Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­­57

 

 

 

     

 

 

 

      2024              05                   06                                                2024/ШЦТ/­­­­57                                               

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,   

Шүүгдэгч: Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Х.А холбогдох **********дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст 1-р баг, нүүрс тээврийн 2 дахь километрт амьдардаг, бүртгэлтэй хаяг Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 9 дүгээр баг, 5 дугаар гудамж, 13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Х.А /Регистрийн дугаар:******/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Х.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ худалдааны төвийн зогсоолд зогсож байсан 98-09 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн жолоодож явсан 83-05 ХӨА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гарган замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ №ФХ0818 /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Жаргалын “... манай нөхөр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний орой ажлаасаа буугаад намайг Говь шанх худалдааны төвөөс аваад бид хоёр Эрдэнэ худалдааны төвийн гадаа өөрийн эзэмшлийн тоёота ланд крузер прадо маркийн 98-09 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авто зогсоолд байрлуулаад дэлгүүр орсон. Би нөхөр Өлзий-Оршихын хамт дэлгүүр байж байхад манай машины дохиолол дуугарсан. Тэгээд манай нөхөр дэлгүүрээс гарсан тэгээд араас нь гарахад миний эзэмшлийн тоёота ланд крузер прадо маркийн 98-09 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсгийг 83-05 ХӨА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн жолооч байсан. Тухайн үед цагаан өнгийн 83-05 ХӨА улсын дугаартай Бонго маркийн тээврийн жолооч согтуу байсан тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

2024.04.16-ны өдрийн дахин өгсөн “... миний тээврийн хэрэгслийн хохирлыг төлж барагдуулсан тул тухайн хэрэгтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Өлзий-Оршихын “... манай эхнэр Жаргал гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байдаг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Баттөмөрийн “... миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоо банк бусын нэр байгаа. Манай ах Батбямбаас Алтансүх гэдэг хүн 2023 оны 10 дугаар сарын сүүлээр худалдаж авахаар тохироод Өмнөговь аймаг руу аваад явсан байсан. Энэ машин битүү амбаартай байсан болохоор дугуй засвар ажиллуулаад ашиг орлогын мөнгөөрөө үнэ хөлсийг нь төлж дуусгана гэж хэлээд аваад явсан байсан. ... би ахаас асуухад 1,500,000 төгрөг өгчихвөл төлбөр тооцоо дуусаж байгаа гэж хэлж байсан. Би юу болсныг сайн мэдэхгүй байна. Надад санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн жолоодох эрхээ хасуулсан тодорхойлолт /2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эрх хасагдсан/ /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Х.Алтансүхийн “... би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багт байрлах Эрдэнэ худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр цагаан өнгийн 83-05 ХӨА улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж зогсох гэж байгаад 98-09 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зүүн хойд талыг мөргөсөн байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ... тухайн үед би өөрийн буруутай үйлдлээс болж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.             

           Шүүгдэгч Х.А нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 50 дахь тал/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт үйлдэл гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж, мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно.” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Х.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ худалдааны төвийн зогсоолд зогсож байсан 98-09 ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн жолоодож явсан 83-05 ХӨА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гарган замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл болон хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.А өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч Х.Ань иргэний нэхэмжлэгч Б.Ж эд хөрөнгөд учруулсан хохирол төлбөрт 3,330,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.” /хавтаст хэргийн 79 дэх тал/                

              Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Х.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

     Шүүгдэгч Х.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 47 дахь тал/  

   Иймд, шүүгдэгч Х.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Х.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.А нь иргэний нэхэмжлэгч Б.Ж эд хөрөнгөд учруулсан хохирол төлбөрт 3,330,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ