| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/03927/И |
| Дугаар | 102/ШШ2021/03415 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2021/03415
| 2021 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2021/03415 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, Хувьсгалчдын гудамж, ... тоот хаягт оршин суух, регистр .., Б. ..овогт А...ийн Б...ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Х... сум, Ц... ХХК-ийн тээвэр зохицуулалтын хэсэгт оршин суух, регистр ..., Х.. овог Б..ын Х...т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Х...тай 2014 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарсан. Бидний хүү Х.С... 2015 оны 08-р сарын 22-ны өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд бид Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, хүү маань эцгээрээ овоглосон. Миний хүүгийн эцэг Б.Х... хамтран амьдрах хугацаандаа тогтвортой ажил эрхлэлгүйгээр ар гэрийн амжиргаа хүрэлцэхгүй, үр хүүхддээ зориулах мөнгөгүй байх тохиолдолд их байсан. Үүнээс улбаалсан эхнэр, нөрийн үүрэг хариуцлагын талаарх ойлголтын зөрүүнээс болж 2020 оны 08-р сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2020 оны 08-р сараас хойш би өөрийн цалингаар хүүхдээ өсгөж байна. Хүү Х.С.. нь энэ жилээс 1 дүгээр ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2015 оны 08-р сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.С...т эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Х. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б...ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй хөдөө ажилтай байгаа тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б... нь Б.Х...т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
А.Б..., Б.Х... нар нь 2015 оноос хамт амьдарч байгаад 2015 оны 08-р сарын 22-ны өдөр хүү Х.Санчирыг төрүүлжээ.
Тэд гэрлэлт бүртгүүлээгүй бөгөөд хүүхдийн эцгээр Б.Х...ыг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байжээ. Харин талууд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оны 08-р сараас тусдаа амьдарч байгаа, улмаар хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзжээ.
Хэдийгээр талууд цаашид хамт амьдрах боломжгүй боловч хүүхдийн хувьд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс хэн аль нь чөлөөлөгдөхгүй болно.
Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.
Иймд Б.Х...аас хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүү Х.С...ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1, 100.2 дахь хэсэгт зааснаар зохигчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 08-р сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.С....ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Х...аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Х...аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА