхээр санхүүгийн программ ганцхан сарын хугацаатай суулгаад, би 2021 оны 07 сараас 08 сард ирэх хугацаандаа ашигласан. Тэрнээс хойш нөүтбүүкийг ажлын байран дээрээ нэг ч ашиглаагүй. Дүү Г.Бат-Эрдэнээр миний ашиглаж байсан нөүтбүүкийг аваад ирээч гэж хэлүүлсэн гээд байгаа юм. Үүнийг яг тэгж хэлсэн гэж хэн нотлоод байгаа юм. Гайхаад байгаа юм. Манай дүү надад хэзээ хойно Г.Буяндэлгэр захирал над руу чат бичээд холбогдвол танай дүү чинь нөүтбүүк авч явсан юм байна лээ гэхээр өө тийм үү, би мэдээгүй шүү дээ, өөрөөс нь асууж байгаад хариу өгье гэсэн. Манай дүү тухайн үед хөдөө орон нутаг руу ажилд явсан, утас нь холбогдохгүй байгаад хэд хоногийн дараа холбогдоод дүүгээсээ асуухад инженерүүдийн нөүтбүүк код нь тайлагдахгүй. Инженерүүдийн албанд байдаг юм. Нөүтбүүкийг би ажлаа хийхийн тулд компьютер хэрэг болоод, ажил дээр юм хийх боломжгүй болохоор нь би нярваас аваад кодыг нь тайлаад эргээд аваад ажиллуулна, янзлуулаад ирье гээд авч яваад эргээд ажилдаа очоогүй нь үнэн л дээ. Нөүтбүүкийг янзлуулах гээд өгсөн байсан чинь нөгөө хүнтэйгээ холбогдож чаддаггүй. Би оронд нь нэг нөүтбүүк явууллаа, Б.Ихбаяртай яриад гэж надад хэлсэн. Тэрнээс биш би нөүтбүүкний талаар хэзээ хойно сонссон. Нөүтбүүкийг намайг ашигладаг байсан, би тэрийг хэрэглэдэггүй байсан. Суурин компьютер дээр ажлаа хийдэг байсан. Нэмэлт тайлбар хэлэх гэсэн юм. Би компанид гэрээгээр ажиллаж байгаа улсууд, манайд ажиллаж байгаа ажилчдын цалин хөлстэй холбоотой хүсэлтүүдийг захирал руу тавих үүрэгтэй. Энэ хүмүүс цалингаа нэхэмжилж байна, энэ хүн ажлын хөлсөө нэхэмжилж байна гэдэг хүсэлтээ захирал тавьдаг. Тухайн үед би тийм шугамаараа 01 сарын 06-нд Улаанбаатар руу явсан үедээ захирал руу тийм хүсэлт тавьсан. Намайг дур мэдээд өөрөө бэр Б.Эрдэнэцэцэгийнхээ данс руу шилжүүлэг хийсэн юм шиг яриад байна. Би өөрөө шилжүүлэг хийгээгүй. Хүсэлт захирал руу тавигдсан. Тухайн үед усны машины жолоочийн утас холбогдохгүй байсан учраас өөр дансанд авсан нь миний буруу. Намайг ахлах нягтлан бодогч байсан гэж буруу яриад байна. Намайг ахлах нягтлан бодогчоор томилогдсон тушаал байхгүй. Би тооцооны нягтлан бодогч гэсэн тушаалтай. Нөүтбүүкийн хувьд үнэхээр би тэрийг авч яваагүй. Би оронд нь эвдэрхий нөүтбүүк өгөөгүй, мэдэхгүй байна. 2,300,000 төгрөгийг хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу. Тийм учраас хөнгөн ял оноож өгнө үү. Бусдын эд хөрөнгө завшсан нь миний буруу. Буруу зүйл хийснээ ойлгож байгаа.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн яллагдагч Г.Наранчимэгт холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Яллагдагч Г.Наранчимэг нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Түгээмэл түмэн хишиг” компанийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагын Худалдаа хөгжлийн банкны 468019300 гэсэн дугаарын данснаас 4,316,642 төгрөгийг Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5031142965 гэсэн дансаар дамжуулж өөрт авч завшсан, мөн 2022 оны 02 дугаар сард ашигладаг байсан 960.000 төгрөгийн үнэ бүхий делл маркийн нөүтбүүкийг завшиж, “Түгээмэл Түмэн Хишиг” компанид нийтдээ 5,276,642 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр хохирлын төлбөрөөс Н.Амарсанаад 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Шилжүүлсэн баримт нь хавтаст хэрэгт байгаа. Хохирол төлбөр нөүтбүүкийн үнэлгээ бүхий 960.000 төгрөг, 2,316,642 төгрөгийн хохирлын төлбөр үлдсэн. Үүнийг төлөөгүй байгаа. Хэдийгээр хууль ёсны төлөөлөгч Б.Ихбаярын мэдүүлэгт айсэр ай 3 загварын нөүтбүүкийг орлуулж буцааж өгсөн гэдэг боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нөүтбүүк нь ажилладаггүй, эвдэрхий, хүсвэл үүнийгээ буцааж аваарай гэж байна. Ажилладаг нөүтбүүк өгөхийн оронд ажилладаггүй нөүтбүүк өгсөн. Буцааж өгөх талаар хохирогчийг хууль ёсны төлөөлөгч илэрхийлж байгаа учраас 960.000 төгрөгийн хохирол хэвээрээ байна гэж харж байгаа. Шүүгдэгчийн хувьд 01 сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн, ажлаа хүлээлгээд өгсөн байсан гэдэг зүйлийг ярьдаг боловч өнөөдрийн байдлаар ажлаас чөлөөлсөн тушаал гарсан, чөлөөлөхөө илэрхийлээд хүсэлт гаргасан зүйл хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тухайн үед ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргаж ажлаа өгөөгүй, хотоос зайнаас ажлаа хийж байсан байна гэдэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Тийм учраас түүнийг 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Дараах байдлаар нэмэлт тайлбараа гаргая. Нягтлан бодогч гэдэг ямар мэргэжил вэ гэдэг асуудал гарч ирнэ. Яах гэж байгууллагад нягтлан бодогч хийдэг албан тушаалтан байдаг вэ, тухайн байгууллагын санхүү мөнгө тооцоотой холбоотой асуудлыг ажлыг хийх гэж байгууллагад нягтлан байдаг. Жишээлбэл, энгийнээр бодоод үзэхэд би прокурорын байгууллагын хэдэн төгрөгийн төсөвтэй байдаг юм, хэдийг нь хааш нь шилжүүлэх ёстой юм, би мэдэхгүй. Бид мэдэх шаардлагагүй. Яагаад гэвэл тэнд зориулсан албан тушаалаараа томилогдсон нягтлан бодогч байдаг учраас, бид нарын цалинг нягтлан бодогч бодож өгдөг, гүйлгээг нь нягтлан бодогч л хийдэг. Үүнтэй агаар нэгэн адилаар аливаа байгууллагын бүх гүйлгээг нягтлан бодогч хийнэ. Хууль ёсны төлөөлөгч хэлсэн тэр үед ажиллаж байх үедээ ажлаа хийгээд гүйлгээгээ хийж байсан. Ийм учраас энэ хүний хувьд 4.300.000 төгрөг шилжүүлж авсан гэдэг зүйл нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нөгөө талаар би ажлаа хүлээлгэж өгөөд, цалин мөнгө аваагүй л гээд байх юм. Түрүүн шүүгдэгч өөрөө хэлсэн. Цалингаа бодуулаад 1.087.000 төгрөг авсан, одоо цаана нь үлдэгдэл цалин байгаа, тэрийгээ шүүхээр авна гээд байна. Тэгэхээр энэ хүн тэр үед зайнаас ажлаа хийгээд, зайнаас ажлаа хийж байсан үеийнхээ цалинг аваад, үлдсэн мөнгөөр шүүхээр авна гээд яриад байгаа юм биш үү, Ажлаа хийж л байсан байна. Ажлаа хийж байсан болохоор шилжүүлээд аваад байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Компьютерын тухайд аваагүй юм бол яах гэж оронд айсэр ай 3 нөүтбүүк өгөөд байгаа юм. Би байсан бол өөрөө аваагүй юмныхаа төлөө хүнд илүүдээ гарсан мөнгө байгаа биш, компьютер өгч яах юм. Гэтэл үүнийгээ авснаа хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулаад өгч байгаа нь нөүтбүүкийг өгөөд байна. Ийм нөхцөл байдал, бодит үйл баримтаар энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байна. Эргэлзээтэй маргах зүйл байхгүй байна. Шүүхээс шүүгдэгчийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг дараах байдлаар хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Наранчимэгт 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Хохирол, төлбөрийг сая шийдсэн учраас хохирол, төлбөрийн талаар хэлж ярих зүйлгүй байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Дараах байдлаар нэмэлт тайлбарыг хэлье. Шүүгдэгч хохирол төлбөрийг өмнө төлөөд асуудлыг шийдэх боломж байсан уу, байсан. 2 жил явж байж, шүүх хурал дээр ирж байж төлж байгаа юм. Өөрөө өөрийнхөө бодит байдалд байгаа үйлдсэн гэмт хэрэгт дүгнэлт хийхгүй. Өнөөдөр бид бүхэн сая шүүх хурал дээр сонслоо, ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэдэг үг ганц ч үг гараагүй, гаргахгүй байгаа. Хийх ёстой юм байдаг, ярих ёстой юм байгаа юм шиг яриад зогсож байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэмшинэ, ухаарна, ойлгоно гэж юм байх ёстой. Гэтэл тийм юмгүйгээр ингээд явж байгаа. Бараг л гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаад явж байгаа. 2 дугаарт харин ч хорих ял оногдуулаагүй. 3 дугаарт өнөөдөр ажил хийгээд орлоготой байсан уу, 3.000.000 төгрөгийн цалин аваад дээрээс нь 10,20 буюу ростероор ажиллаж байсан хүн ажлаа хаяад, юмыг нь завшаад явсан байна. Ийм нөхцөл байдал хэрэгт байгаа. Өнөөдөр бид нар яг ийм зүйл ангитай, ийм хэргүүдийг хорих ялыг нь өгөөд эдлүүлээд явж байгаа түүх бид нарт бий. Өмнө шийдсэн хэргүүд бий. За яах вэ эмэгтэй хүн юм даа, ар гэртээ юм, үр хүүхдүүдтэй юм даа гэж, хүний хувьд би 20.000.000 төгрөгөөр торгох саналыг шүүх хуралдаанд оруулж байгаа юм. Өөр зүйлгүй.’’ гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Шүүгдэгч Г.Наранчимэг нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Түгээмэл түмэн хишиг” компанийн Худалдаа хөгжлийн банкны 468019300 тоот данснаас усны тооцоо болох 4,316,642 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхдээ өөрийн бэр дүү болох Б.Эрдэнэцэцэгийн Хаан банкны дансаар авсан байдаг. Б.Эрдэнэцэцэгийн дансаар авч байгаа үйлдлээ Г.Наранчимэг тайлбарласан. Тухайн үед усны тооцоо 4,316,642 төгрөг гарсан, тооцоон дээр маргасан зүйл байхгүй. Усны тооцоог Н.Амарсанаад шилжүүлэх ёстой байжээ гэдэг нь тогтоогдож байна. Тооцооны төлбөрийг Н.Амарсанаад шилжүүлэх гэсэн боловч тухайн үед Н.Амарсанаагийн утас нь холбогдохгүй, данс нь мэдэхгүй байсан учраас Б.Эрдэнэцэцэгийн дансаар авсан гэдгээ тайлбарладаг. Б.Эрдэнэцэцэгийг дансаар авсныхаа дараа өөрийнхөө дансаар аваад Н.Амарсанаатай холбогдож байгаад 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2,316,642 төгрөг үлдсэн. Үүнийг Н.Амарсанаад шилжүүлээгүй өөртөө завшсан үйлдэл байгаа. Н.Амарсанаад 2,000,000 төгрөгийг шилжүүлээд бусдыг нь өөртөө авч үлдсэнээрээ завших гэмт хэрэг төгсөж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,316,642 төгрөг гэж тооцож, хагасыг нь шилжүүлснээрээ завших гэмт хэрэг төгсөж байгаа гэж үзэж байна. 2,316,642 төгрөгийг завшсан гэж үзэж байгаа. Энэ үйлдлийг улсын зүгээс албан тушаалын байдлаа ашиглаж гэж үзээд хэргийг хүндрүүлж эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ээр хэргийг зүйлчилсэн байдаг. Г.Наранчимэгийн хувьд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөөд амраад явсан байсан. Амраад явсан байсан хугацаанд Н.Амарсанаа усны тооцоогоо нэхээд байхаар нь тооцоог өмнө хийсэн байгаад захирал руугаа явуулаад, шилжүүлэх үед нь Н.Амарсанаагийн утас холбогдохгүй байсан учраас өөр хүний дансаар авсан байдаг. Тухайн үед ажлаа хийж байгаа. Хохирогчийн зүгээс зайнаас ажилласан гэдэг зүйл яриад байна. Хэрвээ зайнаас ажиллаж байсан бол 2021 оны 01 сард ажилласан гээд цалин хөлс өгсөн зүйл байдаггүй. Ажиллаж байсан гэдгээ нотлох баримт байхгүй байна. Хохирогч зайнаас ажиллаж байсан гэдэг үгээр тухайн үед ажлаа хийж байсан, албан тушаалаа ашигласан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Г.Наранчимэгийн хувьд зөвхөн усны тооцоог хийсэн. Тооцоо нь 4,316,642 төгрөг гарсан. Үүн маргах зүйл байхгүй. Тооцоо хийснээрээ албан тушаалын байдлаа ашиглаж гэж үзэх үндэслэл байхгүй. Тухайн үед тооцооны нярваараа ажиллаж байсан ч гэсэн компанийн данснаас өөрөө дур мэдээд хууль бусаар шилжүүлэг хийсэн зүйл байхгүй. Үүнийг тухайн үед захиралдаа мэдэгдээд ахлах нярав, ерөнхий нягтлан гээд албан тушаал хэрэгт хавсаргасан байдаг. Эдгээрээр нь дамжаад захирлын өгсөн кодын дагуу гүйлгээг хийдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранчимэг өөрөө гүйлгээ хийсэн гэсэн гомдол мэдүүлэг өгөөд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Үнэнзоригт шилжүүлэх ёстой байсан усны тооцооноос 2,316,000 төгрөгийг өөртөө завшсанаараа албан тушаал ашигласан зүйл байхгүй гэж үзээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү. Тухайн зүйл хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгийг завшсан нь хангалттай нотлогдож байгаа. Үүн дээр маргах зүйл байхгүй. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн өөрийн ашиглаж байсан нөүтбүүкийг дүүгээрээ дамжуулан авсан гэсэн үйлдлийг гэмт хэрэгт холбогдуулж хэрэг үүсгэдэг. Энэ нь нотлох баримтаар нотолсон зүйл байхгүй байна. Г.Бат-Эрдэнэ нь энэ нөүтбүүкийг өөрөө ашиглах гээд авсан. Авахад ажилладаггүй байсан. Кодыг нь тайлуулах гэсэн холбогдохгүй байсан. Тийм учраас буцаагаад Айсэр 3 гэсэн нөүтбүүк явуулсан гэсэн зүйлийг Г.Бат-Эрдэнэ мэдүүлдэг. Г.Бат-Эрдэнэд хууль сануулаад хууль сануулж байгаад мэдүүлэг авсан байдаг. Би өөрөө ашиглах гээд авсан юм гэсэн мэдүүлэг өгсөөр байтал дүүгээрээ дамжуулан өөрөө авсан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тийм учраас делл маркийн нөүтбүүк авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,316,642 төгрөг байхаар шүүхээс тогтоож, хохирлыг гаргуулахаар шийдэж өгнө үү гэсэн саналтай байна. Г.Наранчимэг 1.087.000 төгрөг авсан гэсэн зүйл ярьсан. Үүнийг улсын яллагчийн зүгээс ажлаа хийж байсан байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Г.Наранчимэгийн хувьд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Тэр хооронд амралтын мөнгө, цалин авъя гэхээр өгөхгүй байгаад байсан. Сүүлд 1.087.000 төгрөг өгсөн гэсэн зүйл ярьсан. Үүнийг ажлаа хийж байсан учраас цалин олгосон гэж үзэх үндэслэлгүй. Н.Амарсанаад өгөх байсан усны тооцооны үлдэгдлийг завших байсан гол шалтгаан амралтын мөнгө, цалин дутуу өгснөөс болж үүнийг завших болсон гол шалтгаан. Ажлаа хийгээгүй байсан, хийж байсан гэдгээс өөр нотлох баримт байхгүй байна. Сүүлд 1.087.000 төгрөг өгсөн нь ажил хийж байсан гэдгийг нотлох зүйл байхгүй. Ажлаа хүлээлгэж өгөөд, ээлжийн амралтын мөнгө, цалин дутуу олгосон, өгөхгүй байсан учраас 2.000.000 төгрөгийг завшсан гэдгээ тайлбарладаг. Ажлаа хийж байгаагүй учраас албан тушаал эрх мэдлээ ашигласан гэж үзэх үндэслэл байхгүй. Тухайн мөнгийг тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан нягтлан бодогч цалин хөлстэй гүйлгээ хийх хэрэгтэй гэсэн зүйл яриад байна. Хэрвээ өөрөө гүйлгээ хийчих зүйл байсан бол Захирал руугаа дансны дугаар явуулахгүй. Дансны дугаараа явуулсан баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. Өөрөө гүйлгээ хийх боломжтой, ажлаа хийж байсан бол захирал руугаа заавал дансыг явуулаад тийшээ хийх гээд байх шаардлага байхгүй. Өөрөө дур мэдээд данс руугаа хийгээд авчих боломжтой. Том нягтлан байсан учраас албан тушаалаа ашиглаж гүйлгээ хийсэн гэж шууд үзэх үндэслэл байхгүй байна. Делл нөүтбүүкийн оронд айсэр ай 3 нөүтбүүк өгсөн. Энэ нь нөүтбүүкээ авснаа хүлээн зөвшөөрөөд буцааж өгсөн байна гэсэн зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй. Тэр нөүтбүүкийг Г.Наранчимэг өгөөгүй. Г.Бат-Эрдэнэ гэдэг хүн делл маркийн нөүтбүүкийг өөртөө хувьдаа ашиглая гэж авч яваад болохгүй болохоор нь компанийнхаа хүмүүстэй ярьж байгаад айсэр ай 3 гэсэн маркийн нөүтбүүкийг өгсөн байдаг. Г.Наранчимэгийг буцааж өгсөн гэж тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогчийн зүгээс 4,316,642 төгрөг гарсан учраас үүнийг авна гэсэн зүйл ярьсан. Энэ тооцоо үндэслэлтэй. Усны тооцоо гарсан, үүнийх нь дагуу Н.Амарсанаа 2.000.000 төгрөгөө авсан, тухайн үедээ Г.Наранчимэгээс авсан гэдгээ хэлдэг. Сүүлд тооцоог нь өгсөн гэсэн зүйл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс яриад байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна. Бодит хохирол 2,316,642 төгрөг байна гэсэн тайлбараа дэмжиж байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна. Шүүхээс шүүгдэгч Г.Наранчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Улсын яллагчийн зүгээс 20.000.000 төгрөгөөр торгох ийм саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс торгох ял дээр санал нэг байна. Харин хэмжээний хувьд 20.000.000 төгрөгийг багасгуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлүүд хэрэгт авагдсан байгаа. Тухайлбал, шүүгдэгчийн хувьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа. Өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан энэ үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан. Үлдэх хэсгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй ярьж тохиролцоод сарын хугацаанд төлж барагдуулъя гэдэг байдлаар тохиролцсон. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Тухайн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Түүний хувийн байдлыг авч үзвэл нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Өөрөө эрхэлсэн тодорхой ажилтай, сарын 2.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг гэсэн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзан үзээд мөн тухайн хэргийн хувьд бусдад учруулсан хохирлын хувьд 3,276,642 төгрөгийн хохирол учруулсан энэ хэмжээ их биш байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд торгуулийн ялыг хамгийн багаар буюу 10.000.000 төгрөгөөр торгуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Шүүгдэгчийн хувьд өмнө компаниас ажлаас чөлөөлөгдсөн, ажлын цалин олгоогүй, амралтын мөнгө олгоогүй гэдэг үндэслэлээр тухайн төлбөрийг барьцаалсан маягаар явж байна гэдэг байдлаар өдийг хүрсэн. Хэрэг үүсгээд өмгөөлөгч аваад, хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр энэ үйлдэл буруу юм, гэмт хэрэг гэдгийг ойлгоод, Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд маргадаггүй. Гэмшиж байгаа байдал харагдахгүй байна, ингэж хэлсэнгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлүүдийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааж өгсөн. 6.6 дугаар зүйлийн 1-т зааснаас бусад үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэдэг нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн байдаг. Ийм үйлдэл хийгээд хорих ял аваад явж байсан, өмнө энэ тохиолдлууд байгаа гээд үндэслээд хорих ял оногдуулаагүй шүү гэсэн тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэл болгодог шүүхийн президентийг ашигладаг эрх зүйн тогтолцоотой улс биш. Тийм учраас өмнө ийм хэрэг үйлдээд хорих ял авч байсан, харин ч хорих ял оногдуулсангүй шүү гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх гаргасан тайлбараа дэмжээд, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоосоо барагдуулж байгаа, учруулсан хохирлын хувьд бага. Тухайн үед эрх зүйн мэдлэг дутмаг байсны үндсэн дээр энэ гэмт хэрэг гарах болсон. Ийм учраас өмнөх саналаа дэмжиж байна. Торгууль ялыг хамгийн багаар тогтоож өгнө үү гэсэн саналтай байна.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунтуяа гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Г.Наранчимэг нь тухайн үед манай компанид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 4.316.000 төгрөг буюу усны машины тооцоог шилжүүлж авсан байна гэдэг асуудал үүсээд, миний бие энэ өргөдлийг гаргаж байсан. Би өөрөө шалгаж үзэхэд 4.316.000 төгрөг Б.Эрдэнэцэцэг гэдэг. Тухайн үед Б.Эрдэнэцэцэг хүн гэдэг хүн хувийн анкет дээр бөглөгдсөн, өөрийнх нь хамаарал бүхий этгээд гэдэг нь тодорхой байсан. Шилжүүлээд авсан байна гэдэг нь маш тодорхой байсан. Үүнийх нь дагуу би өөрөө шалгаад усны машины жолооч Б.Үнэнзориг гэдэг хүнтэй ярьсан. Тухайн үед жолооч Б.Үнэнзориг тайлбар өгөхдөө надад 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 4 сая гаран төгрөгийн тооцоотой, 2.000.000 төгрөгийн зөрөөг өгөөгүй гээд үлдсэн зөрөөг нь манай компаниас усны машины мөнгийг төлсөн байгаа. Б.Үнэнзоригт манай компаниас давхар төлж өгсөн учраас усны машины тооцоонд шилжүүлсэн 4.316.000 төгрөгийг Г.Наранчимэгээс гаргуулах хүсэлтэй байгаа. Нөүтбүүкийн тухайд Г.Наранчимэг өөрөө сая яриад байна. “Би ашиглаж байгаагүй, санхүү дээр ашигладаг нөүтбүүк биш байсан. Манай дүү авсан юм байна лээ. Би энд хамаардаггүй” гэдэг тайлбар өгөөд байна. Тухайн нөүтбүүк өөр хэн, хаана ашиглаж байсан нь хамааралгүй. Компанийн л эд хөрөнгө. Дүү Г.Бат-Эрдэнэ гээд байгаа хүн манай компанид сантехникийн инженерээр ажиллаж байсан. Нөүтбүүк ашиглах шаардлагагүй. Тухайн үед хүлээж авсан нярваас өөрөө би асууж байсан. Эгч ашиглах шаардлагатай, зайнаас ажлаа хийж байя, нөүтбүүкийг аваад ир гэж хэлээд манай нярваас авсан байсан. Тийм учраас Г.Бат-Эрдэнэ авсан уу, хэн шилжүүлсэн үү хамааралгүйгээр дүүгийнх нь мэдүүлэг ч гэсэн хавтаст хэрэгт байгаа. Авч явсан нь тогтоогдож байгаа. Г.Наранчимэгийн яриад байгаа зүйл нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Нөүтбүүкийн үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 960.000 төгрөгийн хохирол компанид учруулсан гэж үзэж байгаа. Ажлаасаа халагдсан байсан гэдэг зүйл яриад байна. Тухайн үед би өөрөө энэ компанид ажиллаж байсан. Г.Наранчимэг ажлаас халагдах хөдөлмөрийн гэрээ дуусах болохлоор ямар нэгэн үндэслэл үүсээгүй, тийм харилцаа үүсээгүй байсан. Өөрөө ээлжээс бууж яваад тэр чигтээ эргэж ирээгүй. Тухайн үед зайнаас ажлаа хийгээд явж байсан хүн байгаа. 2022 оны 01 сард Г.Наранчимэгийг ажлаас халах талаар үйл баримт үүсээгүй байсан. Яваандаа өөрөө ирэхгүй болоод, илүү дутуу шилжүүлсэн мөнгөний асуудал гараад, үүнийхээ асуудлыг ирж учрыг нь олооч гэж бид нар маш олон удаа араас нь утасдаж холбогдож байхад өөрөө би очно гэж хэлсээр байгаад замхарсан. Тэрнээс Г.Наранчимэгийн яриад байгаа шиг ажлаасаа халагдсан. Цалингийн болон ээлжийн амралтын үлдэгдэлтэй байсан гэдэг зүйл огт байхгүй байгаа. Г.Наранчимэгийн тухайд 2021 оны 08 сараас, 2022 оны 02 дугаар сарыг дуустал манайд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн хэрэг явдал гарах үед буюу 2022 оны 01 сарын 19-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн талаар ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас албан тушаалдаа эрхэлж байсан гэж үзэх үндэслэлтэй. Хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан 5031142965 буюу өөрийнх нь дүүгийнхээ эхнэрийн дансаар авах талаар өөрөө зөвшөөрөл хүссэн мессеж бүхий баримтаа өөрөө гаргаж өгсөн байдаг. Уг баримтаас харахад тухайн ажил албан тушаалыг эрхэлж байхдаа хууран мэхлэх замаар бусад этгээдэд шилжүүлэх ёстой мөнгө төлбөрийг өөрийн хамаагүй этгээдийн дансандаа шилжүүлсэн, шилжүүлэн авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой нотлогдож байна. Хэдийгээр энэ дүнгээс 2.000.000 төгрөгийг Н.Амарсанаад шилжүүлсэн гэж байгаа боловч тухайн Н.Амарсанаа гэдэг этгээд мөнгөний харилцаа тооцоод байсныг тодорхой мэдэхгүй байгаа учраас хохирол учруулсан дүнг 4,316,642 төгрөгөөр тогтоож өгөөч ээ гэж хүсэж байна. тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна. нөүтбүүкийн тухайд хэдийгээр хавтаст хэрэгт Бат-эрдэнэ гээд хүн өөрөө авч явсан гэж байгаа боловч үүнтэй холбоотойгоор тухайн нөүтбүүкийг аваагүй, ашиглаагүй буцааж эргүүлж өгөх боломж байсан боловч өгөөгүй зэргээс харахад нөүтбүүкийн хохирлыг компанид төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас 5,271,642 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ихбаярын өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тооцооны нягтлан бодогч ажилтай байсан Наранчимэг нь Түгээмэл түмэн хишиг ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 468019300 тоот данснаас Б Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5031142965 тоот данс руу дамжуулан усны машины тооцоо шилжүүлэв гэх утгаар дур мэдэн зөвшөөрөлгүйгээр 4.316.642 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа завшсан үйлдэл гаргасан... мөн Наранчимэг нь ажиллаж байх хугацаандаа өөрийн дүү Г.Бат-Эрдэнийг Делл маркийн нөөтбүүкийг аваад ир гэж хэлүүлсэн. Уг Делл маркийн нөөтбүүкийн оронд Асег i3 маркийн нөөтбүүкийг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-41 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Оюунтуяагийн: “...Г.Наранчимэг дур мэдэн Түгээмэл түмэн хишиг ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны 468019300 данснаас 4.316.642 төгрөгийг дур мэдэн Б.Эрдэнэцэцэг гэдэг хүний Хаан банкны 5601012884 гэсэн данс руу шилжүүлж авсан. Мөн Г.Наранчимэгийн төрсөн дүү Г.Бат-Эрдэнээр Делл маркийн нөөтбүүк авхуулаад ...авч явсан... 2021 оны 04 сарын 12-ны өдөр Түгээмэл түмэн хишиг ХХК-д кассын нярваар, 2021 оны 8-р сарын 01-ний өдөр Түгээмэл түмэн хишиг ХХК-д нягтлан бодогчоор тушаал гарч ажиллах байх хугацаандаа Г.Наранчимэг гэдэг хүн “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн 468019300 гэсэн данснаас Б.Эрдэнэцэцэг гэдэг хүний 5031142965 тоот данс руу 4.3' 6.642 төгрөгийг дур мэдэн шилжүүлэн авсан байсан. Усны машины тооцоог Үнэнзориг гэдэг ус зөөдөг хүний 5601012884 тоот данс руу шилжүүлдэг байсан юм.... тэгээд төрсөн дүү Г.Бат- Эрдэнээр Түгээмэл түмэн хишиг ХХК-ийн эзэмшлийн Наранчимэг өөрийн хэрэглэж байсан Делл маркийн нөөтбүүк авхуулаад дүү нь буцаж ажилдаа ороогүй.... Түгээмэл түмэн хишиг ХХК нь Үнэнзориг гэдэг хүн хоёрын хооронд ундны ус хэрэглээний ус авах гэрээ байгуулж Үнэнзориг өөрийн эзэмшлийн усны машинаар малчны худгаас ус аваад Түгээмэл түмэн хишиг ХХК-д ундны ус, хэрэглээний усаа өдөрт хоёроос гурван удаа зөөлгөж аваад төлбөр тооцоог нь сард нэг удаа хийдэг байсан юм. Тухайн тооцоог Түгээмэл түмэн хишиг ХХК-д нягтлангаар байсан Г.Наранчимэг хариуцаж хийдэг байсан юм.... ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр Делл маркийн нөөтбүүкийг Г.Наранчимэг дүүдээ миний хэрэглэж байсан Делл маркийн нөөтбүүк аваад ирээрэй гэж хэлээд захиж авхуулсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Үнэнзоригийн: “... би Түгээмэл түмэн хишиг ХХК-д анх 2021 оны 03 дугаар сарын 28-наас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл усны тээврийн хэрэгслээр усыг нь зөөж явдаг байсан .. би ус зөөсөн төлбөрөө нэг сард 2 удаа авах ёстой байдаг. Харин төлбөрөө авахдаа Хаан банкны 5601012804 тоот дансаар авдаг байсан... би 2021 оны 12 дугаар сард Түгээмэл түмэн хишиг ХХК-ийн усыг зөөж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрдэнэцэцэгийн: “...би Наранчимэг гэх хүнийг танина. Манай нөхөр Бат-Өлзийгийн төрсөн эгч байгаа юм. Хаан банкны 5031142965 тоот дансыг би ашигладаг. Манай эгч Наранчимэг над руу холбогдоод одоо данс руу чинь мөнгө орно буцаагаад өөр данс руу хийгээд өгчих гэж 2022. оны 01 дүгээр сарын 19-ний 18 цагийн үед холбогдсон. Тэгээд тэр мөнгө нь 01 дүгээр сарын 20-ны өдөр миний дансанд орж ирсэн. Тэгээд буцаагаад 414019987 тоот Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлж өгсөн...' гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Амарсанаагийн: “...Түгээмэл түмэн хишиг ХХК-д ус зөөдөг 20 тонн даацтай машин түрээсээр ажиллуулдаг байсан. 2021 оны 11 сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Сард гүйцэтгэлээр түрээсэлж байсан сар бүр тооцоогоо авах гэсэн боловч өгдөггүй хойшлуулж байгаад 2022 оны 1 сард 2 сарын түрээсийн тал мөнгийг нь өгсөн... нягтлан Наранчимэг гэх хүнээс 2022 оны 01 сарын эхээр 2 сая төгрөг авсан... тухайн сарын мөнгө надад хуваагдаж орсон 4.300.000 төгрөг авахаас 2 сая төгрөгийг нь тухайн үед авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ӨЦ-23-117 дугаартай “...нийт 960.000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-82 дахь тал/
“Түгээмэл түмэн хишиг" ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 468019300 дугаартай депозит дансны хуулга /хавтаст хэргийн 89 дэх тал/
Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5031142965 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 92 дахь тал/
“Түгээмэл түмэн хишиг" ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 26- ны өдрийн Б/02/156 дугаартай Т.Наранчимэгийг үндсэн ажилтнаар томилох тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 109 дэх тал/
Г.Наранчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 114-119 дэх тал/
“Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 01- ний өдрийн Б/02/230 дугаартай “Г.Наранчимэгийг дэвшүүлэх томилох тухай" тушаалын хуулбар /хавтаст хэргийн 120 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Наранчимэгийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Наранчимэг нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагын Худалдаа хөгжлийн банкны 468019300 дугаарын данснаас 4.316.642 төгрөгийг Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5031142965 дугаартай дансаар дамжуулан өөртөө авч завшсан, мөн 2022 оны 02 дугаар сард өөрийн ашигладаг байсан 960.000 төгрөгийн үнэ бүхий Делл маркийн нөөтбүүкийг авч завшиж, “Түгээмэл түмэн хишиг” ХХК-д нийт 5.276.642 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Наранчимэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Наранчимэг нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2.1 дэх заалтад “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заажээ.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээний үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгодог.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшдаг байна.
Шүүгдэгч Г.Наранчимэгийн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагын Худалдаа хөгжлийн банкны 468019300 дугаарын данснаас 4.316.642 төгрөгийг Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5031142965 дугаартай дансаар дамжуулан өөртөө авч завшсан, мөн 2022 оны 02 дугаар сард өөрийн ашигладаг байсан 960.000 төгрөгийн үнэ бүхий Делл маркийн нөөтбүүкийг авч завшиж, “Түгээмэл түмэн хишиг” ХХК-д нийт 5.276.642 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжид хамаарч байна.
Шүүгдэгч Г.Наранчимэг нь “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн санхүү бүртгэлийн албаны тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан болох нь “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/02/230 дугаартай тушаалаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 120 дахь тал/
Мөн шүүгдэгч Г.Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ компанид өгсөн гэж мэдүүлсэн боловч компанид чөлөөлөгдөх хүсэлт өгсөн талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд, шүүхээс шүүгдэгч Г.Наранчимэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ӨЦ-23-117 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /HP I5/ делл маркийн нөөтбүүкийн үнэлгээг 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоожээ. /1-р хавтаст хэргийн 79-82 дахь тал/,
Шүүгдэгч Г.Наранчимэг нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ТТХ ХХК-с усны машины түрээс гэх утгатайгаар Намжилдоржийн Амарсанаагийн 5007097340 тоот дансанд 2,000,000 /хоёр сая/ төгрөг шилжүүлсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна. /1-р хавтаст хэргийн 87 дахь тал/
Шүүгдэгч Г.Наранчимэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүгдэгч Г.Наранчимэг нь завсарлагааны хугацаанд хохирогч “Түгээмэл түмэн хишиг” ХХК-д 2,316,642 /хоёр сая гурван зуун арван зургаан мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг нөхөн төлсөн болно.
Хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Наранчимэгээс 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч “Түгээмэл түмэн хишиг” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч Г.Наранчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Наранчимэгт 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунтуяагаас “байхгүй” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрөөс “...торгуулийн ялыг хамгийн багаар буюу 10.000.000 төгрөгөөр торгуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгч Г.Наранчимэгээс “...гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу. Тийм учраас хөнгөн ял оноож өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Г.Наранчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна. /1-р хавтаст хэргийн 106 дахь тал/
Шүүх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Н 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүх, шүүгдэгч Г.Н цалин хөлсийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Наранчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Г.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Н 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н оногдуулсан 11,000,000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/-н жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч “Түгээмэл түмэн хишиг” ХХК-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь хохирогч “Т” ХХК-д 2,316,642 төгрөгийг нөхөн төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ