Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/40

 

 

 

 

 

     2024               04                 03                                                  2024/ШЦТ/40                                         

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б.Н холбогдох **************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, аав дүүгийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, нисэхийн 14/2 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Б.Н /РД:*********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-д Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: ‘’Батдэлгэр овогтой Наянтай миний бие нь 2023 оны 9 сарын 12-ны хавьцаа Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд хотод 5-6 хоноод буцаж ирэх замдаа замын унаагаар явж байгаад Төв аймгийн тэнд дугуй нөхөх хооронд ажиглагдсан, замын хажууд ургасан ургамал байсан. Тэрийг болохоор Амармөрөн гэдэг залуугаас сонсож байсан. Бас фэйсбүүк, инстаграм ер нь оймс болон футболк дээр зургууд нь байдаг. Тэндээс мэдэгдэхүүнтэй болсон. Тэгээд таньж мэдээд түүсэн. Тэгээд түүгээд ажил руугаа 9 сарын 20-д хавьцаа явсан байх. Тэгээд ажил дээрээ хадгалж байгаад 12 сард баригдсан. Би одоо энэ зүйлээс болж маш их хохирч байна. Юуг нь ч мэдэхгүй, ийм ял, шийтгэлтэй гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд ажилгүй боллоо, нэр хүндгүй боллоо, ирээдүйгээрээ ингээд дэнчин тавьчхаад зогсож байна. Маш их харамсаж байна. Надад нэг боломж олгох юм дахиж ийм зүйлд орооцолдохгүй гэдгээ амлаж байна. Нэг удаа харж үзээч гэж гуймаар байна даа, дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Өөр хэлэх үг байхгүй.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Т.С гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Наянтайд холбогдох эрүүгийн 2329003730013 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.

  Шүүгдэгч Б.Наянтай нь 2023 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой ХК-д Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны ‘’Сэтгэцэд нөлөөт бодисын тухай’’ конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Оюу толгой” хувьцаат компанийн хоолны заалны камерын бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд Б.Наянтайн өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд Б.Наянтайн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Сумъяадорж, Амармөрөн нарын мэдүүлэг, сэжигтэн Б.Наянтайн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 211, 212 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад оролцогчийн эрх, ашгийг хязгаарласан, зөрчсөн зүйл тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах, сэтгэцэд бусдад хүчтэй нөлөө үзүүлдэг. Мансууруулах эмийн тухай хууль, 1961 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуулийн 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад хуульд заасан тогтоомжийн дагуу улсын хяналтад байлгавал зохих эм байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог. Энэ тохиолдолд хамаарч байна. Иймд шүүгдэгч Б.Наянтайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Наянтайн хууль ёсны эрх ашгийг хамгаалан гэм буруугийн шүүх хуралдаан дээр санал тайлбараа хэлж байна. Хэргийн байр сууриа танилцуулсан. Өмнөговь аймгийн прокурорын Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Б.Наянтайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргахгүй. Учир нь миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, хууль бус үйлдэлдээ харамсаж, гэмшиж, шүүх хуралдаанд ч гэсэн маш их сандрал, айдастай орж байгаа нөхцөл байдал харагдаж байгаа. Тийм учраас гэм буруу, энэ хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Мөн бусдад төлөх хохирол төлбөргүйг болохыг дурдаад өөр нэмж гаргах санал алга байна.’’ гэв.

            Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/

       Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-12 дахь тал/

             Оюу толгой ХХК-ийн хоолны заалны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-18 дахь тал/

             С.Наянтайн өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-12 дахь тал/

             С.Наянтайгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-30 дахь тал/

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Сумъяадоржийн “...би өнөөдөр өглөө 08 цаг 30 минутын орчимд Оюутолгой ХХК-ийн ажилчдын Мазаалай хоолны газраас гарахад ажилчдын хаясан гээсэн эд зүйл үлдээдэг хайрцгийг шалгаж ажилчдын хийсэн үнэмлэх, байрны түлхүүрүүдийг авахад жижиг цагаан өнгийн чихрийн цаасанд хийсэн зүйл байсныг нээж үзэхэд хатаасан ургамал мэт, хурц үнэртэй зүйл байхаар нь сэжигтэй санагдаад аюулгүй байдлын оффис руу авч явсан. Тэгээд уг зүйлийн төрөл, нэршлийг сайн мэдэхгүй болохоор сэжигтэй санагдаад дарга удирдлагадаа мэдэгдэхэд цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж шалгуул гэсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний эрхэлж буй албан тушаал бол Оюутолгой ХХК-ийн уурхайн талбарт ямарваа нэгэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж холбогдох байгууллагад мэдэгдэх, таслан зогсоох чиг үүрэгтэй байдаг тул энэ үүргийнхээ хүрээнд тухайн чихрийн цаасанд хийсэн зүйлийг хэн хийснийг нь тогтоох зорилгоор Мазаалай хоолны газрын хаясан гээсэн бичиг баримт хийдэг савны ойролцоох хяналтын камерыг шүүж үзэхэд өглөө 07 цаг 22 минутад Оюутолгой ХХК- ийн үндсэн ажилтан Наянтай гэх залуу орхиод явж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан...Би ямар зориулалтаар ашигладаг. ямар нэршилтэй зүйл болох талаар нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан ихүүн тамхи шиг үнэртэй. хатаасан өвс ургамал мэт зүйл байсан. Мөн тэр уутан дотор зэс мэт материалаар хийгдсэн нарийн голдоо нүхтэй гаанс шиг зүйл байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Амармөрөнгийн “...би 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Оюут кемпийн тамхины цэг дээр Наянтайтай таарсан, бид хоёр ер нь хоорондоо холбоотой байдаг. Наянтай бид хоёр Оюут кемпийн тамхины цэг дээр уулзаж байхад би Наянтайгаас байна уу гэж асуухад байна гээд Наянтай өөрийнхөө өмсөж байсан гадуур хувцасны халааснаас гялгар уутанд бага хэмжээний өвстэй явж байсан тэгээд бид хоёр утаат тамхины дотор тамхийг гаргаж байгаад гаднах цаасанд ороож өвс ургамал хувааж татсан тэгээд бид хоёр салсан. Маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 09-ний өглөө Наянтайгаас фейсбүүк чатаар юм байна уу /өвс байна уу/ байвал жоохныг өгчих гэсэн Наянтай надад байгаа, байгаа заа гэсэн, тэгээд бид хоёрын ажлын цаг таарахгүйгээр зөрж байсан учраас хоорондоо энэ талаар чатаар бичсэн, тэгээд ярилцаж байгаад Мазаалай кемпийн буюу ажилчдын хоолны газрын гарах хаалганы хэсэгт байх гээсэн, хаясан эд зүйлийг үлдээдэг хананы хайрцагт Наянтай үлдээчихлээ гээд чат бичээд зургийг нь надад явуулсан...Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өглөөний 11 цагийн цайны цагаар Мазаалай кемп дээр цайгаа уучхаад гарахдаа гээсэн, хаясан эд зүйл байх хананы хайрцаг үзэхэд Наянтаагийн үлдээсэн байсан чихрийн ууттай өвс байхгүй байсан, гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан тэгээд орой ажил тарах үеэр буюу 17 цагийн үед Наянтайгаас үлдээсэн өвс байхгүй байсан талаар хэлэхэд өө яасан юм бол гэж хэлэхээр Наянтайг худлаа хэлсэн гэж бодсон. Тэгээд би Наянтайд хандаж чатаар өвс байвал өгчих гэхэд байхгүй гэсэн ингээд оройны хоол идчихээд гараад явж байтал Оюу Толгой ХХК-ийн Бамбай хамгаалалтын албаны алба хаагч нар тодруулах зүйл байна гээд цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Б.Наянтайгийн “...би Оюу Толгой ХХК-ийн ажлын байранд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Даланзадгад сумаас ирсэн бөгөөд манай ажил 14 хоног ажиллаж 14 хоног амардаг. Би 2023 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод очсон байдаг Улаанбаатар хотод 5 хоносон байх тэгээд Өмнөговь аймаг руу буцах замдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт замын хажуу хэсэгт канабес төрлийн өвс байгааг харж ажигласан тэгээд би өвсийг хэдэн ширхгийг түүж зулгаасан тэгээд би өвсийг аваад Өмнөговь аймаг руу авч явсан байдаг. Тэгээд би түүсэн өвсийг өөрийнхөө гар цүнхэнд байнга авч явсан, уг өвсийг өөрийн ажиллаж байрладаг Оюу Толгой ХХК-ийн байрандаа хадгалсан боломж гарах үед хэрэглэж байсан өвсийг тамхи ороодог цаасанд ороож хэрэглэсэн, гаансаар хэрэглэсэн, хуванцар сав ашиглан хэрэглэх гэсэн боловч би хэрэглэж чадахгүй байсан...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Амармөрөн ах бид хоёр Оюу Толгой ХХК-ийн тамхины цэг дээр уулзаж өвсийг татаж хэрэглэсэн байсан өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн танил ах болох Амармөрөнтэй фейсбүүк чатаар холбогдсон бөгөөд Амармөрөн ах надаас өвс байна уу /бид нар хоорондоо ярихдаа өвсийг хэрэглэхдээ нөгөө юм чинь байна уу/ үг хэрэглэж хоорондоо ярилцдаг Амармөрөн надаас өвсийг хэрэглүүлчих гэсэн тэгээд би шөнийн ээлжид ажилладаг болохоор Мазаалай хоолны кемпийн гээсэн юмаа аваарай гээд самбарт үлдээхээр болсон Амармөрөн 11 цагийн үед хоолонд орохдоо авна гэж байсан. Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед ажлаасаа буугаад хоолонд орж дуусаад гарахдаа гээсэн юмаа аваарай гэсэн самбарт цагаан өнгийн гялгар чихрийн уутанд хийсэн байсан өвсийг үлдээгээд явсан уг өвс нь миний гар цүнхэнд байсныг гаргаад үлдээсэн. Тэгээд үлдээсэн зургийг Амармөрөний фейсбүүк чат руу явуулсан...Би эвс ургамлыг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн хэрэглэж байсан өмнө энэ талаар сонсож байсан, өвс ургамлыг бусдаас худалдан авч үзээгүй, бусдад худалдан борлуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/

  Э.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 215 дугаартай “...1,2,3. "Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Наянтай Д/сувилагч Ө.Буянцэцэг" гэж хаягласан цуснаас Тетрагидроканнабинол /Теtгаhydrocannabinol/ илэрсэн. "Н.Амармөрөн Д/сувилагч Ө.Буянцэцэг" гэж хаягласан цуснаас Тетрагидроканнабинол /Теtгаhydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-56 дахь тал/

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үзлэг хийж үзлэгээр цагаан өнгийн гялгар ууттай 00,1 грамм дотроо өвс мэт зүйлтэй, гаднаа хар, саарал өнгийн Potenzine гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай дотор хэсэгтээ хар өнгийн гялгар уутаар ороосон өвс мэт зүйл, гаднаа Монгол бичиг бүхий дүрслэлтэй, ард талын хэсэгтээ өдөр бүр шинэ гэсэн бичиглэлтэй гялгар уутны дотор хэсэгт байх өвс мэт зүйл" гэж хаягласан "Роtenzine" гэсэн бичиглэлтэй хар цаасан хайрцагт хар өнгийн гялгар ууттай ургамал мэд зүйл, ‘’GANZE APRIKOSEN’’ гэсэн бичиглэлтэй гялгар ууттай ургамал мэт зүйл, цагаан, цэнхэр ангийн гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. "Роtenzine" гэсэн бичиглэлтэй хар цаасан хайрцагт хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 3,9 грамм, цэвэр жин нь 3,0 грамм болов. ‘’GANZE APRIKOSEN’’ гэсэн бичиглэлтэй гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 21.5 грамм, цэвэр жин нь 7.9 грамм болов. Цагаан, цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 41,6 грамм, цэвэр жин нь 37,8 грамм болов. 3.4. Шинжилгээнд "Роtenzine" гэсэн бичиглэлтэй хар цаасан хайрцагт хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, ‘’GANZE APRIKOSEN’’ гэсэн бичиглэлтэй гялгар ууттай ургамал мэт зүйл. цагаан, цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 /Теtгаhydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Deltа-9 /Теtгаhydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг дүгнэлтийн хамт буцаав...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-69 дэх тал/

                  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэн нь мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хууль бусаар хадгалсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон хуванцар сав 1 ширхэг, Монгол улсын мөнгөн тэмдэгт 1 ширхэг, Г хэлбэр дүрс бүхий шар өнгийн металл 1 ширхэг, судалтай саарал өнгийн даавуу оймс 1 ширхэг" гэж хаягласан бор өнгийн цаасан уутанд бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, хар өнгийн зүйлээр бохирлогдсон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, шар өнгийн төмөр гуурс мэт зүйл, судалтай саарал өнгийн оймс нь шинжилгээнд тэнцэнэ.

2.3 Шинжилгээнд бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, хар өнгийн зүйлээр бохирлогдсон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, шар өнгийн төмөр гуурс мэт зүйл, судалтай саарал өнгийн оймс тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Deltа-9 /Теtгаhydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Deltа-9 /Теtгаhydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг дүгнэлтийн хамт буцаав...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73-75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс сэжигтэн, яллагдагчаар болон гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  Шүүгдэгч Б.Наянтайг прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

   Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “… шүүгдэгч Б.Наянтай нь 2023 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-д Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөнүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Наянтай нь 2023 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-д Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөнгэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Наянтай, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

"мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг хэлнэ.

Монгол Улс нь тус конвенцод 1999 онд нэгдсэн орсон бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

            Шүүгдэгч Б.Наянтай өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

“Сэтгэцэд нөлөөт бодис”-ыг зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно.” гэж заасан бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж авах, хадгалахыг хориглоно.

Хэргийн тухайд шүүгдэгч Б.Наянтай нь 2023 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн байранд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, бусдад өгсөнүйл баримт дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Наянтайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг, хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

          Иймд, шүүхээс шүүгдэгч Б.Н бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Н “...улсын яллагчаас оногдуулж байгаа 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг,

           Шүүгдэгч Б.Н “...би маш их ухаарч байгаа, надад нэг удаа боломж олгооч гэж гуйж байна. Манай аав, ээж хоёр жилдээ нэг орлоготой. Тэгээд наана цаана мөнгө төгрөгийн хэрэг болдог. Ажил хийх боломжтой хүн нь ганцхан би, ажил хийх шаардлагатай болохоор хоригдохыг хүсэхгүй байна. Тэгж л гуйж байнагэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

            Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хорих оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

  Шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Б.Ннь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 106 дахь тал/  

   Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Наянтайгийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 106 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

   Шүүх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн хугацааг эдлэх ял оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг флаш дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ****** гэсэн бичиглэлтэй /гялгар ууттай жин 21 грамм/ гялгар ууттай ургамал мэт зүйл, “Цагаан цэнхэр өнгийн гялгар ууттай /ууттай жин 35 грамм/ ургамал мэт зүйл, “Potenzine” гэсэн бичиглэлтэй хар цаасан хайрцагт хар өнгийн гялгар ууттай /ууттай жин 5 грамм/ ургамал мэт зүйл, “Далан булаг” 330 мл хэмжээтэй дотор хэсэгтээ торогтой хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай саарал өнгийн даавуу оймс 1 ширхэг, **** серийн дугаартай хуйлж ороосон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, Г хэлбэртэй шаргал өнгийн төмөр металл гуурс 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

   Шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Наянтай нь сэжигтнээр 2 /хоёр/ хоног баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Ч овогт Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн хугацааг эдлэх ял оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.  

           5. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь сэжигтнээр 2 /хоёр/ хоног баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг флаш дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “GANZE APRIKOSEN” гэсэн бичиглэлтэй /гялгар ууттай жин 21 грамм/ гялгар ууттай ургамал мэт зүйл, “Цагаан цэнхэр өнгийн гялгар ууттай /ууттай жин 35 грамм/ ургамал мэт зүйл, “Potenzine” гэсэн бичиглэлтэй хар цаасан хайрцагт хар өнгийн гялгар ууттай /ууттай жин 5 грамм/ ургамал мэт зүйл, “Далан булаг” 330 мл хэмжээтэй дотор хэсэгтээ торогтой хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай саарал өнгийн даавуу оймс 1 ширхэг, AY0812766 серийн дугаартай хуйлж ороосон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, Г хэлбэртэй шаргал өнгийн төмөр металл гуурс 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгахыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.БАТМӨНХ