Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­48  

 

 

  

 

 

        

         2024   оны   04       сарын16 өдөр                                  Дуга  2024/ШЦТ/­­­­48                                               

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч: А.А,

Шүүгдэгч: Д.Д,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт А.А, Б овогт Д.Д нарт холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, **** оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, Сэнгүүр горьх 53б-64 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт А.А /Регистрийн дугаар: ***********/,

Монгол Улсын иргэн, **** оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Гүнжийн 43 гудамж, 81 а тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Д /Регистрийн дугаар: ********/

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч А. нь З.Г, Д.Д нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж 2023 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн уурхайн талбар Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч, 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж ачиж нийт 152,363,655 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Д нь А.А, З.Г нарт урьдчилан амлаж санаатайгаар 2023 оны 04 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой ХХК-руу 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх постоор шалгалгүй нэвтрүүлж уурхайн талбар, Чандмань оффисын зүүн талд байрлах контейнер буюу агуулахаас 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсныг 13-87 УБН улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гарахад нь дэмжлэг үзүүлж нийт 152,363,655 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 2-13 дахь тал/,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 16-25 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэндоржийн “...2023 оны 04 дүгээр сарын 14-ээс 15-нд шилжих шөнө Оюу толгой уурхайн гүний уурхайн талбай дээрх Чандман офиссын хажууд байрлан Оюу толгой ХХК-ийн өмчлөлийн контенараас цахилгаан багаж алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон...Би тухайн тоног төхөөрөмжийн жагсаалтыг хүснэгтээр мэдүүлэгт хавсаргая /31 төрлийн 41 ширхэг эд зүйлийн нэрийг дурьдав/ Алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38-40 дэх тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхтулгын “...миний ажлын үүрэг бол Оюу толгой ХХК-ийн үүдэнд ирсэн тээврийн хэрэгслүүдийн улсын дугаар болон сайтын дугаарыг тухайн газар сууж байгаа Гансүх гэх оператороос асууж зөвшөөрөл авч нэвтрүүлдэг мөн гаргадаг ажил хийдэг юм. Тухайн тээврийн хэрэгсэл хэзээ орсон талаар мэдэхгүй байна ямар ч байсан 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Оюу толгой ХХК-ийн зүүн хойд хаалган дээр ирсэн. Тэгэхэд надтай хамт Гансүх, Бархаспүрэв, Амгаланбаяр бид дөрөв гарсан тэгэхэд Гансүх наад машинаа гаргачих гэж хэлсэн тул шууд гаргасан тэгэхдээ өөрөө шалгасан юм болов уу мэдэж байгаа юм байлгүй гэж бодоод л хаалга онгойлгож өгсөн өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 44 дэх тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Пүрэвсүрэнгийн “...тухайн өдөр би Бамбай секюрити ХХК-аас харуулын ахлах ажилтнаас өгсөн үүргийн дагуу Оюутолгой ХХК-ийн ачаа тээврийн хэрэгсэл нэвтрэх хаалга буюу зүүн хаалганы гарах хэсэгт станцны 65 дуудлагатайгаар өглөөний 06 цаг 40 минутаас оройг 18 цаг 50 минутын хооронд үүрэг гүйцэтгэсэн...Би уг ачаа, тээврийн хэрэгсэл гарах хаалгыг Бамбайн станцны 15 дуудлагатай ажилтнаас өгсөн үүргийн дагуу ачаа, тээврийн хэрэгсэл гарах үед хаалгыг нээж хаах үүрэгтэй ажилладаг. Оюутолгой ХХК-аас гарч байгаа ачаа, тээврийн хэрэгсэл нь Оюутолгой ХХК-ийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд бамбайн станцны 16 дуудлагатай хамгаалагч, Оюутолгой ХХК-д бүртгэлгүй тээврийн хэрэгсэлд 63 дуудлагатай хамгаалагч үзлэг шалгалтыг хийдэг...Би энэ ажилд ороод удаагүй байгаа болохоор тэр хүмүүсийн нэрийг сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Отгонбаярын “...би өглөө 06 цаг 30 минутад ажлаа хүлээж аваад ажилдаа гарахаасаа өмнө ноцтой эрсдэлийн үнэлгээ, өндөрт ажиллах баталгаа зэргийг биччихээд гадна машин шалгадаг дагалдах хуудас, лац цоожнуудаа бэлдээд эхний машин 07 цаг 15 минутын эхний машины жолооч ирж бүртгүүлсэн. Тэгээд би 07 цаг 20 минутын орчимд хойд зогсоол руу очиж машинуудын жолооч нарыг сэрээгээд Энгүүн Ундрага ХХК-ийн машинуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж байгаад 11 цаг өнгөрч байхад буцаад өөрийн постонд очсон...Би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 50 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бархаспүрэвийн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд ээлж хүлээлцэж дуусан бөгөөд тухайн үед үүрэг гүйцэтгэж байхад гаднаас засварт орсон, ус зөөдөг тээврийн хэрэгсэл, хог тээвэрлэх тээврийн хэрэгслүүд гаднаас “Оюу толгой” ХХК-ийн орох гарах хаалганы хэсэгт ирж хашаанд  нэвтэрч орсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь Оюу толгой ХХК-ийн хашаанд нэвтрэхдээ тусгай карттай байдаг картаа төхөөрөмжинд уншуулаад ордог. Энэ үед Оюу толгой ХХК-ийн хашаанаас гарах хаалганы хэсэгт Мөнхтулга, Амгаланбаяр, Гансүх нар байгаа харагдаж байсан тэгтэл хамгаалалтын ажилтан Гансүх цагаан өнгийн бүхээгтэй ачааны машин дуудаад карт уншуулж гарах төхөөрөмжийн хэсэгт уулзаад гаргаж байгаа харагдсан...Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг би харж амжаагүй, кабинд нь хэдэн хүн сууж явсныг анзаараагүй. Би уг тээврийн хэрэгслийн жолоочийг хараагүй миний харсан зүйл гэвэл хамгаалалтын ажилтан Гансүх уг тээврийн хэрэгслийн жолоочтой уулзаад гаргаж байсныг харсан. Уг цагаан өнгийн бүхээгтэй тээврийн хэрэгсэл нь төхөөрөмжид карт уншуулалгүй гарсан талаар сүүлд мэдсэн. Уг нь дээрх тээврийн хэрэгсэл картаа төхөөрөмжид уншуулж бүртгүүлээд гарах ёстой байсан...Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Намайг ажилд орсноос хойш уг автомашин нэвтэрч байгаагүй...’’ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Одончимэгийн “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 20 минутын орчимд контейнерт байх материалуудаас материал авч гүний уурхайд явуулах гээд ирсэн. Гэтэл дээрх контейнерын гадна талын цоож ямар нэг эвдрэлгүй хэвийн ажиллагаатай байсан контейнерын гадна цоож шар өнгийн төмөр цоож байдаг код 2210 гэсэн кодтой бөгөөд дээрх тоон кодыг 2210 гэсэн кодыг нээж орсон. Контейнерт дотор ороход контейнерын шалны хэсэгт цагаан өнгийн хуванцар хувинд тавиурт байсан материалыг дотор нь хийгээд дүүргэсэн байдалтай байсан, дараа нь дотор нь орж тавиурт байх цахилгаан, батерей, гар багажууд бүгд алдагдсан байдалтай байсан. Үүнийг мэдээд би Оюу толгой ХХК-ийн онцгой байдлын 99043333 гэсэн дугаартай дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55 дахь тал/

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Хатанбаатарын “...материал зохицуулагч Ө.Одончимэг бид хоёр 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг өнгөрч байхад 20 контейнерт байх материалуудаас материал авч гүний уурхайд явуулах гээд ирсэн. Гэтэл дээрх контейнерын гадна талын цоож ямар нэгэн эвдрэлгүй хэвийн ажиллагаатай байсан контейнерт Ө.Одончимэг түрүүлж орсон бөгөөд тухайн үед би өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж дугуйнд ивүүр хийж байсан. Тэгээд Одончимэг надад контейнерт байсан гар багажууд бүгд алдагдсан байдалтай байсныг мэдсэн би араас нь орж мэдсэн. Үүнийг мэдээд Одончимэг бид хоёр ахлах ажилтан Энхтүвшинд гар станцаар мэдэгдсэн, дараа нь Оюу Толгой ХХК- ийн онцгой байдлын 99043333 гэсэн дугаартай дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55 дахь тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Сугарын “...2023 оны 04 сарын 15-ны өдөр өөрийн ажилладаг Хан дизель дээр ээлжинд гарчхаад өглөө 09 цагт ажлаасаа буусан. Тэгээд өдөр 11-12 цагийн орчимд гадуур явж байгаад Ханбогд сумын Нарлаг дэлгүүрийн ойролцоо танил Ариук гэх ачааны машинтай ахтай таараад хэсэг юм ярьж зогссон. Тэгээд байж байсан чинь Ариук ах, ахад нь нэг ажил байна гэсэн тэгэхээр нь ямар ажил гэсэн чинь ачаа ачих юмаа 2 хүний хэрэг байна чамд өөр таньдаг хүн байвал би 500.000 мянган төгрөг өгий тэгээд 3-уулаа явчхаад ирий гэсэн тэгэхээр би өөрийн хүргэн ах болох Эрдэнэбаяр гэх хүнийг дуудсан. Тэгээд Ариук ах явах үеэрээ танайд хүрээд ирье гээд явсан. Тэгээд нэлээн байж байгаад Ариук ах манайд ирсэн тэгээд би болон манай Хүргэн ах бид 3 Оюу толгой ХК-руу явсан тэгээд 17 цагийн орчимд Оюу толгой руу орсон байх тэгээд дотор ороод яваад л байсан би анх удаа орж үзэж байгаа болохоор хаанаас хаашаа явж байгааг бол мэдэхгүй байсан. Тэгээд нэг хэсэг явж байгаад манай хүргэн ах бид 2-ийг хэдэн контейнер дээр авчраад буулгачхаад өөрөө машинтайгаа цаашаа явсан. Тэгээд хэсэг байж байснаа Ариук ах ганцаараа алхаад хүрээд ирсэн тэгээд ирээд тэнд байсан нэг контейнерыг онгойлгосон тэгээд машинаа ачирсан тэгээд тухайн онгойлгосон контейнер луугаа  ороод Ариук ах контейнерт байсан эд зүйлсээс ачих зүйлсийг зааж өгсөн тэгээд тухайн заасан зүйлсийг бүгдийг нь ачсан тэгээд тэндээсээ явсан. Тэгээд явж байгаад Оюу толгой ХХК дотроо нэг зогсоол дээр зогссон. Тэгээд тэндээ 3-уулаа машиндаа хоносон. Тэгээд маргааш нь өглөө 08 цагийн орчимд гараад шууд Ханбогд суманд ирсэн. Тэгээд Ариук ах дүүд Баярлалаа гээд 500.000 мянган төгрөгийг бэлнээр манай гэрийн гадаа өгсөн бас хар цүнхтэй, улаан хайрцагтай багаж 2 өгөөд энийг хэрэглээрэй гэж хэлээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61- 62 дахь тал/

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Амгаланбаярын “...тухайн өдөр ийм улсын дугаартай машин нэвтэрсэн талаар мэдэхгүй байна. хаалт нээж хаа гэхээр нь л нээж хаадаг улсын дугаарыг нь хардаггүй...станцаар хаалт нээ хаа гэсэн өгвөл хаалтыг нээж хаадаг...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64 дэх тал/

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Алдарын “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Даян ХХК-ийн Одончимэг гэх хүн утсаар мэдээлэл өгөхдөө Чандмань оффисын зүүн талд байрлан контейнерт байсан багаж хэрэгсэл алга болсон талаар мэдээлэл өгсөн. Түүний дагуу би шалгалтын ажил явуулсан. Учир нь Оюу толгой уурхайн талбарт хэлтэс компаниудаас өөр хэсэгт зөөвөрлөсөн болон өөр газар ашиглаж байгаа тохиолдол гардаг тул тийм эсэхийг шалгаж үзээд өөр газар ашиглаж байгаа болон зөөвөрлөсөн зүйл тогтоогдоогүй тул 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахаар болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 66 дахь тал/

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Эрдэнэбаярын “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед би гэртээ байж байхад манай хадам дүү болох Сугараа над руу өөрийн гар утаснаасаа залгаад “ачаа ачъя” гэж хэлсэн тэгэхээр нь юу ачих юм бол гэхэд манай танил ах байгаа юм юу ачих талаар нь мэдсэнгүй гэсэн тэгэхээр нь хөлс мөнгө нь хэд юм бол гэхэд хүн бүрт 250.000 төгрөг өгнө гэж байна гэсэн. Тэгээд би хадам дүү болох Сугараагийн гэрт нь очиход нэг цагаан машин гадаа нь зогсож байсан тэгэхэд Сугир гэрээсээ гарч ирсэн тэгээд хаашаа юм гэхэд энэ машинд сууна гээд намайг аваад тухайн цагаан машинд бид хоёр суусан. Тухайн цагаан өнгийн маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнийг харж байгаагүй танихгүй хүн байсан. Тэгээд тухайн машин Сугир бид хоёрыг суулгаад сумаас баруун тийш Оюу толгой уурхай явсан. Оюу толгой явж байх замдаа зогссон хаана зогссон талаар нь анзаараагүй би утас оролдоод сууж байсан тэгээд удалгүй хөдлөөд Оюутолгой  уурхайн хаалганы гадна талд очоод зогссон. Оюу толгой уурхайн гадна очоод зогсож удаагүй Оюу толгой уурхай руу орсон. Оюу толгой уурхай дотор ороод нэг газар очиж зогссон тухайн газрын ямар газар болох талаар мэдэхгүй байна би Оюу толгой уурхайн талбайд орж байгаагүй. Тухайн газраас бүрэнхий болоод хөдөлсөн тэгээд хэдэн контейнерын гадна Сугир бид хоёрыг буулгаад машинтай яваад өгсөн удалгүй алхаж ирээд контенеруудын урдуур явж явж нэг контейнер онгойлгоод энд байж байгаарай би машинаа аваад ирнэ гэж хэлээд яваад удалгүй машинаа унаад хүрээд ирсэн. Тухайн контейнер луу орууд гэрэл тусгаад ачих зүйлсийг Сугир бид хоёрт зааж өгөөд ачуулсан тэгэхдээ хайрцагтай багаж шиг л зүйлс ачуулж байсан. Тухайн контейнер дотор их юм үлдсэн танихгүй хүн өөрийн эд зүйлээ ачуулж байгаа юм шиг л шууд энэ, энэ зүйлсийг ачна гээд зааж өгөөд ачуулсан. Сугир бид хоёр тухайн хүний заасан зүйлсийг л машинд нь ачиж дуусгаад буцаад тухайн газраас хөдлөөд явсан тэгээд хаана гэдгийг нь мэдэхгүй машин зогсоол дээр очиж зогссон тэгэхэд нь Сугираас дахиад юм ачих гэж байгаа юм болов уу гэхэд тийм байх мэдэхгүй байна гэж хэлсэн. Сугир танихгүй залуу бид гурав машиндаа хоноод өглөө нь Оюу толгой уурхайгаас гараад Ханбогд сум руу Сугир бид хоёрыг хүргэж өгөөд тэндээсээ явсан хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. Бид хоёрыг буулгахдаа Сугирт улаан хайрцагтай багаж болон өөр нэг юм өгөх шиг болсон юу өгсөн талаар нь анзаараагүй. Харин тухайн хүн бэлнээр Сугир бид хоёрт нийт 500.000 төгрөг өгсөн бид хоёр хувааж аваад үлдсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 71 дэх тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Энхболдын “...тухайн өдөр улсын дугаарыг нь бол мэдэхгүй, би өөрөө ч тухайн машиныг хараагүй ээ ямар ч байсан 2023 оны 04 сарын 15-ны өглөө хоолон дээр надтай хамт ажилладаг Гансүх бид хоёр нэг дор сууж байгаад Гансүх надад бичиг баримтын асуудалтай нэг тээврийн хэрэгсэл байна тэр машин гарах байх гэж хэлээд босоод явсан. Тэгээд тус тусын үүрэгт ажилдаа гарсан тэгээд 09 цагийн үед Гансүх залгаад машин асуудалгүй гарсан гээд миний дансыг авсан тэгээд 500.000 төгрөг хийсэн...Тухайн үед буюу 2023 оны 04 дүгээр 15-ны өглөө бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгсэл гарсныг ахлах ажилтанд мэдээгүй гэж 500.000 төгрөг өгсөн...Надад мэдээлэл дамжуулаагүй гэж 500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 73 дахь тал/

         “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ӨЦ-23-33 дугаартай шинжээчийн дүгнэлт /8286 УАТ улсын дугаартай хюнда маяти маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 16.943.943 төгрөг /1-р хавтаст хэргийн 82-87 дахь тал/

   “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ӨЦ-23-35 дугаартай шинжээчийн дүгнэлт / 31 төрлийн 41 ширхэг эд зүйлийн үнэлгээ 152.363.655 төгрөг /1-р хавтаст хэргийн 102-113 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.  

            Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээрээ уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогддог.

 Мөн дээрх гэмт хэргийг агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус заажээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

           Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч “Оюу толгой” ХХК-ийн өмчлөх эрх буюу эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан ба уг гэмт үйлдэл болон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

             Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэндорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээж авсан тул ямар нэг гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /1-р хавтаст хэргийн 40 дэх тал/,  

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэрэндорж гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч А.Ариунболд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 193 дахь тал/

  Шүүгдэгч Д.Дэлгэрбаяр нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 206 дахь тал/

   Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нар нь энэ хэрэгт 103 хоног цагдан хоригдсон хоногтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ариунболд, Д.Дэлгэрбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ариунболдоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 82-86 УАТ улсын дугаартай Hyundai Mighty-II маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан ба Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заасан тул шүүгдэгч А.Ариунболд, түүний өмгөөлөгчийн “...үнэлгээгээр гарсан 16,943,943 төгрөгийг төлөөд машинаа өөрсдөө авъя” гэх саналыг хүлээн аваагүй болно.  

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ш овогт А.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан агуулахаас машин механизм ашиглаж бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

   - Б овогт Д.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан агуулахаас машин механизм ашиглаж бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.А, Д.Д нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Д.Д нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Д.Дэ нарын цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **** УАТ улсын дугаартай Hyundai Mighty-II маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.А, Д.Д нар нь энэ хэрэгт 103 хоног цагдан хоригдсон хоногтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, Д.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ