Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Чимгээ,

Хохирогч Г.Хүрэлбаатарийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн,

Шүүгдэгч Ч.Ганхуяг, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд овогт Чагаагийн Ганхуягт холбогдох эрүүгийн 201725010840 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ВЕ77030318 регистрийн дугаартай,  Цэнд овогт Чагаагийн Ганхуяг. 

 

Шүүгдэгч Ч.Ганхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэкэй боомтод нүүрс тээвэрлэх ажлаар явж байхдаа хувийн таарамжгүй харьцаанаас болж согтуугаар Г.Хүрэлбаатарын бие махбодид эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан шинжтэй хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ганхуяг мэдүүлэхдээ:

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэкэй боомтод нүүрс тээвэрлэх ажил эхлэх гээд бид хүлээгээд байж байсан. Намайг байрандаа амарч байтал гаднаас Хүрэлбаатар согтуу орж ирсэн. Бид нар нэг шил архи хувааж уугаад Хүрэлбаатар бид хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргасан юм. Хүрэлбаатар чи Хөгжилтэй маргасан байсан гээд над руу дайрсан. Тэгээд намайг тонгорч унагаасан. Би Хүрэлбаатарыг хотод авч ирж эмнэлэгт үзүүлээд цагаан сар болох гэж байсан болохоор гэр рүүгээ явсан. Монгол улсын хилээр орж ирээд Хүрэлбаатарт 500,000 төгрөг өгсөн. Сүүлд 1,000,000 төгрөг өгсөн. Үлдсэн хохирлыг барагдуулна. Хүрэлбаатарын найз Хөгжил гэх хүнээс болж маргаан гарсан. Хөгжилийн машиныг эвдэрсэн байхад нь намайг хамт янзлаагүй гэсэн. Хохирогч намайг боож, үүрч унагаасан. Түүний дараа хохирогчийг би цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол барагдуулана гэдгээ илэрхийлсэн. Хувийн байдлыг маань харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Хүрэлбаатарын өгсөн:

“... Би 2015 оны 11 дүгээр сараас хойш Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутаг дэвсгэрт байрлах Чунхай ХХК-д хүнд даацын автомашин барьдаг ажил хийж байгаа. Ажлын шугамаар Шивээ хүрэнгийн боомтоор БНХАУ-руу хил гараад Сэкэй боомтод очиж нүүрсээ буулгадаг юм. Тэгээд зарим үед Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, зарим үед БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр ажилчдын байранд хоноод явдаг юм. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 19-20 цагийн хооронд амралтын байрны Монхор хочтой Очбадрахын өрөөнд яваад ортол Очбадрах, Доржготов, Ганхуяг нар архи уугаад сууж байсан. Тэгээд архиа дуусаад дахиж архи аваад сууж байтал Очбадрах нь Хөгжил гэдэг Монгол залууг зодоод, тэр асуудлаас болж Очбадрахтай уулзаж байсан тухайгаа ярьж байтал хажуугаас Ганхуяг “чи чинь намайг Хөгжилтэй нийлж зодох гэж байл уу гэхээр нь би “ тэгсэн тэр үед чи олон юм яриагүй, хэрэв олон юм ярьсан бол чамайг цохих байсан” гэж хэлсэн. Тэгтэл Ганхуяг Доржготов хоёр над руу дайраад хэл амаар доромжлоод Завхан, Баянхонгорыхон энд байна гээд байсан. Тэгээд Очбадрах бид нарыг салгаад одоо хэрэлдэж шуугаад яах вэ гэхээр нь би гэрээс гарсан. Гэтэл гэрээс гараад Доржготов над руу дайраад ирэхээр нь тонгорч унагаад чамайг ингээд зодвол зодлоо шүү дээ, тэгэхдээ би хүний нутагт нэгнийгээ зодохгүй гээд босоод явтал, араас Ганхуяг бас дайраад надруу гүйгээд ирэхээр нь тонгорч унагаад, чамайг бас ингээд унагаж байгаад зодвол зодно гэчихээд Очбадрахтай цааш яваад хоёр, гурван байр өнгөртөл араас Доржготов, Ганхуяг хоёр намайг зодох гээд гүйгээд ирэхээр нь Очбадрах Доржготовыг бариад авсан. Харин Ч.Ганхуяг нь гүйж ирээд миний зүүн талын эрүү шанаа руу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Яг цохисон даруй зүүн талын эрүү шажигнаад амаар дүүрэн цус гарсан. Тэгээд би эрүү хугалчихлаа шүү дээ гээд цусаа хаяад доош суусан. Тэгээд тэндээсээ Очбадрахыг дагуулаад эмийн сан орж өвчин намдаах эм олж уугаад, Очбадрахын өрөөнд яваад ортол Ганхуяг, Доржготов хоёр нэг шил архи тавьцан сууж байсан. Би Ганхуягт хандан чамайг цагдаад өгнө миний эрүү хугарсан байна гэхэд Ганхуяг битгий цагдаад өгөөч, эмчилгээний мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өглөө би “Хятадын цагдаагаар шалгуулна” гэтэл Доржготов, Ганхуяг нар “та битгий цагдаад өг, бид хоёр таньд эмчилгээ хийлгэж өгнө” гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирээд Гурван Тэс сумын эмнэлэгт үзүүлээд, эм бичүүлж авсан. Тэгээд цагдаад хандах гэтэл Ганхуяг чиний эмчилгээний зардлыг барагдуулж өгнө гэхээр нь цагдаад хандалгүй орхисон. Гэтэл Ганхуяг нь Улаанбаатар хотод хамт орж ирээд, нэгдүгээр эмнэлэг дээр хамт очоод, хэсэг байж байгаад зугтаагаад алга болсон. Тэгээд би эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороод, гарч ирээд цагдаад хандсан. Ч.Ганхуяг намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа зүүн эрүү шанаан тус газар цохиж доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтлийг учруулсан байгаа юм. Намайг өөр цохиж зодсон хүн байхгүй. Доржготов намайг цохиж зодоогүй. Гэрээс гараад над руу дайрах гэтэл нь би нэг удаа тонгорч унагаад тэрнээс хойш миний биед ойртоогүй. Ганхуяг намайг цохих үед Очбадрах, Доржготов нар байсан. Өөр хүн байгаагүй. Эмчилгээний зардалд гарсан мөнгийг тооцоод үзэхээр нийт 751.000 төгрөгийн баримт одоогийн байдлаар бүрдээд байна. Миний үүдэн нэг шүд, нэг араа унасан. Энэ хоёр шүдийг хагалгаанд ороход авсан. Хоёр шүдний мөнгийг нэхэмжилнэ. Үүдэн шүдээ 1.200.000 төгрөгөөр хийлгэнэ. Хойд араагаа үнэлүүлж мөнгө нэхэмжлэхгүй гэж бодож байна. Харин 2,3,4 сард ажил хийж олох ёстой байсан мөнгийг нэхэмжилж байна. 2 дугаар сард 1.400.000 төгрөг, 3 дугаар сард 2.100.000 төгрөг, 4 дүгээр сард 2.100.000 төгрөгийн цалин хөлс авах ёстой байсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Доржготовын өгсөн:

            “... 2017 оны 02 дугаар сарын эхээр Хятадын цагаан сар дуусаад БНХАУ-н Сэкэй боомт дээр ажилдаа ирээд удаагүй байсан. Замын компаниудын захирал, дарга нар нь ирээгүй, машинууд нь түлш байхгүй, зарим нь гаалийн бүрдүүлэлт дутуу, захирал, дарга нараа хүлээн амралтын байдалтай байсан. Би сар, өдрийг сайн санахгүй байна. Орой унтахдаа Ч.Ганхуяг, О.Очбадрах бид Улаанбаатараас ирсэн гээд танихгүй нэг ахтай хамт архи, пиво уугаад сууж байтал гаднаас Г.Хүрэлбаатар орж ирээд, жоохон юм ярьж сууж байснаа “намайг зам дээр машин эвдэрсэн зогсож байхад надад туслаагүй яваад өгсөн” гээд надад гомдлоод байсан. Сүүлдээ Ч.Ганхуягтай маргалдаж, муудалцаад тэр хоёр гадаа дээр доороо ороод, ноцолдож байгаад Ч.Ганхуяг нь гаднаас орж ирээд, унтаж амрах гэж байхад Г.Хүрэлбаатар нь миний эрүү болохоо байчихлаа гээд ороод ирсэн. Маргааш өглөө нь Г.Хүрэлбаатар, Ч.Ганхуяг хоёр хоорондоо ярьж тохиролцоод Улаанбаатар явж үзүүлж харуулахаар болоод салсан. Г.Хүрэлбаатар Ч.Ганхуяг хоёр хоёулаа нилээн уусан байсан. Г.Хүрэлбаатар гаднаас орж ирээд хэдүүлээ хамт ууж сууж байгаад надад эхлээд үг хаяад байсан. Сүүлдээ Ч.Ганхуягтай маргалдаж, муудалцаад тэр хоёр гараад явсан юм ...” гэх /хавтаст хэргийн 20-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Очбадрахын өгсөн:

“... 2017 оны 02 дугаар сарын эхээр байх БНХАУ-н Сэкэй боомтоор Шивээхүрэн боомт руу орох гээд дугаарлаж байтал намайг гаалийн бүрдүүлэлт дутуу гээд буцаасан. Тэгээд байрандаа ирээд удаагүй байтал Ч.Ганхуяг бас нэг танихгүй ахын хамт ирээд бид архи пиво уугаад сууж байхад гаднаас Г.Хүрэлбаатар орж ирээд, жоохон юм ярьж сууж байснаа зам дээр машин эвдэрсэн зогсож байхад туслаагүй гээд Ж.Доржготовт үг хаяад эхэлсэн. Дараа нь Г.Хүрэлбаатар Ч.Ганхуягтай маргалдаж, муудалцаад нэг нэгнийхээ хувцаснаас зуурсан маягтай байж байхаар нь би “хөөе боль боль” гээд салгасан. Тэгтэл тэр хоёр байрнаас гараад үүдэнд дээр доороо орсон ноцолдож байхад нь би Г.Хүрэлбаатарыг салгаад бүр байрнаас холдуулаад аваад явсан. Төд удалгүй Г.Хүрэлбаатар миний эрүү рүү цохичихлоо гэхээр нь эмийн сан орж өвчин намдаах эм аваад, эргээд байрандаа ирэхэд Ч.Ганхуяг, Ж.Доржготов, нөгөө танихгүй ах унтаж байсан. Тэгээд Г.Хүрэлбаатар бид хоёр өөр жолооч нарын байраар явж байгаад би машиндаа очоод унтаад өгсөн ...” гэх /хавтаст хэргийн 23-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3102 дугаартай:

            1. Г.Хүрэлбаатарын биед доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 32-р хуудас/,

 

- УНТЭ-н Эрүү нүүрний мэс заслын тасгийн 3463 дугаартай хохирогч Г.Хүрэлбаатарийн өвчний түүхийн хуулбар /хх-н 33-36-р хуудас/

- Хохирогчийн хохирлын баримтууд /хх-н 60-67, 117-141-р хуудас/

- Хохирогч Г.Хүрэлбаатарын Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-н 68-70-р хуудас/,

- Хохирол төлсөн баримт /хх-н 147 дугаар хуудас/ зэрэг болон,

 

            Шүүгдэгч Ч.Ганхуягийн хувийн байдлын талаар:

            Мөрдөн байцаалтад гэрч Э.Алтанчимэгийн өгсөн:

            “... Ч.Ганхуяг бид 2 нэг айлын хүргэн бэрүүд. Ч.Ганхуяг архи тамхи хэрэглээд байдаггүй хүн ба сүүлийн хэдэн жил урагшаа гарч ачааны автомашин барих гээд явсан ба бага зэрэг архи тамхи хэрэглэдэг болсон юм шиг байна лээ. Ах дүү төрөл садангийнхаа дунд нэр хүнд сайтай, их дуугүй, даруухан хүн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч А.Жавхланбаярын өгсөн:

            “... Миний нөхөр Ч.Ганхуяг нь Баянхонгор аймгийн Баянцагаан суманд айлын 7 дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа мал маллаж өнгөрүүлсэн ба сумын сургуульдаа сурьч 7 дугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарсан. Надтай 1999 онд танилцаж 2000 онд гэр бүл болж, 4 хүүхэдтэй болсон. ... Архи дарс нээх уугаад байдаггүй, агсам согтуу тавьдаггүй, хараалын үг хэрэглэдэггүй, бага зэрэг бүрэг талдаа хүн. Нутаг ус, садан төрөл, гэр бүлийнхнийхээ дунд нэр хүнд сайтай ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/ 

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 79/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 83/,

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-н 80/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-н 142-146/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ч.Ганхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэкэй боомтод нүүрс тээвэрлэх ажлаар явж байхдаа хувийн таарамжгүй харьцаанаас болж согтуугаар Г.Хүрэлбаатарын бие махбодид доод эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Ч.Ганхуягийн “...Хүрэлбаатарын найз Хөгжил гэх хүнээс болж маргаан гарсан. Хөгжилийн машиныг эвдэрсэн байхад нь намайг хамт янзлаагүй гэсэн. Хохирогч намайг боож, үүрч унагаасан. Түүний дараа хохирогчийг би цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол барагдуулана гэдгээ илэрхийлсэн. Хувийн байдлыг маань харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Хүрэлбаатарын “... 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ... Ганхуяг “чи чинь намайг Хөгжилтэй нийлж зодох гэж байл уу гэхээр нь би “тэгсэн тэр үед чи олон юм яриагүй, хэрэв олон юм ярьсан бол чамайг цохих байсан” гэж хэлсэн. Тэгтэл Ганхуяг Доржготов хоёр над руу дайраад хэл амаар доромжлоод Завхан, Баянхонгорыхон энд байна гээд байсан. Тэгээд Очбадрах бид нарыг салгаад одоо хэрэлдэж шуугаад яах вэ гэхээр нь би гэрээс гарсан. Гэтэл гэрээс гараад Доржготов над руу дайраад ирэхээр нь тонгорч унагаад чамайг ингээд зодвол зодлоо шүү дээ, тэгэхдээ би хүний нутагт нэгнийгээ зодохгүй гээд босоод явтал, араас Ганхуяг бас дайраад над руу гүйгээд ирэхээр нь тонгорч унагаад, чамайг бас ингээд унагаж байгаад зодвол зодно гэчихээд Очбадрахтай цааш яваад хоёр, гурван байр өнгөртөл араас Доржготов, Ганхуяг хоёр намайг зодох гээд гүйгээд ирэхээр нь Очбадрах Доржготовыг бариад авсан. Харин Ч.Ганхуяг нь гүйж ирээд миний зүүн талын эрүү шанаа руу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Яг цохисон даруй зүүн талын эрүү шажигнаад амаар дүүрэн цус гарсан. Тэгээд би эрүү хугалчихлаа шүү дээ гээд цусаа хаяад доош суусан. ... Би Ганхуягт хандан чамайг цагдаад өгнө миний эрүү хугарсан байна гэхэд Ганхуяг битгий цагдаад өгөөч, эмчилгээний мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өглөө би “Хятадын цагдаагаар шалгуулна” гэтэл Доржготов, Ганхуяг нар “та битгий цагдаад өг, бид хоёр таньд эмчилгээ хийлгэж өгнө” гэж хэлсэн. ... Гэтэл Ганхуяг нь Улаанбаатар хотод хамт орж ирээд, нэгдүгээр эмнэлэг дээр хамт очоод, хэсэг байж байгаад зугтаагаад алга болсон. Тэгээд би эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороод, гарч ирээд цагдаад хандсан. Ч.Ганхуяг намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа зүүн эрүү шанаан тус газар цохиж доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтлийг учруулсан байгаа юм. Намайг өөр цохиж зодсон хүн байхгүй. Доржготов намайг цохиж зодоогүй. Гэрээс гараад над руу дайрах гэтэл нь би нэг удаа тонгорч унагаад тэрнээс хойш миний биед ойртоогүй. Ганхуяг намайг цохих үед Очбадрах, Доржготов нар байсан. Өөр хүн байгаагүй. Эмчилгээний зардалд гарсан мөнгийг тооцоод үзэхээр нийт 751.000 төгрөгийн баримт одоогийн байдлаар бүрдээд байна. Миний үүдэн нэг шүд, нэг араа унасан. Энэ хоёр шүдийг хагалгаанд ороход авсан. Хоёр шүдний мөнгийг нэхэмжилнэ. Үүдэн шүдээ 1.200.000 төгрөгөөр хийлгэнэ. Хойд араагаа үнэлүүлж мөнгө нэхэмжлэхгүй гэж бодож байна. Харин 2,3,4 сард ажил хийж олох ёстой байсан мөнгийг нэхэмжилж байна. 2 дугаар сард 1.400.000 төгрөг, 3 дугаар сард 2.100.000 төгрөг, 4 дүгээр сард 2.100.000 төгрөгийн цалин хөлс авах ёстой байсан. Энэ мөнгийг нэхэмжилж байна....” гэх,

гэрч Ж.Доржготовын мэдүүлсэн “... Би сар, өдрийг сайн санахгүй байна. Орой унтахдаа Ч.Ганхуяг, О.Очбадрах бид Улаанбаатараас ирсэн гээд танихгүй нэг ахтай хамт архи, пиво уугаад сууж байтал гаднаас Г.Хүрэлбаатар орж ирээд, жоохон юм ярьж сууж байснаа “намайг зам дээр машин эвдэрсэн зогсож байхад надад туслаагүй яваад өгсөн” гээд надад гомдлоод байсан. Сүүлдээ Ч.Ганхуягтай маргалдаж, муудалцаад тэр хоёр гадаа дээр доороо ороод, ноцолдож байгаад Ч.Ганхуяг нь гаднаас орж ирээд, унтаж амрах гэж байхад Г.Хүрэлбаатар нь миний эрүү болохоо байчихлаа гээд ороод ирсэн. Маргааш өглөө нь Г.Хүрэлбаатар, Ч.Ганхуяг хоёр хоорондоо ярьж тохиролцоод Улаанбаатар явж үзүүлж харуулахаар болоод салсан ...” гэх,  

 гэрч О.Очбадрахын мэдүүлсэн “... Тэгээд байрандаа ирээд удаагүй байтал Ч.Ганхуяг бас нэг танихгүй ахын хамт ирээд бид архи пиво уугаад сууж байхад гаднаас Г.Хүрэлбаатар орж ирээд, жоохон юм ярьж сууж байснаа зам дээр машин эвдэрсэн зогсож байхад туслаагүй гээд Ж.Доржготовт үг хаяад эхэлсэн. Дараа нь Г.Хүрэлбаатар Ч.Ганхуягтай маргалдаж, муудалцаад нэг нэгнийхээ хувцаснаас зуурсан маягтай байж байхаар нь би “хөөе боль боль” гээд салгасан. Тэгтэл тэр хоёр байрнаас гараад үүдэнд дээр доороо орсон ноцолдож байхад нь би Г.Хүрэлбаатарыг салгаад бүр байрнаас холдуулаад аваад явсан. Төд удалгүй Г.Хүрэлбаатар миний эрүү рүү цохичихлоо гэхээр нь эмийн сан орж өвчин намдаах эм аваад, эргээд байрандаа ирэхэд Ч.Ганхуяг, Ж.Доржготов, нөгөө танихгүй ах унтаж байсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3102 дугаар дүгнэлт, УНТЭ-н Эрүү нүүрний мэс заслын тасгийн 3463 дугаартай хохирогч Г.Хүрэлбаатарийн өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Ч.Ганхуягийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн эмчилгээний зардлын 771,010 төгрөгийн /хх-н 60-67/ баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Ч.Ганхуяг нь хохирогч Г.Хүрэлбаатарт 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар 1,400,000 төгрөгийг /хх-н 147/ төлжээ.

 

Мөн хохирогч Г.Хүрэлбаатар хиймэл шүд хийлгэхэд 1,500,000 төгрөг, ажилгүй байсан 2 сарын цалин 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар бодит гарсан зардал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хохирогч Г.Хүрэлбаатар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ч.Ганхуягийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Ганхуягт ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд хохихоос өөр төрлийн ял оногдуулав.        

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цэнд овогт Чагаагийн Ганхуягийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ганхуягийг 252 /хоёр зуун тавин хоёр/ цаг албадан ажил хийх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар Ч.Ганхуягийг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ганхуяг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Хүрэлбаатарт 1,400,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.Хүрэлбаатар нь ажилгүй байсан хугацааны цалин, хиймэл шүд хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ганхуягт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ